Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2026/00356

 

 

 

 

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/10124 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-т холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой алданги 970,837,907 төгрөг, хохирол 620,461,996 төгрөг, нийт 1,591,299,903 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь хариуцагчаас зарласан нээлттэй тендер шалгаруулалтад оролцож хууль ёсоор шалгарсны дагуу талууд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр MR-2021-05-31 дугаартай дахин төлөвлөлтийн барилгын /түлхүүр гардуулах нөхцөлтэй/ ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч нь санхүүжилтийн хуваарийн дагуу захиалагчийн зардлаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт, *******-ын 1330900922 нэгж талбарын дугаартай, эзэмшил газарт байршилтай талбайд техникийн тодорхойлолт, ажлын даалгавар, гэрээний тусгай нөхцөлд заасан дахин төлөвлөлтийн барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон.

Мөн нэхэмжлэгч нь гэрээт ажлыг зохих ёсоор, чанартай гүйцэтгэж Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн БА- 016/2024 дугаартай дүгнэлтээр өндөр төвөгшилтэй зоорьтой, 19 автомашины дулаан зогсоолтой, 1 давхар спорт заал, зоорьтой 16 авто машины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй 55 айлын орон сууц, зоорьтой 31 авто машины дулаан зогсоолтой, 12 давхар үйлчилгээтэй 110 айлын орон сууцны барилгыг тус тус байнгын ашиглалтад хүлээлгэж өгсөн. Ковид-19 цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед *******-ын санхүүжилт тасарч, барилгын ажил зогсох нөхцөл байдалд хүрсэн боловч түүний хүсэлтээр барилгын ажлыг зогсоолгүй, өөрсдийн хүч бололцоог дайчлан, зээлийн санхүүжилт авч гэрээний үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн. Тухайн үед барилгын материалын үнэ 30-65 хувь өссөн, тээвэрлэлт ложистикийн доголдол, тээвэрлэлтийн зардал 15-20 дахин өссөн боловч төсвийн тодотгол хийгээгүй, төсөвт өртөгт багтаан ажлыг гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч компаниас санхүүжилт саатсан 2022 оны 09 дүгээр сараас эхлэн ажлыг дуусгаж Улсын комисст хүлээлгэн өгөх хүртэл санхүүжилтийг таслахгүй байх талаар байнга шаардсан.

******* нь “хүндрэлтэй нөхцөл байдлыг ойлгож өөрсдийн боломжоор барилгын ажлаа үргэлжүүлж байхыг ятгаж, гарсан нэмэлт зардал, хохирлын асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн тул банк, санхүүгийн байгууллагаас зээл авч барилгын ажлыг 5 сарын турш нэмэлт зардал гарган өөрсдийн санхүүжилтээр үргэлжлүүлсэн. Гэвч барилгын санхүүжилт шийдэгдэхгүй байгаагаас туслан гүйцэтгэгч компани болон ажилчид төлбөрөө авч байж ажлаа гүйцэтгэх шаардлага тавьж, ажлаа зогсоосон учраас 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/26 дугаартай албан тоотоор санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд барилгын ажлыг зогсоох талаар мэдэгдсэн.

Хариуцагч компанийн зүгээс 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1/337 дугаартай албан тоотоор үйлдвэрийн газрын үндсэн бүтээгдэхүүн төмрийн баяжмалын экспортын хэмжээ вагон хангамжийн дутагдалтай байдлаас шалтгаалан борлуулалтын орлогын тасалдал үүссэн тул барилгын ажлын санхүүжилтийг нэг дор төлж барагдуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тухай мэдэгдэж, яаралтай арга хэмжээ авч төлбөрийг төлж барагдуулах талаар мэдэгдсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөхөөр тохиролцсон боловч ******* нь 2023 оны 10 дугаар сард гүйцэтгэлийн санхүүжилтэд барилгын үйлчилгээний талбайг санал болгож, 333.5 м.кв талбайг 1,136,239,800 төгрөгөөр үнэлж бартераар төлбөрт шилжүүлсэн.

1.2. Дээрх гэрээний ерөнхий нөхцөлийн 39, 40-д төлбөрийг сар бүр, ажлын гүйцэтгэлээр тооцож төлөхөөр, хугацаа хоцорсон тохиолдолд хоцорсон хоногт ногдох анзыг дараагийн төлбөрийг төлөхдөө хамт төлөхөөр зохицуулсан. Гэрээний тусгай нөхцөл хүснэгтийн 40, 46-д анз ногдуулах хэмжээ 0.05 хувь байх, алдангийн дээд хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 10 хувь байхаар тус тус заасан. Хариуцагч компани 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл төлөх ёстой байсан 28 удаагийн төлбөрийн хугацаа хэтрүүлсэн. Иргэний хууль тогтоомжид нийцүүлэн тооцоход нийт 970,837,907 төгрөгийн алдангийг төлөөгүй. Хариуцагч нь санхүүжилтийг хугацаандаа хийгээгүйгээс нэхэмжлэгчээс санхүүжилт тасарсан үед банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хүүд тооцож төлсөн төлбөр 984,600,374 төгрөг болсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн хэлбэрээр зохигчид гэрээндээ үүргийн гүйцэтгэлийг хангах аргын талаар харилцан хүлээн зөвшөөрч тусгасан.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1, 222.4, 222.5, 222.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь санхүүжилт тасарсан хугацаанд банкнаас зээл авч, зээлийн хүүг төлсөн. Хэрэв хариуцагч санхүүжилтээ хоцроогоогүй бол нэхэмжлэгчээс гарах ёсгүй байсан зардал тул хохирол гэж тодорхойлж байна.

