| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 192/2025/00121/И |
| Дугаар | 210/МА2026/00358 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2026/00358
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/09051 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээгээр шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 153,740,038 төгрөг, нийт 213,740,038 төгрөг гаргуулах тухай үндсэн,
Багаж, тоног төхөөрөмжийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. *******, ******* нар нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр МMС-БН 04/24 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр “Толгойт дэд төв Баруун Нарангийн үерийн хамгаалалтын Д-2.1 сувгийн L=771 м барилга угсралтын ажил”-ыг 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор багтаан хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Тус ажлын хөлсийг нийт 303,480,000 төгрөг байхаар тохиролцсон ба урьдчилгаа төлбөрт 45,000,000 төгрөг, Toyoto Ist автомашиныг 15,000,000 төгрөгөөр тооцон бартераар шилжүүлэхээр болсон. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр*******-ийн данснаас 60,000,000 төгрөгийг *******-ийн данс руу шилжүүлсэн. 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ******* дугаартай Toyoto Ist автомашиныг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн өгсөн.
Дээрх ажил гүйцэтгэх гэрээ нь Улаанбаатар хотын Толгойт дэд бүтцийн ажлын бага хэсэг бөгөөд манай компани тухайн төслийн зөвхөн далангийн ажлыг *******-аар туслан гүйцэтгүүлэхээр тохиролцсон. ******* нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаас хойш нэг ч ажил гүйцэтгээгүй бөгөөд манай талаас ажлын гүйцэтгэлийг дараа шаардаж байсан. Ингээд 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ММС-БН 04/24 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан мэдэгдлийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүргүүлсэн.
1.2. Хариуцагч нь тухайн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж хугацаатай ажлаа хийж дуусгасан бол манай компанид хохирол учрахгүй байсан гэж үзэж байна.
Манай компани 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр TPF-A гэрээний дугаартай, Баруун Нарангийн үерийн хамгаалалтын барилга угсралтын ажлын гэрээний хугацааны хоцрогдлын алдангийг TPF гэрээний дугаартай Толгойт дэд төвийн хамгаалалтын барилга угсралтын үнийн өсөлтийн дүнд дүйцүүлэн тооцуулах хүсэлтийг төслийн захиалагчид гаргасан. Үүнтэй холбогдуулан TPF-A багцын хувьд тодорхой шалтгааны улмаас хошлогдсон бөгөөд одоогийн байдлаар брилга угсралтын ажил 28 хувьтай байна. Гэрээнд заасны дагуу /төслийн захиалагч нь/ батлагдсан графикийн ажил дуусах хугацаанаас эхэлж алданги тооцсон ба 2023 оноос 2024 оны өвлийн ажил зогсолтыг оруулалгүйгээр 2024 оны 11 дүгээр сараас эхлэн өвлийн зогсолтоор бодож алданги тооцож үзэхэд нийт алдангийг тухайн ажилбараас шалтгаалан 40-147 хоног болж байна гэж үзсэн. Үүнээс гүйцэтгэгчээс шалтгаалсан буюу *******-аас 153,740,038 төгрөгийн алданги байна. Иймд ******* нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас манай компанид 153,740,038 төгрөгийн хохирол учирсан.
Иймд хариуцагчаас гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр 60,000,000 төгрөг, алдангид 153,740,038 төгрөг, нийт 213,740,038 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ММС-БН 04/24 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр *******-аас урьдчилгаа төлбөрт 60,000,000 төгрөг хүлээн авсантай маргахгүй. Нэхэмжлэгчийн зүгээс *******-ийн зүгээс огт ажил хийгээгүй мэтээр нэхэмжлэлд бичсэн нь үндэслэлгүй. Манай компанийн зүгээс гэрээ байгуулагдсанаас хойш 44 метр далангийн ажил, үүнээс гадна 72 метр ул бетон цутгах ажил, уг 72 метр ул бетонд орох арматурын бэлдцийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Иймд 60,000,000 төгрөгийг бүхэлд нь төлөх үндэслэлгүй.
