| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2019/0123/э |
| Дугаар | 2019/ШЦТ/123 |
| Огноо | 2019-11-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2019/ШЦТ/123
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э
Шүүгдэгч А.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.У-д холбогдох 19160028801474 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.У нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн Зах булаг гэх газар О.О-тай "малаа гэрийн гадаа бэлчээлээ" гэх шалтгаанаар маргалдаж нэг нүдний дурангаар хохирогч О.О-ы толгойн тус газар цохиж биед тархи доргилт, дух, зулай, дагзанд цус хуралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч А.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: Би 2019 оны 09 сарын 12-ны өдөр өглөө манайх нэг хоол гаргасан. Манай нэг зээ охин түлэгдээд манайд ирсэн байсан. Урдаас мал орж ирсэн. Идэшний жоохон ногоо авсан байснаа нарлуулаад гадаа тавьсан байсан. Зарим нь гэр маажаад байдаг. Хөлд ороогүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж нь гарч чадаагүй. Би ямааг хөөх гээд гарахад эдний цөөхөн хэдэн үхэр ирчихсэн гэрийн зүүн талд хэвтэж байсан. Тэгээд О эгч үхрээ туугаад гэрийнхээ тийшээ явах гэж байсан. Тэдний ямаа нь гэрийн хажууд ирэхээр нь би юмаар шидээд хөөсөн. Тэгээд би О эгчийг харахаар нь ямаагаа ав гэж хэлсэн. Би цохичихно гэж мэдээгүй. Дурангаа гар доогуураа хийгээд барьсан байсан. Санаандгүй байхад намайг дух руу цохихоор нь миний толгой өдөөд би доошоо суусан. Нөгөөх чинь дээрээс дахиад чулуутай гараар цохисон. Дурангаар цохиход миний толгой маш их өвдсөн. Тэгэхээр нь би дуранг булааж авахад миний нүүр нүд рүү нулимаад юм хэлээд шулганаад байсан. Би цохино гэж мэдээгүй учраас цохиулсан. Цохиулаад өвдсөндөө болоод эргээд нөгөө хүн рүү гар сарвагнасан. Дахиад хармаган дотор байсан чулууг бариад над руу дайрхаар нь би булаацалдаж авсан. Түүнээс би ямааны хөл хугалаагүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч О.О-ы хууль ёсны төлөөлөгч О.Э-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: "...О миний төрсөн эгч, төрөлхийн хэлгүй, дохионы хэл сураагүй, бид багаасаа хамт өссөн болохоор юу хэлэх гэж байгааг нь дохио зангаагаар ойлгохоос гадна хүний нэр бичиж ойлголцдог. Ойр тойронд байгаа айлын хүмүүсийн нэрийг бичиж чаддаг. Энэ хүний нэрийг тэр гээд нэрийг нь бичиж өгөхөөр тогтоодог, бичиг үсэг мэдэхгүй, сургуульд сурч байгаагүй болохоор хэлэх зүйлээ илэрхийлж бичиж чаддаггүй. Гэмтлийн тасагт үзүүлэхэд тархи доргилттой, зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн онош хэлээд эмчилгээ бичиж өгөөд эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэсэн. Гэрээр эмчилгээ хийлгэж байгаад тархи барьдаг хүнээр тархиа бариулсан. Манай саахалт айлын Уранчимэг манай хонь, ямаа усанд орох гээд гол руу орж байхад буцааж хөөж гаргах гэж мал руу чулуу шидэж байгаад ишигний хөл мулт цохисон асуудгаас болоод манай хэл амгүй эгч О наанаас нь орилж очоод боль гэж гар, хөлт нь сарваганаж байхад нь У, Оэгчийг газар унагаагаад толгой руу нь урангаар цохиж, зүүн хавирга руу нь өшиглөж дэвсэж зодсон гэж надад дохио зангаагаар хэлсэн гэх мэдүүлэг/хх-ийн 9, 11 дүгээр хуудас/,
Гэрч О.Б-н мөрдөн байцаалтад өгсөн "...2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн үед Зах булагт гэртээ очсон чинь эгч О хүнд зодуулсан, гэмтэж бэртсэн байдалтай хэвтэж байсан. Манай эгч О төрөлхийн хэлгүй, дүлий, хөгжлийн бэрхшээлтэй хүн. Ээжээс юу болсон гэж асуухад О хүнд зодуулчихаад гэртээ цус болсон орж ирсэн гэсэн. Би эгч О-той дохио зангаагаар харьцаж муухан ойлголцдог. Дохиогоор харьцсан чинь У зодсон гэсэн. Уншиж, бичиж чадахгүй, өөрийнхөө нэрийг бичнэ, бичиж өгсөн үгийг дуурайлгаад бичиж чадна. Албан ёсны дохионы хэл мэдэхгүй, сураагүй, заалгаагүй. Зүгээр өөрөө дүрсэлж янз бүрийн дохио дүрсээр илэрхийлдэг. Малнаас болж хэрэлдсэн гэсэн. Зүүн талын хавирга орчим нь хөхөрсөн байсан, тэрийгээ заагаад энд дэвссэн гэсэн, чулуугаар толгой руу нь хэд хэд цохисон гээд заагаад байсан, мөн үснээс нь зулгаагаад чирсэн гэж дүрсэлсэн. Намайг харахад толгойн зүүн зулайн орчим язарч их цус гарсан, нүүр нь нилэнхүйдээ цус болж хатсан, зүүн шанаа нь хөхөрч хавдсан байдалтай, хөдөлж чадахгүй хэвтэж байсан. Өнгөрсөн жил бэлчээрээс болж би Урнаатай хэрүүл маргаан хийж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Н.Л- мөрдөн байцаалтад өгсөн "...2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 11 цагийн үед охин О малдаа явсан. Гэтэл 12 цагийн үед нүүр ам нь цус болсон толгойноос нь цус гарсан, хувцас хунар нь шороо болсон байдалтай гэртээ ирсэн. Миний охин хэлгүй, дүлий хөгжлийн бэрхшээлтэй хүн. Яасан юу болсон гэсэн дохио зангаагаар хүнд зодуулсан гэж дүрсэлж хэлээд орон дээр ухаан балартаад унасан. Би өндөр настай, даралт харвасан хүн, охин Б, О бид гурав хөдөө хамт амьдардаг..." гэх мэдүүлэг/хх-ийн 13 дугаар хуудас/,