Банкны зээлийн 1 сарын хүүгийн хэмжээ 17.76 хувь бөгөөд үүнээс 1 өдрийн хүүг тооцоолоход 1.48 хувь байх тул хоцроосон санхүүжилтийн үнийн дүнгээс 1 өдөрт төлөх хүүгийн хэмжээг гаргаж, хоцорсон хоногоор үржүүлэн хохирлын хэмжээг тооцсон. Хариуцагчаас гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой алданги 970,837,907 төгрөг, хохирол 984,600,374 төгрөг, нийт 1,955,438,281 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаас хохирлын хэмжээг 620,461,996 төгрөг болгон багасгаж, нийт 1,591,299,903 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

Хариуцагч компани 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр бичигдсэн 13-аар гүйцэтгэлийг олгоогүйгээс мөн оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн гэрээний үүргийн зөрчил үүсч, хариуцагчийн хүсэлт, шаардлагаар нэхэмжлэгч нь гэрээт ажлыг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэхээр Голомт банк дахь шугамын зээлийн эх үүсвэр, эргэлтийн хөрөнгийн зээл авч ашигласан. Нэхэмжлэгч нь хугацаа хоцорсон санхүүжилтийг нөхөж, ажлыг үргэлжлүүлэхээр их хэмжээний нэмэлт болон хүүгийн зардал гаргаж алдагдал хүлээсэн.

Тодруулбал, нэхэмжлэгч компани дээрх зээлийн гэрээний дагуу Голомт банкинд нийт шугамын зээлд 1,041,344,234.48 төгрөг, үндсэн хөрөнгийн зээлд 135,867,500.53 төгрөгийн, нийт 1,177,211,735.01 төгрөгийн хүүгийн төлбөрийг төлсөн. Үүнтэй холбогдуулан, 2022 оны 09 дүгээр сараас 2024 оны 01 дүгээр сар дуусах хүртэлх хугацаанд төлсөн хүүгийн төлбөрөөр хохирыг тооцоолсон. Уг хугацаанд *******-аас нийт шугамын зээлийн эрхээс 3,815,901,348.59 төгрөг, эргэлтийн хөрөнгийн зээлээс 1,500,000,000 төгрөг, нийт 5,315,901,348.59 төгрөгийг авч ашигласан. Уг тооцооллын дагуу шугамын зээлд төлсөн хүүгийн төлбөр 484,594,495.96 төгрөг, эргэлтийн хөрөнгийн зээлд төлсөн хүүгийн төлбөр 135,867,500.53 төгрөг, нийт 620,461,996 төгрөгийн хохирол учирсан.

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой алданги 970,837,906.97 төгрөг, хохиролд 620,461,996 төгрөг, нийт 1,591,299,902.97 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манай компани нь *******-тай 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дахин төлөвлөлтийн барилгын /түлхүүр гардуулах нөхцөлтэй/ MR-2021-05-31 дугаартай 36,865,883,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр MR-2022-06-26 дугаартай 952,048,830 төгрөгийн нэмэлт ажлын гэрээг тус тус байгуулсан. Мөн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажилчдын хүүхдийн цэцэрлэгийн дотор засал тохижилтын ажил гүйцэтгэх MR-2022-06-40 дугаартай 206,219,366 төгрөгийн гэрээг байгуулж, нийт 38,024,151,196 төгрөгийн дүнтэй гэрээний харилцаанд оролцсон.

