Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/90

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга А.Э,

улсын яллагч Э.Н,

хохирогч С.Нэг,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дын Бд холбогдох эрүүгийн 1917001430074 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Дын Б /РД:ЕЙ.../, Д аймгийн С суманд 1979 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  2 дугаар баг, Т-ийн 1-11 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жил 6 сар хорих ялаар тогтоосон, 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан гэх,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Д.Б нь согтуурсан үедээ 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Малхын эгнээний зүүн үзүүрт иргэн Д.Отай маргалдан түүний толгойн тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

мөн согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Чойрын 127 тоотод иргэн С.Нийн бэлэг эрхтэн орчимд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 19 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Мын эгнээний зүүн үзүүрт байрлах Б дэлгүүрийн орчимд Д.Отай маргалдан түүний толгойн тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

мөн согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Чын 127 тоотод хашаанд байрлах С.Нийн гэрт түүнийг унтаж байхад нь бэлэг эрхтэн орчимд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Малхын эгнээд явж байхад О гар өргөөд манай машинд суусан. О архи авч өгье гэхээр нь дэлгүүрийн гадаа очтол архи авч өгч чадахгүй, мөнгөгүй гээд хэл амаар доромжилсон. Оын толгой руу жижигхэн чулуугаар 2-3 удаа цохьсон нь үнэн. Оын биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний мөнгө 100 000 төгрөг өгсөн. Сайн дураараа эвлэрсэн. 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө эрт Б гэдэг айлд ороход Н эгч, Б, А нартай хамт сууж байсан. Н эгч надад эгч нь жаахан халчихсан шүү гэхээр нь яахав ээ эгч  зүгээр би ч гэсэн жаахан уучихсан явж байгаа гэж хэлсэн. Н эгч намайг үнсье гэхээр нь үнсүүлээд би гарч яваад Чын 115 тоотод очоод би биеэ засаад үлдсэн. О гэр лүүгээ ороод 20 000 төгрөг аваад, бид хоёр Оийн дэлгүүрээс 0,75 граммын архи авч ирээд уугаад сууж байсан чинь Б орж ирээд чи Н эгчийн хутгалчихсан байна гэсэн. Удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан. Н эгчийг би хутгалсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Н эгчийн гэрт орсон гэдгээ мэдэхгүй байна. Н эгч бид хоёр хэвийн харилцаатай байдаг. Би хутга аваад Н эгчийг хутгална гэж бодохгүй байна. 2 жилийн өмнө миний хамтран амьдрагч залуутай хардсанаас болж хэрүүл хийж байсан. Н эгч эгчийгээ уучлаарай гээд бид хоёр эвлэрч байсан. Дараа нь нэг өдөр Н эгчийн гэрийн гадуур явж байгаад хаалгыг нь би эвдчихсэн. Дараа нь хаалгыг нь засаж өгсөн. Тухайн өдөр өглөө үүрийн 4 цагт 1 шил 0,75 граммын архи гурвуулаа хувааж уусан. Сааданд 0,5 граммын архи дөрвүүлээ уусан. 1 шил 0,75 граммын архи Аын гэрт хувааж уусан. Болсон асуудлыг мэдэж байгаа гэв.

 

1.2. Хохирогч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өглөө Б  дэлгүүр ороод 2 шил 0,75 граммын архи аваад намайг дуудаад хамт ярилцангаа ууя гэсэн. Би ороод дөрвүүлээ 0,75 граммын хоёр шил Хараа архи уугаад дуусч байхад Б нөхөртэйгөө хамт орж ирсэн. Би Бд хандаад эгч нь овоо уухгүй байсан чинь өнөөдөр жаахан халчихлаа гээд үнссэн. Б, Б хоёр дахиад архинд явна гэхэд нь би манай охин 25 дугаар зөрлөгөөс ирээд Улаанбаатар хамт явна намайг хувцасаа бэлдээд байж байгаарай гэсэн болохоор гараад гэртээ ороод гэрийнхээ хойморт гудас дэвсээд утсаа хажуудаа тавиад унтсан. Эхлээд Быг орж ирээд намайг хутгалсаныг мэдээгүй, өшиглөхөд нь мэдсэн. Хүн өшиглөхөөр нь би сэрээд яагаад намайг өшиглөөд байгаа юм бэ гэсэн чинь зүгээрээ зүгээр гээд Б хурдан гараад явсан. Нүдний шилээ тэмтэрч олж зүүгээд харсан чинь салтаанаас цус гарч байсан. Утсаа хайсан чинь утас байхгүй байсан. Б яг одоо өмссөн цамцтайгаа зогсож байсан. Б, А хоёрыг гараад явсаны дараа Б А хоёр архинд яваад эргээд ирэхэд нь би гудсаа тойроод цусаа гоожуулаад байж байсан. Өндийгөөд явж чадахгүй байсан. Утас байхгүй байсан учраас холбоо барьж чадаагүй. Гэр ямар байдалтай байсан талаар зураг хэрэгт хавсаргагдсан байсан. Намайг сэрэхэд Б миний урд гэрийн зүүн талын баганы хажууд зогсож байсан. Гартаа юм барьчихсан байсан. Би хутга барьсан гэдгийг нь мэдээгүй байсан. Эхлээд өшиглөхөд нь доргиод цус алдаад байна гэж ойлгосон. Цус алдсаны дараа хутгалсан гэдгийг нь мэдсэн. Гарт нь юм гялалзах шиг болсон гэв. 

