Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 1659

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Элбэгзаяа нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Наранцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/04647 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х.Элбэгзаяа, М.Мөнхзаяа, М.Очир-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Ц.Мөнхтулгад холбогдох,

 

Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 62 дугаар байрны 11 тоот орон сууцыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох, уг орон сууцыг Ц.Мөнхтулга, Х.Элбэгзаяа, М.Мөнхзаяа, М.Очир-Эрдэнэ нарын нэр дээр хувьчилж, орон сууцны гэрчилгээ олгохыг Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 62 дугаар байрны 11 тоот орон сууцанд Ц.Мөнхтулга амьдрахад саад учруулахгүй байхыг Х.Элбэгзаяа, М.Мөнхзаяа, М.Очир-Эрдэнэ нарт даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: М.Очир-Эрдэнэ, М.Мөнхзаяа,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Г.Өлзий-Орших,

Хариуцагч: Ц.Мөнхтулга,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Баярмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Мөнхтулга нь Сүхбаатар дүүргийн банкны 84 айлын 29 дүгээр байрны 83 тоот, 1 өрөө, улсын өмчлөлийн орон сууцыг эзэмшиж байгаад уг орон сууцаа Ш.Ринчингийн эзэмшиж байсан Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 62 дугаар байрны 11 тоот, 2 өрөө, улсын өмчлөлийн орон сууцаар 1986 онд сольж, Улаанбаатар хотын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаанаас гэрчилгээ авсан. Ц.Мөнхтулга 1988 онд Х.Элбэгзаяатай гэр бүлээ батлуулж, тэдний дундаас 1988 онд охин М.Мөнхзаяа, 1991 онд хүү М.Очир-Эрдэнэ нарыг төрүүлсэн. Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо энэхүү 2 өрөө орон сууцыг 1999 онд Ц.Мөнхтулга, Х.Элбэгзаяа, М.Мөнхзаяа, М.Очир-Эрдэнэ нарын нэр дээр хувьчилсан болно. 2004 онд Ц.Мөнхтулга, Х.Элбэгзаяа нар шүүхээр гэр бүлээ цуцлуулсан. X.Элбэгзаяа орон сууцандаа хүүхдүүдийн хамт үлдэж, Ц.Мөнхтулга тусдаа амьдрах болсон. Гэтэл Ц.Мөнхтулга өргөдөл гаргасан тул Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны шийдвэрээр, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 62 дугаар байр 11 тоот орон сууцыг 1999 онд хувьчилсныг хүчингүй болгож дахин хувьчлахыг Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд даалгасан болно. Х.Элбэгзаяа 2005-2008 онд орон сууцаа Ц.Мөнхтулга, охин М.Мөнхзаяа, хүү М.Очир-Эрдэнэ болон өөрийн нэр дээр хувьчлах саналтай байсан боловч Ч.Мөнхтулга зөвшөөрөхгүй байсан. Х.Элбэгзаяа 2008 онд Англи улсад ажиллахаар явсан бөгөөд энэ байрны цахилгаан, талбайн ашиглалтын төлбөрийг 2004 оноос өнөөдрийг хүртэл ганцаараа төлж ирсэн. Гэтэл Ц.Мөнхтулга нь  энэхүү орон сууцыг 2014 онд онцгой ажиллагааны журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, өөрийн өмчлөлд бүртгүүлсэн байна. Эх, охин, хүү бид гурвын 29 жил амьдарч байгаа Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 62 дугаар байрны 11 тоот орон сууц нь хамтран амьдрах хугацаанд бий болсон буюу Ц.