*******-ын зүгээс гэрээнүүдийг хэрэгжүүлэхэд бүхий л талаар анхаарал хандуулж, санхүүжилтийг тухай бүр шилжүүлж, ******* нь дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах 165 айлын орон сууц, спорт цогцолборын барилгын ажлыг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор дуусгаж хүлээлгэн өгөх байсан. Дээрх гэрээний тусгай нөхцлийн 17-д ажил дуусгахаар төлөвлөсөн өдөр: 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал гэсэн өөрчлөлт оруулж гэрээний хугацааг сунгасан. Манай компанийн зүгээс дээрх гурван гэрээний үүргийн гүйцэтгэлд 37,966,956,914.91 төгрөгийн санхүүжилтийг хийж гэрээний үүргээ биелүүлсэн. 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгааг талууд хүлээн зөвшөөрч 279,430,506.09 төгрөгийн үлдэгдэлтэй гэж баталж, мөн оны 06 дугаар сарын 07-ний өдөр 200,000,000 төгрөгийг тус компанид шилжүүлж 79,430,506.09 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан 165 айлын орон сууц болох 100/1, 100/2 дугаар орон сууцнууд, спорт цогцолборын дулаан авто зогсоолд зориулалтын бус хаалга тавьсны улмаас эвдэрсэн *******-ийг засварлах, солихыг удаа дараа шаардсан боловч үр дүнд хүрээгүй. Уг нөхцөл байдлын улмаас 2024 оны 11, 12 дугаар сард нийт 22,236,225 төгрөгөөр өөр байгууллагаар дулаан зогсоолын хаалгыг сольж доголдлыг арилгуулсан бөгөөд ******* нь дээрх төлбөрийг хүлээн зөвшөөрсөн. Өнөөдрийн байдлаар ажилчдын хүүхдийн цэцэрлэгийн дотор засал тохижилтын ажил гүйцэтгэх MR-2022-06-40 гэрээний чанарын баталгаа 10 хувь болох 20,621,936 төгрөг, дахин төлөвлөлтийн барилгын MR-2021-05-31 дугаартай гэрээ, нэмэлт ажлын MR-2022-06-26 дугаартай гэрээний үлдэгдэл төлбөр 36,572,345 төгрөг, нийт 57,194,281 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн БА-016/2024 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дугнэлт гарсан. ******* нь улсын комиссын гишүүдийн гаргасан үүрэг даалгаврыг биелүүлэхээр баталгаа гаргаж, дээрх дүгнэлтийг гаргуулсан боловч дулааны улиралд хийж гүйцэтгэх ажлуудыг хийгээгүй. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр *******-ын орон сууц, спорт цогцолбор нийтийн эзэмшлийн талбай бусад эд хөрөнгийг хүлээж авах ажлын хэсгээс *******-ийн төлөөллийг байлцуулан барилгын гүйцэтгэлийг хянасан акт үйлдэж зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авсан боловч үр дүнд хүрээгүй. Түүнчлэн автомашины дулаан зогсоолын автомат хаалгыг солих, зарим айл өрхийн цахилгааны гэмтлийг арилгах, айлуудын тагтаар борооны ус орохыг зогсоох, хотхоны гадна гэрэлтүүлгийг бүрэн гүйцэд ажилд оруулах, нийтийн эзэмшлийн талбай, өрөөнүүдийн хана таазны заагаар ус орж буйг зогсоож, үүнтэй холбоотой заслын ажлууд, ногоон байгууламж болон хотхоны фасад угаах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах болон зорчих эрхийг хангах зэрэг баталгаа гаргасан ажлууд хийгдээгүй бөгөөд доголдол арилаагүй.

2.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний ерөнхий нөхцлийн 46.1-д гүйцэтгэгч ажил дуусгахаар төлөвлөсөн өдрөөс хугацаа хоцорсон хоног тутамд гэрээний тусгай нөхцөлд заасан хувь хэмжээгээр алданги төлөхөөр харилцан тохиролцсон. Уг ажил гүйцэтгэх гэрээнд захиалагч алданги төлөхгүй гүйцэтгэгч алданги төлөхөөр зохицуулалттай байх тул нэхэмжилж буй 970,837,907 төгрөгийг алдангид шаардах хууль эрх зүйн үндэслэлгүй.

2.3. Мөн талуудын хооронд байгуулагдсан 2 гэрээний төлбөрийг гүйцэтгэлээр олгохоор тохиролцсон бөгөөд *******-д төлбөрийг бүрэн шилжүүлж байсан учраас ямар нэгэн хохирол учруулаагүй. Түүнчлэн *******-ийн нотлох баримтаар ирүүлсэн *******-тай 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1,500,000,000 төгрөгийн зээл авсан байна. Уг зээл нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу баригдаж байсан 165 айлын орон сууц, спорт цогцолборын барилгын ажлын гүйцэтгэлд зарцуулагдсан эсэх нь эргэлзээтэй байна.

Манай компани *******-тай 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр MR-2021-05-31 дугаартай гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд уг гэрээг байгуулахаас өмнөх хугацааны буюу 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд байгуулсан зээлийн гэрээг үндэслэл болгон өөрийн компанийн хэрэгцээнд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ашигласан зээлийн хүүг талуудын хооронд байгуулсан гэрээний хүрээнд учирсан хохирол гэх байдлаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн ******* /хуучин нэрээр/ *******-тай 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгулсан MR-2021-05-31 дугаартай гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу нээлттэй тендерийн үр дүнд байгуулагдсан. Хариуцагч нь Сангийн яамнаас батлагдсан тендерийн баримт бичгийн дагуу боловсруулж тендерийг цахимаар зарлаж нэхэмжлэгч тус баримт бичигт заасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа албан тоотоор илэрхийлж тус баримт бичигт заасан гэрээний төслийн дагуу гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1/212 тоот албан бичгээр гэрээний төсөлд санал ирүүлж, мөн сарын 12-ны өдрийн 1/2412 тоот албан бичигт тодорхой хариу хүргүүлсэн. Тус албан бичигт ирүүлсэн шаардлага болох алданги Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тендерт шалгарсан оролцогчийн гэрээний үнийг захиалагч гэрээ байгуулахдаа өөрчлөх боломжгүй, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт болон гэрээний ерөнхий нөхцөлд заасан бусад шаардлага, заалтуудыг гэрээ байгуулах болон гүйцэтгэлийн явцад өөрчлөх боломжгүй гэх хариуг өгсний үндсэн дээр гэрээ байгуулагдсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* /хуучнаар *******/-аас 28,597,140.54 /хорин найман сая таван зуун ерэн долоон мянга нэг зуун дөчин төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,562,702,762.43 /нэг тэрбум таван зуун жаран хоёр сая долоон зуун хоёр мянга долоон зуун жаран хоёр төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,935,141 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 300,935 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,562,702,762 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан.

