Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/92

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга А.Э,

улсын яллагч Ш.Б,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.А,

шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О овогт Эийн Эд холбогдох эрүүгийн 1917001610088 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, О овогт Эийн Э /РД:ЕЙ.../, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1993 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Бийн 7-709 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Э.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 19 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Бийн 7-709 тоотод байх өөрийн гэртээ М.Бийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж хүүхэдтэй оймс булаацалдлаа гэх шалтгаанаар зүүн хацрыг нь алгадах, нуруун тус газарт нь цохих зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Бийн 7-709 тоотод гэртээ М.Бийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж хүүхэдтэй оймс булаацалдлаа гэх шалтгаанаар зүүн хацрыг нь алгадаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1 Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр аавынд байж байгаад гэртээ орсон чинь Б манай хүүхэд Дтай оймс булаацалдаад зогсож байхаар нь чимээгүй бай, зүгээр бай, өг гээд хэлтэл Б уйлсан. Чимээгүй бай гээд зүүн хацар луу нь нэг удаа алгадаад гараараа нуруу руу нь жаахан хүрсэн. Б чихэр гаргаж өгөөд зогсож байхад гаднаас Н орж ирээд хүүхэд зодлоо таныг 108 дугаарт залгаж хэлнэ гээд дүүгээ аваад гарсан. Удалгүй цагдаа дуудлагын дагуу ирсэн. Бийг 4 настай гэж мэднэ. Дахин ийм үйлдэл гаргахгүй, гэм буруугаа болон прокуророос сонсгосон торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 09 дүгээр сарын 20-ны орой ажил дээрээ байж байтал манай охин утсаар залгаад Э ах манай дүүг зодчихлоо, 108 дуудлаа шүү гэж хэлэхэд нь би дууд гээд утсаа салгаад удаагүй байтал 108 дугаараас над руу залгаж хүүхдийг чинь хүн зодсон байна гэж хэлсэн. Удалгүй цагдаа манай гэрт очоод намайг дуудахад нь гэртээ очиход миний хүү унтаж байсан. Эхлээд Эийн хүүхэд утсаар юм үзэж байхад нь манай хүү хажууд нь очоод хамт юм үзэх гэтэл Эийн дунд хүү гар луу нь цохиод орон дээрээс оймс унасан юм байна лээ. Тэгээд унасан оймсыг нь авч өгөх гээд бага хүүхэд нь булаацалдаад уйлахад нь Э учрыг нь асуухгүй шууд алгадчихсан гэсэн. Одоо хүүхдийн бие гайгүй, өвдөх юм мэдэгдэхгүй байгаа. Бид сайн дураараа эвлэрсэн гэж ойлгож болно. Бидний хоорондох харьцаа хэвийн байгаа гэв

 

1.3. Насанд хүрээгүй гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манайх Э ахынхтай нэг хашаанд байдаг. Тухайн өдөр манай дүү Бг, Б нар Э ахын гэрт байсан. Намайг гэртээ байж байтал манай дүү Б уйлаад байхаар нь Э ахын гэрт  ороход Б гэрийнх нь зүүн талд хоолны шүүгээний хажууд уйлаад зүүн хацраа гараараа дараад байж байсан. Э ах манай дүүгийн хажууд халааснаасаа чихэр гаргаж өгөөд зогсож байсан. Би хэн хүүхэд зодчихвоо гээд дүүгээ тэврээд аваад гарсан. Манай дүү Бийн зүүн хацар нь улайсан байсан. Манай эгч Б дүү Бээс хэн зодсон юм бэ гэж асуусан чинь дугарахгүй уйлаад байсан. Араас манай дүү Б, Ү нар орж ирээд Э ах Бийн хоёр хацар луу нь гараараа алгадаад нуруу руу нь нэг удаа цохисон гэж хэлсэн. Би дүү Бийн уйлах дууг нь таньдаг юм” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/

 

1.4. Насанд хүрээгүй гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Ямар ч байсан 5 дахь өдрийн орой Э ах дүү Бийн хацар луу нэг удаа алгадсан /зүүн хацраа зааж байв/. Мөн нуруу руу нь нэг удаа цохисон. Тэгээд Б уйлсан чинь Э ах Бийн гараас хөтлөөд миний хажууд авч ирээд халааснаасаа чихэр гаргаж өгөөд зогсож байтал Н эгч орж ирээд Бийг тэврээд аваад гарсан. Би араас нь Үийн хамт гэртээ ороход Б эгч надаас Бийг хэн зодсон юм бэ гэж асуухаар нь Э ах хацар луу алгадаад нуруу руу нэг удаа цохисон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 хуудас/

 

1.5. Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 287 дугаар дүгнэлтэнд: М.Бийн биед зүүн хацарт цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2019 оны 09 дүгээр сарын 20-нд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 11 хуудас/

 

1.6. Насанд хүрээгүй хохирогч М.Бийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тухай тэмдэглэл /х.х-ийн 16-17 хуудас/ зэрэг болно.

 

  Иймд шүүгдэгч Э.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

          Шүүгдэгч Э.Э нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Аийн хамт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэнийг дурдлаа.

 

ХОЁР. Шүүгдэгч Э.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид эвлэрч хэвийн харилцаатай байгаа гэв.

 

2.2. Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Эрдэнэсүхийн хувьд үг дуу цөөтэй, хүнтэй эвсэг харилцаатай, гэр бүлдээ анхаарал халамж сайтай, хүүхдүүддээ бараг үг хэлэхгүй. Ажил хөдөлмөрт сайн, гэр бүлдээ ганцаараа ажил хийж авч явдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/

 

2.3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 42 хуудас/

 

2.4. Шүүгдэгч Э.Эийн суурь боловсролын үнэмлэх, мэргэжлийн боловсролын үнэмлэх, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /х.х-ийн 51-56 хуудас/ зэрэг болно.

 

          Шүүгдэгч Э.Эийн анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба прокуророос шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Э.Э нь хүлээн зөвшөөрсөнийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Эийн Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ээд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.БАТТУЛГА