Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2019/ШЦТ/222

 

         

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,  

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Д хөтлүүлж

Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгч: Б.Ж нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овгийн Б Ж холбогдох 1912....... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ,,, оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ,,,настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хотын ,,, оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Х овгийн Б  Ж /РД:/

 

                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 07 дугаар сарын 06-ны өглөө 06 цагийн үед Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур баг, Өлийн ам гэх газарт 63-59 УББ улсын дугаартай Хонда пит маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, хохирогч А.С эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч А.Сөгсөн:...Би өөрийн нөхөр Ж, манай хүүхэд Т, манай дүүгийн хүүхдүүд болох Б, Б нарын хамт 2019 оны 07 дугаар сарын 05-ны өглөө өөрийн эзэмшлийн 63-59 УББ улсын дугаартай Пит маркийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос Завхан аймаг руу явж Отгонтэнгэр хайрханд мөргөчихөөд буцаад явж байгаад 2019 оны 07 дугаар сарын 06-ны өглөө үүрээр 06 цагийн орчимд Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн нутагт явж байсан. Тухайн үед Ж машин жолоодож явсан. Бид хоёр юм яриад явж байсан, би нэг хэсэг үүрэглэсэн байх нэг харсан чинь Ж эсрэг урсгал руу орчихсон урдаас машин ирж байхаар нь би урдаас машин ирж байна шүү дээ гэсэн чинь Ж сандраад баруун гар тийшээ дараад замаас гараад онхолдоод дугуйн дээрээ тогтсон. Би нэг хэсэг ухаан алдсан байсан нэг ухаан ороод харсан чинь Б, Б хоёр суудал дээрээ байсан манай хүү Т байхгүй болохоор нь миний хүү хаана байна аа гээд хайсан чинь жолоочийн арын суудлын хүний хөл тавьдаг хэсэг рүү хүү минь орчихсон байсныг нь тэндээс гаргаж авсан. Би машинаас яаж бууснаа ч санахгүй байгаа замаар явж байсан машинуудыг зогсоох гээд тусламж гуйсан боловч нэг ч машин зогсоогүй тэгсэн хэрнээ машины зураг аваад байсан. Намайг машинаас буухад Ж машинаас жаахан зайтай газрын хажуу тийшээ хараад унасан байсан намайг яваад очиход сэрүүн байсан. Тэгээд бүгдээрээ цуглаад яасан юу болсон бэртсэн гэмтсэн хүмүүс байна уу гэсэн чинь Б толгойны ар дагзны дээд хэсэг хагарсан цус гарч байсан өөр бусад нь гайгүй байх шиг байсан. Би зүүн гараа хөдөлгөх гэсэн хөдлөхгүй байсан сарвуу нь бүр эргэсэн байсан би баруун гараараа 3 хүүхдээ машинаас зөөж буулгасан. Тухайн үед ах дүүсээрээ нийлээд 3 машинтай хүмүүс явж байсан. Манай дүү түрүүлээд явж байгаад бид нарыг яагаад ирэхгүй байгаа юм бол гээд буцаад ирсэн чинь бид нар машинтайгаа онхолдсон байсан гэсэн сумын төв рүү түргэн дуудаад эмнэлгийн машин очоод бид нар Тариат сумын төвд ирээд аймгийн төв рүү бид нар хамт явсан машинаараа ирсэн. Пит маркийн 63-59 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай нөхөр Ж жолоодож явсан. Тэр үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүн байгаагүй. Миний зүүн талын гар шуу хэсгээрээ хугарсан, зүүн талын 9,10 дугаар хавирга нурууны хэсгээрээ хугарсан, нурууны хэддүгээр үе гэдгийг нь санахгүй байна сэртэн яс хугарсан, өөр бусад зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн надаас бусад хүмүүс гэмтэл нь гайгүй хөнгөн зэргийн гэмтэлтэй гэж шинжээч эмчийн дүгнэлтэн дээр бичигдсэн байсан. Манайх машинаа лизингээр авсан банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг хурдан хугацаанд шийдэж өгнө үү гэж хүсэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/

 

Иргэний нэхэмжлэгч Р.М өгсөн: ...манай байгууллагаас Ж нь автомашин барьцаалсан зээлийн үйлчилгээ авсан. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 8.000.000 төгрөгийн зээл авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, манай байгууллагад учирсан хохирлыг даатгалын компаниас төлж барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23  хуу/

 