 

1.3. Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сүмбэр сумын 1 дүгээр баг Шивээгийн 2 тоотод Иийн гэрт 0,5, 0,33 литрийн Хараа нэртэй хоёр шил архийг Итэй хувааж уугаад гэртээ харихаар гудамжинд явж байгаад хар билүү улаан өнгийн суудлын машинд гар өргөөд зогсоогоод хонхор луу гэр лүүгээ харъя гээд суусан. Тэр машин дотор хоёр залуу, нэг хүүхэн байсан. Тэгээд Малхын эгнээний үзүүрт байдаг Б дэлгүүрийн гадаа очоод машинаас хоёр залуу буугаад явсан. Хүүхэн нь араас нь буухдаа намайг машинаас буугаад ир гэсэн. Намайг заамдаж буулгаад архины мөнгө өг гэхээр нь байхгүй гэж хэлтэл тэр хүүхэн газраас чулуу аваад миний толгой руу нилээн хэдэн удаа цохисон. Би тэр хүүхнийг өөрөөсөө холдуулахаар ноцолдсон дийлээгүй. Би зугтаагаад найз Уийн гэрт очоод ах О луу утсаар яриад зодуулсан талаараа хэлсэн. Миний толгойн орой хэсгээр 4 газарт хуйх язарсан байсан ба оёдол тавиулсан. Мөн духны гол хэсэгт, зүүн хөмсөг, хамрын нуруун дээр шалбарсан байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 6-7 хуудас/

 

1.4. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Б, А бид нар Мын эгнээний зүүн үзүүрт байдаг Б дэлгүүрт архи авахаар очсон. Тэгтэл О бид гуравт хандаад та нар хаанахын хулгайч нар вэ гэхэд Б чи намайг танихгүй байна уу гээд залуутай муудалцсан. Б газраас чулуу аваад тэр залуугийн толгой руу нь 2-3 удаа цохисон. Б Оыг цохиж байхдаа энэ мууг алаад хаячихъя гээд байсан. Оын толгойноос цус гараад байсан. О нь Быг хэл амаар доромжлоод янхан гэх зэргээр хэлээд байсан. Би боль гээд очсон чинь Б намайг зодох гээд өөдөөс дайрсан. Б бид нар 5-уулаа хоёр шил 0,75 литрийн архи уусан. Бл согтуу байсан. Оыг Шивээгийн гудамжинд явж байхад нь авсан. Тухайн үед согтуу хүмүүс тээвэрлэсэн гэж буруудах байх гэж айгаад дэлгүүрийн гадаа Отай тааралдсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 12-13 хуудас/

 

1.5. Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Б, Б бид гурав Шийн гудамжаар баруун зүг рүү явж байтал нэг согтуу залуу гар өргөхөөр нь зогстол тэр залуу таксинд явах уу гэхэд нь Б суу гээд суулгасан. Тэр залуу явах замдаа та нарт ганц шил архи авч өгье гэхээр нь Малхын эгнээний баруун үзүүрт байдаг Б хүнсний дэлгүүрийн гадаа очоод зогстол тэр залуу надад архи авах ч мөнгө байхгүй, таксины мөнгө байхгүй гээд Бтай муудалцаад машинаас буугаад хоорондоо барилцаад авсан. Б тэр залуугийн толгой руу нь гараараа нэг цохиод газраас нэг атганд багтах хэмжээтэй чулуу аваад толгой руу хоёр удаа цохисон. Б бид хоёр наанаас нь очоод салгатал О урд эгнээний явган хүний гудамжаар ороод яваад өгсөн. Оын толгойноос нь цус гарч байсан. О, Б нар согтуу байсан. О нь нилээд согтуу Бын өөдөөс янз бүрийн зүйл хэлээд байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14 хуудас/