2.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн үндэслэлээ Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөлтэй холбоотой TFP-A дугаартай гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас 153,740,038 төгрөгийн алданги төлөх үүрэг хүлээсэн гэх үндэслэлээр манай компаниас нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Учир нь тухайн хохирлыг зөвхөн манай компанийн буруутай үйл ажиллагаанаас болсон талаарх баримт байхгүй. Мөн уг төсөлд туслан гүйцэтгэгчээр олон компани ажиллаж байгааг дурдах нь зүйтэй. Түүнчлэн уг алдангийн төлбөрийг төлүүлэх талаарх эрх бүхий байгууллагын эцсийн шийдвэр хавтаст хэрэгт байхгүй болно гэжээ.
3. Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
3.1. Нэхэмжлэгчтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хийж гүйцэтгэж байхдаа ашиглаж байсан арматурын 1 ком багаж, /дотроо 4 ширхэгтэй буюу тасдагч, матагч, сунгагч, хом матагч/, Cute брэндийн багаж, Ханч пум 32 ширхэг, 4*4 хэмжээтэй 380 вольтын кабелийн 40 метр утас, 1 ширхэг самбар зэргийг нэхэмжлэгчийн эзэмшилд үлдээсэн. Тухайн багаж, тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл өгөөгүй.
Иймд манай компанийн багаж, тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгчид даалгаж өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч талын гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:
4.1. Манай компани тухайн багажуудыг хүлээж аваагүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******-аас 60,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 153,740,038 төгрөгийн нэхэмжлэлийг болон хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан арматурын 1 ком багаж /дотроо 4 ширхэгтэй буюу тасдагч, матагч, сунгагч, хом матагч/, Cute брэндийн багаж, Ханч пум 32 ширхэг, 4*4 хэмжээтэй 380 вольтын кабелийн 40 метр утас, 1 ширхэг самбар зэргийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,387,600 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч******* олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан.
6.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.4 дэх хэсэгт “... Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна...” гэж буруу дүгнэсэн.
Манай компани Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөртэй 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр TFP-A гэрээний дугаартай Толгойт дэд төв баруун нарангийн үерийн сувгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээнд заасан ажлаас хариуцагчтай Д-2.1 сувгийн L-771 м барилга угсралтын ажлыг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор багтаан хийхээр тохиролцсон. Гэтэл ******* нь гэрээ байгуулснаас хойш нэг ч ажлыг хийж гүйцэтгээгүй. Үүний улмаас TFP-А гэрээний хугацаа хэтрүүлсэн шалтгаанаар манай компани алдангид 153,740,038 төгрөгийг төлсөн.
Хэрэв ******* нь гэрээний үүргээ биелүүлж, барилга угсралтын ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэсэн бол ийм их хэмжээний хохирол манай компани амсахгүй байсан. Тухайн хохирол нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой буюу шууд хамааралтай, бодит хохирол юм. Мөн манай компани нь TFP-А гэрээний алданги төлсөн нь хариуцагчийн үүргээ биелүүлээгүй үйлдлийн шууд үр дагавар болох нь хэрэгт цугларсан баримтуудаас тодорхой харагдана. Уг нотлох баримтуудыг анхан шатны шүүхээс харгалзан үзэлгүйгээр уг хохирлыг хариуцагч компанийн үүрэг зөрчсөнтэй хамааралгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалтыг буруу хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна.
6.2. Хариуцагч нь шүүх хуралдааны тов мэдэж байсан атлаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж оролцоогүй, шүүхийг үл хүндэтгэсэн үйлдэл гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.
7.1. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэн нэхэмжлэгч талд учирсан хохирол нотлох баримтаар нотлогдоогүй гэх агуулгаар дүгнэн, хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдон, нотлох баримтаар үнэлэгдэж, тухайн нөхцөл байдлыг сэргээн тогтоох боломжгүй.
