| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 101/2016/5580/И/ |
| Дугаар | 1660 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 1660
Д.*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Наранцэцэг, Г.******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 101/ШШ2016/05396 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.*******д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 16 100 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч Г.******* илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.*******тай 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 15 хоногийн хугацаатай, 15 хоногийн 8 хувийн хүү тооцож авахаар харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулж, 5 000 000 төгрөг зээлдүүлсэн. Б.******* нь 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр зээлийн 15 хоногийн хүүний 50 хувь болох 200 000 төгрөгийг “Хаан” банкны ******* тоот данснаас миний “Хаан” банкин дахь ******* тоот дансанд шилжүүлсэн. Үүнээс хойш хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүргийг огт биелүүлээгүй. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын хооронд байгуулсан гэрээний ерөнхий агуулгын хүрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлохдоо талууд зээлийн гэрээний хугацааг 15 хоногоор тогтоосон боловч уг хугацаа хэтэрвэл зээлийг төлж дуусах хүртэл гэсэн тодорхой бус хугацаатай болгохоор гэрээний нөхцөлийг тодорхойлсон. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 5-ны өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч зээлийн хүүгийн 50 хувийг төлж үндсэн зээлийг төлөөгүй тул уг гэрээний 2.2-т зааснаар зээлийн гэрээг тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзнэ. Иймд хариуцагч Б.*******гаас үндсэн зээл 5 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, хүү 8 600 000 төгрөг нийт 16 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 5 дугаар сарын орчимд 5 000 000 төгрөг зээлэх боломжтой эсэх талаар Д.*******оос лавлахад хүнээс мөнгө орж ирвэл зээлж болно, маргаашнаас мөнгө ороод ирэх учир өнөөдөр гэрээнд гарын үсэг зурчих, нотариатаар орьё гэсэн. Гэрээнд гарын үсэг зурснаас хойш 2 хоногийн дараа мөнгөө хэзээ авах бэ гэхэд мөнгө орж ирэхээ больсон гэсэн. Би дээрх гэрээг нотариатаар ороогүй учраас ямар нэгэн асуудал байхгүй гэж бодсон бөгөөд тухайн үед Д.*******оос гэрээг нэхэж аваагүй. Мөнгө авсан бол гэрээг нотариатаар батлуулах байсан. Хуулийн байгууллагад худал зүйл бичиж миний нэр төрийг гутааж асар их хэмжээний мөнгө нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.*******гаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 7 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******ид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8 600 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 134 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.*******д олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь хэргийн бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэргийг хэт хийсвэрээр шийдвэрлэж миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг илтэд хохироож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Д.*******оос 5 000 000 төгрөгийг зээлэхээр тохирсон. Д.******* тухайн өдрөө гэрээгээ байгуулна гээд байгуулсан. Харин 2 хоногийн дараа мөнгө орж ирэхээр шилжүүлнэ, шилжүүлсний дараагаар нотариатаар гэрчлүүлнэ гэсэн. Миний бие хууль, эрхийн мэдлэг байхгүй тул нотариатаар гэрчлүүлээгүй бол хүчин төгөлдөр гэрээ болдоггүй гэж бодсон. Д.******* нь ч нотариатаар гэрчлүүлээгүй бол хүчингүй гэж надад хэлж байсан. Д.*******ийг хууль зүйн "*******" их сургуульд багшилдаг хүн тул үүнийг мэднэ байх гэж би итгэсэн. 2 өдрийн дараа би утсаар залгаж мөнгөө өгөхгүй юмуу гэхэд мөнгө зээлэх боломжгүй боллоо гэсэн. Харин та мөнгөний яаралтай хэрэгтэй байгаа бол энэ 400 000 төгрөгийг авч хэрэглэчихээд яаралтай буцааж өгөөрэй гээд өгсөн. Тухайн үед миний бие дээрх зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй байсан тул би Д.*******ийн хэлснээр хүчин төгөлдөр биш гэж бодсон. Гэтэл намайг хуурч их хэмжээний мөнгө авсан мэтээр илтэд гүтгэж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "хариуцагч нь нэхэмжлэгч *******оос 5 000 000 төгрөгийг аваагүй гэсэн хэдий ч боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, энэ талаархи баримтаа ирүүлээгүй болно" гэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Миний бие уг гэрээний дагуу мөнгө аваагүй гэдгээ тайлбарласан, аваагүй мөнгийг хэрхэн яаж аваагүй болохоо нотлохыг ойлгохгүй байна. Миний бие Д.*******той удаа дараа мөнгө өгч, авч байсан ба 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр манай гэр бүлд ажил явдал гарсан улмаас *******оос 5 000 000 төгрөгийг зээлэх гэсэн боловч мөнгөний боломжгүй болсон тул мөнгө зээлж чадахгүй болсон. Ажил явдал дууссаны дараагаар уг мөнгөний 200 000 төгрөгийг дансаар, үлдэгдэл мөнгө болох 200 000 төгрөгийг манай гэрт ирэх үед бэлнээр өгсөн. Уг 400 000 төгрөгийг авах үед манай хүү болох ******* нь цуг очсон. Мөн 200 000 төгрөгийг буцаан өгөх үед ч байлцсан. Дээрх 400 000 төгрөгтэй холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлээгүй байсан тул миний бие төлөөлөгчид уг 400 000 төгрөгтэй холбоотой асуудлын талаар дурдаагүй ба дээрх буцаан төлөлт гэж яригдаж байсан 200 000 төгрөгийг өөр тооцоо гэдгийг хэлж тайлбарлаж байсан. Энэ талаар Д.*******ийг өөрөө ч хэлэх байх хэмээн бодож байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.
Зохигчид 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Д.******* нь 5 000 000 төгрөгийг, 15 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Б.******* нь мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлөх, хугацаа зөрчсөн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр талууд харилцан тохиролцсон баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 4 дүгээр тал/
Хэдийгээр талууд гэрээнд гарын үсэг зурсан боловч хариуцагч Б.******* нь 5 000 000 төгрөгийг шилжүүлж аваагүй хэмээн татгалзсан ба нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох 5 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байхад анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэж зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Нэхэмжлэгчээс нотлох баримтаар цуглуулж өгсөн “Хаан” банкны депозит дансны хуулга гэх баримт нь хариуцагч Б.******* 5 000 000 төгрөгийг хүлээн авсан гэдгийг нотлохгүй байна. /хх-ийн 19 дүгээр тал/
Иймд нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй тул талуудын хооронд мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 101/ШШ2016/05396 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.*******гаас 16 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 000 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ
Г.ДАВААДОРЖ