Гэрч С.А өгсөн:...2019 оны 07 дугаар сарын 06-ны өглөөний 05 цаг 30 минутын орчим Тариат сумын Цагаан нуур баг Өлийн ам гэх газар зам тээврийн осол гарч зорчиж явсан хүмүүс нь бэртсэн байна гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход засмал замын урд талд эрэгтэй хүн матраасан дээр хажуугаараа хэвтсэн байдалтай байж байсан. Тэгээд тухайн хүний биеийн байдлыг үзэхэд цээж, нуруу, түнхний үеийн гэмтэлтэй амин үзүүлэлт харьцангуй тогтвортой байсан. Тухайн өвчтөнд өвчин намдаах тариа хийж дамнуурган дээр тавьж албан машинд хийж зорчиж явсан хүмүүсийг тээвэрлэсэн. Мөн машин дотор буюу жолоочийн эсрэг талын суудал дээр машины хаалгыг онгойлгож, хөлөө газар тавьж суусан байсан. Тухайн хүний нүүр цамц цустай зүүн гарын шуу хугарсан хавдартай гарын хэлбэр өөрчлөгдсөн байдалтай цээж хэвлий нуруу зүүн талын хөл орчимд өвдөлт ихтэй сандарсан айсан байдалтай амин үзүүлэлт хэвийн тогтвортой байсан, тухайн хүний зүүн гарыг чиг тавьж тээвэрлэсэн. Мөн тухайн автомашинд зорчиж явсан гурван хүүхдийн биеийн байдлыг үзэхэд харьцангуй гайгүй байсан. С, Ж хоёрын биеийн байдал хүндэвтэр харин Б, Т, Б нарын биеийн байдал гайгүй байсан. Ж

Ж, С нарт ослын газарт очоод өвчин намдаах тайвшруулах тариа хийсэн. Эмнэлэгт тээвэрлэж ирээд дахиж үзэж үнэлээд хийсэн эмчилгээг яаралтай тусламж үйлчилгээний хуудсан дээр дэлгэрэнгүй бичсэн. Харин Б дагзны язарсан 4 см урттай хэсэгт оёдол тавьсан, биеийн байдал гайгүй болохоор эмчилгээ хийгээгүй эм бичиж өгсөн. Мөн Т, Б нарын биеийн байдал гайгүй болохоор ямар нэгэн эмчилгээ хийгээгүй. Би Ж, С нарын биеийн байдал хүнд олон эрхтэний гэмтэлтэй тул Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү дуудлага өгч гэмтлийн эмч А үзэж үнэлээд Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг рүү дээрх хүмүүсийг тээвэрлэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 32-35 хуу/ 

    Насанд  хүрээгүй гэрч О.Б өгсөн: ... Би 2019 оны 07 дугаар сарын 05-наас 06 нд шилжих шөнө Завхан аймгийн Отгон сумаас Архангай аймгийн Тариат сум орж айлд орох гээд С, Б Ж, Т нарын хамт явж байгаад Тариат сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орсон. Тухайн үед машины арын суудал дээр унтаж явсан болохоор юунаас болж зам тээврийн осол болсонг мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь ийм асуудал болсон байсан. Миний зорчиж явсан автомашиныг Жах жолоодож явсан. Автомашины жолооч болон зорчиж явсан хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би унтаж явсан болохоор автомашин хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй. Миний толгой доргисны улмаас их өвдөж байгаа, зүүн гарын тохой хэсгээр зөөлөн эдийн гэмтэлтэй, зүүн талын хөлийн өвдөгний гадна талд хөхөрсөн, хүзүү баруун тийшээ эргэхэд хөндүүрлэж байгаа. Өөр ямар нэгэн гэмтэл одоонхондоо учраагүй. Би жолоочийн эсрэг талын арын суудал дээр зорчиж явсан. Би өөрийн биеийн үзүүлж эрүүл болох хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/  

    Насанд  хүрээгүй гэрч О.Б өгсөн:...Би 2019 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Завхан аймгийн Отгон сумаас Архангай аймгийн Тариат сум орж айлд орох гээд С, Б Ж, Т нарын хамт явж байгаад Тариат сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орсон. Тухайн үед машины арын суудал дээр унтаж явсан болохоор юунаас болж зам тээврийн осол болсонг мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь ийм асуудал болсон байсан. Миний зорчиж явсан автомашиныг Ж ах жолоодож явсан. Автомашины жолооч болон зорчиж явсан хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй.  Миний толгойн дагз хэсэг газарт хоёр хагарсан түүнийг Тариат сумын эмнэлэг дээр очиж 4-5 оёдол тавиулсан, бөхийж тонгойж ширүүн алхаж, гүйж болохгүй байгаа, нурууны дээд хэсгээр шалбарсан, хүзүү хоёр тийшээ сайн хөдөлж болохгүй байгаа, хоёр гарын ар хэсгээр шалбарсан, баруун талын түнх орчмоор шалбарсан, баруун талын хөлийн шагай орчмоор шалбарсан, баруун талын нүдний орчим шалбарч, чамархай орчим хавдсан, өөр одоонхондоо ямар нэгэн гэмтэл учраагүй. Би жолоочийн ар талын арын суудал дээр зорчиж явсан. Би өөрийн биеийн үзүүлж эрүүл болох хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/ 