Ажил үүргээ хугацаанд нь хийж гүйцэтгээгүйтэй холбоотой гэрээ цуцлах агуулгатай боловч гэрээнээс татгалзсан үр дагавартай албан бичгийг ирүүлсэн. Мөн гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу өгсөн авснаа буцаах эрх, үүрэг үүснэ. Уг зохицуулалтын дагуу 60,000,000 төгрөгийг буцаан шаардсан гэж ойлгосон. Тухайн үед гэрээг цуцалснаас үүссэн хохирол гэх зүйл яригдаагүй. Доголдолтой гэж үзсэн нөхцөлд үүнтэй холбоотой эрхээ эдэлж өөр ажил гүйцэтгэгчтэй холбогдож гарсан зардлаа нэхэмжлэх эрх нь нээлттэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг, хохиролд 153,740,038 төгрөг, нийт 213,740,038 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* нь эс зөвшөөрч “... 44 метр далангийн ажил, үүнээс гадна 72 метр ул бетон цутгах ажил, 72 метр ул бетонд орох арматурын бэлдцийн ажлыг гүйцэтгэсэн, ... 60,000,000 төгрөгийг бүхэлд нь буцаан төлөх үндэслэлгүй, гүйцэтгэсэн ажлаа үнэлүүлнэ.” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, ажил гүйцэтгэж байхдаа ашиглаж байсан багаж, тоног төхөөрөмжийг *******-аас гаргуулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган, талууд маргажээ.
3.Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1. Талууд 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ММС-БН 04/24 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч ******* нь Толгойт дэд төв Баруун Нарангийн үерийн хамгаалалтын Д-2.1 сувгийн L=771 м барилга угсралтын ажлыг барьж ашиглалтад оруулах ажлын туслан гүйцэтгэгч нь гэрээний хавсралт дахь баталсан зураг төслийн дагуу гэрээний хавсралт 1-д заасан ажлын тоо хэмжээтэй барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгөх, захиалагч ******* нь ажлын хөлсөнд 303,480,000 төгрөг төлөхөөс урьдчилгаа төлбөрт 45,000,000 төгрөг, Toyota Ist автомашиныг 15,000,000 төгрөгөөр тооцон өгч, үлдэгдэл төлбөрийг ажлыг хийж гүйцэтгэсний дараагаар бодит хийсэн ажлын гүйцэтгэлээр төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон. /хх7-9/
3.2. Гэрээний дагуу ******* нь өөрийн эзэмшлийн ******* дугаартай Худалдаа хөгжлийн банк дахь данснаас *******-ийн эзэмшлийн ******* дугаартай ХААН банк дахь данс руу 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 60,000,000 төгрөгийг “гэрээт ажлын урьдчилгаа төлбөр” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн. /хх12-13/
Мөн 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Toyota Ist” маркийн NCP1100019280 арлын дугаартай, тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. /хх10/
3.3. ******* нь *******-д 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02/24 дугаартай албан бичгээр ММС-БН 04/24 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан тухай мэдэгдэл хүргүүлсэн. /хх15/
4. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтууд болон зохигчийн маргаангүй тайлбар зэргийг үндэслэн тэдгээрийн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.
5. Хариуцагч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байна. Уг тогтоосон хугацаанд ажлыг гүйцэтгээгүй, үүний улмаас нэхэмжлэгч ******* гэрээ цуцалсан үйл баримтад хариуцагч тал маргаангүй.
Дээрх зөрчлийн улмаас нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцалж, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр шилжүүлсэн ажлыг хөлсийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардсан нь зөв байна.
6. Хариуцагч нь нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлтэй холбогдуулан гүйцэтгэсэн ажлын үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 39128 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна. /хх101/
Мөн “хариуцагч нь тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн, нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн талаар нотлох баримт хэрэгт өгөөгүй, гэрч ******* ... талбайд газар шорооны тэгшилгээ, ул бетоны ажлыг хийж гүйцэтгэсэн боловч тус ажлыг хүлээлгэж өгөөгүй, ... ажил нь чанарын шаардлага хангаагүй, доголдолтой байсан” гэж мэдүүлсэн ... хариуцагч нь талуудын байгуулсан гэрээний дагуу доголдолгүй ажлын үр дүнг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.
Гэвч, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас гэрээ цуцлагдсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ.
7. Анхан шатны шүүх, нэхэмжлэлээс гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 153,740,038 төгрөгийг гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн TPF-A гэрээний дагуу алданги төлөх үүрэгт шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй” гэж дүгнэсэн нь алдаатай болжээ. Давж заалдах шатны шүүхээс хэргийн нотлох баримтыг үндэслэн залруулан дүгнэж, шийдлийн хувьд хэвээр үлдээх зүйтэй гэж үзлээ.
