| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 192/2025/07887/И |
| Дугаар | 210/МА2026/00361 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2026/00361
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/010388 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 90,288,670 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Манай компани нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ******* суманд хэрэгжиж буй Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгатай, ******* гүйцэтгэгчтэй Эрдэнэт Булганы А1001 авто замын өргөтгөл шинэтгэлийн ажилд туслан гүйцэтгэгчийн ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцож, гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу ажлын үр дүнг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлж, ажил гүйцэтгэлийн төлбөр 155,288,670 төгрөгийг мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдөр барагдуулахаар тооцоо нийлэн акт үйлдсэн.
******* нь 9 сарын турш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас манай компанид хүндрэл учирсан. Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг, мөн оны 06 дугаар сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөг, мөн өдөр 1 литр түлшийг 2,500 төгрөгөөр бодож, 10 тн түлшийг 25,000,000 төгрөг, 07 дугаар сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөг, нийт 155,288,670 төгрөгийг хасаж тооцсон. 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үлдэгдэл 90,288,670 төгрөгийг *******-аас гаргуулахаар шаардаж байна гэжээ.
2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ******* нь манайд газар шорооны ажил гүйцэтгэхдээ манайхаас геодезийн бригад түрээсэлсэн учраас түрээсийн төлбөрийг хасаж тооцох ёстой. Мөн тухайн ажлыг доголдолтой хийж гүйцэтгэсний улмаас газар шорооны ажлын түвшин зөрсний улмаас ажлын гүйцэтгэлээ авч чадаагүй.
Эвлэрэх санал тавьсан нь үнэн. ******* захирал нь 1 м.кубыг 20,000 төгрөгөөр тооцно гэж хэлсэн гэжээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 90,288,670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 609,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 609,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Нэхэмжлэгч ******* нь манай компанитай 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Эрдэнэт, Булганы автозамын өргөтөл шинэтгэлийн автозамын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллах ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээний дагуу газар шорооны ажил хийж гүйцэтгэхдээ *******-аас геодезийн бригад түрээсэлсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ түрээсийн төлбөрийг хасч тооцоогүй.
Мөн нэхэмжлэгч ******* нь дээрх ажлыг доголдолтой хийж гүйцэтгэсний улмаас манай компани их хэмжээний алдагдал хүлээсэн.
Нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээний үлдэгдэл төлбөрт нийт 50,000,000 төгрөг төлөхөөр болсон. Анхан шатны шүүх дээрх үйл баримтад үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 40,288,670 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Давж заалдах гомдолд бичгээр тайлбараа гаргасөн. 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр *******-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу манай компани нь тус ажлыг хийж гүйцэтгэхэд туслан гүйцэтгэгчээр оролцсон. Түрээсийн инженерүүд нь тухайн ажлыг 40,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэдэггүй бөгөөд зах зээлийн ханш нь 15,000,000 төгрөг байдаг. Нэг инженерийн бригад нь 3 хүний бүрэлдэхүүнтэй, 1 автомашинтай ажил үүргээ гүйцэтгэдэг.
Манай компани нь өөрийн гэсэн инженертэй учраас *******-аас инженерийн бригад түрээслээгүй. Анх *******-ийн захирал ******* нь 1 м.кв талбайг 20,000 төгрөгөөр тооцож тухайн ажлыг хийж гүйцэтгэх саналыг тавьсан. Бүх хийсэн ажлыг 20,000 төгрөгөөр тооцож гүйцэтгэнэ гэж бодсон боловч бидний дунд инженертэй холбоотой маргаан үүссэн. ******* нь инженергүй бөгөөд бригад түрээсэлж ажилладаг учраас тус бригадтайгаа нийлж манай компанийн үйл ажиллагааг хянасан. *******-ийн гүйцэтгэх захирал ******* нь “замын технологид хөрс хуулж тохиромжгүй материалаар 6 орчим м.куб орчим шорооны ажлыг 9,000 төгрөгөөр бодож өгнө үү” гэж хэлсэн. Манай компанийн нийт хийж гүйцэтгэсэн ажлаас 31,000,000 төгрөгийг хасуулсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 90,288,670 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан буюу ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Эрдэнэт, Булганы автозамын өргөтөл шинэтгэлийн автозамын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллах ажил гүйцэтгэх гэрээ”-г үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж тодорхойлон, гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
4. Гэрээний дагуу гүйцэтгэгч ******* нь Эрдэнэт, Булган аймгийн автозамын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэн, захиалагч *******-д хүлээлгэн өгсөн үйл баримтад зохигч маргаангүй. Харин гүйцэтгэсэн ажлын доголдол болон ажлын хөлсний тооцооллын талаар маргажээ.
5. Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан нотлох баримт болох 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Эрдэнэт Булганы автозамын өргөтгөл шинэтгэлийн автозамын ажилд ПК 13+20-ПК 19+80 хооронд хийсэн далангийн ажлын тооцоо нийлэх акт”, зохигчийн тайлбар зэргийг үндэслэн хариуцагч *******-ийг ажлын хөлс төлөх үүргээс 90,288,670 төгрөг гүйцэтгээгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байна.
5.1. Учир нь, талууд ажил гүйцэтгэх гэрээг дүгнэн, тооцоо нийлж хариуцагч ******* нь нийт 204,431,670 /1,700,000+172,042,000+30,689,670/ төгрөгийн ажлын хөлс төлөх үлдэгдэлтэй болохыг баталгаажуулан, акт үйлдсэн байна. /хх5-7/
5.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “... нэхэмжлэлийн уг төлбөрийн дүнгээс түлшний үнэ 49,143,000 төгрөгийг хасч тооцон 155,288,670 төгрөгийг төлж барагдуулахаар тооцоо нийлсэн, ... мөн гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр тооцоог тулган нийт 155,288,670 төгрөгөөс хариуцагч *******-ийн 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 10,000,000 төгрөг, мөн оны 06 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 20,000,000 төгрөг, мөн өдрийн 10 тн түлшний үнэ 25,000,000 төгрөг, 07 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 10,000,000 төгрөгийг тус тус хасч тооцон үлдэгдэл 90,288,670 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэсэн агуулгаар тодорхойлсон. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “... манайд газар шорооны ажил гүйцэтгэхдээ манайхаас геодезийн бригад түрээсэлсэн ажлын хөлсийг тооцож хасуулна, ... газар шорооны ажлын түвшин зөрсөн” гэх татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүйн гадна нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн дээрх нотлох баримтуудыг өөр баримтаар үгүйсгэж няцаагаагүй байна.
5.3. Мөн талууд ажлын хөлсний үлдэгдэлд 50,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Анхан шатны шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан үүргээ хариуцагч тал хэрэгжүүлээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв. Иймээс “... нэхэмжлэгч нь геодезийн бригад түрээсэлсэн түрээсийн төлбөрийг хасч тооцоогүй., нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөн тул энэ талаар нэхэмжлэгчид хэлж гэрээний үлдэгдэл төлбөрт 50,000,000 төгрөг төлөхөөр болсон, үүнийг шүүх огт үнэлж дүгнээгүй” гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/10388 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 359,394 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Ч.ЦЭНД