Мөнхтулга, Х.Элбэгзаяа, М.Мөнхзаяа, М.Очир-Эрдэнэ нарын дундын өмчлөлийн хөрөнгө болохыг тогтоож, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 62 дугаар байрны 11 тоот орон сууцыг Ц.Мөнхтулга, Х.Элбэгзаяа, М.Мөнхзаяа, М.Очир-Эрдэнэ нарын нэр дээр хувьчилж, орон сууцны эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү нэхэмжлэлийг гаргах эрхгүй хүмүүс нэхэмжлэл гаргасан байна. Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 1200 тоот шийдвэрээр эхнэр Х.Элбэгзаяа надаас гэрлэлтээ цуцлуулсан. Гэр бүлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу гэрлэлтийг ... Шүүхийн журмаар цуцалсан бол гэрлэлт дуусгавар болно гэж заасны дагуу энэ үеэс Х.Элбэгзаяа бид хоёрын дундах эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх үүрэг дуусгавар болсон. Х.Элбэгзаяа нь надаас гэрлэлтээ цуцлуулах үед би Төв аймгийн “Ажлын хувцас'’ ХК-д загвар зохион бүтээгчээр ажиллаж байсан ба энэ үед улс орон зах зээлийн эдийн засагт шилжиж, Үндэсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогсон цалин мөнгө муутай, хүнд үе байсан. Х.Элбэгзаяа цалин мөнгөгүй үйлдвэрийн ажилтантай хамт амьдрахгүй гээд хөрөнгө мөнгөтэй ахимаг насны хүнтэй суугаад гэрээсээ явсан. Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 9 сарын 1-ний өдрийн 1200 тоот шийдвэрээр охин М.Мөнхзаяа, хүү М.Очир-Эрдэнэ нар нь эх Х.Элбэгзаяагийн асрамжид үлдсэн. Би хүүхдүүдээ 18 нас хүртэл цаашилбал бараг 30 хүртэл нь орон сууцаар хангалаа. Одоо тэд бие дааж, өөрийнхөөрөө амьдрах цаг нь болсон. Охин тусдаа орон сууцтай үр хүүхэдтэй болсон. Хүү ч гэр бүл зохиож, эхнэр хүүхэдтэй, нас биед хүрсэн эцэг хүн болсон. Охин хүү хоёрын хэн аль нь хүүхэд нас өнгөрч, нас биед хүрсэн хүмүүс болсон. Миний аав Ц.Цэдэндамба 1983 онд банкны 84-ийн 29-р байрны 83 тоот, 1 орон сууцыг надад өгсөн. Сууцныхаа нөхцөлийг сайжруулах /томсгох/ зорилгоор 1986 онд иргэн Ш.Ринчингийн эзэмшиж байсан Баянгол дүүргийн 4-р хорооллын 62 байр, 11 тоот, 2 өрөө сууцаар 1 өрөө сууцаа сольсон. Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас надад 1986 онд БГД-ийн 4 хорооллын, 62 байр, 11 тоотын 2 өрөө сууцыг эзэмших эрхийн 863203 тоот орон сууц эзэмших эрхийн бичиг буюу ордер олгосон. Миний бие Х.Элбэгзаяатай 1987 онд танилцаж, 1988 оны 8 сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1-д  заасны дагуу маргаан зүйл болох сууц нь Х.Элбэгзаяатай гэрлэхээс өмнө олж авсан миний хуваарьт хөрөнгө юм. Орон сууцыг хувьчлах 2014 онд нэхэмжлэл гаргагч нартай гэр бүлийн гишүүн байгаагүй, гэрлэлтээ цуцлуулсан байсан. Би нэхэмжлэгч нарыг зовоогоод яахав гээд ухаарах биз гээд өөрөө орон сууцны подвальд хэдэн жил амьдарлаа. Аавыгаа ийм байдалд байлгаж байгаагаа ухаарсан болов уу гээд охинтойгоо утсаар ярихад “та миний аав биш дахин бүү ярь” гэсэн. Хүнийг хүн гэж үзэхгүй атлаа эцгээс минь үлдсэн ганц сууцыг авах гэж улайраад байгаад хэлэх ч үг олдохгүй юм. Орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа хэн боловч хэрэглэсэн ус, зарцуулсан цахилгаан, СӨХ-оос авсан үйлчилгээний төлбөрийг төлөх үүрэгтэй. Би сууцандаа байх бүхий хугацааны төлбөрийг төлж ирсэн. Уг сууцны өмчлөгч надад мөнгө төгрөг төлсөн зүйл үгүй билээ. Тэд зөвхөн өөрсдийн хэрэглэсэн ашигласан ашиглалтын төлбөрийг зохих байгууллагад нь төлсөн. Эцэст нь БГД-ийн 4 хорооллын, 62 байр, 11 тоот 2 өрөө сууц нь Ц.