| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0229/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/230 |
| Огноо | 2019-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2019/ШЦТ/230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Э хөтлүүлж
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Н.Л нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А овгийн Н Л холбогдох 1912......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Тариат сумын, Мөрөн багийн Баянжаргалант гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, А овгийн Н Л /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.Л нь 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн баг, Хүүхдийн цэцэрлэг дотор иргэн О.Ц ар дал орчим нь сандлаар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч С.Ц өгсөн:...би тухайн үед Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн цэцэрлэгт ажлаа хийгээд байж байсан. Тэгтэл гадна хаалга хүчтэй нүдэж эхэлсэн. Тэгсэн чинь манай бүлгийн багш И хаалга онгойлготол орж ирээд сууж байсан 2 хүүхдийг унагах гээд түлхээд татаад байхаар нь би та гар хүүхэд ингэх эрхгүй гэсэн чинь өөдөөс танай байгууллага яасан байгууллага юм бэ гадны хүн орж болдоггүй юм уу, чи хэзээ ийм байсан юм бэ гэх мэт үг хэлээр доромжилсон. Гэтэл над дээр хүрч ирээд хажуу талын өрөө рүү чирч оруулаад заамдаж аваад түлхсэн. Гэтэл манай бүлгийн багш хүрч ирээд болиулах гэтэл манай багшийг түлхээд над руу дайраад би зугтаагаад ширээний хажууд хүрч ирэхэд араас дагаж ирээд хөх өнгийн хуванцар сандлаар цохисон. Тэгээд хаалганы хажууд намайг хаалгаар савахад би савагдаж сандал дээгүүр унасан. Би бүлгийн багшийг яах гэж хаалга онгойлгосон юм бэ наад хүнээ гарга гэж хэлэхэд манай бүлгийн багш нэг гарнаас нь татаад байж байтал хажуудаа байсан хуванцар хаалгаар миний хөл рүү хоёр удаа цохисон. Тэгээд хэрэлдэж байгаад тэр хүн гарсан. Одоо миний баруун гар даагдахгүй өвчтэй хүндүүрлэж байна, ажил хийхэд хүндрэлтэй байна. Өөр өвчин зовиуртай зүйл байхгүй. Манай байгууллагад нэг ширхэг халз эвдэрсэн, дотор талын хаалга эвдэрсэн, гадаа хаалга эвдэрсэн энэ бүгдийг би өөрөө засаж янзалсан. Мөн гурван ширхэг сандал эвдэрсэн. Нэг ширхэг халз 35000, хоёр ширхэг хуванцар сандал 70000 төгрөг, Архангай аймагт очсон унааны зардал, эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэх эм тариа авсан шүүх эмнэлэгт үзүүлсэн гээд 134.100 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн дугаар 08-09 хуу/
Хохирогч С.Ц дахин өгсөн:...Лминий аймаг явахад гарсан зардал, эм тариа авсан мөнгө байгууллагад учирсан 3 сандал, хогийн шүүрний мөнгийг төлсөн. Одоо хохирлыг талаар ямар нэгэн асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн дугаар 10-12 хуу/
Гэрч С.И өгсөн:...16 цагийн орчим би, манай эрхлэгч Цхамт ажлаа хийж байтал гадаа хаалга хүчтэй нүдэж өшиглөсөн. Тэгээд би очоод онгойлготол нэг согтуу хүн орж ирсэн. Би тоохгүй орхиод хийж байсан ажлаа үргэлжлүүлж хийгээд ширээ зөөгөөд хүрээд ирсэн чинь манай багштай муудалцсан байсан. Тэгээд багшийг агуулахын өрөө рүү оруулсан. Би араас нь ортол манай багшийг заамдчихсан зогсож байсан. Би салгаад тэр хүнийг үүдэнд авч иртэл манай багшийг сандлаар цохиод халзаар цохисон. Тэгээд би тэр хүнийг нэг гараас нь татаад хүч хүрээгүй учир эвээр гаргасан. Миний биед ямар нэгэн хохирол учраагүй. Намайг цохиж зодсон асуудал байхгүй. Хаалга хүчтэй нүдээд балбаад байхаар нь хаалга эвдчих байх гэж бодоод онгойлгож өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн дугаар 13-15 хуу/
Н.Л яллагдагчаар өгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 11 цагийн үед байх Тариат сумын Мөрөн багийн төвд би 2 найзтайгаа тааралдаад 2.5 литрийн пиво Мөрөн багийн төвд байдаг дэлгүүрээс аваад гурвуулаа хөдөө хээр нөгөө гурван пивоо уугаад нэг найз маань гэртээ ороод унтаад өгсөн нөгөөх нь хөдөө гэр рүүгээ яваад өгсөн. Тэгээд би Мөрөн багийн төвд байдаг хүүхдийн цэцэрлэгийн хажуугаар гарч яваад яах гэж цэцэрлэг рүү орох гэсэн юм мэдэхгүй хаалгыг нь татсан чинь түгжээтэй байхаар нь хаалгыг нь цохисон чинь багш И онгойлгож өгөхөөр нь би дөнгөж орсон чинь цаанаас цэцэрлэгийн эрхлэгч Ц гарч ирээд чи яах гэж яваа пизда вэ гэхээр нь чи намайг пиздагаар дууддаг хэн бэ гээд бид хоёр маргалдсан. Тэгсэн чинь намайг хөөгөөд хогийн шүүр далайхаар нь гэнэтхэн миний