Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2026/00312

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 04 210/МА2026/00312

 

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/10049 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

 

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээн явуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 424 дугаартай шийдвэр гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөр төлөгч ******* нь ихэр охид болох *******, ******* нарт хүүхдийн тэтгэмж төлж байгаад “2017 оны 11 дүгээр сард 10,000,000 төгрөг бэлнээр өгье, цаашид хүүхдүүдээ хувиараа тэжээн тэтгэнэ” гэж хэлсэн. Би түүнд итгэж, *******ы хүссэнээр, мөн хуулийн мэдлэг дутмаг байдлаасаа болж тухайн үед шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсноос хойш 7 жилийн хугацаанд 2 охинтойгоо нэг ч удаа холбогдож байгаагүй, тэжээн тэтгэх амлалтаа биелүүлээгүй.

1.2. Дээрх нөхцөл байдлын улмаас би хүсэлт гаргаж, хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 9/11 дугаартай тогтоолоор сэргээсэн. ******* нь шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгээс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 7,400,072 төгрөг, нийт 12,400,072 төгрөгийг төлсөн.

1.3. Төлбөр төлөгч нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн хугацаа өнгөрснөөс хойш хуульд заасан хугацаанд гомдлоо гаргах бүрэн боломжтой байсан. Гэвч 9 сарын дараа гомдол гаргаж өөрийн төрсөн ихэр охид болох *******, ******* нарыг тэжээн тэтгэхээс зайлсхийж байгаад гомдолтой байна.

1.4. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.3, 91 дүгээр зүйлийн 91.1, 263 дугаар зүйлийн 263.2, 271 дүгээр зүйлийн 271.3.1, 271.3.2-т тус тус заасныг удирдлага болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн. 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш 9 сар 7 хоног буюу 277 хоногийн дараа хуулийг ноцтой зөрчиж, үндэслэлгүйгээр 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

Иймд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 424 дугаартай шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан. Уг ажиллагааны явцад төлбөр авагч ******* нь талууд харилцан тохиролцож, 18 нас хүртэл хүүхдийн тэтгэмж 10,000,000 төгрөгийг *******аас хүлээн авсан тул гүйцэтгэх хуудас материалыг хааж өгнө үү гэх хүсэлт гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин сэргээн явуулж байсан боловч Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор ажиллагааг хүчингүй болгосон.

Иймд хариуцагч нь ******* биш Шийдвэр гүйцэтгэх алба байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны өр барагдуулах газарт холбогдох “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүйд тооцсон тогтоолыг хүчингүй болгож, дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг шийдвэр гүйцэтгэх газарт даалгах” тухай нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний 14 дугаартай тогтоол хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж, хууль зүйн үндэслэлийг шалгаж өгөөгүй.

4.2. Нэхэмжлэгч анхнаасаа хариуцагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ******* гэж тодорхойлсон. Маргаан бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тус газраар дамжин хэрэгжсэн бөгөөд 2017, 2024 оны тогтоолуудыг тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч гаргасан. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай тогтоол нь уг ажиллагаанд шууд нөлөөлсөн.

Иймд ******* нь маргаанд хамааралгүй субъект биш, харин бодит оролцогч байна.

4.3. 2017 онд төлбөр авагчийн гаргасан хүсэлт нь хүүхдийн тэтгэмжийг бүрэн, бүх хугацаанд барагдуулсныг нотлоогүй, хүүхдийн тэтгэмж нь ирээдүйд тасралтгүй үүсэх эрх тул нэг удаагийн тохиролцоогоор дуусгавар болох боломжгүй. 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээсэн нь хууль зөрчөөгүй. Уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээсэн тогтоолыг хүчингүй болгосон 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай тогтоол нь хүүхдийн тэжээн тэтгүүлэх эрхийг ноцтой зөрчсөн.

Мөн Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гомдлын дагуу гэж тухайн тогтоолд дурдсан боловч төлбөр төлөгчийн гомдол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэгт болон шүүхийн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.

