Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2026/00458

 

 

 

 

2026 03 02 210/МА2026/00458

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Т.Бадрах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/09232 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, гэрээний үүргээ хугацаанд гүйцэтгээгүй алдангид 7,828,461 төгрөг, үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 25,500,000 төгрөг, нийт 33,328,461 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие нь *******-тай 2022.04.13-ны өдөр 22/50 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж буй *******д ******* блок, *******т 47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв нь 1,990,000 төгрөгөөр нийт 93,530,000 төгрөгөөр захиалж, гүйцэтгэгч тал нь орон сууцыг 2022 оны 4 дүгээр улиралд зураг төслийн дагуу барьж байнгын ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон.

Миний бие гэрээ байгуулсан өдрөө урьдчилгаа төлбөр 56,000,000 төгрөгийг хариуцагчийн Голомт банк дахь данс руу, 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр үлдэгдэл төлбөр 37,530,000 төгрөгийг Хаан банк дахь данс руу нь тус тус шилжүүлж, нийт 93,530,000 төгрөг төлөх үүргээ гүйцэтгэсэн тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй.

1.2. Хариуцагч нь гэрээний үүргээ зөрчиж өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 837 хоног хэтрүүлсэн байна.

Гэрээний 3.6-д гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг барьж гүйцэтгэж чадаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалагчийн төлсөн нийт төлбөрийн 0,01 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг үл маргах журмаар захиалагч талд төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу алданги тооцвол 7,828,461 төгрөг болж байна. Уг алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас шаардах эрхтэй.

1.3. Мөн миний бие нь орон сууцыг ашиглалтад орох өдрийг хүртэл түр хугацаанд эмээгийндээ амьдарсан. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр *******той гэрээ байгуулж, түүний орон сууцыг 1 сарын 1,500,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцон 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд хөлсөлсөн. Энэ хугацааны төлбөр 19,500,000 төгрөг болсон. Энэ үед хариуцагч мөн орон сууцыг хүлээлгэн өгөөгүй учир 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр *******тэй орон сууц түрээслэх гэрээ байгуулан орон сууцыг 1 сарын 1,500,000 төгрөгөөр хөлслөн, түрээсийн төлбөрт 6,000,000 төгрөг болсон бөгөөд *******ийн данс руу шилжүүлсэн.

Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас орон сууцны хөлсөнд 25,500,000 төгрөг төлсөн тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу хохирлыг шаардах үндэслэлтэй байна. Иймд орон сууцны өмчлөгчөөр тогтоож, алданги 7,828,461 төгрөг, хохиролд 25,500,000 төгрөг, нийт 33,328,461 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Гэрээний хүчин төгөлдөр байдал маргаангүй. Нэхэмжлэгч гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн тул өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

2.2. Талуудын байгуулсан гэрээний 3.6-д заасныг үндэслэн алданги шаардсан нэхэмжлэлээс 4,480,087 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 3,329,668 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хугацаа хэтэрсэн нь үнэн. Гэхдээ хугацаа хэтрүүлэх нөхцөлд байдалд барилгын бичиг баримтыг бүрдүүлэх явцад төр, захиргааны байгууллагын асуудал шийдвэрлэх хугацаа, цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны техникийн нөхцөл гаргах, холбогдох зураг төслийг батлахад ханган нийлүүлэгч байгууллагуудаас шалтгаалан зөвшөөрөл олгох хугацаа хойшилсон нөхцөл байдлаас шалтгаалан орон сууцыг ашиглалтад оруулах хугацаа хойшилсон. Тиймээс урьдчилан мэдэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон. Иргэний хуулийн 222.2 дахь хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасны дагуу 2023.01.01-2023.12.21-ний өдрийг хүртэлх хугацааг гэрээний хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тул алдангийн хоногоос 835 хоногоос 356 хоногийг хасч тооцон, 2023.12.23-ны өдрөөс 25.04.15-ны өдрийг хүртэл 479 хоногийн болон алданги 4,480,087 төгрөгийг хүлээн зөвшөөрнө.

