| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 192/2025/02045/И |
| Дугаар | 210/МА2026/00514 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2026/00514
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/09357 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******эд холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, өмчлөх эрхийг буцаан шилжүүлж, орон сууцыг чөлөөлөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие *******эд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ******* гудамж, *******байр, ******* хаягт байршилтай, 51,08 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 99,000,000 төгрөгөөр харилцан тохиролцож худалдсан. Уг гэрээгээр тохиролцсоны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн. ******* нь орон сууцны үнийг нотариатаар гэрээг батлуулж, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ гарсны дараа 1 жилийн дотор 100 хувь төлж барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Түүнд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг авах талаар шаардахад өгнө гэж хэлсээр өнөөг хүрсэн.
Иймд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа тул орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлж, орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Миний бие *******тэй ажил хэргийн харилцаатай байсан бөгөөд түүний нэр дээрх орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцож, 2019 оноос эхлэн тус байранд амьдарч эхэлсэн.
Миний бие *******-ийн гүйцэтгэх захирал бөгөөд компанийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны ******* дугаартай данснаас 2 удаагийн чекээр надад бэлэн мөнгө олгож, тухайн орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан. Үүнд 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ******* дугаартай чекээр 54,000,000 төгрөг, 2020 оны ******* дугаартай чекээр 58,500,000 төгрөг тус тус ******* гэх утгаар бэлэн мөнгөөр авч, *******ийн гэрт очиж бэлнээр өгч үнийг төлсөн.
Орон сууцны үнийг бүрэн төлсөн тул бид харилцан тохиролцон өмчлөх эрхийг шилжүүлэхийн тулд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2964 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр улсын бүртгэлийн *******дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр ******* гудамж, *******байр, ******* хаягт байршилтай, 51,08 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 99,000,000 төгрөгөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Уг гэрээний 3.2-т зааснаар талууд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлбөр тооцоо бүрэн дууссан талаар хүлээн зөвшөөрч, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан.
Мөн худалдах, худалдан авах гэрээний 6.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсны орлогын албан татварыг худалдагч тал хариуцна гэж гэрээгээр тохирсон боловч тус татварыг хариуцагч миний бие гэрээ байгуулснаас хойш 6 хоногийн дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 406098237 дугаартай данснаас 2,000,607 төгрөг болон шимтгэл 20,708 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч болон түүний нөхөр нар орон сууцны үнэ 99,000,000 төгрөгөөр зогсохгүй мөнгө өгснийг мэднэ.
Миний бие орон сууцны төлбөрийг бүрэн төлж хуулийн дагуу өмчлөлдөө шилжүүлж хууль ёсны өмчлөгч тул чөлөөлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******эд холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2964 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагч *******ээс Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр, ******* гудамж 50 байр ******* хаягт байршилтай, *******үл хөдлөх эд хөрөнгийн дугаартай, 51.08 м.кв талбайтай 2 өрөө орон сууц өмчлөх эрхийг буцаан нэхэмжлэгч *******д шилжүүлэх, орон сууцыг хариуцагч *******ийн эзэмшлээс албадан чөлөөлөхийг тус тус даалгах тухай нэхэмжлэгч *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 652,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг барьсан хийсвэр дүгнэлт хийж шийдвэрлэсэн.
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-д орон сууцны төлбөр болох 99,000,000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгч *******д төлсөн болох нь дээрх бэлэн мөнгөний чекийг хүлээн авсан баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн.
Хавтаст хэргийн 30-36 дугаар талд авагдсан чекээр хариуцагч ******* нийт 112,500,000 төгрөгийг *******-ийн Худалдаа хөгжлийн банкны данснаас бэлнээр авсан нь тогтоогдсон боловч нэхэмжлэгчид энэ мөнгийг бэлнээр өгсөн гэж хэт хийсвэрлэн дүгнэсэнд гомдолтой.
Хариуцагч ******* тухайн компаниас чекээр авсан мөнгөө худалдан авсан байрны мөнгө болохыг шүүх хэрхэн дүгнэсэн нь ойлгомжгүй.