4.1. Анхан шатны шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Хэдий гэрээний зүйчлэлийг зөв дүгнэсэн боловч талуудын субьектын онцлог, гэрээ байгуулах болсон нөхцөл, шаардлага зэргээс дүгнэж үзэхэд хариуцагч ******* нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт төрийн өмчит үйлдвэрийн газар гэж зааснаар үйл ажиллагаа явуулдаг, худалдан авалт, үйлчилгээ авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримталдаг.

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь тендерийн баримт бичгийн бүрдэлд багтах, нээлттэй санал болгосон, журам тогтоосон, урьдчилан тогтоосон “стандарт нөхцөлтэй” ажил гүйцэтгэх гэрээ болно. Иймд Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талд ашигтайгаар тайлбарлаж, хэрэглэх ёстой талаар дутуу дүгнэсэн.

Бизнесийн гэрээний харилцаанд шударга ёсны зарчим, үүргээ үнэнч, шударгаар биелүүлэх, хэрэв үүргээ зөрчсөн, хохирол учруулсан бол хариуцлага хүлээх арилгах зарчим мөн адил мөрдөгдөх учиртай. Гэтэл хариуцагч тал нь үүрэг зөрчсөн нь тодорхой, үгүйсгээгүй мөртлөө хохирол төлөхөөс татгалзаж буй үндэслэлтэй нотлох баримтгүй байтал шүүхээс хохирлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч нь тус хэргийг хянан шийдвэрлэх явцад үе шатны төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн, санхүүжилтын саатал үүссэн, барилгын ажлыг үргэлжлүүлэх, хугацаандаа ашиглалтад оруулахыг шаардлага тавьж байсан ба төлбөр хоцорсон хугацаанд барилгын ажлыг гүйцэтгэгч банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн зэргийг үгүйсгээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардагын хүрээнд хамааралтай, няцаасан нотлох баримтыг хэрэгт хавсаргаж өгөөгүй.

Шүүх 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн төлбөрийн үлдэгдэл 57,194,281 төгрөгийг шаардсан албан тоотыг үндэслэж уг дүнгээс алданги тооцсон нь бүхэлдээ логик алдаатай, шударга ёс, хууль ёсны зарчмыг зөрчиж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний ерөнхий нөхцөлийн 39, 40, тусгай нөхцөлийн 46, 48-д заасныг тус тус үндэслэж гэрээний хэрэгжилтийн явцад хариуцагч үе шатны, гүйцэтгэлийн төлбөрийг хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүйтэй холбоотойгоор хууль болон гэрээнд заасны дагуу алданги нэхэмжилсэн.

Шүүхээс шийдвэрийн үндэслэх хэсгийн эхний догол мөрөнд “... төлбөрийг ажлын үе шат бүрийн гүйцэтгэлээр хийх /хх-ийн 16-24/,-ээр тохиролцжээ” гэж, 9-д “... гэрээний ерөнхий нөхцөлийн 40.1, тусгай нөхцөлийн 46-д алдангийн талаар заасан байх ба ... Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй” гэж зөв дүгнэсэн. Энэ нь Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасантай бүрэн нийцэх бөгөөд хариуцагч тал гэрээнд зөвхөн гүйцэтгэгч тал алданги төлөхөөр заасан.” гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй..

Мөн анхан шатны шүүхээс хариуцагч талыг гэрээний үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч талд алданги төлөх ёстой гэж зөв шийдвэрлэсэн боловч алдангийн дүнг 28,597,140.53 төгрөг гэж шийдвэрлэсэн нь алдангийг тооцоолсон байдал, шийдвэрлэсэн үндэслэл, эрх зүйн дүгнэлт алдаатай байна.

Гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой учирсан хохирол 620,461,996 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Тодруулбал, шугамын болон эргэлтийн хөрөнгийн зээлийн хөрөнгөөр барилгын ажлыг үргэлжлүүлж байгаа болон орлогыг барьцаалах, зээл авахтай холбоотой хариуцагчаас банкинд баталгаа, тодорхойлолт гаргах зэргээр банкны зээлийн эх үүсвэр ашиглахад нэхэмжлэгч талд дэмжлэг үзүүлсэн, нэхэмжлэгчээс зээлийн зарцуулалтын талаар дансны хуулга, зээл төлөлт хоцорч байгаа, түүнтэй холбоотой хохиролыг нөхөн төлөхийг хариуцагчид байнга мэдэгдэж, шаардаж байсан зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогдож байна. Түүнчлэн талууд хооронд байгуулсан гэрээний ерөнхий нөхцөлийн 41.1, 41.1.и-д заасан буюу талууд үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой нэмэлт зардал буюу хохирол үүссэн бол нөхөх төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасантай бүрэн нийцэж байна.