Мөнхтулга миний өмчлөлийн хөрөнгө. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: БГД-ийн 4 хорооллын, 62 байр, 11 тоот, 2 өрөө сууцыг Х.Элбэгзаяатай гэрлэхээс өмнө олж авсан миний хуваарьт хөрөнгө юм. X.Элбэгзаяа нь 2004 онд надаас гэрлэлтээ цуцлуулж, өөр хүнтэй амьдрах болсон. Одоо Англи улсад байдаг. Би өөрийн хуваарьт хөрөнгийг 2014 онд өөрийн нэр дээр хувьчилж явсан. Би эцгийнхээ өгсөн орон сууцыг өөрийн нэр дээр хувьчлан авсан нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчөөгүй. Хүү, охин 2 насанд хүртэл нь би эцэг хүний үүргийн дагуу орон байраар хангаж, өөрөө подвальд амьдарч ирсэн. Одоо би 52 настай, залуу хүн биш болохоор орон сууцны зориулалтгүй подвальд амьдарч чадахаа больж байна. Охин, хүү 2 одоо хүүхэд биш насанд хүрсэн хүмүүс болсон. Түүгээр ч барахгүй ардын хүүхдийг сургадаг багш, сурган хүмүүжүүлэгч болсон. Хүүхдүүдээ ухаан суусан байх гээд гэртээ орж амьдрах гэхээр хүү М.Очир-Эрдэнэ нь гэрт оруулахгүйгээс цагдаагийн байгууллагад ч хандаж үзлээ. Ардын үгээр “ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэдэг л болж байна. Охин М.Мөнхзаяа нь тусдаа амьдрах болсон. Би өөрийн өмчлөлийн орон сууцандаа чөлөөтэй амьдарч болох ч салсан эхнэрийн турхиралтаар хүү цоожны голыг сольж гэрт оруулахгүйгээс зодоон зохион болж, цагдаагийн байгууллагад хандахаар эцгийгээ гэр оронд нь оруул, зохисгүй үйлдэл гаргаж байна гээд хүүг торгосон ч ач тусаа өгөөгүй. Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.2-д заасны дагуу Баянгол дүүрэг, 4-р хорооллын, 62-р байр, 11 тоот орон сууцны өмчлөгч Ц.Мөнхтулгыг орон сууцандаа орж амьдрахад саад учруулахгүй байхыг хариуцагч М.Очир-Эрдэнэ, М.Мөнхзаяа, Х.Элбэгзаяа нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ц.Мөнхтулгын эзэмших эрхийг бид зөрчөөгүй, хаалт тавиагүй. Манай аав 2004 оноос энэ байранд ерөөсөө ирж байгаагүй. Хариуцагч Ц.Мөнхтулга хариу тайлбартаа миний ээжийг өөрөөс нь салаад өөр хүнтэй гэрлээд Англи улсад амьдарч байгаа гэсэн байсан. Миний ээжийн салах болсон шалтгаан нь аав ээжийг минь дүү бид хоёрын нүдэн дээр зодоод 3 хавиргыг нь хугалаад, уруулыг нь сэт цохиод, толгойг нь хагалаад, 2-3 сар хэвтэрт хэвтүүлсэн. Эдгээр нөхцөл байдлаас болоод гэр бүл салсан. Манай ээжтэй амьдарч байх хугацаандаа аав цалингаа нэг ч удаа бүтнээр нь авчирч байгаагүй. Үүнээс болоод арга буюу миний ээж гудамжинд ээмэг бөгж зараад явдаг байсан. Ц.Мөнхтулга 2009 оноос хойш байрны хаалганы цоожны голыг сольсноос болоод амьдарч чадаагүй гэж худлаа хэлж байна. Үүнийг би зохиомол зүйл гэж бодож байна. Мөн миний аав одоо Яармагийн эцэст шинэ эхнэр, хүүхдийнхээ хамт амьдардаг. Тэр аавын амьдардаг гэх подваль нь хүн амьдрах зай байхгүй, 5-6 оёдлын болон эсгүүрийн машин байдаг. Аавын шинэ эхнэр хүүхэд нь хаана амьдардаг байх вэ. 2013 онд онцгой ажиллагаагаар орон сууцны өмчлөгч болохоо тогтоолгохдоо маргаан бүхий орон сууцанд би өөрөө амьдардаг. М.Очир-Эрдэнэ ирэн, очин байдаг. Намайг болохоор тусдаа байдаг гэж хэлээд шүүх хуралдаан хийсэн. Энэ тайлбарыг нь бид 2015 онд няцаагаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 62 дугаар байрны 11 тоот орон сууц нь Ц.Мөнхтулга, Х.Бэлбэгзаяа, М.Мөнхзаяа, М.Очир-Эрдэнэ нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоож, нэхэмжлэлээс Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 62 дугаар байрны 11 тоот орон сууцыг Ц.Мөнхтулга, Х.Бэлбэгзаяа, М.Мөнхзаяа, М.Очир-Эрдэнэ нарын нэр дээр хувьчилж, орон сууцны гэрчилгээ олгохыг Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 62 дугаар байрны 11 тоот орон сууцанд Ц.Мөнхтулга амьдрахад саад учруулахгүй байхыг Х.Элбэгзаяа, М.Мөнхзаяа, М.Очир-Эрдэнэ нарт даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Мөнхтулгаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Бэлбэгзаяа, М.Мөнхзаяа, М.Очир-Эрдэнэ нарт олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэг, Орон сууц хувьчлах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25-р зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна.  Нэхэмжлэгч нарт энэхүү нэхэмжлэлийг гаргах эрх байгаа эсэхийг шүүх тодруулах ёстой. Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 1200 тоот шийдвэрээр Х.Элбэгзаяа, Ц.Мөнхтулга нар нь гэрлэлтээ цуцлуулсан. Гэр бүлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу гэрлэлтийг “Шүүхийн журмаар цуцалсан бол гэрлэлт дуусгавар болно" гэж заасны дагуу энэ үеэс Х.Элбэгзаяа, Ц.Мөнхтулга нарын эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх үүрэг дуусгавар болсон. 12 жилийн өмнө надаас салж, өөр хүнтэй болоод гадаадад амьдарч ажиллаж байгаа хүн түүнтэй гэрлэхээс өмнө надад байсан /1987 онд гэр бүл болсон /миний хуваарьт хөрөнгийг хамтран өмчилнө гэж нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Би хүүхдүүдээ 18 нас хүртэл цаашилбал бараг 30 хүртэл нь орон сууцаар буюу амьдралын анхдагч хэрэгцээгээр хангаж ирсэн. Одоо тэд бие дааж, өөрийнхөөрөө амьдрах цаг нь болсон. Охин тусдаа орон сууцтай үр хүүхэдтэй болсон. Харамсалтай нь миний орон сууцнаас хувь хүртэхийн тулд орон сууцаа бусдад шилжүүлж, гэрийн хаягаа ч Баянгол дүүргийн 4-р хорооллын 62-р байр, 11 тоотод амьдардгаар бүртгүүлсэн. Хүү М.Очир-Эрдэнэ ч гэр бүл зохиож, эхнэр хүүхэдтэй, нас биед хүрсэн эцэг хүн болсон. Охин хүү хоёрын хэн алины хүүхэд нас өнгөрч, насанд хүрсэн хүмүүс болсон. Шүүх 1 хүний өмчлөлд хувьчилсан, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээтэй, үл хөдлөх хөрөнгийн Ү-2205057022 дугаарын бүртгэлтэй орон сууцыг 4 хүний дундын өмчлөлийн хөрөнгө тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Орон сууцыг иргэдэд хувьчлах, өмчлөх эрх болон өмчлөх эрхийн гэрчилгээ олгох асуудлыг Орон сууц хувьчлах тухай хуулинд зааснаар Орон сууц хувьчлах товчоо