Гэрч В.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн "...Намайг очиж үзэхэд О гэртээ орон дээр хэвтсэн, дагжиж чичирсэн, нүүр ам нь цус болсон, зүүн талын хавирга нь хөхөрсөн, хүрч үзэх гэхэд хүргэхгүй, духны зүүн хэсэгт нь арьс нь язарсан цус их гоожиж хатсан байдалтай, дээд даралт нь 130, доод даралт нь 90 байсан. Гараараа толгой руу, зүүн хавирга руу өвдөж байна гэж үйлдлээр үзүүлсэн, өөр үйлдэл хийгээгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн "...Духны зүүн хэсэг рүү хатуу юмаар цохисон, бас үснээс зулгаасан, зүүн хавирга руу хөлөөрөө дэвссэн гэж үйлдлээр илэрхийлж үзүүлж байсан. Үзлэг хийхэд зүүн 7-9 дүгээр хавирга нь хөхөрсөн байдалтай байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/
Гэрч С.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн "...Тухайн өдөр Д бид хрёр гэрээ буулгаад байж байхад духнаас цус гарсан, нүүр ам нь цус болсон байдалтай манайд О ирэхээр нь дүү Э-руу утсаар ярьсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Гэрч С.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн "...Гэрт нь сууж байхад У гадаа мал ирсэн байна гээд гэрээс гараад явсан. О дуран барьсан байсан, дуран нь нэг нүдний дуран байсан. О төрөлхийн ярьж чаддаггүй. Хүний нэр бол бичиж чаддаг. Дохионы хэл мэддэггүй..." гэх мэдүүлэг/хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч Г.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн "...Ээж дуранг нь гараас нь булааж аваад буцаагаад шидсэн, О эгчийн дух орчим цохигдсон байсан, дух хэсэгт зулгарч бага зэрэг цус гарсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 282 дугаартай шинжээчийн дүгнэлт "О.О-ы биед тархи доргилт, дух, зулай, дагзанд цус хуралт, дух, зүүн хавирга, зүүн дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тухайн хэрэг болох үед үүссэн байх боломжтой. Тархи доргилт болон дух, зулай, дагзанд байх цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэсэн дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/, зарлагын падаан хх-78-рт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э-ын мэдүүлэг, гэрч О.Б, Н.Л, В.Па, Б.Б, С.С, С.О, Г.Д нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн дүгнэлт зэрэг улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч А.У нь О.О эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч А.У-ийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс шүүгдэгч А.У-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч А.У-ийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч А.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурор 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, А.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.
Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч А.У нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан /хх 114-рт/ байна.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон прокурорын саналыг харгалзан шүүгдэгч А.У-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, бусад орлого олох боломжийг нь харгалзан уг торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч А.У-ийн үйлдэлд тогтоогдоогүй болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 367.000 төгрөгийг нэхэмжилсэн, хохиролын баримтыг гаргаж өгсөн байна.
Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч А.У-ээс 367000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дурангийн үнийг гаргуулж авах санал гаргасан боловч мөрдөн байцаалтын шатанд уг дурангийн үнийг нэхэмжлээгүй бөгөөд улмаар дуранд үнэлгээ тогтоогдоогүй байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт дуранд үнэлгээ тогтоох боломжгүй байх тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг нүдний дуранг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э-т олгохыг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөр төлөөгүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
1. Шүүгдэгч А.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч А.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан А.У-т оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан А.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар ялтан А.У-ээс 367.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э-т олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг нүдний дуранг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э-т буцаан олгосугай.
7.Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан хохирогчид учруулсан хохиролыг төлөөгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан А.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан А.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА