| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2019/0095/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/91 |
| Огноо | 2019-11-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2019/ШЦТ/91
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Б,
улсын яллагч Б.М,
шүүгдэгч Д.Г, Д.Э, тэдгээрийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Дийн Г, У овогт Дийн Э нарт холбогдох эрүүгийн 1917001600087 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Дийн Г /РД:ЕЙ.../, Д аймгийн М суманд 1986 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, Г аймгийн С сумын 1 дүгээр баг, А хонхор 1-1 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, У овогт Дийн Э /РД:ЕВ.../, Д аймгийн Д суманд 1983 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, Д аймгийн Д сумын 1 дүгээр баг, Э гэх газар оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Д.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Г аймгийн С сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын гадна хохирогч М.Нтай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хохирогчийг согтсон /биеэ хамгаалж чадахгүй/ байхад нь бэлэн 280 000 төгрөг, Нокиа маркийн гар утас, Хаан банкны виза карт, фаск зэрэг эд зүйлийг нь хамтран амьдрагч Д.Этай бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 325 000 төгрөгний хохирол учруулсан
яллагдагч Д.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Г аймгийн С сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын гадна хохирогч М.Нтай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хохирогчийг согтсон /биеэ хамгаалж чадахгүй/ байхад нь бэлэн 280 000 төгрөг, Нокиа маркийн гар утас,Хаан банкны виза карт, фаск зэрэг эд зүйлийг нь хамтран амьдрагч Д.Гтай бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 325 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Г аймгийн С сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын гадна хохирогч М.Нтай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хохирогчийг согтсон /биеэ хамгаалж чадахгүй/ байхад нь бэлэн 280 000 төгрөг, Нокиа маркийн гар утас, Хаан банкны виза карт, фаск зэрэг эд зүйлийг нь хамтран амьдрагч Д.Этай бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 325 000 төгрөгний хохирол учруулсан
шүүгдэгч Д.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Г аймгийн С сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын гадна хохирогч М.Нтай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хохирогчийг согтсон /биеэ хамгаалж чадахгүй/ байхад нь бэлэн 280 000 төгрөг, Нокиа маркийн гар утас,Хаан банкны виза карт, фаск зэрэг эд зүйлийг нь хамтран амьдрагч Д.Гтай бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 325 000 төгрөгний хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй гэв.
1.2. Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй гэв.
1.3. Шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “ Би 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр С сум 1 дүгээр баг а хонхор 2-1 тоотод байх гэртээ нөхөр Д.Эын хамт байж байтал 13 цагийн үед Н ах манайд орж ирсэн. Тэгээд Э Н ах бид гурав манайд хоол идчихээд төв орохоор явсан. Н ах Өгөөж зах руу ороод удалгүй гарч ирсэн. Тэгээд бид гурав архи ууя гээд Дэлгэрэх билэг дэлгүүр орж 1 шил 0,75 литрийн Монгол стандарт нэртэй архи аваад Дэлгэрэх билэг дэлгүүрийн хойно баригдаж байгаа 2 давхар барилга дотор орж хувааж уусан. Н ах Эд 10 000 төгрөг өгөөд ахиад нэг шил архи аваад ир гэж хэлсэн. Уг архийг бид гурав хувааж уугаад дуусгасан. Тухайн үед Н ах нилээн согтсон байсан. Харин Э бид хоёр гайгүй байсан. Н ахыг яах уу гэж асуухад би айлд очино гэж хэлсэн. Тэгээд Э бид хоёр Н ахыг баригдаж байгаа барилгын гадаа үлдээсэн. Явахаас өмнө би нөхөр Эд Н ахын фасканд мөнгө байна. Хоёулаа авая гэж хэлэхэд Э зөвшөөрсөн. Н ахын бүсэлхийнд байсан фаскыг манай нөхөр Э аваад бид хоёр Хас дэлгүүрийн гадна фаскыг нээж үзэхэд түлхүүр, хар өнгөтэй Нокиа гар утас 1 ширхэг, иргэний үнэмлэх, хаан банкны виза карт, бэлэн 10 000 төгрөгийн дэвсгэртүүд байсан. Н ахаас хулгайлсан мөнгөөрөө гэртээ цагаан бүрээс, өрх болон архи, хоол хүнсний зүйл аваад үрээд дуусгачихсан. Э бид хоёр Н ахыг шахаж согтоосон зүйл байхгүй. Н ахын фасктай мөнгийг хулгайлсанаа хүлээн зөвшөөрч байна. Н ахад Нокиа маркийн гар утас, түлхүүр, иргэний үнэмлэх, виза карт зэргийг буцаан өгсөн. Өнөөдөр 140 000 төгрөг бэлнээр өгсөн.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 43-44 хуудас/
1.4. Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “ Би 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сүмбэр сум 1 дүгээр баг аягны хонхор 2-1 тоотод байх гэртээ Гын хамт байж байтал Н ах манайд орж ирсэн. Н ах төв орно гэж хэлэхэд Г цуг явъя гэж хэлээд бид гурав цуг төв рүү явсан. Тэгээд Өгөөж захын гадаа ирэхэд Н ах та хоёр гадаа байж бай. Би хүнтэй уулзчихаад ирье гэж хэлсэн. Удалгүй Н ах гарч ирээд бид гурав Төмөр замын Дэлгэрэх дэлгүүр орсон. Тухайн үед Г бид хоёр гадаа үлдээд Н ах дэлгүүр лүү ороод Монгол стандарт нэртэй 0,75 литрийн 1 шил архи, 2,5 литрийн 1 ширхэг том кола ундаатай авч гарч ирсэн. Гл, Н ах бид гурав Дэлгэрэх дэлгүүрээс хойш баригдаж байгаа 2 давхар барилга дотор очиж архиа хувааж уусан. Тэгтэл Н ах ахиад нэг шил архи аваад ир гээд 10 000 төгрөг өгсөн. Би Дэлгэрэх дэлгүүр орж 0,75 литрийн стандарт нэртэй нэг шил архи авсан. Тэгээд бид гурав хувааж уусан. Тухайн үед Н ахын фаск нь доошоо унах гэж байсан. Тэгэхээр нь би хавчаарнаас нь татаж аваад Гантуулд өгсөн. Тэгээд Г бид хоёр 2 давхар барилгаас гараад шууд Хас дэлгүүр орсон. Хас дэлгүүр явах замдаа фаскыг нээж үзэхэд 10 000-тын дэвсгэртүүд байгаа харагдсан. Хэдэн төгрөг байсныг мэдэхгүй,тоолоогүй. Н ахаас хулгайлсан мөнгөөрөө гэрийн цагаан бүрээс, гэрийн өрх, архи, чихэр авсан. Н ахад фаск болон иргэний үнэмлэх, түлхүүр, хаан банкны виза карт, Нокиа маркийн гар утас мөн 140 000 төгрөг бэлнээр өгсөн. Н ахын фасктай мөнгийг хулгайлсанаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 49-50 хуудас/
1.5. Хохирогч М.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 09 сарын 12-ны өдөр 13 цаг өнгөрч байхад төв орж хүнтэй уулзахаар гэрээсээ гараад явж байсан юм.Тэгээд А хонхорын 2-1 тоотын гадаа явж байтал Г намайг дуудсан. Тэгэхээр нь гэрт нь ортол Э Г 2 хоол хийгээд байж байсан. Тэгээд бид гурав хоол идчихээд төв рүү явсан. 14 цаг өнгөрч байхад Г Э бид гурав өгөөж зах орсон. Тэгээд гараад иртэл Г, Э хоёр мөнгө байна уу архи ууя гэхээр нь би Гд 10 000 төгрөг өгсөн. Бид гурав Төмөр замд байдаг Дэлгэрэх нэртэй дэлгүүр орж Монгол стандарт нэртэй 0,75 граммын архи аваад Дэлгэрэх дэлгүүрээс хойш баригдаж байгаа байшингийн өмнө очиж архиа хувааж уусан. Тэгтэл Г дахиад мөнгө байна уу гэхээр нь би дахиад 10 000 төгрөгийг Гд өгөхөд Э дэлгүүр явж 0,75 граммын Монгол стандарт нэртэй 1 шил архи авчирсан. Би нилээд халсан байсан учир уухгүй гэдгээ хэлэхэд Г намайг архиар шахаад байсан. Тэгээд би уг архинаас 2 татаад л тасарсан. Нэг сэрсэн чинь гадаа харанхуй болчихсон эргүүлийн цагдаа ирчихсэн намайг дуудаж байсан. Би нилээд согтуу гэрээ зааж чадахгүй байсан учир цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Тэгээд би гэр лүү явж байх замдаа миний бичиг баримт байна уу гэхэд эхнэр О цагдаа надад бугуйн цаг л өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь миний бичиг баримт байх ёстой гэхэд О хэнтэй архи уусан юм тэр хүмүүсээсээ асуу гэхээр нь би гэр лүү явах замдаа Гнд очиж миний фасктай бичиг баримтыг харсан уу гэхэд мэдэхгүй гэж хэлсэн.Маргааш өглөө нь дахиад Гийн гэрт очиж уулзахад миний фасктай бичиг баримтыг аваагүй гээд гүрийгээд байсан. Тэгээд Гийн гэрээс гараад явж байтал Гийн эгчийн хүүхэд болох Ш гэдэг хүүхэд миний араас гүйж ирээд миний хаан банкны виа карт, иргэний үнэмлэхийг олсон гэж хэлээд өгсөн. Тэгэхээр нь би Гийн гэр лүү ороод танай эгчийн хүүхэд миний бичиг баримтыг авчир өглөө та хоёр л авсан байна шүү дээ гэж хэлэхэд манай эгч Г таны бичиг баримтыг шатааж байсан би мэдэхгүй гэж хэлсэн. Би хар өнгийн 1 ширхэг фаск, иргэний үнэмлэх, хаан банкны виза карт, түлхүүр, Нокиа гар утас 1 ширхэгийг алдсан. 300 000 төгрөгтэй байснаас 20 000 төгрөгөөр нь архи авч, 280 000 төгрөг үлдсэн Би уг мөнгөөр Улаанбаатар хот руу явж томографикийн зураг авахуулах байсан. 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хот руу эмчилгээнд явах зорилгоор төрийн банкнаас тэтгэврийн зээл авсан байсан юм. Би гомдолтой байна. Гаар хохирлоо төлүүлмээр байна. Улаанбаатар хотод эмчилгээнд явах ёстой гэтэл мөнгөө алдчихсан болохоор эмчилгээ маань хойшилход хүрээд байна. Г, Э нар нь миний Нокиа маркийн гар утас 1 ширхэг, хаан банкны виза карт 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, фаск 1 ширхэгийг буцааж өгсөн. Одоо 280 000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Энэ мөнгийг яаралтай гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 7-10 хуудас/
1.6. Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сүмбэр сум 1 дүгээр баг А хонхор 4-8 тоотод байх гэрээсээ 12 цагийн үед гарч явсан тухайн үед би хаашаа явж байгааг нь асуугаагүй. Тэгтэл 21 цагийн үед цагдаагаас над руу яриад танай нөхрийг гудамжинд унтаж байхад нь авчирлаа гээд хүлээлгэж өгсөн. Цагдаагаас Ныг хүлээн авахад фасктай бичиг баримт, мөнгө байгаагүй. Хэнтэй хамт архи уусан талаар асуухад Г болон түүний нөхөр Э нартай цуг архи уусан гэж хэлсэн. Маргааш нь буюу 09 дүгээр сарын 13-ны өдөр манай нөхөр Н Гтай уулзана гээд гэрээсээ гараад явсан. Эргэж орж ирэхдээ виза карт болон иргэний үнэмлэхээ авч ирсэн. Бичиг баримтаа хаанаас олов гэж асуухад Гын дүү Ш авчирч өглөө гэж хэлж байсан. Н нь 2019 оны 09 дүгээр сарын 04, 05-ны үеэр эмчилгээнд зарцуулах зорилгоор Төрийн банкнаас 429 000 төгрөгний зээл авсан юм. 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө бэлэн 20 000 болон 10 000-тын дэвсгэртүүд гаргаж ирээд тоолоход 320 000 төгрөг байсан уг мөнгөнөөс надад 20 000 төгрөг өгсөн. Гэрээс гарахад 300 000 төгрөг бэлнээр байсан. Харин уг мөнгөнөөс 20 000 төгрөгөөр 2 шил архи авч Г, Э нартай хувааж уусан, тэрнээс өөрөөр мөнгө үрээгүй гэж хэлсэн. Манай нөхөр 2019 оны 08 сар Улаанбаатар хотын Нарантуул зах дээрээс шинэ Нокиа гар утас 30 000 төгрөгөөр худалдан авч байсан. ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14 хуудас/
1.7. Насанд хүрээгүй гэрч Г.Ү мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр оройхон эмээгийндээ /Н/ зурагт үзээд байж байтал эмээ ээж нь гэртээ ирчихсэн байна гэж хэлэхээр нь би гэр лүүгээ ортол ээж /Г/”, Э ах хоёр ирчихсэн байсан. Ээж Э ах хоёр гэрт гэрийн цагаан бүрээс, өрх, 1 шил архи хоол авчирсан байсан. Тэгтэл гэрт эмээ орж ирээд ээжээс хаанаас мөнгөтэй болсон юм гэж асуухад ээж жоншны хүнээс зээлсэн гэж /хэдэн төгрөг зээлсэн талаар хэлээгүй/ хэлсэн. Тэгсэн эмээ худлаа л байлгүй гэж хэлээд уурласан. Ээж, Э ах хоёр дэлгүүрээс авчирсан байсан архиа хувааж уугаад байж байтал манай ах П гэрт орж ирээд архийг нь аваад асгасан. П ах ээжид мөнгө байвал 3100 төгрөг өгчих гэж хэлэхэд ээж карманаасаа 10 000-тын зөндөө олон дэвсгэрт /мөнгө/ 1000-тын дэвсгэртүүд гаргаж ирсэн тэр үед нь хар өнгийн жижигхэн гар утас байсан. Би хэний утас юм гэж асуухад олсон гэж хэлсэн. Тэгээд унтаж амрахаар хэвтэцгээсэн. Э ах гэрийн баруун талд орны хажууд сууж паспорт, гар утас зэргийг зүүдэг паскнаас гаргаж ирээд үзээд байсан.Тэгсэнээ намайг унт гэж хэлээд лаагаа унтраачихсан. Би маргааш нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хичээлээсээ тарж ирээд хувцасаа сольчихоод эмээгийнд ороход эмээ байхгүй байсан. Тэгээд эмээг хүлээгээд байж байгаад 00 ортол Н ахын паспорт /иргэний үнэмлэх/ карт 2 байсан. Тэгээд Ш эгч бид хоёр Н ахад өгсөн. Паспорт нь зах хэсгээрээ шатсан байдалтай байсан. Тэрнээс ээж болон Э ах хоёрыг шатааж байхыг хараагүй. Г эгч 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн өдрөө тэмдэглээд гэртээ ирээгүй. 09 дүгээр сарын 14-нд гэртээ ирсэн. гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19-20 хуудас/
1.8. Насанд хүрээгүй гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 20 цагийн орчимд Г эгчийн гэрийн гадаа гэр лүү нь орох гэхэд Г эгчийн охин Ү ээж согтуу байна орж яахын гэж хэлсэн. Тэгэхээр нь би танайд хэн хэн байна юу хийж байна гэж асуухад Ү ээж /Г/ Э ах хоёр байна. Жоншныхоо хүнээс мөнгө зээлсэн мөнгөтэй байна. Гэрийн цагаан бүрээс, өрх авсан байна гэж байсан. Маргааш өглөө нь 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цагийн орчимд Ү эмээгийн хашааны 00-с Н ахын бичиг баримтыг оллоо гээд надад өгсөн. Н ахын гэр лүү явж байсан чинь худгийн хажууд Н ах явж байхаар нь Ү бид хоёр араас нь гүйж очоод бичиг баримтыг нь оллоо гээд өгсөн. Н ахын бичиг баримтыг хэн шатаасныг мэдэхгүй, хараагүй. Ээж Г гэртээ байгаагүй. 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ ирсэн.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 хуудас/
1.9. Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ Манай аав Н нь 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн банкнаас эмчилгээнд явах зорилгоор 429 000 төгрөг зээлж авсан байсан юм. Тэгээд Улаанбаатар хотод Хавдар судлалын үндэсний төвд очиж үзүүлээд өдөртөө буцаж ирсэн. Тухайн үед замын зардал ойр зуурын хэрэгцээнд бага сага мөнгө үрэгдсэн. Аавын ярьж байгаагаар 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 320 000 төгрөгтэй байснаас ээжид 20 000 төгрөг өгсөн гэж байсан. Тэгээд төв орохоор яваад Г, Эрдэнэбат нартай хамт архи уусан байсан. Тэр өдөр аав хар паск зүүж явсан юм байна лээ. Уг пасканд нь бэлэн 280 000 төгрөг, Нокиа нэртэй гар утас 1 ширхэг, иргэний үнэмлэх, хаан банкны виза карт, түлхүүр зэрэг зүйлс байсан.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22 хуудас/
1.10. Гэрч Л.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ Манай дэлгүүрт гэрийн цагаан бүрээс өрх их зарагддаг. Худалдаж авсан байж магадгүй би дээрх хүмүүсийг сайн танихгүй болохоор одоо мэдэх зүйл алга. Гэрийн цагаан бүрээс 45 000- 130 000 төгрөгийн хооронд, өрх нь 30 000- 40 000 төгрөгийн хооронд худалдаалагддаг.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/
1.11. Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Г, Э нар нь байнга л манай “Дэлгэрэх билэг” ХХК-ны дэлгүүрээс архи худалдан авдаг. Өдөр 1-2 шил Стандарт нэртэй архи авдаг. 2019 оны 09 дүгээр сарын дундуур 20 цагийн орчимд л байх Э, Г нар 1 шил архи авсан. Тухайн үед 20 000-тын дэвсгэрүүд гаргаж ирээд Г тооцоо хийсэн.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24-25 хуудас/
1.12. Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Гийн гэрт очсон юм. Тухайн үед Г, Э нар нь гэрээ буулгачихсан хүүхдүүдийн хамт байсан. Тэгээд Э, Г бид гурав Хараа нэртэй 0,5 литрийн архи авч уугаад байж байтал манай аав Н ирээд цагдаагийн байгууллагад өргөдөл өгнө, миний мөнгийг өг гэж хэлсэн. Г, Э нар юм дуугараагүй, аав ч гэр лүү явсан. Тэгээд би ээж О рүү залгаад юу болсон талаар асуухад Г, Э нар аавтай чинь архи уугаад мөнгийг нь хулгайлсан байна лээ гэж байсан.Тухайн үед аавын пасканд байсан гар утас, түлхүүр, бичиг баримт, бэлэн 280 000 төгрөг алга болсон гэж байсан.Тэр өдөр гэртээ гэрийн өрх бүрээс авсан байгаа харагдсан. Хаанаас авсаныг нь би асуугаагүй. Дараа нь сонсоход ааваас хулгайлсан мөнгөөрөө авсан юм байна лээ.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26 хуудас/
1.13. Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 09 сарын дундуур манай зээ охин Ү ээж мөнгөтэй байна лээ гэртээ цагаан бүрээс, өрх авсан байна гэж хэлсэн. Тэгээд би хаанаас хэнээс мөнгө авсан гэж ярьж байна гэхэд жоншны хүнээс зээлсэн гэж хэлсэн. Тухайн үед би ажлаа хийж эхлээгүй байхад мөнгө зээлээд ямар сүрхий хүн бэ гэж бодоод л өнгөрсөн. Тэгтэл сүүлд нь Нын пасктай эд зүйлийг авсан гэж сонссон. Өөр надад энэ талаар мэдэх зүйл байхгүй. Манай зээ охин болох Ш, Ү хоёр Нын бичиг баримтыг манай хашаанд байх 00-с олсон гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хүний бичиг баримтыг өгөөч яагаад манай хашаанаас олдоог юм гэж хэлэхэд Н ахад бид хоёр иргэний үнэмлэхийг нь өгсөн гэж хэлж байсан. ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27-28 хуудас/
1.14. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын үнэ тогтоосон 51 дүгээр дүгнэлт / х.х-ийн 35 хуудас/
1.15. Хохирогч М.Нын Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /х.х-ийн 4 хуудас/
1.16. М.Нын тэтгэврийн хөнгөлттэй зээлийн гэрээний хуулбар /х.х-ийн 75-76 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Г, Д.Э нарыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
ХОЁР. Шүүгдэгч Д., Д.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч М.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Г, Э нар нь 280 000 төгрөгийг төлчихвөл гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 9-10 хуудас/
2.2. Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Г нь түргэн ууртай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг дутагдалтай талтай. Ажил хийвэл хичээнгүй сайн хийдэг. Эелдэг зантай, хүнд тусархаг зантай” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27-28 хуудас/
2.3. Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Г нь 13, 8, 5 насны 3 хүүхэдтэй. Ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй. Хүүхдийн мөнгөөр л амьдралаа залгуулдаг. Амьдралын түвшин доогуур. Зан байдлын хувьд түргэн ууртай, итгэмтгий хүнд амархан уруу татагддаг. Хүнд тусархуу, өглөгч, эелдэг зантай” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29 хуудас/
2.4. Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Э нь зан байдлын хувьд цайлган, цочмог ууртай, архи уухгүй бол ажилд сайн, хүнд тусархуу, цовоо сэргэлэн зантай” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30 хуудас/
2.5. Гэрч Д.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Э нь ааш араншин нь гайгүй. Мөрөөрөө үгэнд орно. Ажилсаг хүн юм. Зүв зүгээр байж байгаад хэдэн сараар архи уух гээд явчихдаг. Хэдэн сараар тэнэж яваад ирдэг. Ер нь тэнэх дуртай.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31 хуудас/
2.6. Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Д.Эд шийтгэл оногдуулсан шийтгэвэрийн хуулбар /х.х-ийн 62-63, 77-79 хуудас/
2.7. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтүүд /х.х-ийн 83 хуудас/
2.8. Д.Гын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /х.х-ийн 72-73 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч нар нь бүлэглэн бусдын эд зүйлийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлан авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.6 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байлыг мэдсээр байж, эд зүйлийг хууль бусаар авсаныг хүндрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч Д.Э, Д.Г нараас 140 000 төгрөгийн хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч М.Нт олгуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Э, Д.Г нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт ял шийтгэлийг оногдуулахдаа улсын яллагч болон өмгөөлөгчийн саналыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Дийн Г, У овогт Дийн Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар, шүүгдэгч Д.Эыг 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Д.Э нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Д.Э нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч Д.Г, Д.Э нараас 140 000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын сумын 1 дүгээр баг А хонхор 4-8 тоотод оршин суух хохирогч М.Нт олгосугай.
6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г, Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