  Б.Ж гэрчээр өгсөн:... Би 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өөрийн гэр бүлийн хамт Завхан аймгийн Отгонтэнгэр хайрхан гарч мөргөчихөөд Улаанбаатар хот орох гээд Архангай аймгийн Тариат сумын нутаг байх манай хадам дүү Одбаярын таньдаг хүнийд нь очих гээд явж байсан бөгөөд тухайн үед очих айл тэнд харагдаж байна гээд өөрийн эхнэр Саранмандахтай яриад явж байхдаа эсрэг урсгал руу орсон явсан. Тэгээд сандарсандаа баруун гар тийшээ дараад улмаар засмал замын хажуу руу онхолдсон юм. Засмал зам руу онхолдсоноос хойш юу болсон талаар юу ч санахгүй байна. Би өөрөө жолоодон явж байсан манай эхнэр С, манай хадам дүүгийн Б, Б, манай зээ хүү Т бид нар явж байсан бөгөөд өөр ямар нэгэн хүмүүс зорчиж яваагүй. Би хурдтай яваагүй тухайн очих айл ойрхон харагдаж байсан бөгөөд хаагуур зам салхыг хараад зөөлхөн явж байсан бөгөөд ойролцоогоор 40 км цагийн хурдтай явж байсан. Автомашинд зорчиж явсан хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Миний унаж явсан автомашин банк бус байгууллагын нэр дээр байдаг 2019 оны 02 сард худалдан авч байсан. Тухайн миний жолоодон явсан автомашинд зорчиж явсан хүмүүс хамгаалах бүсээ зүүсэн явсан.  Би эсрэг урсгал руу орсон явж байгаад сандарсандаа баруун гар тийшээ огцом дарж улмаар замын хажуу руу онхолдсон юм.. гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/

Б.Ж яллагдагчаар өгсөн:...өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлыг талаар дэлгэрэнгүй ярьсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Апекс финанс ХХК-ны нэр дээр банк бусаар пит маркийн 63-59 УББ улсын дугаартай автомашин худалдан авсан юм.  Манай эхнэр С, манай хадам дүүгийн Б, Б, зээ хүү Т бид нар зорчиж явсан. Би ойролцоогоор 40-50 км цагийн хурдтай явж байсан. Тухайн автомашиныг Апекс финанс ХХК-наас худалдан авахдаа зээлээр 2019 оны 02 дугаар сард худалдан авсан бөгөөд түүнээс хойш 7 сар хүртэл тасралтгүй төлж байсан бөгөөд зам тээврийн осолд орсны улмаас мөнгийг нь одоог хүртэл төлж чадаагүй байгаа. Төлөөгүй үлдэгдэл хэдэн төгрөг байгааг мэдэхгүй байна. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 92-95 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 316 дугаартай дүгнэлт. 

1. А.С биед зүүн шуу ясны дунд хэсгийн далд хугарал, духны зүүн хэсэгт 

зүсэгдсэн шарх, зүүн мөр, бугалга,, хэвлийн өмнөд хэсэг, зүүн гуяны ар хэсэгт цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 

3. Осол болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар зүүн шуу ясны хугарал нь  биеийн 

эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Духны зүүн хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл нь 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл тус бүр 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй..гэх 

дүгнэлт /хх-ийн 55 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 317 дугаартай дүгнэлт. 

1. Б.Ж биед нуруунд зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 

3. Осол болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар 

сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй.

6. Цаашид 3-р шатлалын эмнэлгийн онош тодруулсан баримт ирвэл дүгнэлтийг 

нэмэлтээр гаргана...гэх дүгнэлт /хх-ийн 67 хуу/

 

Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 54 дугаартай дүгнэлт 

1. Жолооч Б.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан 

“жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.  

2. Замын гадарга, байгалийн нөхцөл байдал осол гаргахад нөлөөлсөн гэх зүйл илрээгүй. 

