| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 197/2025/10797/И |
| Дугаар | 210/МА2026/00513 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2026/00513
2026 03 09 210/МА2026/00513
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Хулан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/01662 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Гэм хорын хохиролд 10,550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 12,570,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 10,550,000 төгрөг болгон багасгасан байна. Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ “... 2025 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө 22 цагийн үед ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Талын уул гэдэг нэртэй газар нэхэмжлэгчийн эзэмшлийн ******* улсын дугаартай Lexus Lx570 маркийн машин замын хажууд зогсож байх үед хариуцагч ******* нь Toyota prius-30 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зорчигч хэсгээс гарч нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн араас нь мөргөж хохирол учруулсан. Хохирлын үнэлгээгээр 12,550,000 төгрөг болохыг тогтоосон. Уг хэргийг ******* аймгийн Цагдаагийн газарт хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Хариуцагч нь өөрийн буруугаас учруулсан хохирлыг бүрэн хариуцна гэдгээ илэрхийлсэн. 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 2,500,000 төгрөгийг төлсөн, үлдэх төлбөрийг төлөөгүй. Иймд 10,550,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэж тайлбарласан байна. /хх173/
3. Хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...Тухайн өдөр осол болоход Lexus Lx570 маркийн автомашины араас мөргөсөн, мөргөхөөс өмнө зам дээр осолд орсон байдалтай байсан. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а-д зааснаар тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож гэрлээ асаах болон тээврийн хэрэгслийг байрнаас нь хөдөлгөхгүй байх гэсний дагуу тэмдэг, тэмдэглэгээ тавиагүй байсан. 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн магадлагаагаар Lexus Lx570 маркийн автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзээд шийтгэлийн хуудсаар торгуулсан. Тус машинд учруулсан хохиролд 2,500,000 төгрөгийг даатгалаас төлсөн. Мөн өөрөөсөө нэмээд 894,000 төгрөг шилжүүлж хохирлыг барагдуулсан” гэж тайлбарлан, зохигч маргажээ. /хх45/
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн зөв тогтоож, хуулийг зөв хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
4.1. 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 22 цагийн үед ******* аймгийн ******* сум 1 дүгээр баг Талын Уул гэх газарт ******* нь ******* улсын дугаартай Lexus Lx570 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад зорчих хэсгээс гарч урд хэсгээрээ чулуу мөргөөд зогсож байх үед ******* нь ******* улсын дугаартай Toyota prius 30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад зорчих хэсгээс гарч, Lexus Lx570 маркийн тээврийн хэрэгслийн арын зүүн хойд талаас нь мөргөж, зам тээврийн осол гарсан үйл баримт ******* аймгийн цагдаагийн газраас ирүүлсэн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх материал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. /хх104-126//
4.2. Хэргийн 146 дугаар талд авагдсан 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар “...Toyota prius-30 маркийн ******* улсын дугаартай автомашины жолооч *******, ******* нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний 12.2. харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн.” гэж дүгнэжээ. ******* нь энэ шийдвэрт гомдол гаргаагүй байна.
4.3. Зам тээврийн ослын зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Шийтгэлийн хуудсаар *******, ******* нарыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар тус тус 100,000 төгрөгөөр торгож шийтгэсэн болох нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0544939, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0544934 дугаартай Шийтгэлийн хуудас гэх нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх151, 153/
5. Дээрх үйл баримт болон гэм буруугийн асуудлаар зохигч маргаангүй. Мөн иргэн *******ын жолоодож явсан ******* улсын дугаартай Lexus Lx570 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь ******* болох нь Авто тээврийн үндэсний *******ийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаагаар тогтоогдсон байна. /хх18/ Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн эд хөрөнгөд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
6. Зохигчид ******* улсын дугаартай Lexus Lx570 маркийн тээврийн хэрэгслийн гэм хорын хохирлын хэмжээ болон гэм хорыг арилгасан эсэх талаар маргажээ.
6.1. “Ашид билгүүн” ХХК нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ******* болон *******нарын тус тусын захиалгаар *******ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн урд болон хойд хэсгийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ хийж, 2 ширхэг тайлан гаргасан байна. /хх140-142,143-144/
Хэрэгт авагдсан дээрх Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангуудаас үзвэл, ******* улсын дугаартай Lexus Lx570 маркийн тээврийн хэрэгслийн урд талын эд ангийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг 40,995,000 төгрөг, хойд талын техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг 12,550,000 төгрөгөөр тус тус тогтоожээ.
6.2. Нэхэмжлэгч ******* 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 2,870,000 төгрөг, 894,000 төгрөг тус тус үнэлгээний хөлсөнд Ашид билгүүн” ХХК-д төлсөн, мөн *******ийн эзэмшлийн ХААН банк дахь ******* дугаартай данс руу “Улаанбаатар хотын даатгал” ХХК-аас 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 2,500,000 төгрөг, *******гаас 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 894,000 төгрөг тус тус шилжүүлсэн үйл баримтууд Бэлэн мөнгөний орлогын баримт, ХААН банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх6, 68, 85/
6.3. Нэхэмжлэгч нь гэм хорын хохирол болох 12,550,000 төгрөгөөс дээрх төлбөрийг суутган тооцоод, 10,550,000 төгрөг хариуцагчаас нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцжээ.
6.4. Хариуцагч ******* нь тээврийн хэрэгслийн хохирлын хэмжээг зөвшөөрөхгүй гэж маргах боловч үүнтэй холбоотой нотлох баримт бүрдүүлэх буюу шинжээч томилуулах хүсэлт шүүхэд гаргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байх тул “шүүх талуудын нөхцөл байдлыг зөв тодорхойлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 197/ШШ2026/01662 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Д.ХУЛАН
Ч.ЦЭНД