| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
| Хэргийн индекс | 2/24280099 |
| Дугаар | 2025/ХШТ/46 |
| Огноо | 2025-04-23 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | С.Батсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2025/ХШТ/46
Б.Н-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Д.Батбаатар, С.Соёмбо-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, ялтан Б.Н-, түүний өмгөөлөгч М.Цэдэнпунцаг, нарийн бичгийн дарга О.Амарсанаа нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаар магадлалтай, Б.Н-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалтай хэргийг ялтны өмгөөлөгч М.Цэдэнпунцагийн гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Батбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 2003 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Зоотехникч мэргэжилтэй, Дундговь аймгийн *** суманд амьдардаг гэх (шийтгэх тогтоолд Сүхбаатар дүүргийн хаяг бүртгэгдсэн боловч тухайн хаягт оршин суудаггүй, бүртгэлгүй болох нь тогтоогдсон), Б овогт Б-н Н-, (РД:***).
Ялтан Б.Н-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1398 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн байна.
Прокуророос “...Б.Н-д шүүхээс оногдуулсан 6 сарын хугацаагаар тэнсэх, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шүүхээс оногдуулсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг биелүүлэх талаар гүйцэтгэх хуудас ирүүлээгүйгээс шүүхээс тогтоосон хяналтын хугацаа 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дууссан.
Шүүхээс хяналт тогтоосон хугацаа дуусгавар болсны дараа шүүхийн шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудсыг ирүүлсэн нь эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх боломжгүй байсан хэдий ч тэнсэгдсэн этгээд Б.Н- нь шүүхээс тогтоосон тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдоогүй болох нь эрх бүхий байгууллагын лавлагаагаар тогтоогдож байх тул шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй гэж дүгнэх нь зүйтэй байна.
Иймд Б.Н-д ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай дүгнэлт бичжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын “ялтан Б.Н-ийг ялаас чөлөөлөх” тухай дүгнэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, ялтан Б.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд ялтны өмгөөлөгч М.Цэдэнпунцаг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” үндэслэлээр гомдол гаргаж байна.
Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар тогтоолоор “...эрүүгийн хариуцлагын төрөл болох үүрэг хүлээлгэх арга хэмжээг гагцхүү тухайн шүүгдэгчид ял оногдуулалгүйгээр тэнссэн тохиолдолд хэрэглэх, ингэхдээ хэрэгжих хугацааг тэнссэн хугацаатай ижил, эсхүл тэрхүү хугацааны дотор байхаар тооцох ёстой гэж тайлбарлаж хэрэглэх нь Эрүүгийн хуулийн зорилго, түүний нийтлэг зарчмуудад нийцэх болно...” гэж хэрэг маргаан шийдвэрлэх замаар казуаль тайлбар хийж, тодорхой жишиг тогтоосон.
Миний үйлчлүүлэгчийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1398 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэсэн.
Энэхүү шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд мөн хуулийн 37.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол уг хугацаа дуусмагц шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ” гэж зааснаар тэнсэн харгалзах хугацаа тоологдож эхэлсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс тэнсэн харгалзах хугацааны дотор авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлэх хугацааг үйлчлүүлэгч Б.Н-д холбогдох хэргийн гүйцэтгэх хуудас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очсон өдрөөс буюу 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс бус шүүхийн шийтгэх тогтоол 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гарсан өдрөөс хугацааг тоолсон нь хууль зүйн үндэслэлгүй байна, түүнчлэн Улсын дээд шүүхийн тогтоолд тайлбарлаж, хэрэглэснээс өөрөөр хуулийг тайлбарлаж хэрэглэсэн. Улсын дээд шүүхээс үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний хэрэгжих хугацаа тэнссэн хугацаатай ижил, эсхүл тэрхүү хугацааны дотор байхаар тооцох ёстой гэж тэнссэн хугацаатай салшгүй холбоотойгоор тайлбарласан байхад давж заалдах шатны шүүхээс тэнссэн хугацаанаас тусад нь авч үзэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн үеэс тоолохоор тайлбарлаж байгаа нь үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Б.Н-ийн хувьд ямар нэгэн байдлаар оргон зайлсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан үйл баримт түүнд холбогдох материалд авагдаагүй, харин ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дуудсан цагт нь хүрэлцэн ирсэн байхад давж заалдах шатны шүүхээс түүнийг “...шүүхийн мэдэгдэх хуудас 2023 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу хүргүүлэх ажиллагаанд саад учруулсан...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн тэнсэн харгалзах хугацаанд ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдоогүй, өмнө гаргасан алдаагаа маш сайн ухамсарлан зан байдлаа засаж, ажил хөдөлмөр хийж байгаа болно.
Иймд прокурорын “Ялтан Б.Н-ийг ялаас чөлөөлөх” тухай дүгнэлтийг хангаж өгнө үү гэжээ.
Ялтан Б.Н- хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “Өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж оролцож байна” гэв.
Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэх асуудал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд гэмт хэргийн хохирлыг бүрэн төлж шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлж эрхийн хязгаарлалтыг зөрчөөгүй ба цаашид үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацааг дуусахаас өмнө ялаас чөлөөлж болно” мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаа дууссаны дараа тухайн хүнд ял оногдуулах эсэхийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ” гэж заасан. Тэгэхээр тэнсэх албадлагын арга хэмжээтэй холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлэнэ гэж заасан байна. Шүүхээс хорих ял оногдуулахгүй тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан ялтанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг үндэслэн шүүх шийдвэрлэн. Гэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.2 дахь хэсэгт зааснаар албадлагын арга хэмжээ авагдсан хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолно. Албадлагын арга хэмжээний хэрэгжилт, хяналт тавих журам нь энэ зүйл хэсэгт зааснаар хэрэгждэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө тус хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт ахлах шийдвэр гүйцэтгэгч хохироос өөр төрлийн ял шийтгүүлсэн этгээдийг хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн хамт хүлээж авна. Хохироос өөр төрлийн ял шийтгүүлсэн этгээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирээгүй нь шүүхийн шийдвэрийг хүлээн авах болон эрүүгийн хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэг үүсгэхэд саад учруулахгүй гэсэн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн өөрчлөлт орохоос өмнө нь шийдэгдсэн хэргийн хувьд ялтан хүрэлцэж ирээгүйгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлээгүй гүйцэтгэх хуудас, шийтгэх тогтоолд заасан эрүүгийн хариуцлага албадлагын арга хэмжээг хэрэгжүүлээгүй нь ялтны эрх зүйн байдлыг дордуулж болохооргүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан байгаа. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн захирамж, магадлалыг хүчингүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичгийг дахин хэлэлцүүлж, шүүхэд олгогдсон ял оногдуулах, оногдуулахгүй байх эрхийг хэрэгжүүлэх нь зүйтэй юм” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Магадлалыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч М.Цэдэнпунцагийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Н-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1398 дугаар шийтгэх тогтоолоор Б.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай (шинэчилсэн найруулга) 2017 оны хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсгийн “Ахлах шийдвэр гүйцэтгэгч албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн хамт хүлээн авна” гэх заалтын дагуу Б.Н-д холбогдох хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага “хүнгүй” шалтгаанаар хүлээн аваагүй, улмаар тус хуульд 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нэмэлт, өөрчлөлт орсноор шийтгэх тогтоолыг хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах боломжтой болжээ.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Б.Н-д холбогдох хэргийн шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудсыг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсантай холбогдуулан шийтгэх тогтоолд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаа дууссан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч холбогдох ажиллагааг дуусгавар болгох саналаа прокурорт хүргүүлсэн байна.
5.Прокурор “хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаа дууссан гэх” саналыг хүлээн авч, шүүхээс тогтоосон хугацаа дуусгавар болсон, тус хугацаанд Б.Н- дахин гэмт хэрэг үйлдээгүй, зөрчилд холбогдоогүй тул ялаас чөлөөлүүлэх талаар дүгнэлт бичиж ирүүлснийг анхан шатны шүүх “үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ биелэгдээгүй” үндэслэлээр дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх “шүүгчийн захирамж үндэслэлтэй, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг биелүүлсний дараа эрүүгийн хариуцлагын зорилго хангагдана” гэж дүгнэн хэвээр үлдээжээ.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ.” гэж заасан бөгөөд Б.Н-д холбогдох хэрэгт шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь хуульд заасан журмын дагуу биелэгдээгүй, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад тэрээр хамрагдах үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
7.Тодруулбал, ялтан Б.Н- нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, утасны дугаараа ашигладаггүй, шийтгэх тогтоолыг хүлээн аваагүй зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт заасны дагуу түүнд холбогдох шүүхийн шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудсыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээн аваагүйгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй байна.
8.Шүүхээс Б.Н-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн албадлагын арга хэмжээг давхар оногдуулсан атал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэрийн биелэлтийг хангах ямар ч ажиллагаа явуулаагүй, түүнчлэн прокурор тэнссэн 6 сарын хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй, зөрчилд холбогдоогүй учир албадлагын арга хэмжээг биелүүлсэнд тооцон “ялаас чөлөөлүүлэх тухай” дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 8, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 188 дугаар зүйлийн 188.1 дэх заалтуудтай тус тус нийцэхгүй.
9.Тиймээс 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1398 дугаар шийтгэх тогтоолын биелэлтийг хуульд заасан журмын дагуу хангуулах ёстой гэж үзсэн хоёр шатны шүүхийн шийдвэрийг буруутгах, өөрчлөн дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.
10. Өмгөөлөгчийн зүгээс Б.Н-ийн эрх зүйн байдлыг дордуулсан гэх агуулга бүхий гомдлын тухайд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулснаар уг шийдвэрийг биелэгдсэнд тооцох бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийтгэх тогтоолыг хүлээн авснаас хойш тогтоолын биелэлтийг хангах нь түүнд дахин эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн бус шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой ажиллагаа учраас Б.Н-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзэв.
11.Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаар магадлалыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч М.Цэдэнпунцагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ХОСБАЯР
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