5.1. ******* нь хариуцагч биш бөгөөд Шийдвэр гүйцэтгэх алба хариуцагчаар оролцох ёстой. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор манайх хариуцагчаар татагдаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлон дахин нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй гэж дурдсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээн явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “ ... хариуцагч нь ******* биш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж тайлбарлан, талууд маргажээ.

 

3. Анхан шатны шүүх, “хариуцагчийг буруу тодорхойлсон” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

4. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 424 дугаартай шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.2.1-д зааснаар *******, ******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тус тус эцэг *******аар тэжээн тэтгүүлж шийдвэрлэсэн байна. /хх5/

 

5. Банк хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 625 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулжээ. /хх37/

 

6. Төлбөр авагч ******* 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Банк хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд хандан “*******аас хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулж *******д олгохоор шийдвэрлэсэн. Миний бие ******* нь *******тай тохиролцож охин *******, ******* нарын 18 нас хүртэлх хүүхдийн тэтгэмжийн 10,000,000 төгрөгийг хүлээн авсан тул гүйцэтгэх хуудас материалыг хааж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байна.  Уг хүсэлтийг үндэслэн Шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11/12 дугаартай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ. /хх68, 71/

 

7. Банкны төлбөр барагдуулах газрын Чингэлтэй дүүргийн хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагч *******ы хүсэлтийг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 9/11 дугаартай тогтоол гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн байна. /хх79/

 

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч *******ы гаргасан гомдлын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хянаад нь 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай тогтоолоор Банкны төлбөр барагдуулах газрын Чингэлтэй дүүргийн хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 9/11 дугаартай “Дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай” тогтоолыг хүчингүй болгосон байна. /хх130-131/

 

9. Нэхэмжлэгч ******* уг тогтоолд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийн “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.” гэж заасан журамд нийцжээ.

Тодруулбал, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд гаргасан гомдлыг ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь хянаад шийдвэр гаргасан байх бөгөөд төлбөр авагч нь уг шийдвэрт гомдол гаргасан ажиллагаа нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарна. Иймээс “манайх хариуцагч биш” гэх хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй.

 

10. Төлбөр төлөгч ******* нь дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах тогтоол гарснаас хойш 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөг, мөн оны 04 дүгээр сарын 18-ны 7,400,072 төгрөгийг тус тус хүүхдийн тэтгэлэгт төлсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдож байна. /хх111, 124/

 

11. Хэрэгт авагдсан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай тогтоол нотлох баримтаас үзвэл, төлбөр төлөгч *******ы хэзээ гаргасан гомдлыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх” тухай 9/11 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон нь тодорхойгүй. Учир нь, төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан хугацаанд ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах журамтай.

Иймд төлбөр төлөгчийг хуулийн дээрх журамд заасан хугацаанд гомдлоо гаргасан эсэхэд дүгнэлт хийхгүйгээр, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх” тухай 9/11 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон нь алдаатай болжээ.

 

12. Түүнчлэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ихэр охид болох *******, ******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тус тус эцэг *******аар тэжээн тэтгүүлж шийдвэрлэсэн байхад тэдгээрийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хүүхдүүдийн эрх, ашигт нийцээгүй байна.

 

13. Хариуцагч байгууллагаас 2025 оны 04 дүгээр сарыг дуусах хүртэл хугацаанд төлбөр төлөгчөөс хоёр хүүхдийн тэтгэлэгт 22,959,684 төгрөгийн тэтгэлэг төлөх тооцоо гаргажээ. /хх97/

 

14. Дээрх үндэслэлээр Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээн явуулахыг даалгаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг анхан  шатны шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/10049 дугаартай шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа сэргээн явуулахыг даалгасугай.” гэж,

2 дахь заалтын “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        О.ОДГЭРЭЛ

 

     ШҮҮГЧИД                                        Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

                                                 Ч.ЦЭНД