3. Жолооч Б.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д 

“жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 

4. Жолооч Б.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын 

үнэмлэхтэй байна. /Жолоочийн лавлагааг хавсаргав/...гэх дүгнэлт /хх-ийн 71-72 хуу/ 

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 4-7 хуу, 8-10 хуу/

Ослын газрын схем зураг /хх-ийн 74 хуу/

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 42 хуу, 48 хуу, 54 хуу, 60 хуу, 66 хуу/

Б.Ж жолоочийн үнэмлэхтэй эсэх талаар лавлагаа /хх-ийн 73 хуу/

Б.Ж иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 101 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 106 хуу/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 113-115 хуу/, 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хүсэлт /хх-ийн 119-120 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                              

 Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ж холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ж нь Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур баг, Өлийн ам гэх газарт 63-59 УББ улсын дугаартай Хонда пит маркийн автомашиныг жолоодон 2019 оны 07 дугаар сарын 06-ны өглөө 06 цагийн үед зам тээврийн осол гарган онхолдож, хохирогч А.С биед зүүн шуу ясны хугарал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

  

Шүүгдэгч Б.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болох нь Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 54 дугаартай дүгнэлтээр, уг зам тээврийн ослын улмаас хохирогч А.С биед зүүн шуу ясны хугарал бүхий гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 316 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ. 

 

Тухайн үед 63-59 УББ улсын дугаартай Хонда пит маркийн автомашиныг Б.Ж жолоодож явсан нь шүүгдэгч Б.Ж болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь энэ талаар маргаагүй байна.   

 

Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж мөн жолооч гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээдийг ойлгоно гэж тайлбарласан байх тул Б.Ж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Ж үйлдсэн болох нь:  

 

Хохирогч А.Сөгсөн: ....2019 оны 07 дугаар сарын 06-ны өглөө үүрээр 06 цагийн орчимд Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн нутагт явж байсан. Тухайн үед Жмашин жолоодож явсан учраас бид хоёр юм яриад явж байсан. Би нэг хэсэг үүрэглэсэн байх нэг харсан чинь Жэсрэг урсгал руу орчихсон урдаас машин ирж байхаар нь би урдаас машин ирж байна шүү дээ гэсэн чинь Ж сандраад баруун гар тийшээ дараад замаас гараад онхолдоод дугуйн дээрээ тогтсон. Би нэг хэсэг ухаан алдсан байсан, нэг ухаан ороод харсан чинь Б, Б хоёр суудал дээрээ байсан манай хүү Т байхгүй болохоор нь миний хүү хаана байна аа гээд хайсан чинь жолоочийн арын суудлын хүний хөл тавьдаг хэсэг хүү орчихсон байсаныг нь тэндээс гаргаж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/

 

Гэрч С.А өгсөн:...2019 оны 07 дугаар сарын 06-ны өглөөний 05 цаг 30 минутын орчим Тариат сумын Цагаан нуур баг Өлийн ам гэх газар зам тээврийн осол гарч зорчиж явсан хүмүүс нь бэртсэн байна гэх дуудлага ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 32-35 хуу/ 

    Насанд  хүрээгүй гэрч О.Б өгсөн: ... Би 2019 оны 07 дугаар сарын 05-наас 06 нд шилжих шөнө Завхан аймгийн Отгон сумаас Архангай аймгийн Тариат сум орж айлд орох гээд С, Б Ж, Т нарын хамт явж байгаад Тариат сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орсон юм. Тухайн үед машины арын суудал дээр унтаж явсан болохоор юунаас болж зам тээврийн осол болсонг мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь ийм асуудал болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/ 

    Насанд  хүрээгүй гэрч О.Б өгсөн:... Би 2019 оны 07 дугаар сарын 05-наас 06 нд шилжих шөнө Завхан аймгийн Отгон сумаас Архангай аймгийн Тариат сум орж айлд орох гээд С, Б Ж, Т нарын хамт явж байгаад Тариат сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орсон юм. Тухайн үед машины арын суудал дээр унтаж явсан болохоор юунаас болж зам тээврийн осол болсонг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 316  дугаартай дүгнэлт /хх-ийн 55 хуу/, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 54 дугаартай дүгнэлт /хх-ийн 71-72 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Б.Ж нь 63-59 УББ улсын дугаартай Хонда пит маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч А.Сэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Харин Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 235 дугаартай яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Ж яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгад “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх заалтыг зөрчсөн гэж бичсэн байгааг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчсөн гэж зөвтгөх нь зүйтэй байна.   

 

Аймгийн Прокурорын газраас Б.Ж үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.  

Иймд Б.Ж үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Яллагдагч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 119-120 хуу, 121 хуу/  гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Хохирогч А.С нь мэдүүлэг өгөхдөө болон хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн, яллагдагчтай эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт гаргасан  /хх-ийн 114 хуу, 119 хуу/ мөн иргэний нэхэмжлэгч Р.М “..гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, манай байгууллагад учирсан хохирлыг даатгалын компаниас төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Б.Ж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Жнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8,9 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн Б Ж хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь торгох ялын 600.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ОТГОНЦЭЦЭГ