Нэхэмжлэгч орон сууцыг 99,000,000 төгрөгөөр худалсан байхад шүүх 112,500,000 төгрөгөөр худалдсан мэтээр эрх зүйн дүгнэлт хийсэн нь хэргийн нөхцөл байдлыг бурууг тодорхойлсон гэж үзнэ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын талаар үнэлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан цаг хугацааг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулсан хугацааг мөн хугацаанд байгааг тодорхой бичиж тайлбарласаар байхад зохигчид 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэрээг амаар байгуулсан гэх хийсвэр дүгнэлт хийж хэргийн нөхцөл байдлыг буруу тодорхойлсон.
Мөн мөнгө төлсөн гэх чекний цаг хугацаа, гэрээ байгуулсан цаг хугацааны байдал зэрэг нь нэг цаг хугацааны давхцал үүсэж нотлогдсон эсэхийг харьцуулж үзээгүй. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нөхөн байгуулаагүй болно.
4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг 11-д гэрээний 3.2-т 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлбөр тооцоо дууссан гэж гэрээнд тусгаснаар орон сууцны төлбөрийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн болох нь нотлогдож байна, зохигчид 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж, гэрээний төлбөрийг төлж, ... гэрээг нөхөж байгуулсан гэж дүгнэсэн нь мөн хийсвэр, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
Тухайлбал, хариуцагч 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр болон мөн оны 10 дугаар сарын 09-ний өдөр тус тус орон сууцны төлбөрийг бэлнээр төлсөн нь үнэн бол гэрээнд энэ огноог биш 2021 оны 10 дугаар сарын 07 гэж тэмдэглэсэн. Төлбөр тооцоог ямар нөхцлөөр буюу бэлэн, бус гэж тэмдэглээгүй байхад шууд бэлнээр төлбөр төлсөн, гэрээг нөхөж хийсэн гэж шүүх дүгнэж байгаад гомдолтой байна.
Шүүх гэрээг нөхөж байгуулсан гэх үйл баримтыг дүгнэн тогтоохдоо өөр, өөр цаг хугацааны бичгийн баримтуудыг үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
4.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-д *******ийн төлөх байсан үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2 хувийн татварыг *******-ийн данснаас шилжүүлжээ гэж дүгнэсэн.
Хэрэв нэхэмжлэгч орон сууц худалдсан төлбөрөө хариуцагчийн тайлбарлаж байгаагаар 2020 оны 06 дугаар сарын 19, мөн оны 10 дугаар сарын 09-ний өдөр, эсвэл гэрээнд тэмдэглэсэн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр авсан, төлбөр тооцоо дууссан нь баримтаар тогтоогдож байгаа бол хариуцагч яагаад нэхэмжлэгчийн төлөх ёстой татварыг төлж, бусдын өмнөөс татварт төлсөн мөнгөө нэхэхгүй байгаад анхаарч дүгнэлт өгсөн бол нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байсан.
Миний төлөөлүүлэгч хариуцагчтай найз нөхөд, ажил хэргийн холбоотой, хариуцагчийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, гэр хороололд амьдардаг зэргийг харгалзан *******ийн өөрийн өмчлөлийн орон сууцандаа 2019 онд компанийн үйл ажиллагаанд зээл авах шаардлагатай, зээлийн барьцаанд хөрөнгө хэрэгтэй байна, үйл ажиллагаа явуулж мөнгөтэй болмогц орон сууцны мөнгийг төлнө гэх хүсэлтийг хүлээн авч өмчлөх эрхийг шилжүүлж, гэрээнд төлбөр тооцоо дууссан гэж тэмдэглэл хийхийг зөвшөөрсөн. Энэ тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад барьцаалбартай барьцааны гэрээ гэж тэмдэглэгдсэн байдлаас харагдана.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
5.1. Хариуцагч ******* нь 2019 оноос эхлэн *******ийн орон сууцанд амьдарч эхэлсэн бөгөөд анх уг орон сууцыг худалдах, худалдан авах зорилгоор амьдарсан. 2019 оноос хойш тухайн орон сууцад амьдруулж байснаа гэнэт 2025 онд төлбөр төлөөгүй гэж маргасан нь үндэслэлгүй.