 

1.6. Гэрч Н.И мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед манай найз О манайд ирээд бид хоёр мотоцикль янзалсан. О надад хандаад ганц шил архи ууя гэхээр нь тэгье гээд би 0,5 литрийн Хараа нэртэй архи авч өгөөд хувааж уусан. Архи дуусаад 0,33 литрийн Хараа нэртэй архи мөн би авсан. Энэ архийг ууж байгаад би тасраад унтаад өгсөн байсан. Маргааш өглөө нь би О луу залгаад холбогдохгүй байхаар нь яваад очсон чинь таксинд сууж явсан эмэгтэй хүнд Мын эгнээний зүүн үзүүрт байдаг дэлгүүрийн гадаа зодуулсан гээд сууж байсан. Тэр эмэгтэй хүн нь чулуугаар толгой руу цохисон гээд толгойгоо боосон байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15 хуудас/

 

1.7. Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дэлгүүртээ байж байтал 19 цагийн үед гаднаас нэг эмэгтэй орж ирээд гадаа хүмүүс зодолдоод байна гэхээр нь би хаалганы цонхоор харахад манай дэлгүүрээс зүүн хойш улаан өмдтэй хүн толгой барьсан байж байсан. Тэр хүн ганцаараа зогсож байсан хажууд хүн харагдаагүй. Тэр хүн удаагүй манай дэлгүүрт орж ирээд хүнд зодуулчихлаа гээд өөрөө цагдаа дуудаад байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16-17 хуудас/

 

1.8. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ээжийн хашаанд тусдаа байшинд байдаг нэг ах /Б гэх/ над руу утсаар яриад ээж чинь хүнд хутгалуулчихлаа хурдан ирээрэй гэсэн. Тэгээд би Говьсүмбэр аймагт ирээд шууд эмнэлэг дээр очиход манай ээж Нийн бэлэг эрхтэн орчимд 2 см хэртэй газар оёдол хийсэн гэж эмч хэлсэн. Ээжийн ярьж байгаагаар шорон Б гэдэг хүүхэн найз залуутайгаа хардаад хутгалсан гэж ярьсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 91-92 хуудас/

 

1.9. Гэрч Ө.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр А бид хоёр хамт гараад дэлгүүр орж 2 шил 0,75 литрийн Хараа архи аваад манайд ирээд архиа уугаад сууж байтал манай хашаанд байдаг Н эгч 9 цагийн үед орж ирсэн. Тэр орж ирэхдээ эрүүл байсан бөгөөд бид хэд авсан архиа хувааж уусан. Архиа ууж дуусаад А бид хоёр дахин архи авахаар дэлгүүр явсан. Н эгч манайд ганцаараа үлдсэн нилээд согтсон байсан. Бид хоёр дэлгүүрээс архи аваад мөнгөө өгөх гэтэл түрийвчээ мартсан байсан тул гэр лүүгээ буцаад явж байгаад Б, А нартай таарсан. Б 0,5 литрийн Ерөөл архи аваад бид нар сааданд ууж байтал Б ирээд архинаас уусан. Тэгээд архиа ууж дуусаад А бид хоёр гэр лүү миний түрүүвчийг авахаар очиход Н ганцаараа манайд сууж байсан. Би түрийвчээ аваад гарах гэхэд Б, А хоёр араас орж ирээд Нтэй мэнд мэдээд нэгнийгээ тэвэрч аваад үнсээд байсан. Тэгээд А бид хоёрыг гарахад А, Б хоёр араас гарч ирээд гудамжаар баруун тийшээ яваад өгсөн. Бид хоёр дэлгүүр орж 1 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи аваад буцаад ирэхэд Н эгч бид хоёрыг ороод ирээч ээ гэхээр нь ороод очиход Б эгчийг нь хутгалчихлаа гээд цус, нөжтэйгээ холилдсон уйлаад сууж байсан. Түүний сууж байсан газрын ойр орчимд нь цус болсон байсан. Тэгээд би эмнэлэг цагдаад мэдэгдсэн. Салтаа орчмоос нь цус гойжоод байх шиг байсан. Намайг дэлгүүр явахад зүгээр байсан тэрүүхэн зуур л цусандаа хутгалдсан сууж байсан. Б нь сүүлийн үед Аынд байгаад байгаа ба манайхаас 5 хашааны зайд их ойрхон л байдаг. Гэхдээ дэлгүүр ороод ирэхэд хашаанд ямар нэгэн хүн байгаагүй. Б Н нар манайд уулзахдаа миний дэргэд лав муудаж маргалдсан зүйл огт байхгүй. Бид хоёр шууд дэлгүүр ороод буцаад ирсэн. Тэр дэлгүүр лүү тайван алхаад явахад 10-15 минут л зарцуулагдах байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 94-95 хуудас/