Талууд гэрээний ерөнхий нөхцөлийн 39, 40-д зааснаар төлбөрийг ажлын гүйцэтгэлээр буюу Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт заасны дагуу төлөхөөр тохиролцсон нь хуульд нийцсэн. Иймд захиалагч гүйцэтгэлийг баталгаажуулсантай холбоотой үе шатны төлбөрийг хугацаандаа төлсөн тохиолдолд банкны зээл авах шаардлага нэхэмжлэгчид үүсэхгүй байсан буюу зээлийн хүүгийн зардал зайлшгүй гарах зардал биш бөгөөд үүргийн зөрчилтэй холбоотой үүссэн “хохирол” гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүхийн шийдвэрийн догол мөрөнд “... гэрээнүүдэд гүйцэтгэгч талын банкнаас авсан зээлийн хүүнд төлсөн төлбөрийг захиалагч тал төлөхөөр харилцан тохиролцоогүй” гэж дүгнэсэн нь буруу. Хариуцагчийн үүргийн зөрчилтэй холбоотой, түүний хүсэлтээр нэхэмжлэгч зээлийн эх үүсвэр ашигласан, түүний хүүг төлөх нь хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой бодит үр дагавар буюу хариуцагч хугацаандаа санхүүжилтээ хийсэн бол нэхэмжлэгчээс гарах ёсгүй байсан учраас нэмэлт зардал мөн.

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 13.1, 13.3 дахь хэсэгт заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх, стандарт нөхцөлтэй, бизнесийн гэрээнд Төрийн өмчит компанийн хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашиглах, хохирол учруулсан бол нөхөн төлөх, хариуцлага хүлээх зарчим, зохицуулалтыг баримтлаагүй.

4.2. Нотлох баримт, хэргийн үйл баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Хариуцагч нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 13 дугаартай гүйцэтгэлийн баримтаас эхлэн 2024 оны 06 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх нийт 28 удаагийн төлбөрийн хугацааг хэтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.

Талуудын хооронд байгуулсан гэрээний ерөнхий нөхцөлийн 39, 40-д, мөн гэрээний тусгай нөхцөлийн 40, 46, 48-д тус тус заасныг зохигчид хүлээн зөвшөөрдөг ба шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д “... гэрээнүүдийг байгуулсан болон хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй” гэж дүгнэсэн. Гэвч *******-аас *******-т явуулсан албан бичгүүдийг нотлох баримтаар ирүүлснийг тэмдэглэсэн, уг албан бичгүүдээр алданги тооцож байгаа, нэмэгдэж байгааг тухай бүр мэдэгдэж, шаардаж байсан нь бүрэн нотлогддог. Хариуцагч талаас уг үйл баримт, бичгийн баримтуудыг огт няцаагаагүй, үйл баримтыг үгүйсгээгүй болно.

Мөн анхан шатны шүүхээс нотлох баримтын шаардлага бүрэн хангасан, хариуцагчийн үгүйсгээгүй үйл баримт, нэхэмжлэгчийн нотлох баримтыг огт үнэлээгүй, хариуцагчийн татгалзалтай холбоотой үйл баримт, нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Шийдвэрийн үндэслэл болгож буй 2025 оны 05 дүгээр сарын 19-ний өдрийн албан бичиг нь “НӨАТ-ын баримт шивэхтэй холбоотой хариуцагчид өгүүлсэн хариу" буюу үндсэн гэрээний үлдэгдэл 57,194,281.59 төгрөгийг төлсөн тохиолдолд 1,409,702,701.40 төгрөгийн НӨАТ-ын шивэх боломжтой гэсэн утгатай байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг баримтлаагүй гэж үзэхээр байна.

4.2.1 Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10.6-д Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт гэрээний дагуу 33,8 тэрбум төгрөгийн ажил хийж гүйцэтгээд байгаа, төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 6,3 тэрбум төгрөг байгаа, үйлдвэрийн газрын үйл ажиллагаа тогтворжиж хэвийн болоход үлдэгдэл төлбөрийг төлөх талаар тодорхойлолт гаргаж байсан, мөн зарим санхүүжилтийг хугацаа хоцруулан төлж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх боловч нэхэмжлэгч *******-ийн *******-тай байгуулсан зээлийн гэрээг үндэслэн тухайн гэрээнүүдээр тохиролцсон хүүгийн хэмжээгээр нэхэмжилсэн 620,461,996 төгрөгийг хохиролд тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй...” гэж дүгнэхдээ нотлох баримтыг үндэслээгүй, няцаагаагүй байна.

Мөн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн *******-ийн зээлийн данс, харилцах дансны хуулгаар зээл олголт, төлөлтөөс гадна зээлийн захиран зарцуулалт нь барилгын ажилд бүрэн зарцуулагдсан нь нотлогддог. Талуудын хооронд байгуулсан гэрээний ерөнхий нөхцөлийн 41.1, 41.1.и-д заасан заалтаар тохиролцсон бөгөөд уг заалтыг хэрэглээгүй талаар шүүхээс үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтыг гаргаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй.

5.1. Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Нэхэмжлэгч 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргаж, харин 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ буюу санхүүжилтийн тооцоог нийлсэн. Талуудын хэн аль нь буюу нэхэмжлэгч болон хариуцагч нар төлбөрийн үлдэгдлийн талаар маргаагүй.