уур хүрээд хогийн шүүрийг нь булааж авч газар шидчихээд гарахдаа хаалганы хажууд давхарлаад тавьсан байсан сандлыг аваад Ц нуруу руу нь нэг удаа цохисон санаж байна яг хаана нь цохисноо санахгүй байна хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгсэн Ибагш намайг цааш хаалга руу татаад яв гэхээр нь би гарч явсан. Хүүхдийн цэцэрлэг рүү яах гэж орсноо би мэдэхгүй байна. Ямар ч зорилго байхгүй яваад орчихсон. Хаалга нь цоожтой болохоор нь би цохисон чинь Игэдэг багш онгойлгож өгсөн би яваад ортол миний урдаас Ц ирээд чи яах гэж яваа пизда вэ гэхээр нь миний уур хүрээд чи намайг пиздагаар дууддаг хэн бэ гээд хэрэлдэж байхад Ц над руу шүүр далайхаар нь шүүрийг нь булааж авч шидчихээд гарахдаа хаалганы хажууд давхарлаад тавьсан сандлыг аваад нуруу руу нь нэг удаа цохисон санаж байна. Тэрнээс хойш юу болсныг би сайн санахгүй байна. Над руу хогийн шүүр далайхаар нь шүүрийг нь булааж аваад шидчихээд хаалганы хажууд байсан сандлыг аваад нуруу руу нь цохисон ямар ч байсан нэг удаа цохисноо санаж байна дахиж цохисон үгүйгээ сайн мэдэхгүй байна хөл рүү нь нэг удаа өшиглөсөн над руу дайраад байхаар нь цээж рүү нь хоёр удаа түлхсэн өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би Цд болон хүүхдийн цэцэрлэгт учруулсан хохирлоо бүрэн төлсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 25-28 дугаар хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 441 дугаартай дүгнэлт:
1. О.Цбиед баруун дал орчмын зөөлөн эдийн няцрал, баруун бугалга,
шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр, нэг бус удаагийн үйлдлээр үүснэ.
3. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Баруун дал орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун бугалга, шилбэнд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуу/
Н.Л иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 дугаар хуу/
Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 32-33 хуу/
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 42-43 дугаар хуу/
Хохирогч О.Ц, шүүгдэгч Н.Лнарын хүсэлт /хх-ийн 44-45 дугаар хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Л холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Лнь 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн баг, Хүүхдийн цэцэрлэг дотор хохирогч О.Цар дал орчим нь сандлаар цохиж, түүний биед баруун дал орчмын зөөлөн эдийн няцрал учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Н.Л үйлдсэн болох нь хохирогч О.Цын“...би бүлгийн багшийг яах гэж хаалга онгойлгосон юм бэ наад хүнээ гарга гэж хэлэхэд манай бүлгийн багш нэг гарнаас нь татаад байж байтал хажуудаа байсан хуванцар хаалгаар миний хөл рүү хоёр удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/, гэрч С.И “...би араас нь ортол манай багшийг заамдчихсан зогсож байсан. Би салгаад тэр хүнийг үүдэнд авч иртэл манай багшийг сандлаар цохиод халзаар цохисон. Тэгээд би тэр хүнийг нэг гараас нь татаад хүч хүрээгүй учир эвээр яриад тэр хүнийг гаргасан…гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/ хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 441 дугаартай дүгнэлт /хх-ийн 17 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Л нь хохирогч О.Ц цохиж зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдээс баруун дал орчмын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 441 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Н.Л хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Аймгийн Прокурорын газраас Н.Л үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 50-51 дүгээр хуу/ гарын үсэг зуржээ.
Хэрэгт цуглуулсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Н.Лнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Н.Л нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч О.Ц нь “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж /хх-ийн 12 дугаар хуу/ мэдүүлэг, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн /хх-ийн 42 дугаар хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овгийн Н Л хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр 150.000 төгрөгөөр төлж барагдуулахыг шүүгдэгч Н.Л үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Л авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч
тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Л авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