| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2019/0318/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/345 |
| Огноо | 2019-11-18 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2019/ШЦТ/345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Оюунбилэг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Ууганбаяр,
Шүүгдэгч С.Ч-, С.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ч-, С.Э- нарт холбогдох эрүүгийн 1938006290382 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С.Ч.
Монгол Улсын иргэн, С.Э.
Шүүгдэгч С.Ч-, С.Э- нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг “Ар тээл” гэх газраас иргэн Д.А-ын 2 тооны адуу, иргэн А-ийн 1 тооны адуу, нийт 3 тооны адуу хулгайлж “мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Ч-, С.Э- нар нь шунахайн сэдэлтээр 2019 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг “Ар тээл” гэх газраас иргэн Д.А-ын 2 тооны адуу, иргэн А-ийн 1 тооны адуу, нийт 3 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж, “Мал хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Шүүгдэгч С.Ч-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- А, В ангиллын жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 76 дугаар хуудас/,
- Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт /хх-ийн 77 дугаар хуудас/,
- “Хуандай портер” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 78 дугаар хуудас/,
- Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 85 дугаар хуудас/,
- Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 86 дугаар хуудас/,
- Шүүгдэгч С.Ч-ын малын задаргаа хийсэн жагсаалт /хх-ийн 88 дугаар хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 дүгээр хуудас/-ыг,
Шүүгдэгч С.Э-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч С.Ч-, С.Э- нар нь дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч С.Ч-, С.Э- нар нь шунахайн сэдэлтээр 2019 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг “Ар тээл” гэх газраас иргэн Д.А-ын 2 тооны адуу, иргэн А-ийн 1 тооны адуу, нийт 3 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж “Мал хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь С.Ч-, С.Э- нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8 дугаар хуудас/, хохирогч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/, хохирогч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч Н.И-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 36, 43 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 сарын 11-ний өдрийн 4778 дугаартай дүгнэлт /хх-ийн 55 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 сарын 09-ний өдрийн 5554 дугаартай дүгнэлт /хх-ийн 62 дугаар хуудас/, шүүгдэгч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 106-107 дугаар хуудас/, шүүгдэгч С.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-112 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ч-ын: “...мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э-ын: “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч С.Ч-, С.Э- нарын мэдүүлж байгаа “...Ямар нэгэн шалтгаан байхгүй. Самар жимс харж яваад буцах замдаа айлын эзэнгүй адуунууд байхаар нь ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлгээс үзвэл шүүгдэгч нар амар хялбар аргаар мөнгө олох, иргэдийн мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг, мал сүргийн хариулга, маллагаа хангалтгүй, малаа удаан хугацаагаар бэлчээрт орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч С.Ч-, С.Э- нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр 2019 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг “Ар тээл” гэх газраас иргэн Д.А-ын 2 тооны адуу, иргэн Б.А-ийн 1 тооны адуу, нийт 3 тооны адууг бэлчээрээс нь нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.
Шүүгдэгч С.Ч-, С.Э- нарын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 3.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Ч-, С.Э- нар нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Д.А-тай “...2019.10.20-ны өдөр өр төлбөр барагдуулсан, миний зүгээс санал гомдолгүй” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 75/, хохирогч Б.А-ийн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16/ авагдсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Ч-, С.Э- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нар нь гэмт хэргийг санаатай нэгдэн, бүлэглэж гүйцэтгэсэн, шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан бүлэглэж бусдын малыг хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн... үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж зааснаар шүүгдэгч нар нь гэмт хэргийн гүйцэтгэгч нар бөгөөд, энэхүү гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн байна.
Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч С.Ч- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нарын хайхрамжгүй байдлаас болж дээрх гэмт хэргийг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-ад 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч С.Э-т 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасан, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “шүүгдэгч С.Ч-, С.Э- нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан шүүгдэгч С.Ч-, С.Э- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд “архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ТОЗ-8 загварын /замаггүй, гол төмрийн ... дугаартай/ галт зэвсгийг Хөвсгөл аймгийн Хот тохижуулах газарт албан хэрэгцээний дагуу ашиглуулахаар шилжүүлэхийг шүүгчийн туслах С.Д-д,
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мустанг-5” маркын мотоциклийн үнэ болох 200.000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулж улсын орлогод оруулахыг шүүгдэгч нарын оршин суугаа газрын харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Ч-, С.Э- нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Ч-, С.Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч С.Ч-, С.Э- нарыг тус бүр 5 /тав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч С.Ч-, С.Э- нарт тэнссэн хугацаанд “архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-, С.Э- нар нь тэнссэн хугацаанд эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан, тэнссэн шүүгдэгч С.Ч-ад хяналт тавихыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч С.Э-т хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ТОЗ-8 загварын /замаггүй, гол төмрийн ... дугаартай/ галт зэвсгийг Хөвсгөл аймгийн Хот тохижуулах газарт албан хэрэгцээний дагуу ашиглуулахаар шилжүүлэхийг шүүгчийн туслах С.Д-д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мустанг-5” маркын мотоциклийн үнэ 200.000 төгрөгийг шүүгдэгч нараас хуваан гаргуулж улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ч-, С.Э- нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ч-, С.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