Учир нь нэхэмжлэгчид тухайн орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн. Талуудын хооронд төлбөрийг заавал дансаар шилжүүлнэ гэх тусгай тохиролцоо хийгдээгүй буюу өөрсдийн бүрэн эрхийн асуудал бөгөөд харилцан тохиролцсоны үндсэн дээр мөнгийг бэлнээр гарган өгсөн. Нэхэмжлэгч тал уг мөнгийг аваагүй гэх үйл баримтыг тал нотолж чадаагүй. Харин хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг гаргаж өгсөн эх үүсвэрийн баримтыг хэрэгт хавсаргасан.
5.2. Хариуцагч ******* нь уг үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авч, өөрийн өмчлөлд бүртгүүлсэн. Харин нэхэмжлэгч тал үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаанд тулгуурлан тайлбар хийж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Уг гэрээ нь нотариатаар баталгаажсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байна. Нотариат нь талуудын тохиролцоо, ойлголцол, төлбөр төлсөн эсэх зэрэг нөхцөл байдлыг шалгаж, хуульд заасны дагуу дүгнэлт хийсний үндсэн дээр уг гэрээг баталгаажуулсан.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, өмчлөх эрхийг буцаан шилжүүлж, орон сууцыг чөлөөлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ... орон сууцны төлбөрийг бүрэн төлж, хуульд заасны дагуу тус орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авсан... гэж тайлбарлан, маргажээ.
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг тогтоохдоо хэргийн нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулан дүгнэж, шийдлийн хувьд хэвээр үлдээнэ.
3.1. *******, ******* нар нь *******ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр, ******* гудамж *******байр, ******* хаягт байршилтай, Ү-2206023889 улсын бүртгэлийн дугаартай, 51.08 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авахаар аман хэлбэрээр харилцан тохиролцож, ******* нь орон сууцыг 2019 оны 12 дугаар сараас хойш эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогджээ. /хх28-29, 163/
3.2. Талууд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2964 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж, худалдагч ******* нь дээрх орон сууцыг 99,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч ******* нь үнэ төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх5/
Тус гэрээний 3.2-ийн төлбөр төлөх нөхцөл, хугацаа гэсэн хэсэгт 2021.10.07 төлбөр тооцоо дууссан гэж, 3.3-т Гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хэсэгт төлбөрийг бүрэн төлж дууссан гэж тус тус тэмдэглэл талууд үйлдэн, гарын үсэг зурж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна.
3.3. Талуудын гэрээг үндэслэн *******ийг Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр, ******* гудамж *******байр, ******* хаягт байршилтай, Ү-2206023889 улсын бүртгэлийн дугаартай, 51.08 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэж, гэрчилгээ олгожээ. /хх103/
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв тодорхойлсон.
4. Зохигчид гэрээний үнэ төлөх үүргээ гүйцэтгэсэн эсэх талаар маргасан байна.
4.1. Хэрэгт *******-ийн Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *******-ийн дүрэм зэрэг нотлох баримтууд авагджээ. /хх30-32, 53-57, /
Эдгээр нотлох баримтаас үзвэл хариуцагч ******* нь *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд байна. /хх53/
4.2. Хариуцагч нь *******-ийн данснаас 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ******* дугаартай чекээр 54,000,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 09-ний өдөр Ч-******* дугаартай чекээр 58,500,000 төгрөг тус тус бэлнээр авсан болох нь тогтоогдсон. Гэвч эдгээр нотлох баримтууд нь хариуцагч нь уг мөнгөн хөрөнгөөс орон сууцны үнэд 99,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр төлсөн гэх үйл баримтыг эргэлзээгүй нотлохгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй боловч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй.
Учир нь, талуудын байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн гэрээнд худалдах, худалдан авах гэрээний үнэ төлсөн буюу төлбөр тооцоо дууссан, төлбөрийг бүрэн төлж дууссан гэсэн тэмдэглэл хийж, гэрээг нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч *******эд шилжүүлсэн байх тул хариуцагч ******* нь орон сууцны үнэ төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх боломжгүй юм.
4.3. Түүнчлэн, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар талууд хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж, хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлснээр орон сууцны өмчлөх эрх хариуцагч *******эд үүсэж, нэхэмжлэгч *******ийн өмчлөх эрх дуусгавар болжээ.
4.4. Иймээс нэхэмжлэгч нь мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийг буцаан гаргуулахаар шаардах эрхгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/09357 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 652,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Ч.ЦЭНД