Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2026/00565

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Т.Бадрах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 197/ШШ2026/03591 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч*******, ******* нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 1,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******, ******* нарт холбогдуулан гэм хорын хохиролд 1,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...******* нь надад 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 4 имплант шүдний суулгац суулгаж өгснөөс 3 шүд нь жижигдээд таараагүй. Уг нөхцөл байдлын улмаас таараагүй 3 шүдийг Солонгост дахин захиалж авчирна гэж удаасаар байгаад 2025 оны 01 дүгээр сард шүд нь ирээд суулгахад 1 шүд нь таараад, дахин 2 шүд нь таараагүй учраас суулгаж өгнө гэж хэлээд шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 шүдийг янзалж өгсөн. Миний шүд бүрэн болсон боловч олон дахин хийсэн шүд нь таарахгүй 1 жил гаран шүдгүй явснаас болж би хоолоо зажилж идэж чадахгүй, шүд нь буйлаа урсаар ходоод шархалж, миний эрүүл мэндэд хохирол учирсан. Иймээс ходоод шархаа эмчлүүлсэн эмчилгээний төлбөрт 1,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэж тайлбарласан байна. /хх49/

 

4. Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ “...Нэхэмжлэгч тэтгэврийн насны хүн гэж хүсэлт гаргасны дагуу хөнгөлөлт үзүүлж, 1,850,000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг шүдийг 1,750,000 төгрөгөөр, нийт 4 ширхэг шүдийг 7,000,000 төгрөгөөр хийж өгсөн. Манай эмнэлгийн зүгээс хүний биед гадны биет суулгаж байгаа болохоор бүрэн эдгэртэл 12 сар хүртэл хугацаа шаарддаг, энэ хугацаанд гам сайн барьж хатуу юм зулгааж, зажлахгүй байх талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн. Гэвч нэхэмжлэгч гамаа сайн бариагүйгээс болж, 3 шүд нь унасан. Манайх өөрсдөө нэхэмжлэгчийг дагуулж яваад унасан шүднүүдийг нь өөр хувийн эмнэлэгт янзлуулж өгсөн. Шүднээс болж ходоодны шархтай болсон талаар ямар ч баримт гаргаж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлан, талууд маргажээ. /хх49-50/

 

5. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

5.1. *******,******* нар 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 1 ширхэг имплант шүдийг 1,750,000 төгрөгөөр, 4 ширхгийг нь 7,000,000 төгрөгөөр хийлгэхээр аман хэлбэрээр харилцан тохиролцсон. /хх6, 49/

5.2. Гэрээний дагуу ******* нь 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 3,600,000 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 3,400,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. /хх9-10/

5.3. Хариуцагч******* нь 4 ширхэг имплант шүд суулгах ажил гүйцэтгэсэн боловч 3 шүд унасан, үүнтэй холбогдон хариуцагч нь 2024 оны 08 дугаар сараас 2025 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд нэхэмжлэгч *******д 3 имплант шүд суулгах ажлыг өөр эмнэлгээр гүйцэтгүүлсэн.

 

6. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн үндэслэлийн талаар зөв дүгнэсэн байна.

6.1. Тодруулбал, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгчээс ажлын хөлс төлсөн үйл баримтад маргаангүй. Мөн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх49-50/

6.2 Талууд, хариуцагч гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч ходоодны шарх өвчтэй болсон эсэх, мөн эмчилгээний зардалд 1,750,000 төгрөг зарцуулсан эсэх талаар маргажээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нотлох үүрэгтэй.

6.3. Нэхэмжлэгч нь Шастины нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ходоодны дурангийн зураг, мөн оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ходоодны дурангийн зургийг тус тус нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ. /хх46-47/

Эдгээр нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч******* гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч ******* ходоодны шарх өвчтэй болсон гэж дүгнэх боломжгүй. Түүнчлэн, нэхэмжлэгчид 1,750,000 төгрөгийн бодит хохирол учирсан гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 197/ШШ2026/03591 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ХУЛАН

 

 

                            ШҮҮГЧИД                                      Т.БАДРАХ

 

 

                                                                                  Ч.ЦЭНД