2.3. Хохирол нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэгт авагдсан баримтаар эхний орон сууцыг түрээсэлсэн хугацаанд 18,000,000 төгрөгийн зардал гарсан байна. Нийт 24,000,000 төгрөгийн үйл баримт харагддаг. Талууд гэрээг хоёр талын хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ. Гэрээний үүргийн харилцаа үргэлжилж байгаа бөгөөд хугацаа хэтрүүлсэн үүргийн хохирлыг гэрээний харилцаагаар тодорхойлох нь зүйтэй. Иймд тус гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээнд заасан үүргийн хэмжээгээр шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Иймд 25,500,000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн *******ы ******* блок барилгын 9 давхрын 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, хариуцагч *******-аас 7,828,461 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 395,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140,205 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх алданги болон хохирол гэх ойлголтыг ижил хэмээн дүгнэж, өөрөөр хэлбэл, алданги бол хохирол нөхөх ойлголт гэж тайлбарлан хохирол нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь эрх зүйн үндэслэлгүй.

Алданги нь гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүйтэй холбоотой торгуулийн шинжтэй хариуцлага юм. Хохирол нь үүрэг зөрчигдсөний улмаас үүссэн бодит эдийн засгийн алдагдлыг нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалт юм. Эдгээр нь зорилго, шинж, нөхөн төлөх агуулгын хувьд өөр, бие даасан эрх зүйн ойлголт болно.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд алдангийн зохицуулалт тусгагдсан эсэх, алдангийн хэмжээнээс үл хамааран, үүрэг гүйцэтгүүлэгчид бодитойгоор хохирол учирсан нь нотлогдсон тохиолдолд буруутай этгээд хариуцан арилгах зохицуулалт болно. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхээс татгалзсан, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг буруутай этгээд нөхөн төлөх ёстой.

Хэргийн баримтуудаар нэхэмжлэгч нь хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас өөрийн захиалсан орон сууцанд амьдарч чадаагүй, зайлшгүй шаардлагаар өөр орон сууц түрээсэлж амьдарсан. Уг түрээсийн зардалд 25,500,000 төгрөгийн бодит зардал гарсан гэдэг нь банкны хуулга болон бичгийн баримтуудаар нотлогддог.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хохиролд 25,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.1. Талууд гэрээ байгуулагдсан эсэх, мөн тухайн гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй. Харин талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа дуусаагүй буюу тухайн гэрээ хүчин төгөлдөр хэвээр үргэлжилсэн. Уг гэрээ хэрэгжих явцад хариуцагч тал гэрээний үүрэг биелүүлэх хугацааг хэтрүүлсэнтэй холбоотойгоор маргаан үүссэн. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагчийн зүгээс гэрээний үүрэг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг буюу гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор гэрээнд заасан зүйл заалтын хэмжээг үндэслэн хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ тайлбарласан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй гэж заасан. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээнд гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ямар үүрэг гүйцэтгэх талаар тусгайлан заасан учир үүнийг хохирол барагдуулах нөхөн төлбөрийн хариуцлагын хэмжээ гэж үзэж, алданги төлөхөөр шийдвэрлэж, гэрээний хугацаа хэтэрснээс үүссэн хохирол болох 25,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, гэрээний үүргээ хугацаанд гүйцэтгээгүй алдангид 7,828,461 төгрөг, үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 25,500,000 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагч тал орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг, мөн алдангиас 4,480,087 төгрөгт холбогдох хэсгийг тус тус зөвшөөрч, ... гэрээний хугацаа хэтрүүлсэн нь хариуцагчаас шалтгаалаагүй тул хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй, ... гэрээний харилцаа үргэлжилж байгаа, ... үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний заасан үүргийн хэмжээгээр шийдвэрлэнэ гэсэн үндэслэлээр үлдэх хэсгийг эс зөвшөөрч, талууд маргажээ.