 

1.10. Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2019 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө босоод төмөр замд эмнэлгийн ард шагийн архи зардаг айлаас 1 шил 0,75 литрийн Ерөөл архи аваад манайд Б, Б бид гурав хувааж уугаад унтаад өгсөн. 8 цаг өнгөрч байхад Б бид хоёр дахиад нэг шил архинд явж байгаад А, Б хоёртой таараад бид хэд Мын эгнээний Б дэлгүүр орж нэг шил 0,5 литрийн архи аваад сааданд сууж байхад Б араас ирээд тэр архийг хамт уусан. Б, А нар түрүүлээд гэртээ харилаа гээд явсан. Б бид хоёр гэртээ харихаар явж байтал Б  Бнд ороод гаръя гээд тэднийхээр ороход Н, Б, А нар Бийн гэрт нь сууж байсан. Тэд нар архи дарс уугаагүй Н болон гэрт байсан хүмүүс нь нилээд согтсон байсан. Тэгээд бид хоёр тэднийхээс гараад гэртээ Чын 115 тоотод ороод 20 000 төгрөг авсан. Тэгэхэд Б жорлон орно гээд гадаа үлдсэн. Мөнгө авахаар гэртээ ороод 5-10 орчим минут болсон байх сайн санахгүй байна гараад ирэхэд хашааны гадаа Б ганцаараа л зогсож байсан. Бийн хашаанаас манай хашаа хүртэл 5 хашааны зайтай байдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 96 хуудас/

 

1.11. Гэрч О.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2019 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө Б 08 цаг өнгөрч байхад манайд ирээд хоёр шил 0,75 литрийн Хараа нэртэй архи аваад Бнд очиж хувааж уугаад сууж байтал хашаанд байдаг айлын Н эгч орж ирээд архинаас хамт уусан. Тэгээд архи ууж дуусаад дэлгүүр лүү дахиад архинд Б бид хоёр явсан. Дэлгүүрээс гараад гэр лүүгээ түрүүвчинд явж байхдаа  Атай таарсан. Б гэх залуу 1 шил Ерөөлийн 0,5 литрийн архи аваад бид нар гадаа сааданд уугаад байж байтал Б ирээд бид нарын ууж байсан архинаас уусан. Тэгээд архи дуусаад Б бид хоёр гэр лүү нь түрүүвчийг нь авахаар ороход Н ганцаараа сууж байсан. Б гэрээсээ түрийвчээ аваад гарах гэж байхад Б, А хоёр араас орж ирээд Нтэй мэнд мэдээд нэгнийгээ тэвэрч аваад үнсээд байсан. Б бид хоёр дэлгүүр орохоор гарахад А, Б араас гарч ирээд гудамжаар баруун тийшээ яваад өгсөн. Бид хоёр дэлгүүр орж 1 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи аваад 5-10 минут болоод буцаад хашааны хаалгаар ороход Н эгч бид хоёрыг ороод ирээч ээ гэхээр нь очиход Б эгчийг нь хутгалчихлаа гээд цус, нөжтэйгээ холилдсон сууж байсан. Тэгээд эмнэлэг цагдаад мэдэгдсэн. Н бид хоёрыг орж очиход гэрийхээ баруун хойд хэсэгт суусан ойр орчимд нь их хэмжээний цус болчихсон, салтаа орчмоос нь цус гойжоод байх шиг байсан. Гэрт нь болон хашаанд нь ямар ч хүн байгаагүй. Б, Н хоёр Бнд уулзахдаа миний дэргэд лав муудаж маргалдсан зүйл огт байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 96 хуудас/

 