хэрэгжүүлнэ. Хуулинд заасны дагуу орон сууц эзэмших эрхийн бичиг буюу ордерын үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн нь миний бие юм. Орон сууцаа хувьчлан авахад надад гэр бүлийн гишүүн байгаагүй. Хэдийгээр миний сууцанд хүү, охин 2 амьдарч байгаа ч цоожны голыг солиод намайг оруулдаггүй надтай хамт амьдардаггүй би подвальд амьдардаг. Хуулинд зааснаар ч хүн ёсоор ч үзсэн орон сууцыг хувьчлах үед надад гэр бүлийн гишүүн байгаагүй. Орон сууцны хувьчлал, өмчлөлийн талаар маргаж байсан шүүхийн шийдвэрүүдэд тухайлбал Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 9 сарын 29-ний өдрийн 144A тоот шийдвэрт орон сууцыг  хувьчлан өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Баянгол дүүргийн 4-р хорооллын 62-р байр, 11 тоотын 2 өрөө сууцыг нэг хүнд өмчлүүлсэн Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны хүчин төгөлдөр тогтоол байхад шүүгч 4 хүний дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Орон сууц хувьчлах тухай хуулийн 24-р зүйлийн 24.1-д хувьчлагдсан сууцыг өмчлөх эрх нь сууц өмчлөх эрхийн гэрчилгээ авсан өдрөөс эхлэн үүснэ" гэж, мөн хуулийн 25-р зүйлийн 25.1-д сууц өмчлөгчийн тухайн сууц /өрөө/-ыг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг Иргэний хуулийн 126-130 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна" гэсэн байх тул өмчлөх эрхийн гэрчилгээ Ц.Мөнхтулгын нэр дээр гарснаар нэхэмжлэгч нарт өмчлөх эрх үүснэ" гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Орон сууцыг иргэдэд хувьчлах, өмчлөх эрх болон өмчлөх эрхийн гэрчилгээ олгох асуудлыг Орон сууц хувьчлах тухай хуулинд зааснаар Орон сууц хувьчлах товчоо хэрэгжүүлэхээс гадна эдгээр нэхэмжлэгч нар хувьчлалд оролцохыг хүсээгүй. Иргэний хуулийн 126-р зүйлийн 126.1-д зааснаар Баянгол дүүргийн 4-р хорооллын 62-р байр, 11 тоотын 2 өрөө сууц нь хавтас хэргийн 120-121-р талд авагдсан орон сууц эзэмших эрхийн гэрчилгээгээр Ц.Мөнхтулгын хуваарьт хөрөнгө гэдэг нь нотлогдсоор байхад 4 хүний хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо өмчлөх эрхэнд саад учруулж байгаа тухай нотлох баримт гаргаж өгөөгүй, нотлогдохгүй байна гэж дүгнээд хэрэгсэхгүй болгосон. Би өөрийн өмчлөлийн сууцандаа орж өөрийн эрхээр амьдарч чадахгүй байгаагаа нэхэмжлэлдээ бичсэн нь нэг нотолгоо, энэхүү нэхэмжлэлээ нотлох үүднээс цагдаад хандаж, хорооны цагдаа яагаад гэрт нь оруулахгүй байгаа талаар хүү М.Очир-Эрдэнээс асууж тайлбар авснаас гадна хууль бус үйлдлийг нь захиргааны зөрчил гэж 5000 төгрөгөөр торгосон торгуулийн баримт авагдсан байхад нотлох баримт байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Өлзий-Орших шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Маргаан бүхий байр Х.Элбэгзаяа, М.Мөнхзаяа, М.Очир-Эрдэнэ, Ц.Мөнхтулга нарын нэр дээр хувьчлагдсан 1999 оны гэрчилгээг сэргээвэл Ц.Мөнхтулгын орон сууцандаа амьдрах эрх нээгдэнэ" гэж тайлбарласан нь өмчлөгчийн өмчлөх эрхэнд саад учруулж орон гэрт нь оруулахгүй байгаа нь нотлогдож байхад нотлох баримт авагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

