Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2020/0457

 

 

 

 

 

 

 

 

 

 

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч Д.Оюумаа, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.И нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 307 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “У”ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 307 дугаартай шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “У”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/10 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.И тус шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/10 дугаар "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт" нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1-т заасан захиргааны актын шинжийг дараах үндэслэлээр бүрэн хангаагүй гэж үзэж байна. Үүнд: Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй MNS 5140-1 2011 буюу "Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн стандарт"-ын 2 дахь хэсэгт "Энэ стандарт нь удирдлагын үйл ажиллагааг баримтжуулах явцад үүсч хөтлөгдөх зохион байгуулалт, захирамжлал, мэдээлэл лавлагааны шинжтэй баримт бичигт хамаарна. Энэ стандарт нь төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид хөтлөгдөж буй зохион байгуулалт, захирамжлал, мэдээлэл лавлагааны баримт бичгүүд, тэдгээрийн нэр төрөл, тодорхойлолтыг тогтооно” гэж, 3 дахь хэсэгт баримт бичгийг " а) захирамжлалын баримт бичиг b) зохион байгуулалтын баримт бичиг с) мэдээлэл-лавлагааны баримт бичиг" гэж төрөлд хуваана, 5.3 дахь хэсэгт зохион байгуулалтын баримт бичиг дараах төрлийн баримт бичгүүдээс бүрдэнэ гээд үүнд албан бичиг, зөвлөмж, гэрээ, дүгнэлт гэж тус тус тодорхойлсон байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан дүгнэлт нь хэн нэг этгээдийн үйл ажиллагааг хориглосон зөвшөөрсөн, журамласан, тогтоосон эсхүл татгалзсан зэрэг захирамжилсан шинж байхгүйн дээр MNS 51401201 стандартад тодорхойлсончлон дүгнэлт нь та захирамжлалын баримт бичгийн шинжгүй, зохион байгуулалтын шинжтэй барина бичиг байна. Түүнчлэн дээрх дүгнэлт нь дангаараа аливаа эрх зүйн шууд үр дагавар үүсгэх боломжгүй юм. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг Ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гаргаж байна.

...Гэтэл тус дүгнэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг гаргасан бөгөөд дүгнэлтийн 1 дэх хэсэгт Архангай аймгийн Засаг даргын албан бичгийг үндэслэн байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзсэн талаар, 2 дахь хэсэгт дүгнэлтийг холбогдох байгууллагад хүргүүлж, хэрэгжилтийг эргэн танилцуулах талаар Ажлын хэсгийн нарийн бичгийн даргад үүрэг болгосон заалттай байна.

Үүнээс үзэхэд дүгнэлт нь нөхцөл байдлыг дүгнэсэн, түүнийг өөр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх, хэрэгжилтийг нь хангуулахыг албан хаагчдаа даалгасан буюу гадагш чиглэсэн шинжгүй дотоод зохион байгуулалтын шинжтэй баримт бичиг гэж дүгнэхээр байна. Иймд байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт нь захиргааны актын шинжийг бүрэн хангахгүй байх тул Захиргааны хэргийн анхан шатны шүүх захиргааны акт гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2. ...хуульд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзаж байх дүгнэлт гаргахаар зохицуулсан болохоос дүгнэлтийг баримтаар тогтоосон байх шаардлага нь хуулиар төрийн захиргааны төв байгууллагад тавигдаагүй байна.

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх хэсэгт Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, гэж зааснаас үзэхэд тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа байгаль орчинд хортой нөлөөлж байгаа эсэх, хэрэв тийм бол уг асуудлыг эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх бүрэн эрхийг Аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр заасан байна.

3. ...төрийн захиргааны төв байгууллагад аймгийн Засаг даргын албан бичгийн үндэслэлийг хянах, газар дээр нь бодит байдлыг шалгах чиг үүргийг тусгайлан заагаагүй, мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа талаар нэгэнт нутгийн захиргааны байгууллагын ирүүлсэн саналыг харгалзан дүгнэлтээ гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байхад шүүх хуулийг буруу хэрэглэн шийдвэр гаргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т сонсох ажиллагаа явуулах тохиолдлыг 26.1-т " Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж тодорхой заасан бөгөөд дүгнэлт нь дангаараа дээр тайлбарласанчлан хэн нэг этгээдэд шууд үр дагавар бий болгох боломжгүй захирамжилсан шинжийг агуулаагүй, зохион байгуулалтын баримт бичиг тул захиргааны акт гэж үзэн сонсох ажиллагаа явуулах боломжгүй юм.

4. Түүнчлэн нэхэмжлэгчийн байгальд орчинд хортой нөлөө үзүүлсэн үйл ажиллагаа явуулсан эсэх асуудал дээр шүүх дүгнэлт өгөхдөө дараах байдлаар нотлох баримтыг буруу үнэлж хэтэрхий нэг талыг барьж дүгнэсэн нь шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. ..."Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргаас 2020 оны 5 дугаар сарын 08 - ны өдрийн 01/290 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн бичигт байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулаагүй” гэсэн байдаг бол Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгээр хариуцагчид ирүүлсэн саналд байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа” гэсэн байна.

Ийнхүү аймаг болон сумын засаг даргын эсрэг тэсрэг, зөрүүтэй албан бичгүүд хэрэгт авагдсан, мөн хэргийн материалд нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөө үзүүлээгүй” гэх нэг ч нотлох баримт байхгүй байхад шүүх нэхэмжлэгчийг байгаль орчинд эвдрэл, доройтол учруулаагүй байхад байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлсэн үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь хэтэрхий нэг талыг барьж, сумын засаг даргын албан бичгийг үндэслэн "хортой нөлөө үзүүлээгүй” гэж нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.

...тусгай зөвшөөрөл шилжүүлэн авсан эсэхээс үл хамааран тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг нэгэн адил эдэлж, хариуцлага хүлээнэ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т "шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ "34.2-т " Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв , эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасан үүргээ шүүх хэрэгжүүлээгүй, нотлох баримтыг бодитой бус буруу үнэлсэн нь шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

5. ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2020 /0307 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1дэх хэсэгт "Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “У”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/10 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгосугай” гэжээ. Дээрх хоёр хуулийн заалт нь маргаан бүхий дүгнэлтийн хуулийн үндэслэл бөгөөд хэрэв эдгээр заалтыг баримталж байгаа бол дүгнэлт хүчингүй болох ямар ч үндэслэлгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 307 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч “У”ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/10 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

          Маргаан бүхий 2019/10 дугаар дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 02/975 тоот албан бичгийг үндэслэн “У”ХХК-ийн эзэмшдэг МV-000 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь “байгаль орчинд хортой нөлөө учруулж буй” тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзжээ.

          1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэжээ.

          Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, ... талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан ... бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар” заажээ.

          Маргаан бүхий 2019/10 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгч “У”ХХК-ийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ “байгаль орчинд хортой нөлөө учруулж байгаа” буюу нэхэмжлэгч компанийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийг цуцлуулах нөхцөл байдлыг “тогтоосон” шийдвэрийг гаргасан захиргааны актын захирамжилсан шинжийг агуулж, улмаар энэ маргаан бүхий дүгнэлтийн үйлчлэл нь хариуцагч захиргааны байгууллагын (Байгаль орчин, аялал жуулчлалын яамны) дотоод харилцаанд үйлчлэхээр бус харин тус яамны гадна орших гуравдагч этгээд болох “У”ХХК-д чиглэж гарсан, уг компанийн эзэмшиж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулахад чиглэгдсэн, маргаан бүхий дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2019 оны 424 дүгээр шийдвэрээр[1] цуцалсан эрх зүйн үр дагавар гарсан гэдэг нь тогтоогдож байна.

          Иймээс маргаан бүхий дүгнэлт нь гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар шууд үүсгэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчийг “байгаль орчинд хортой нөлөө учруулж буй” болохыг тогтоосон, захиргааны акт байна.

          Үүний учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “маргаан бүхий Ажлын хэсгийн дүгнэлт нь хэн нэгэн этгээдийн үйл ажиллагааг хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан зэрэг захирамжилсан шинж байхгүйн дээр ...захирамжлалын баримт бичгийн шинжгүй, зохион байгуулалтын шинжтэй баримт бичиг,... дүгнэлт нь дангаараа эрх зүйн шууд үр дагавар үүсгэх боломжгүй,... гадагш чиглэсэн шинжгүй дотоод зохион байгуулалтын шинжтэй баримт бичиг,...захиргааны актын шинжийг бүрэн хангахгүй байх тул ...захиргааны акт гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

          2.Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч компанийг “байгаль орчинд хортой нөлөө учруулж буй” гэж буруутгаж байгаа бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах үндэслэл нь түүний хуульд нийцээгүй “буруутай үйл ажиллагаа” нь зохих журмын дагуу тогтоогдсон байх эрх зүйн нийтлэг зарчимтай, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “У”ХХК-ийн хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа нь зохих журмын дагуу тогтоогдсон тохиолдолд үр дагавар үүсэх бөгөөд маргаан бүхий 2019/10 дугаар дүгнэлт нь “байгаль орчинд хортой нөлөө учруулж буй” болохыг тогтоосон захиргааны актын хувьд агуулга болон хэлбэрийн нийтлэг шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

          Учир нь Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалахтай холбоотой үүргийг хэд хэдэн заалтаар нарийвчлан зааж өгчээ:

          Үүнд: уг хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан үүргийг биелүүлнэ”, 37.2-т “Байгаль орчны албанаас зөвшөөрөл авалгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, энэ хуулийн 35.4-т заасан комиссын шийдвэргүйгээр ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа эхлэхийг хориглох бөгөөд тухайн асуудлаар маргаан гарвал мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргаж болно”, 39 дүгээр зүйлийн 39.7-д “тухайн жилийн нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийгээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга болон мэргэжлийн хяналтын алба хамтран дараагийн жилийн олборлолтын ажлыг эхлүүлэхгүй байх эрхтэй” гэж тус тус заасан, түүнчлэн, байгаль орчныг хамгаалах энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл бий болохоор байна.

          Харин маргаан бүхий дүгнэлтийн үндэслэл болох Байгаль орчныг хамгаалах тухай (1995) хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6/-д “... байгаль орчинд хортой нөлөөлөх гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарах”-аар, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д “... /байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага/ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”-аар заасан нь нэхэмжлэгч “У”ХХК-ийн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэл болохгүй юм.

          Гэтэл эдгээр хуулийн заалтуудыг үндэслэж хариуцагчаас дүгнэлт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй гэж үзнэ.

          Харин Байгаль орчны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д “... байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэх”-ээр, 27 дугаар зүйлийн 1-ийн 10-т “... /улсын байцаагч/ хууль тогтоомж, технологийн зөрчил гаргаж байгаль орчинд хохирол учруулсан аж ахуйн нэгж, байгууллагын лиценз, зөвшөөрөл, ... эрхийг хүчингүй болгуулах, үйл ажиллагааг түр болон бүрмөсөн зогсоох саналаа тухайн эрх олгосон байгууллагад тавьж шийдвэрлүүлэх”-ээр тус тус заажээ.

          Эдгээрээс үзэхэд, тусгай зөвшөөрөл эзэмшигч “байгаль орчинд хортой нөлөө үзүүлсэн” нь мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий улсын байцаагчаас зохих журмын дагуу явуулсан хяналт, шалгалтаар тогтоогдсон нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан “дүгнэлт” гаргах үндэслэл болохоор байгааг дурдах нь зүйтэй.

          3.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах ... үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.” 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж зохицуулжээ.

          Гэтэл хариуцагчаас Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 дугаар албан бичгийг үндэслэн уг албан бичиг гарсантай нэг өдөр  буюу 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр маргаан бүхий дүгнэлтийг гаргаж, дүгнэлтээр нэхэмжлэгч компанийг буруутгаж байгаа “тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө үзүүлсэн” гэх нөхцөл байдлыг судлан шинжилж, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр бодит байдал ямар байсан, дүгнэлтийн үндэслэл болж буй баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан дүгнэж, үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй байна.

          Тусгай зөвшөөрөл эзэмшигч “байгаль орчинд хортой нөлөө үзүүлсэн” нь эрх бүхий этгээдээс тогтоогдсон байхыг шаардана, маргаан бүхий тохиолдолд, тусгай зөвшөөрөл эзэмшигч “У”ХХК нь ямар зөрчил гаргасан талаар маргаан бүхий захиргааны актад дурдаагүй бөгөөд зөвхөн Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 дугаар албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч компанийг “тусгай зөвшөөрлийн талбайд  ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулсан” гэдэг нь тогтоогдсон гэж шүүх дүгнэх боломжгүй.

          Ашигт малтмалын тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын “дүгнэлт гаргах” үйл ажиллагааг нарийвчлан зохицуулаагүй хэдий ч “удирдамж, томилолтын дагуу бодит нөхцөл байдлыг тогтоох, хяналт, шалгалтыг эхлүүлэх”, “нотлох баримт, хяналт шалгалтын үндсэн дээр аливаа этгээдийг хууль зөрчсөн байдлыг тогтоох”, “...мэдэгдэх, оролцоог хангах”, “гомдол гаргах боломжоор хангах” зэрэг Захиргааны ерөнхий хуульд заасан суурь зарчмуудыг захиргааны байгууллага биелүүлэх үүрэгтэй.

          Энэ талаарх анхан шатны шүүхийн “...дүгнэлтийг тухай өдөр нь гарган..., ...ямар байдлаар байгаль орчинд ийнхүү хортой нөлөө үзүүлж байгаа гэж үзсэнийг нотлох баримт, материал хавсаргаж ирүүлээгүй, ...ямар үйл ажиллагаа “У”ХХК явуулсныг захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа нотолсон байх, түүнийгээ үндэслэсэн байх ёстой...үндэслэлийг баримтаар тогтоосон байх үүргээ биелүүлээгүй нь хуульд нийцээгүй, ..., сонсох ажиллагаа хийхгүйгээр, урьдчилан мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргах болсон шалтгаан нөхцөлөө тайлбарлаагүй, нотлоогүй..” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч энэ талаарх Захиргааны ерөнхий хуулийн ямар зүйл, заалтыг баримталсан нь тодорхойгүй байх тул энэ талаар давж заалдах гомдолдоо хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдсан байдлыг харгалзан шүүхийн шийдвэрийн баримталсан хуулийн зүйл, заалтыг тодорхой болгох шаардлагаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

          Маргаан бүхий дүгнэлт нь Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 дугаар албан бичгийг үндэслэн гарсан харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо дурдсан Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргаас 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01/290 дүгээр албан бичгийг үндэслэл болгоогүй байхад анхан шатны шүүхийг зөрүүтэй баримтыг үндэслэн маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг дүгнэсэн гэж буруутгах үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

           1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 307 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 28 дугаар зүйлийн 28.2, Байгаль орчны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 26  дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “У”ХХК-ийн “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/10 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/10 дугаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг хүчингүй болгосугай.” гэж өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                                          Н.ДОЛГОРСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                          Д.ОЮУМАА

                        ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

 


[1] Хэргийн 1-р хавтас 22 дахь тал