| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0221/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/219 |
| Огноо | 2019-10-22 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2019/ШЦТ/219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б
Шүүгдэгч: А.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Повгийн А Жт холбогдох 1812..........дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ,,, оны 10 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, ,,, настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл, 6 эхнэр, хүүхдүүдийн хамт, Архангай аймгийн ,,, гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 173 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, П овгийн А Ж /РД:/
Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
Шүүгдэгч А.Ж нь шүүхээс тэнссэн хугацаандаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Булган сумын 2 дугаар баг, Шарга морьтын ам гэх газар шороон зам дээр улсын дугааргүй эко хаожин маркийн мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Б.Н өгсөн:...2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр алдсан адуугаа тэмдэглүүлэхээр Архангай аймгийн төвд Ж хамт миний мотоцикльтой орж ирсэн юм. Бид 2 хорооллоос гарахдаа гурвуулаа 2 литртэй Боргио хувааж уучихаар гарсан. Архангай аймгийн Цагдаагийн газар ирж адуугаа тэмдэглүүлчихээд Булган суманд байдаг Ж найзад адуугаа захихаар явсан. Бид хоёр Булган сум руу гарахаасаа өмнө 2 литрийн Боргио уусан. Тэгээд Булган сумын төв рүү явдаг сайжруулсан шороон зам дээр явж байсан өөдөөс нар гялбаад урд явж байсан машины тоос босоод юм харагдахгүй байсан. Тэгтэл гэнэт нэг жалга руу яваад орчихсон. Тухайн үед мотоциклийг Ж бариад, би сундлаад явж байсан юм. Ж жолоодож явсан мотоцикль миний эзэмшлийн мотоцикль байгаа юм. Миний баруун талын хөл шилбээрээ хугарсан, өөр бэртэл гэмтэл байхгүй. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...бид хоёр зам тээврийн осол болох үед аймаг талаас Булган сумын чиглэл буюу зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байгаад зам дээр овоолсон шороон дээгүүр даваад доошоо унасан. Тухайн үед цаг багцаагаар 16 цаг болж байсан байх. Бид хоёр ойролцоогоор 40 км цагийн хурдтай явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу, 26-27 хуу/
А.Ж гэрчээр өгсөн:...2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 16 цаг өнгөрөөгөөд найз Н хамт адуу хайх ажилтай Булган сум орохоор ногоон өнгийн хятад мотоциклтой гарсан юм. Бид хоёр аймгийн төв дээр адуугаа бүртгүүлчихээд Сэрүүн нэртэй лаазтай пиво хоёр, хоёрыг уусан. Тэгээд аймгаас гараад Булган сумын Шарга морьтын ам гэх газар явж байгаад гүүр рүү ойччихсон. Аймгийн төвөөс Булган сумын чиглэлтэй явж байгаад овоолсон шорооны ертөнцийн зүгээрээ чанх хойгуур нь тойроод тоормоз гишгээд барихгүй, тэгэхээр нь чигээрээ яваад орчихсон. Яг тэр үед хажуугаар машин явж байгаад тоос босчихсон юу ч харагдаагүй нүд гялбаад байсан. Тухайн мотоцикль манай найз Нмотоцикль байгаа юм. Н мотоциклио өөрөө л барьж явсан. Ослын улмаас миний зүүн талын хөл хугарсан хамар халцарч зулгарсан байсан. Өөр гэмтсэн зүйл байхгүй...тухайн осол болох үед би өөрөө мотоцикль жолоодож явсан. Өмнө нь мэдүүлэг өгөхдөө Н жолоодож явсан гэж мэдүүлсэн. Би тухайн үед ухаан санаа орж гараад байсан учраас тэгж мэдүүлэг өгсөн байна. Миний өөдөөс нэг машин явж байсан. Тэр машиныг өнгөрөөгөөд зөрөхөд бөөн тоос босоод дээрээс нь нар гялбаад байсан. тэр тоосноос гартал нэг нүх рүү яваад орчихсон. Би тэр нүхний наана овоолсон байсан шорооны чанх араар нь тойроод овоолсон шороо, шон хоёрын дундуур ороод жалга руу нисээд жалгын цаад талын эргийн урд дугуйгаараа шарваад унасан. Би мотоциклио босгоод эргийг түшүүлээд тавьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу, 21-22 хуу/
А.Ж яллагдагчаар өгсөн...яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа...надад тайлбар байхгүй. Би зам тээврийн осол гаргасан нь үнэн. Хохирогч ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Би хэргийн талаар гэрчээр мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 76-78 хуу/
Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дугаартай дүгнэлт
1. Улсын дугааргүй Эко хаожин маркийн мотоциклийн жолооч А.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Нэгдүгээр асуултаар хариулагдсан.
3. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөхгүй байна.
4. Тухайн зам нь сайжруулсан шороон, үзэгдэх орчин чөлөөтэй цаг агаар таатай шулуун
тэгш зам байв... гэх дүгнэлт /хх-ийн 29 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 62 дугаартай дүгнэлт:
1. Б.Н гэх цусанд 1,1 промиль спиртийн алкоголь илрэв.
2. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 33 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 61 дугаартай дүгнэлт:
1. А.Ж гэх цусанд 0.9 промиль спиртийн алкоголь илрэв.
2. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 37 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 520 дугаартай дүгнэлт.
1. А.Ж биед зүүн хөлийн шилбэний шаант ясны дээд 1/3 хэсгийн далд,
зөрөөтэй хугарал гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Цаг хугацааны хувьд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой
4. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох зааварын 2.3.1-д
зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15-30% тогтонги байдлаар алдагдуулах ба
эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 41 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 521 дугаартай дүгнэлт.
1 Б.Н биед баруун шилбэ ясны доод 1/3 хэсгийн хөндлөн, гадна
хавчаар ясны ташуу талд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
4. Осолд орсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл
мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хх-ийн 48 хуу/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 888 дугаартай дүгнэлт.
1.Б.Н биед баруун шагайн гадна хашлага, баруун шаант ясны доод булууны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3. Шинжилгээнд ирүүлсэн баруун шагайн 2 байрлалын рентген зурагт 18 1013 гэж
тэмдэглэсэн байна... гэх дүгнэлт /хх-ийн 196-197 хуу/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-8 хуу, 13 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-10 хуу, 14 хуу/
Ослын газрын схем зураг /хх-ийн 11-12 хуу/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 42-43 хуу, 49-50 хуу/
Архивын лавлагаа /хх-ийн 59-60 хуу/
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 27-43 хуу/
А.Ж иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84 хуу/
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 87 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 85 хуу/
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 86-99 хуу/
Оролцогч нарт хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 101-102 хуу, 202-203 хуу/
Шүүгдэгчийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч А.Ж холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Ж нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Булган сумын 2 дугаар баг, Шарга морьтын ам гэх газар шороон зам дээр улсын дугааргүй эко хаожин маркийн мотоциклийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Н биед баруун шагайн гадна хашлага, баруун шаант ясны доод булууны хугарал гэмтэл учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч А.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн болох нь хохирогч Б.Н... Бид 2 хорооллоос гарахдаа гурвуулаа 2 литртэй Боргио хувааж уучихаар гарсан юм...Булган сумын төв рүү явдаг сайжруулсан шороон зам дээр явж байсан өөдөөс нар гялбаад урд явж байсан машины тоос босоод юм харагдахгүй байсан. Тэгтэл гэнэт нэг жалга руу яваад орчихсон...гэх мэдүүлэг, А.Ж гэрчээр... Бид хоёр аймгийн төв дээр адуугаа бүртгүүлчихээд Сэрүүн нэртэй лаазтай пиво хоёр, хоёрыг уусан. Тэгээд аймгаас гараад Булган сумын Шарга морьтын ам гэх газар явж байгаад гүүр рүү ойччихсон. Аймгийн төвөөс Булган сумын чиглэлтэй явж байгаад овоолсон шорооны ертөнцийн зүгээрээ чанх хойгуур нь тойроод тоормоз гишгээд барихгүй, тэгэхээр нь чигээрээ яваад орчихсон...” гэх мэдүүлэг, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 69 дугаартай шинжээчийн дүгнэлт, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дугаартай Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 61 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 888 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэснийг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болох нь Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 90 дугаар дүгнэлтээр тогтоогджээ.
Тухайн үед улсын дугааргүй Эко хаожин маркийн мотоциклийг А.Ж нь жолоодож явсан нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь энэ талаар маргаагүй байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ойлгоно гэж заасан мөн “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээдийг ойлгоно гэж тайлбарласан байх тул А.Ж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Ж авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дугаартай шинжээчийн дүгнэлт болон жолоочийн үнэмлэхтэй эсэх талаар авсан тэмдэглэлээс үзэхэд А.Ж нь 715555 дугаарын А, В ангиллын үнэмлэхтэй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон шалтгаанаар үнэмлэх хүчингүй болсон байх бөгөөд А.Ж нь...би тухайн үед жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан. Би зам тээврийн осол гаргасан.../хх-ийн 78 хуу/ гэж мэдүүлэг өгчээ.
Гэтэл тухайн гэмт хэрэг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гарсан. Иймд шүүгдэгч А.Жнь гэмт хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан болох нь нотлогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч А.Ж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Н нь мөрдөн байцаалтын үед, мэдүүлэг өгөхдөө /хх-ийн 16-17 хуу/ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлэг өгсөн А.Ж нэхэмжлэх зүйлгүй годол саналгүй гэх хохирогчийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Жнь Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн байна.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ялтанд оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасан байх бөгөөд шүүгдэгч А.Жнь тэнсэн хянан харгалзах хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байгаа хэдий ч мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаандаа хүлээлгэх үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус заажээ. Шүүгдэгч А.Ж нь тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүгдэгчид ашигтай, түүний эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.Ж нь хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл тэнсэж болно”гэж заасан байх тул шүүгдэгч А.Ж нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогч учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.Ж шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, түүнд тэнссэн болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.88 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П овгийн А Ж тээврийн хэрэгслийг согтуурсан, жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жнь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэг, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ болон тэнссэн хугацаанд шүүгдэгч А.Ж хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жнь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг тайлбарласугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жнь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ж авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ж авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