 

Нэхэмжлэгч Х.Элбэгзаяа, М.Мөнхзаяа, М.Очир-Эрдэнэ нар нь хариуцагч Ц.Мөнхтулгад холбогдуулж, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 62 дугаар байр, 11 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, уг орон сууцыг Ц.Мөнхтулга, Х.Элбэгзаяа, М.Мөнхзаяа, М.Очир-Эрдэнэ нарын нэр дээр хувьчилж орон сууцны гэрчилгээ олгохыг Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцанд амьдрахад саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч нарт даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

            Нэхэмжлэгч Х.Элбэгзаяа, М.Мөнхзаяа, М.Очир-Эрдэнэ нарын нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэх  үндэслэлээр  уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг зөв тодорхойлоогүй байна.

 

            Ц.Мөнхтулга, Х.Элбэгзаяа нар нь 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, тэдний дундаас 1988 онд охин М.Мөнхзаяа, 1991 онд хүү М.Очир-Эрдэнэ нар төрсөн ба гэрлэгчид Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1200 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан үйл баримт тогтоогджээ.

 

            Гэрлэлт цуцлуулах тухай маргаантай хэргийг шийдвэрлэхсэн шүүхийн шийдвэрт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 62 дугаар байр, 11 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг хуваарилах тухай нэхэмжлэлийг дахин гаргах эрхтэйг дурдсан.

 

            Хариуцагч Ц.Мөнхтулга нь 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 13 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 62 дугаар байр, 11 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авчээ. /хх-ийн 119 дүгээр тал/

 

            Маргааны зүйл болсон дээрх орон сууцыг хариуцагч Ц.Мөнхтулга 1986 оноос эзэмшиж эхэлсэн ба төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хувьчлах үед буюу 1996 онд гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулаагүй хамтран амьдарч байсан тул Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүн бүр орон сууцыг хувьчлан авах эрхтэй байжээ. Тэдний гэрлэлтийг цуцлах хүртлэх хугацаанд уг орон сууцыг эзэмших, ашиглах улмаар хувьчлан авах эрх нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан хөрөнгө болохын хувьд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч юм.

 

            Хэдийгээр уг орон сууцыг эзэмших эрхийг Ц.Мөнхтулга нь гэрлэхээс өмнө олж авсан гэж тайлбарласан боловч 1986 онд эзэмшилдээ авсан 11 тоот орон сууц эзэмшигчдээр Х.Элбэгзаяа, М.Мөнхзаяа, М.Очир-Эрдэнэ нарт 1999 оны байдлаар гэр бүлийн гишүүд гэж бүртгэгдсэн байна. Уг орон сууцыг хувьчилж авахтай холбоотой маргаантай асуудал шийдвэрлэгдсний дараа Ц.Мөнхтулга нь 2014 онд уг орон сууцыг өмчлөлдөө бүртгүүлж, гэрчилгээ авсан нь гэр бүлийн  гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө биш гэж үзэхгүй юм.