7.1. Хариуцагч ******* нь ажлын үр дүнг хийж гүйцэтгэх үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч ******* гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдсон. Иймээс нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зөрчсний улмаас учирсан хохирлоо Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.
7.2. Нэхэмжлэгч тал хохирол нэхэмжилсэн үндэслэлээ “... хариуцагч компани ажил гүйцэтгэх гэрээг зохих ёсоор биелүүлж, хугацаатай ажлаа хийж дуусгасан бол хохирол учрахгүй байсан” гэж тайлбарлан 2025 оны 03 сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэл, *******-ийн 2025 оны 03 сарын 11-ний өдрийн 29/25 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлэн шүүхэд өгчээ. /хх77-79/
Тус Хурлын тэмдэглэл нотлох баримтад төсөл хэрэгжүүлэгч *******-ийн төслийн менежер ******* “...TPF-A багцын хувьд тодорхой шалтгаануудын улмаас хойшлогдсон бөгөөд одоогийн байдлаар БУА нь 28 хувьтай. Гэрээнд заасны дагуу батлагдсан графикийн ажил дуусах хугацаанаас эхэлж алданги тооцсон. ... нийт алдангийн тухайн ажилбараас шалтгаалан 40-147 хоног болж байна. Үүнээс гүйцэтгэгчээс шалтгаалсан /туслан гүйцэтгэгч, хүн хүчний болон дотоод менежментийн асуудал/ 153,740,038.51 төгрөгийн алданги ... тооцогдохоор байна.” гэсэн, *******-ийн төслийн менежер ******* нь “манай зүгээс TPF багцын ажлын үнийн өсөлт болон хөрс сольсон ажлын төсвийн зөрүү 153,740,038.51 төгрөгийн алдангитай ойролцоо гарч байгаа тул TPF-A банцын алдангитай дүйцүүлж хаагаад гэрээг алдангигүйгээр сунгах хүсэлтэй байна.” гэсэн тайлбар тус тус тусгагдсан байна. Хурлын шийдвэр хэсэгт “гэрээний хугацааг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгалт хийхээр шийдвэрлэв., ... гэрээний хугацааны алданги буюу 153,740,038.51-г TPF багцын ажлын үнийн өсөлт болон хөрс сольсон ажлын зөрүүтэй дүйцүүлэхтэй албан бичгээр ирүүлэх, баталгаажуулах.” гэж тусгасан байна.
Мөн *******-ийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 29/25 дугаартай албан бичиг нотлох баримтад “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөлд хандан TPF-A гэрээний дугаартай Баруун нарангийн үерийн хамгаалалтын барилга угсралтын ажлын гэрээний хугацааны хоцрогдлын алдангийг TPF гэрээний дугаартай Толгойт дэд төвийн үерийн хамгаалалтын барилга угсралтын үнийн өсөлтийн зөрүү төлбөрөөр дүйцүүлэн тооцуулах хүсэлт гаргасан” агуулга тусгагджээ.
Хэрэгт 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн болон 2023 оны 08 дугаар сарын 07-ний өдрийн, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн TPF-A дугаартай тус тус Толгойт дэд төвийн баруун нарангийн үерийн хамгаалалтын сувгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнүүд авагдсан байна. Дээрх гэрүүнүүдэд захиалагч талыг Улаанбаатар хотын Гэр хорооллыг Хөгжүүлэх Хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгж, гүйцэтгэгч талыг ******* болон “Хаппи Бьюлдинг” ХХК-уудын түншлэл гэж тусгасан байна. /хх130-131, 127-129, 132-155/
Эдгээр нотлох баримтууд нь нэхэмжлэгч ******* нь TPF-A дугаартай гэрээний дагуу алданги 153,740,038 төгрөг захиалагчид төлсөн, нэхэмжлэгчид ийм хэмжээний бодит хохирол учирсан гэх үйл баримтыг эргэлзээгүй нотлохгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 153,740,038 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/09051 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 926,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Ч.ЦЭНД