Учир нь нэхэмжлэгчийн зүгээс тухайн гэрээнд санхүүгийн тооцоо хийж, гарын үсэг зурж баталгаажуулсан. Нэхэмжлэл гаргахаас өмнө ямар нэгэн байдлаар алданги төл, маргаан үүсгэх харилцааны талаар дурдаагүй. Анхан шатны шүүх энэ талаарх асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн. ******* нь *******-тай дээр дурдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулж, зээл авч зээлийн хүүгийн төлбөрийг төлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүх нь маргаан үүсэхээс өмнө талуудын хооронд энэ харилцаа үүссэн байсан гэдгийг зөв дүгнэсэн.

Бид нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариу тайлбартаа алданги төлөхгүй гэж байсан боловч шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон алдангийг төлөхөөр болж, энэ талаар гомдол гаргаагүй.

5.2. Нэгдүгээрт нэхэмжлэл гаргах хугацаанд ******* нь 5 зээлийн гэрээгээр *******-тай хамтарч ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Тухайн баримтыг харахад уг зээлийн зарцуулалт дахин төлөвлөлтийн барилгад зарцуулагдсан эсэх нь эргэлзээтэй буюу нотлогддоггүй.

Учир нь эхний 2,160,000,000 төгрөгийн зарцуулалтыг авч үзэхэд 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд нийт 6 удаагийн гүйлгээгээр кассандаа 559,381,892 төгрөгийг авсан боловч үүний зарцуулалтыг нотолсон баримтыг ирүүлээгүй. Мөн 2 удаагийн гүйлгээгээр 210,744,402 төгрөгийг данс хооронд буюу “Худалдаа хөгжлийн банк” ХК-ийн өөр дансанд шилжүүлж авсан бөгөөд мөн энэ мөнгийг дахин төлөвлөлтийн барилгад зарцуулсан эсэх нь нотлогддоггүй.

Бусад буюу 980,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр өөр зээлийн гэрээнүүдийн төлбөрт төлсөн гэх байдлаар зарцуулалт гаргадаг. Нэхэмжлэл гаргаж буй 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хоорондох хугацаанд хариуцагчийн зүгээс гэрээний гүйцэтгэлд нийт 10,236,862,211 төгрөгийг хэсэгчлэн төлсөн. Тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлийн дагуу мөнгө төлдөг боловч тухайн зээл нь хаагдаагүй. Анхан шатны шүүх хуралдааны үед энэ зээл 2025 он хүртэл үргэлжлэн ашиглагдаж байгаа гэж нэхэмжлэгч компанийн нягтлан мэдэгдсэн. Нэхэмжлэгч тал өөрийн хэрэгцээнд ашиглаж байгаа зээлийн хүүг хохирсон гэх байдлаар нэхэмжлэх үндэслэлгүй.

Хоёрдахь зээлийн гэрээний хувьд 1,500,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд хариуцагч талын зүгээс *******-тай байгуулсан дахин төлөвлөлтийн гэрээний орлогыг *******-ийн *******-ийн дансанд гэж дансыг нь тодорхойлон зааж энэ гэрээний орлого зөвхөн энэ тоот дансаар дамжина гэх баталгаа гаргаж өгсөн. Тухайн зээлийн зарцуулалтаас үзэхэд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000,000 төгрөг шилжүүлсэн, зээл 160,000,000 төгрөг гэх зарлага гаргадаг. Иймд нийт гаргасан зарлагыг нь дүгнэж үзвэл 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хооронд нийт 21 удаагийн гүйлгээгээр 1,053,311,240 төгрөгийг кассандаа бэлнээр авсан байдаг боловч тухайн мөнгөний зарцуулалт баталгааждаггүй. Мөн 47,540,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр данс хооронд буюу өөр банкны данс руу шилжүүлж, 399,450,000 төгрөгийг захирал болон өөр хувь хүний данс руу 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлж, 160,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн. Энэ хугацаанд хариуцагчийн зүгээс 5,036,690,200 төгрөгийг нэхэмжлэгч талд гэрээний гүйцэтгэл болгон шилжүүлсэн. Үүнээс харахад 1,500,000,000 төгрөгийг 3 дахин их хэмжээний санхүүжилт олгосон байхад тухайн зээлийг өөрсдөө ашиглаж байсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ, гүйцэтгэлийн акт, барилга угсралтын гэрээ гүйцэтгэлийн актыг 2 тал нийт гэрээний хугацаанд 19 удаагийн гүйцэтгэл баталгаажсан. Иймээс энэ актад нийт 19 удаагийн гүйлгээгээр 37,817,931,830 төгрөгийн гэрээний гүйцэтгэлд 4,226,346,529 төгрөгийн ашиг тооцоолж авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог.

Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-т холбогдуулан гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйтэй холбогдон алдангид 970,837,907 төгрөг, хохиролд 620,461,996 төгрөг, нийт 1,591,299,903 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “... гэрээний үүргийн зөрчил гаргаагүй, гэрээний төлбөрийг гүйцэтгэлээр олгохоор тохирсны дагуу төлбөрийг бүрэн шилжүүлж байсан, ... гэрээнд гүйцэтгэгч алданги төлөхөөр заасан тул алданги шаардсан нь үндэслэлгүй, ... ******* банкнаас авсан зээл нь талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу баригдаж байсан 165 айлын орон сууц, спорт цогцолборын барилгын ажлын гүйцэтгэлд зарцуулагдсан эсэх нь эргэлзээтэй ...” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, талууд маргажээ.

