| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 191/2025/04028/И |
| Дугаар | 210/МА2026/01345 |
| Огноо | 2026-06-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2026/01345
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2026/05136 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 19,786,084 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. 2022 оны 02 дугаар сард ******* нь төлбөрийг дараа төлөх нөхцөлөөр зарлагын баримт бичүүлэн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 19,350,000 төгрөгийн бараа, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 436,084 төгрөгийн бараа, нийт 19,786,084 төгрөгийн үнэ бүхий мах худалдаж авсан.
2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, ******* нь 19,786,084 төгрөгийн төлбөртэй байгааг тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан.
*******-аас төлбөрийг төлнө гэж байсан боловч сүүлд хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргаж, эрэн сурвалжлуулсан. Мөн *******-ийн захирал *******той утсаар холбогдож “төлбөрөө хэрхэн төлөх” талаар асуухад “шүүхээр шийдвэрлүүл” гэж хариуг өгсөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 19,786,084 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэлийн агуулга:
2.1. Манай компани нь *******-тай бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй бөгөөд компанийн санхүүгийн бүртгэлд худалдан авалт хийсэн талаарх баримт байхгүй.
Мөн тус компаниас дараа төлөх нөхцөлтэйгөөр мах худалдан авсан ******* нь манай компанид ажиллаж байгаагүй бөгөөд *******ыг мэдэхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Бид 2022 оны 02 дугаар сард мах авсан талаарх үйл баримтыг мэдэхгүй. Миний бие 2022 оны 10 дугаар сард *******-ийн хувьцаа эзэмшигч болсон. Уг компанийн эрхийг шилжүүлж авахад ямар нэгэн өр төлбөр байгаагүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас нийт 19,786,084 /арван есөн сая долоон зуун наян зургаан мянга наян дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 256,881 төгрөгөөс 256,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1 төгрөгийг, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 256,880 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 14-т хариуцагчийн төлөөлөгч нь *******-ийн хувьцааг худалдан авсан гэх тайлбар гаргасан боловч Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээх тул хариуцагч ******* нь нэхэмжлэгчтэй амаар байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгэх үүрэгтэй байна.” гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй.
*******, ******* нар нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан. Тус гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн өмнөх компанийн үйл ажиллагаатай холбоотой өр төлбөрийг эрх шилжүүлэгч тал хариуцахаар зохицуулсан зохицуулалтад анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:
5.1. ******* нь 2022 онд *******т байрлах *******ны уурхайн ажилчдад катерингийн үйлчилгээ үзүүлж байхад үхрийн болон хонины цул, мөн гол махыг зарлагын падаанд бичүүлж, нийт 19,786,000 төгрөгийн үнэ бүхий мах худалдаж авсан.
Хэргийн 129 дүгээр талд авагдсан баримтаас үзэхэд хариуцагч ******* нь 2016 онд катерингийн үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болох нь нотлогддог.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн үед *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан *******ыг гэрчээр асуухад “******* катерингийн үйл ажиллагаа эрхэлж байсан, уурхайн 100-300 ажилтны хоол болон угаалга цэвэрлэгээний ажлыг эрхлэн гүйцэтгэж байсан, энэхүү ажлыг хийж гүйцэтгэхдээ мах, гурил гэх мэт хоолны түүхий эдийг бөөний төв, зах гэх мэт төвлөрсөн үйл ажиллагаа явуулдаг газраас худалдан авдаг байсан, хоорондоо ярилцаж байгаад хотод завтай явж байгаа хүн нь худалдан авалт хийдэг байсан” гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн. Мөн манай компаниас худалдан авалт хийж, тус компанийн менежерийн албан тушаалд ******* ажиллаж байсан талаар тайлбарладаг. Талуудын хоронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Худалдах, худалдан авах гэрээг заавал бичгийн хэлбэрээр байгуулагдсан байхыг шаарддаггүй бөгөөд бараа материал нийлүүлэх тохиолдолд дараа төлөх нөхцөлтэйгөөр зарлагын падаан болон нэхэмжлэх, тооцоо нийлсэн акт үйлдсэн.
5.2. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт тус тус зааснаар компанийн өмчлөгч өөрчлөгдсөн нь эрх олж, үүрэг бий болгосон үр дагавраас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадсан. Хариуцагч талын “анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасан зохицуулалтад нийцүүлэн үнэлж чадаагүй” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна.
Иймд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 19,786,084 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... тус компанийг 2022 оны 10 дугаар сард худалдан авсан, компанийн эрхийг шилжүүлэн авахад ямар нэг өр төлбөр хүлээлгэж өгөөгүй ... 2022 оны 02 дугаар сард мах, махан бүтээгдэхүүн худалдан авч байгаагүй, ... манай компанийн санхүүгийн бүртгэлд худалдан авалт хийсэн талаарх баримт байхгүй ... ******* гэгч хүн компанид огт ажиллаж байгаагүй ...” гэж тайлбарлан, талууд маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн тооцоо нийлсэн акт, *******-ийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, зарлагын баримт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ. /хх6, 144-145/
5. Хэргийн 5 дахь талд авагдсан Тооцоо нийлсэн акт баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Анхан шатны шүүх уг баримтыг шийдвэрийн үндэслэл болгоогүй нь дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.
6. Хэргийн 144 дэх талд авагдсан 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөр огноолсон, 209 дугаартай “Зарлагын баримт” нотлох баримтад худалдагч *******, худалдан авагч *******, 1 кг үхрийн гол мах 37,400 төгрөг, 11.66 кг, нийт үнэ 436,084 төгрөг гэж бичээд хүлээлгэн өгсөн, хүлээн авсан гэх хэсэгт гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.
Мөн хэргийн 145 дахь талд авагдсан 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр огноолсон 195 дугаартай “Зарлагын баримт” нотлох баримтад худалдагч *******, худалдан авагч “*******” /катеринг/ нь 1 кг үхрийн цул мах 14,300 төгрөгөөр, 500 кг-ыг 7,150,000 төгрөг, 1 кг хонины цул мах 12,200 төгрөгөөр, 1,000 кг-ыг 12,200,000 төгрөг, нийт 19,350,000 төгрөг гэж бичээд хүлээлгэн өгсөн, хүлээн авсан хэсэгт гарын үсэг зурж, баталгаажуулжээ.
7. Хариуцагч ******* нь тухайн цаг хугацаанд катерингийн үйлчилгээ үзүүлж байсан, мөн 2022 оны 02 дугаар сард тус компани нь *******ыг гэрээт нягтлан бодогчийн ажил үүрэг гүйцэтгүүлж байсан болох нь “*******” компанийн гүйцэтгэх захирлын албан үүрэг гүйцэтгэж байсан гэрч *******ын мэдүүлгээр тогтоогдсон байна. /хх116-117/
8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж, 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШЗ2026/16266 дугаартай шүүгчийн захирамж гаргасан байна. Үзлэгийн тэмдэглэлд *******-ийн захирал, *******-ийн менежерээр ажиллаж байсан ******* нарын утасны харилцан яриаг буулгасан байх ба тухайн этгээдүүд мах худалдан авсан, төлбөрийг төлөөгүй байгаа үйл баримтын талаар ярилцсан байна. /хх156-166/
9. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/00304 дугаартай шийдвэрээр *******-ийг эрэн сурвалжлуулах тухай *******-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна. /хх78-80/
Тус шийдвэрийн тодорхойлох хэсэгт “... манай компани *******-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 19,786,084 төгрөг гаргуулахаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хуулийн этгээд *******-д хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хаягтаа оршин суудаггүй нь ... тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ...” гэжээ.
10. Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 28к1-3 /6275 дугаартай албан бичигт дээрх шүүхийн шийдвэрийн дагуу холбогдох ажиллагаа явуулж, гүйцэтгэх захирал *******ын оршин байгаа газрыг олж тогтоосон үндэслэлээр эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон тухай *******-д мэдэгдсэн байна. /хх76/
Дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзвэл *******, ******* нар өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 19,350,000 төгрөгийн үнийн дүн бүхий, мөн сарын 21-ний өдөр 436,084 төгрөгийн үнэ бүхий үхрийн гол мах тус тус худалдан авч, махны үнийг дараа төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна.
11. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээг аман болон бичгийн аль ч хэлбэрээр байгуулж болно. Талууд гэрээг аман хэлбэрээр байгуулж, гэрээний гол нөхцөлөө харилцан тохиролцсон байна. Иймээс гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, шаардах эрхийн үндэслэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн.
12. Хариуцагч *******-ийн хувьцаа эзэмшигч солигдож, компанийн гүйцэтгэх захирлаар *******ыг томилж хуулийн этгээдийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан *******, Х.Отгонбат нарын хооронд байгуулагдсан 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх129-131/
Хариуцагч *******-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн, компанийн эрх худалдагдсан, захирал солигдсон нь бусдын өмнө хүлээх компанийн өр төлбөр, гэрээний үүрэг дуусгавар болох үндэслэл болохгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Түүнчлэн *******-ийн хувьцаа болон эрхийг худалдах, худалдан авах талууд гэрээнд өр төлбөргүй гэж бичсэн, санхүүгийн тайланд тусгагдаагүй нөхцөл нь зохигчдын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний шаардах эрхийг үгүйсгэхгүй юм. /хх22-23, 24, 25, 26, 30-39/ Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
13. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/493 дугаартай шийтгэх тогтоол нь талуудын иргэний маргаанд хамааралгүй байна. /хх132-143/
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2026/05136 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,881 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Ч.ЦЭНД