 

            Иймд анхан шатны шүүх Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 62 дугаар байр, 11 тоотод байрлах 2 өрөө орон сууц нь Ц.Мөнхтулга, Х.Элбэгзаяа, М.Мөнхзаяа, М.Очир-Эрдэнэ нарын дундын хөрөнгө гэж дүгнэсэн нь зөв бөгөөд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар дээрх орон сууцыг Ц.Мөнхтулга, Х.Элбэгзаяа, М.Мөнхзаяа, М.Очир-Эрдэнэ нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж дүгнэх нь илүү хууль хэрэглээний хувьд  оновчтой гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж байна.

 

Орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн тул Ц.Мөнхтулга, Х.Элбэгзаяа, М.Мөнхзаяа, М.Очир-Эрдэнэ нарыг өмчлөгчөөр тогтоож, ийнхүү өмчлөгчөөр  тогтоосны үр дагаврыг арилгахын тулд тэдгээрийг Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 62 дугаар байр, 11 тоотод байрлах, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй.

 

            Анхан шатны шүүх орон сууцыг Ц.Мөнхтулга, Х.Элбэгзаяа, М.Мөнхзаяа, М.Очир-Эрдэнэ нарын нэр дээр хувьчилж, орон сууцны гэрчилгээ олгохыг Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Ц.Мөнхтулга хариуцахгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Түүнчлэн орон сууц хувьчлах ажиллагаа явагдаж дууссан, дахин орон сууц хувьчлах үндэслэлгүй юм.

           

            Харин анхан шатны шүүх хариуцагч Ц.Мөнхтулгын гаргасан Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 62 дугаар байрны 11 тоот орон сууцанд амьдрахад саад учруулахгүй байхыг Х.Элбэгзаяа, М.Мөнхзаяа, М.Очир-Эрдэнэ нарт даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцээгүй байна.

 

            Хариуцагч Ц.Мөнхтулга нь сөрөг нэхэмжлэлээ нотолж Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан баталгаа, М.Очир-Эрдэнэд захиргааны арга хэмжээ авч  торгосон шийтгэвэр  зэрэг баримтыг гаргаж өгсөн. Уг баталгаанд М.Очир-Эрдэнэ нь “…аав Ц.Мөнхтулгыг харааж, зүхэж, хэл амаар доромжлохгүй” гэж бичсэн, тэрээр 5000 төгрөгөөр торгуулсан зэрэг байдал, зохигчдын тайлбарыг харьцуулан дүгнэвэл хариуцагч Ц.Мөнхтулгын өмчлөх эрхэнд нэхэмжлэгч М.Очир-Эрдэнэ нь саад болж байсан байна.   Иймд хариуцагч Ц.Мөнхтулгыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Х.Элбэгзаяа, М.Мөнхзаяа, М.Очир-Эрдэнэ нарт даалгах нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

            Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч Х.Элбэгзаяагийн нэрийг “Х.Бэлбэгзаяа” гэж буруу бичсэнийг зөвтгөв.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/04647 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 62 дугаар байрны 11 тоот, 2 өрөө орон сууцыг Ц.Мөнхтулга, Х.Элбэгзаяа, М.Мөнхзаяа, М.Очир-Эрдэнэ нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож, Ц.Мөнхтулга, Х.Элбэгзаяа, М.Мөнхзаяа, М.Очир-Эрдэнэ нарыг дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж,  орон сууцны гэрчилгээ олгохыг Орон сууцны хувьчлах товчоонд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “… нарт даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “нарт даалгасугай” гэж,

2, 3 дахь заалтын “… Х.Бэлбэгзаяа …” гэснийг “Х.Элбэгзаяа” гэж,

“… нарт олгосугай” гэснийг “нарт олгож, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          Э.ЗОЛЗАЯА

                                               

                                    ШҮҮГЧИД                                          М.НАРАНЦЭЦЭГ      

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