Хариуцагч ******* нь өөрийн нэрээ ******* болгон өөрчилсөн байна. /2хх125/

 

3. Анхан шатны шүүх *******, *******азар /хуучин нэрээр/ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр MR-2021-05-31 дугаартай /дахин төлөвлөлтийн барилгын түлхүүр гардуулах нөхцөлтэй/ ажил гүйцэтгэх гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр MR-2022-06-26 дугаартай Дахин төлөвлөлтийн барилгын нэмэлт ажлын гэрээ, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн БА-016/2024 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, зохигч талуудын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлон, гүйцэтгэгч ******* нь гэрээний дагуу ажил гүйцэтгэн, үр дүнг хүлээлгэн өгсөн үйл баримтыг зөв тогтоосон.

 

4. Мөн талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ”, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “2023 оны Үйлчилгээний талбай худалдах, худалдан аах гэрээний MR-2023-06-25 тоот гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ 1”, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа-4 зэрэг нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээд хариуцагч *******азар нь гэрээний дагуу ажлын хөлсөнд нийт 37,966,956,915 /37,744,720,690+200,000,000+22,236,225/ төгрөг төлсөн гэж дүгнэсэн байна.

 

5. Дээрх үйл баримтад зохигч маргаангүй. Харин алданги шаардах эрхтэй эсэх, нэхэмжилж буй хэмжээний бодит хохирол учирсан эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

 

6. Анхан шатны шүүх, хэргийн нотлох баримт болох 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн MR-2021-05-31 дугаартай /дахин төлөвлөлтийн барилгын түлхүүр гардуулах нөхцөлтэй/ ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн алданги нэхэмжилсэн шаардлагаас 28,597,140.54 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй байна.

6.1. Нэхэмжлэгч тал 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн MR-2021-05-31 дугаартай /дахин төлөвлөлтийн барилгын түлхүүр гардуулах нөхцөлтэй/ ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцөлийн 39, 40, тусгай нөхцөл хүснэгтийн 40, 46-д заасан нөхцөлийг тус тус үндэслэн алданги шаарджээ.

Тус гэрээний Ерөнхий нөхцөлийн 39-д “Төлбөрийн мэдэгдэл”-тэй холбоотой нөхцөлийг, 40-д төлбөрийн нөхцөлийн талаар тус тус харилцан тохиролцсон байна. Уг нөхцөлийн 40.1-д “Төлбөр хийхдээ холбогдох урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгийг хасна. Захиалагч нь төслийн менежерийн баталсан дүнг гэрээний тусгай нөхцөлд заасан хугацаанд гүйцэтгэгчид төлнө. Хэрэв захиалагч төлбөрийг хугацаанд нь хийгээгүй бол хугацаа хоцруулсан төлбөрт ногдох торгуулийг дараагийн төлбөр хийхдээ хамт төлнө. Торгуулийг төлбөр төлөх ёстой байсан өдрөөс төлбөрийг хийсэн өдөр хүртэлх хугацаанд тооцно. Торгуулийг тооцохдоо төлбөрийн валют тус бүрийн арилжааны зээлийн хүүгийн тухайн үеийн зонхилох ханшийг баримтална.”, 40.2-т “Хэрэв сүүлд ирүүлсэн мэдэгдлээр, эсхүл шүүхийн шийдвэрийн улмаас өмнө мэдэгдэлд заагдсан дүн нэмэгдсэн бол хугацаа хоцорсон төлбөрт ногдох торгуулийг эн зүйлд заасны дагуу гүйцэтгэгчид төлнө. Торгуулийг нэмэгдсэн дүнг төлөх ёстой байсан өдрөөс эхэлж тооцно.” гэж тус тус талууд харилцан тохиролцжээ. /1хх-20/

Талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” заалтад нийцэхгүй байна.

Мөн гэрээний тусгай нөхцөлийн 40-д алданги төлөхтэй холбоотой агуулга тусгагдаагүй, 46-д алданги ногдуулах хэмжээг тогтоосон байх бөгөөд энэ заалт нь талуудын гэрээний Ерөнхий нөхцөлийн 46.1-д хамааралтай байна.

Гэрээний Ерөнхий нөхцөлийн 46.1-д “Гүйцэтгэгч нь ажил дуусгахаар төлөвлөсөн өдрөөс хугацаа хоцорсон хоног тутамд гэрээний тусгай нөхцөлд заасан хувь хэмжээгээр алданги төлнө. Алдангийн нийт дүн гэрээний тусгай нөхцөлд заасан дээд хэмжээнээс хэтрэхгүй. Захиалагч нь алдангийг гүйцэтгэгчид төлөх төлбөрөөс суутган авч болно. Алданги төлсөн нь гүйцэтгэчийн хүлээсэн хариуцлагыг хөндөхгүй.” гэж талууд харилцан тохиролцжээ.

