Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2020/0454

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДЗ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу ДЗ-ын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 46 тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагатай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь хэсэгт " аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилд аймаг , нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний талаар аймаг, нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн саналыг сум, дүүрэг тус бүрээр хэлэлцэх” гэж заасан заалтын дагуу Орхон сум 6.9 га, Шарын гол сум 091 га, Хонгор сум 127.1 га газрыг тухайн сумын иргэнд өмчлүүлэхээр сумын ИТХ-ийн хурлаар 2015 оны 12 дугаар сард тус тус батлуулан аймгийн ИТХ-д өргөн мэдүүлж, аймгийн ИТХ-ийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцэн дээрх сумдын иргэдэд нийт 134.91 га газрыг өмчлүүлэхээр баталсан. Харин Дархан сум иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх газрын байршил, зориулалт хэмжээг гаргаж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулаагүй байна.

Дээрх 3 сумын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн "Иргэнд 2016 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын тогтоох тухай" 173 дугаар тогтоолоор Орхон, Шарын гол, Хонгор сумдуудад нийт 134.91 га газрыг иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт "тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан тохиолдолд илт хууль бус акт болно” гэж хуульчилсан.

Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-д “ нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах"; Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэг “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэсэн заалтуудыг үндэслэн Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаар тогтоолоор “Аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тодотгох тухай” тогтоол нь аймгийн ИТХ нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийнэ гэсэн хуулинд заагаагүй эрхийг эдлэн шийдвэр гаргасан нь илт хууль бус захиргааны акт гарсан байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002/ 9 дүгээр зүйлийн 9.1.3-т "захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан" 9.1.7-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" тохиолдолд Захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана гэж хуульчилсан байна.

Гэтэл Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэн аймгийн Засаг даргын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Дархан Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгон аймгийн Засаг дарга С.Насанбатын нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

ДЗ-аас “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 46 тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Маргаан бүхий Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тодотгох тухай” 2016 оны 46 тоот тогтоолын 1 дэх хэсгээр Дархан-Уул аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 1 дүгээр хавсралтаар, өмчлүүлэх газрын хаягийн жагсаалтыг 2 дугаар хавсралтаар баталж, 2 дахь хэсгээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийн дагуу аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгосон ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэхийг аймгийн Засаг даргад үүрэг болгожээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн..., хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж...хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдож үүссэн маргааныг шийдвэрлэхээр захиргааны шүүхэд гаргасан өргөдлийг” хэлэхээр заажээ.

Энэхүү Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар “хуульд тусгайлан заасан бол” захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Аймгийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг ..., орон нутгийн ...байгууллага” буюу захиргааны байгууллагад хамаарна, энэ агуулгаар Аймгийн Засаг дарга нь  “хуульд тусгайлан заасан бол...” захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүсэхээр байна.

Нэхэмжлэгч ДЗ-аас маргаан бүхий актын үндэслэлийн талаар “аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийнэ” гэсэн хуульд заагаагүй эрхийг эдэлсэн, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан аймгийн саналыг үндэслэн тухайн жилд улсын хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох Засгийн газрын бүрэн эрхийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хэрэгжүүлсэн нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан нь илт хууль бус акт” гэж маргажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн з-д “нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар: нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Аймаг, нийслэл,  сум,  дүүрэг,  баг,  хорооны  Засаг  дарга  нь  харьяалах  нутаг  дэвсгэртээ

төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн.” гэжээ.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1.-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: нутаг дэвсгэртээ ..., газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, 20.2.3-д “аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх”, 21 дүгээр зүйлийн  21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна.” гэж тус тус заажээ.

Эдгээр хуулийн заалтуудын агуулгаас дүгнэхэд, Аймгийн Засаг дарга нь нэг талаас төрийн гүйцэтгэх эрх мэдлийг аймагтаа хэрэгжүүлэгч, нөгөө талаас, аймгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу Иргэдийн Хурлын газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй холбоотой шийдвэрийг хэрэгжүүлэгчийн хувьд Хурал болон Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргах эрх шууд үүсэхгүй, гагцхүү хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд л шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тодотгох” шийдвэрт нэхэмжлэл гаргах эрхийг Аймгийн Засаг даргад хуулиар тусгайлан олгоогүй байна.

Иймээс ДЗ нь “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тодотгох тухай” 46 тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байхад анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар түүний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг анхаарч үзэлгүйгээр “илт хууль бус болохыг тогтоох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна“ гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Үүний учир, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ДЗас Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “ДЗ-аас “Дархан-Уул” аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 46 тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

                        ШҮҮГЧ                                                          Н.ДОЛГОРСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