 

3. Анхан шатны шүүх, *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22/50 дугаартай орон сууц захиалгын гэрээ, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж тодорхойлон, гэрээний хүчин төгөлдөр байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

4. Талууд гэрээгээр захиалагч ******* нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* ******* блокийн *******т 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалан бариулж, үнэ болох 93,530,000 төгрөгийг төлөх, гүйцэтгэгч ******* нь захиалгын дагуу ажлыг гүйцэтгэж, 2022 оны 04 дүгээр улиралд ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэг тус тус хүлээжээ. /хх 6-9/

Нэхэмжлэгч ******* дээрх гэрээний дагуу 93,530,000 төгрөгийн үүргээ гүйцэтгэсэн, хариуцагч *******-ийн хувьд гэрээнд заасан үүргээ тогтоосон хугацаанд нь гүйцэтгээгүй үйл баримт хэргийн нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар зохигч маргаангүй байна. Иймээс хариуцагч *******-ийг гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* ******* блокийн *******т 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч *******ийн өмчлөлд шилжүүлэн өгөхийг даалгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт заасантай нийцнэ.

Анхан шатны шүүх, хариуцагчийн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүх дээрх байдлаар залруулан дүгнэж, шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

5.Зохигч талууд алданги тооцсон хугацаа болон хохирол шаардаж буй үндэслэлийн талаар маргажээ.

5.1. Хариуцагч нь алданги нэхэмжилсэн шаардлагаас 3,329,668 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрсөн үндэслэлээ хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчээс шалтгаалаагүй буюу урьдчилан мэдэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон гэх агуулгаар тайлбарласан байна. /хх108/

Талууд гэрээний 3.7-д хэрэв орон сууцыг давагдашгүй хүчин зүйлс болон гүйцэтгэгч талаас үл хамаарах шалтгаанаар хугацаанд нь хүлээлгэн өгч чадахгүйд хүрвэл бодит нөхцөл байдлыг үндэслэн гэрээнд заасан хугацааг сунгаж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болохоор харилцан тохиролцжээ. /хх7/

Хариуцагчийн тайлбарлаж буй нөхцөл байдалтай холбогдон талууд гэрээнд өөрчлөлт оруулаагүй байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсгийг хэрэглэн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны алданги төлөх хариуцлагаас хариуцагч *******-ийг чөлөөлөх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22/50 дугаартай Орон сууц захиалгын гэрээний 3.6, хариуцагчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, алданги нэхэмжилсэн шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна. Энэ шийдэлд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

5.2. Нэхэмжлэгч нь хүлээсэн үүргээ зөрчсөн учир учирсан хохирлоо арилгуулна. гэсэн үндэслэл заан, хариуцагчаас 25,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Анхан шатны шүүх, тус нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.

Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1-д зааснаар анз нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэг арга юм. Талууд гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэн үүргийн гүйцэтгэлийг баталгаатай болгож, хангуулах зорилгоор анзын нэг хэлбэр болох алданги тооцох нөхцөлийг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн. Талуудын энэ тохиролцоо нь мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирол арилгуулахаар шаардах эрхийг үгүйсгэхгүй.

Хэргийн нотлох баримтаар хариуцагч нь орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн үйл баримт тогтоогдсон тул өөрт учирсан бодит хохирлоо арилгуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох зорилгоор 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ, 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Орон сууц түрээслэх тухай гэрээ нэртэй гэрээ, *******ийн эзэмшлийн ******* дугаартай Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулга, Хур системээс авсан иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

Уг баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нь Архангай аймаг, ******* баг, ******* гэх хаягт бүртгэлтэй байх бөгөөд тэрээр иргэн *******, ******* нартай байгуулсан Орон сууц хөлслөх гэрээ-ний дагуу 19,500,000 төгрөг, иргэн *******тэй байгуулсан Орон сууц түрээслэх тухай гэрээ нэртэй гэрээний дагуу 6,000,000 төгрөг тус тус хөлс төлжээ. /хх15-21, 24-31/

Хариуцагч тал дээрх нотлох баримтуудыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байна. Иймээс хариуцагч *******-аас 25,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгох нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/09232 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй *******, ******* блокийн *******т байршилтай 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч *******ийн өмчлөлд шилжүүлэн өгөхийг хариуцагч *******-д даалгаж, хариуцагч *******-аас нийт 33,238,461 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын 140,205 гэснийг 394,342 гэж, тогтоох хэсгийн 3, 4 гэсэн дугаарлалтыг 2, 3 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийг бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 285,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Ч.ЦЭНД