Дээрхээс дүгнэхэд, гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч ******* нь гэрээний ерөнхий нөхцөлийн 40, тусгай нөхцөлийн 40, 46-д заасныг баримтлан захиалагч буюу хариуцагч *******азраас алданги тооцон шаардсан нь үндэслэлгүй байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

7. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 620,461,996 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй, тухайн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

7.1. Хариуцагч нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн MR-2021-05-31 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 3 дахь 2021 онд 10,284,500,000 төгрөг, 2022-2023 онд 26,581,383,000 төгрөг, нийт 36,865,883,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн MR-2022-06-26 дугаартай Дахин төлөвлөлтийн барилгын нэмэлт ажлын гэрээний дагуу  ажлын хөлсөнд 952,048,840 төгрөг, нийт 37,966,956,915 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. /1хх16-24/

7.2. Талууд дээрх гэрээний хугацааг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан болох нь хэргийн 1 дэх хавтасны 151 дэх талд авагдсан “2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн MR-2021-05-31 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ-2” нотлох баримтаар тогтоогдож байх тул мөн хугацаагаар захиалагчийн санхүүжилт хийх хугацаа сунгагдсан гэж үзнэ.

7.3. Хариуцагч *******азар нь 2021 онд 10,284,053,399 төгрөгийн, 2022-2023 онд 26,217,228,432 төгрөгийн, 2024 онд харилцах дансаар орсон 1,200,000,000 төгрөг, суутган тооцсон 22,236,225 төгрөг, 2021-2024 оны 143,438,858 төгрөг, нийт 37,966,956,915 төгрөгийн санхүүжилт хийсэн, 57,194,282 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан үйл баримт хэргийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Зохигч маргаангүй. /1хх168, 2хх-137, 3хх109-110/

7.4. Хариуцагч ******* нь *******-д 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1/2577 дугаартай албан бичгээр “... *******-ын экспортын борлуулалтын тоо хэмжээ Ковид-19 цар тахлаас хамааралтай хөл хорио, хил гаалийн хаалттай нөхцөл байдал болон вагон хангамжийн дутагдалтай байдлаас шалтгаалан буурч, улмаар борлуулалтын орлогын тасалдал үүсээд байна. Үйлдвэрийн газрын борлуултын үйл ажиллагаа тогтворжиж хэвийн болсон даруйд гэрээний дагуу үүссэн үлдэгдэл 6,300,000,000 төгрөгийг *******-д нэн даруй төлж барагдуулна ...” гэсэн тодорхойлолт гаргасан байна. /2хх135/

Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч талыг гэрээний дагуу санхүүжилт хийх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцжээ.

7.5. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй боловч шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн 620,461,996 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна.

Тодруулбал, ******* нь *******-тай байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ЗГС114000273-1/LNFL дугаартай шугаман зээлийн гэрээ болон 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ2205206225 дугаартай зээлийн гэрээний дагуу Голомт банкнаас нийт 3,660,000,000 төгрөг зээлсэн байна. /3хх30-31, 36, 37, 38, 1хх30-33, 34-37/

Дээрх гэрээний дагуу шилжүүлэн авсан зээлийн мөнгөн хөрөнгийг ажил гүйцэтгэх гэрээний ажлын гүйцэтгэлд зарцуулсан, хариуцагч хугацаандаа санхүүжилтээ хийгээгүйн улмаас хүү төлж хохирсон гэж нэхэмжлэгч тал тайлбарлан, *******-ийн Голомт банк дахь 2205132103 дугаартай дансны хуулгыг шүүхэд өгчээ. /1хх1-5, 2хх29-118/

Тус нотлох баримтуудад тусгагдсан зарлагын гүйлгээний агуулгыг “гэрээний төлбөр *******”, “хэрэглэгчийн төлбөр төлөв *******”, *******, “цалин”, “материалын үнэ”, “гэрээний үнэ”, *******, түлш цэнэглэв”, “гэрээний төлбөр *******”, ******* гэх мэтээр тус тус бичсэн байна.

Уг нотлох баримтуудаар банкнаас зээлсэн мөнгөн хөрөнгөөс хэдэн төгрөгийг нь ажил гүйцэтгэх гэрээнд зарцуулагдсан нь тодорхойгүй. Мөн зээлийн мөнгөн хөрөнгө нэхэмжлэгч компанийн  данс руу хэсэгчлэн орж байх цаг хугацаанд хариуцагч талаас тодорхой хэмжээний санхүүжилт тус тус шилжүүлсэн байна. Тус санхүүжилтын зарцуулалтыг зээлийн мөнгөн хөрөнгийн зарлагаас ялгаж тооцоолох боломжгүй. Иймээс 620,461,996 төгрөгийн бодит хохирол учирсан гэх үйл баримтаа нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Талууд гэрээний 41.1.и-д “бусад гүйцэтгэгч, засаг захиргааны байгууллага, нийтийн үйлчилгээний газар, эсхүл захиалагч нь гэрээнд заасан хугацаа, бусад нөхцөлийг баримтлаагүйн улмаас гүйцэтгэгч нь хугацаа алдсан, эсхүл нэмэлт зардал гаргасан” бол нөхөн төлбөр хийх нөхцөл болохоор харилцан тохиролцсон байна. Уг нөхцөл байдал үүссэний улмаас нэхэмжлэгчид нэмэлт зардал гарсан талаарх баримт хэрэгт авагдаагүйг,ээс гадна нэхэмжлэгчийн хохирол шаардсан нэхэмжлэлд гэрээний 41.1.и-д заасан нөхцөл хамаарахгүй байна. Иймээс энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/10124 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,971,464 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     О.ОДГЭРЭЛ

 

                                         ШҮҮГЧИД                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

                                                                                             Ч.ЦЭНД