1.12. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2019 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө үүрээр Анд очиход гэрт нь Б А хоёр байсан. Тэгээд Аын хамт Төмөр замаас нэг шил 0,75 литрийн Ерөөл архи аваад бид гурав хамт уугаад унтсан. Өглөө дэлгүүр онгойхоор нь архинд явж байхдаа А, Б хоёр уулзаад 0,5 литрийн Ерөөл архи аваад сүүдрэвчинд уугаад сууж байхад Б ирээд архинаас хувааж уугаад А, Б бид гурав Бнх рүү явсан. Тэгээд Бнд ороод сууж байтал араас А, Б хоёр орж ирээд нэг их удалгүй буцаад гарсан. Бид нар дэлгүүр орж нэг шил 0,75 литрийн Хараа архи аваад буцаад ирэхэд Н адилхан эмэгтэй хүн байж намайг яаж байгаа юм бэ? гээд гэртээ уйлаад сууж байсан. Тэгэхээр нь бид нар юу болсон талаар асуухад Б намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн. Түүний салтаанаас нь их хэмжээний цус гараад эхлэхэд Б эмнэлэг, цагдаад мэдэгдсэн. Тэгэхээр нь би тэднийхээс гараад явсан. Нийг яг хэн хутгалсаныг хараагүй. Өөрөө л Б хутгалсан гэж хэлээд байсан. Бид нарыг дэлгүүр яваад ирэхэд тэнд хэн ч байгаагүй. Тэднийд архи ууж байхад муудсан маргалдсан зүйл огт болоогүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 99 хуудас/

 

1.13. Шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 246 дугаар дүгнэлтэнд: Д.Оын биед тархи доргилт, толгойн хуйханд шарх, зүүн хөмсөг, цох, хамрын нуруунд зулгаралт, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 20 хуудас/

 

1.14. Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 285 дугаар дүгнэлтэнд: С.Нийн биед бэлгийн их, бага уруулд шарх, зүүн гуянд цус хуралт гэмтэл тотоогдлоо. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх бэлгийн их, бага уруулын шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр, зүүн гуяны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тус тус үүсгэгдэнэ. С.Нийн биед учирсан бэлгийн уруулын шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн гуяны цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 101 хуудас/

 

1.15. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 3, 81-85 хуудас/

 

1.16. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 75-80 хуудас/

 

1.17. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /х.х-ийн 108 хуудас/

 

1.18. Хохирогч С.Нийн яаралтай тусламжийн хуудас /х.х-ийн 116 хуудас/  зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Д.Быг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Д.Бын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч С.Г нар нь хохирогч Д.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурдлаа.

Харин шүүгдэгч Д.Б нь хохирогч С.Нийн гэрт нь би очоогүй, түүнийг хутгалаагүй, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Г нь хохирогч С.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, хэргийн газраас хутга хураан авах, Д.Бын хурууны хээ, цусны толбо илрүүлэх ажиллагаа хийгээгүй, мөн хутга барьж байсан уу, өөр ямар нэг метал зүйл байсан уу гэдэг нь тодорхойгүй тул хохирогч С.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийг хэрэгсэхгүй болгож, зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь: Хохирогч С.Нийн удаа дараагийн мэдүүлгээр түүнийг унтаж байхад нь шүүгдэгч Д.Б нь гэрт нь ирж өшиглөн сэрээсэн болон  хутгалсан болох нь нотлогдож байна. Мөн гэрч О.А, Ө.Б, Г.А нарын мэдүүлгүүдээр тухайн цаг хугацаанд болсон үйл явдал болон шүүгдэгч Д.Б нь Г.Атай хамт гэртээ оролгүй хашааны гадаа үлдсэн, хохирогч С.Н, Г.А нарын хашаа хоорондын зай ойрхон байдаг, хохирогч С.Н нь гэрч нарт хэнд хутгалагдсан талаар  хэлсэн болох нь тус тус нотлогдож байна.

 

ХОЁР. Шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

2.2. Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Б надаас уучлалт гуйсан. Бтай сайн дураараа эвлэрч хохирлын тал дээр маргаангүй болсон. Одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 7 хуудас/

 

2.3. Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Бын хувьд хүнтэй эвсэг харьцаатай. Найз нөхдийн дунд нэр хүнд сайтай. Хааяа нэг архи уучихдаг. Хамт архи ууж байхад элдэв янзын ааш зан байхгүй. Хүн дургүйг нь хүргэхгүй бол зүгээр байдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14 хуудас/

 

2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 47-63 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх  нөхцөл байдалд тогтоогдоогүй болохыг дурдлаа.

 

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх санал гаргасныг дурдаж.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд торгох ялаар шийтгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

Учир нь: шүүгдэгч Д.Баяржаргал нь урьд нь 3 удаа бусдын бие махбодид халдсан үндэслэлээр шүүхээр гэм буруутай тооцогдон ял шийтгүүлж байсан болно. 

Иймд шүүгдэгч Д.Быг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Быг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогтой Дын Быг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 700 /долоон зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

        

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА