Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 00347

 

 2019          11             20                                              2019/ШЦТ/347

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Оюунбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Н.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.У-ад холбогдох эрүүгийн 1938005780379 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н.У.

Шүүгдэгч Н.У- нь 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн “Бөөрөг” гэх газар оршин суух өөрийн гэртээ унтаж байхдаа төрсөн хүү хоёр сартай Б.Т-ыг болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Н.У- нь 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн “Бөөрөг” гэх газар орших гэртээ өөрийн төрүүлсэн хүү хоёр сартай Б.Т-ыг хөхүүлээд унтаж байхдаа, болгоомжгүйгээр цээжээрээ дарж, түүний улмаас Б.Т-ыг амьсгалын дутагдалд оруулж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/,
  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
  • Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
  • Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
  • Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр шөнө манай эхнэр улаан өнгийн бөмбөлгөн даавуутай ноосондуу материалтай зузаан хөнжил нөмөрч унтаж байсан. Манай эхнэр нимгэн даавуун подволктой унтсан, хүү маань өөрөө өлгийтэй унтсан. ...Надад гомдол санал, хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
  • Гэрч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 12-ны өглөө 07 цаг 35 минутад Тосонцэнгэл сумын 1 дүгээр баг “Бөөрөг” гэх газарт Б- гэдэг хүний хүүхэд эндсэн гэх дуудлага авч 08:00 цагийн үед нярай байгаа гэх гэрт орж үзэхэд гэрийн зүүн талын орон дээр хөнжлөөрөө хучсан нярайн цогцос байсан бөгөөд үзэхэд аль эрт амьсгал хурааж хөшилт явагдсан, бие нь хөрсөн байсан. Эхнэр нь сүүлд гэртээ орж ирснээ “Би л хөхөөрөө дараад алчихлаа” гээд уйлаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
  • Арван найман насанд хүрээгүй гэрч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би өглөө унтаж байсан чинь ээж намайг дуудахаар нь сэрсэн. Сэрээд хартал ээж “ээж нь дүүг чинь дараад алчих шиг боллоо” гээд уйлаад байхаар нь босоод хувцасаа өмсөж байхад ээж гарч аавыг дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
  • Гэрч Ц.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд Б- бид хоёр мал асууж байтал эхнэр У- нь гарч ирээд сандарсан байдалтай Б-ийг дуудаад гэртээ гүйгээд орсон. Гэртээ орсноо Б-, Ундрах хоёр орилолдоод байхаар нь би очоод үүдээр нь шагаагайд “яасан миний дүү” гэхэд “хүү маань сонин болчихлоо” гээд сандарчихсан хүүгээ тэврээд орилолдоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
  • Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 106 дугаартай: “...Б.Т- нь цээж дарагдлын улмаас амьсгалын дутагдалд орж нас баржээ” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
  • 2019 оны 05 дугаар сарын 21-нд төрсөн Б.Т-ын нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 43 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Н.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон хэргийн талаар дэлгэрэнгүй ярьсан. Би уг хэргийн талаар дахин ярьмааргүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/, болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 41 дүгээр хуудас/,

- Н.У-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 42 дугаар хуудас/,

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх...хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн байна.

Гэмт хэрэг гарах үед гэрт шүүгдэгч Н.У-, амь хохирогчийн түүний хууль ёсны төлөөлөгч Д.Б-, хүү Б.Т-, Б.Э- нар унтаж байсан болох нь шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Н.У- нь 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн “Бөөрөг” гэх газар орших гэртээ өөрийн төрүүлсэн хүү хоёр сартай Б.Т-ыг хөхүүлээд унтаж байхдаа, болгоомжгүйгээр цээжээрээ дарж, түүний улмаас Б.Т-ыг амьсгалын дутагдалд оруулж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5 дугаар хуудас/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, арван найман насанд хүрээгүй гэрч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч Ц.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26 дугаар хуудас/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 106 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-29 дүгээр хуудас/, 2019 оны 05 дугаар сарын 21-нд төрсөн Б.Т-ын нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 43 дугаар хуудас/, шүүгдэгч Н.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Мөн шүүгдэгч Н.У- нь 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн “Бөөрөг” гэх газар орших гэртээ хоёр сартай өөрийн хүү Б.Т-ыг хөхүүлэхдээ болгоомжгүйгээр цээж дарагдлын улмаас амьсгалын дутагдалд оруулж амь насыг нь хохироосон нь амь насаа алдах эрсдэл учрах боломжтойг урьдчилсан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан хэдий ч унтсаны улмаас мэдээгүй, аврах арга хэмжээ цаг алдалгүй авч чадаагүйгээс хүнийг амь насыг болгоомжгүйгээр хохироосон шинжийг агуулж байна. 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийг зөрчин хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсний улмаас хүний амь нас хохирсон хор уршигт хүргэсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Н.У-ын 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн “Бөөрөг” гэх газар орших гэртээ өөрийн төрүүлсэн хүү хоёр сартай Б.Т-ыг хөхүүлээд унтаж байхдаа, болгоомжгүйгээр цээжээрээ дарж, түүний улмаас Б.Т-ыг амьсгалын дутагдалд оруулсан үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёр нь уг гэмт үйлдэл, үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотойг харуулж байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгч Н.У-ын үйлдэл Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Мөн гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, цогцост үзлэг хийсэн болон бусад шинжилгээ, шинжээчийн дүгнэлтүүд, арван найман насанд хүрээгүй гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч нь амь хохирогчийг болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон болох нь түүний мэдүүлэг, цогцост хийсэн үзлэг, гэрэл зураг, шинжээчийн “...Б.Т- нь цээж дарагдлын улмаас амьсгалын дутагдалд орж нас баржээ” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-29/ зэргээр нотлогдоно.

Шүүгдэгч Н.У-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хүний амь нас хохирсон гэж шүүх дүгнэлээ.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-аас хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.У-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.У-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүйзэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу эрүүгийн харицлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэргийн хувьд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, шүүгдэгчийн ам бүл, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, шүүгдэгчийн нас, хүйс, биеийн байдал, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэргийг тус тус харгалзан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Н.У-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.У-ад тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Н.У-ад ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасан, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус тус харгалзан үзлээ.

Энэ хэрэгт хураагдан шүүхэд ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.У-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин Б.Т- болтол хэвээр үлдээх нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                   

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Н.У-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.У-ад тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, тэнссэн шүүгдэгч Н.У-ад хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.У-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