Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 167

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ф

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,

Шүүгдэгч Х.С нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Сд холбогдох 1913000000233 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 04  дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 4 дүгээр баг, “Цагаан түнгэ” гэх газарт оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэлгүй, Е овогт Х.С, регистрийн дугаар ББ............

 

Холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Х.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ө.Шыг ямар нэгэн шалтгаангүйгээр зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.С мэдүүлэхдээ: “...Би дахиж гэмт хэрэг үйлдэхгүй, гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэв.

Эрүүгийн 1913000000233 дугаартай хэргээс:

Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

 

2. Хохирогч Ө.Шын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 07, 23-24 дүгээр хуудас/.

... Миний бие 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 17 цаг 30 минутын үед хичээл тараад сургуулиас ганцаараа гараад сургуулийн баруун талын дотуур байрны урдуур явж байхад үл таних 2 залуу дотуур байрны үүдэнд зогсож байсан. Тэдний хажуугаар явж өнгөрөх үед нэг залуу наашаа хүрээд ир гэхээр нь би юу ч дуугаралгүй яваад өгсөн. Тэгсэн миний араас Х.С гэгч гүйж ирээд шууд зүүн талын нүд орчимд гараараа нэг удаа цохисон. Тэр үед би шууд зугтаад сургууль руу орж багш нарыг дагуулаад гараад ирсэн. Тэд дотуур байрны үүдэнд зогсож байсан. Тэгээд барьж аваад цагдаад дуудлага өгсөн. Х.С миний зүүн талын нүд рүү цохисноос болж миний хөмсөг сэтэрч, нүд хөхөрч цус гарсан байсан. Би цохиулаад сургууль руу явж байхад Х.Сын хажууд байсан залуу намайг дахин дуудсан ба би зогсолгүй гүйгээд сургууль руу орсон. Бид барьж авах үед Х.С болон хажуудаа байсан залуу согтуу байсан юм. Маргааш нь Х.С надад ирж уучлалт гуйж, эмчилгээ хийлгэж томографын зураг авхуулахад гарсан хохирол 150.000 төгрөгийг төлж өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг,

 

3. Гэрч Т.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

“... Тэгээд зогсож байхад бидний хажуугаар үл таних нэг залуу явсан ба тухайн залууг хөөе гэж Х.С дуудсан боловч юу ч хэлээгүй явж байхад Х.С араас нь гүйж очиж барьж аваад нэг удаа цохисон. Тухайн залуугийн зүүн талын хөмсөг орчмоос цус гарчихсан юм. Тэгээд сургууль руу гүйгээд явж байхаар нь би зогсоож тэднийг эвлэрүүлэх гэж дуудсан боловч зогсолгүй сургууль руу орчихсон. Х.С бид хоёр зогсож байхад сургуулиас нэг хүн дагуулж гарч ирээд биднийг барьж аваад цагдаад өгөөд явуулсан. Тухайн үед Х.С бид хоёр согтуу байсан...” гэх мэдүүлэг ,

 

4. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны үзлэг хийсэн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 464 дугаартай дүгнэлтэд: /хх-ийн 36 дугаар хуудас/.

Бодит үзлэгт: Биеийн ерөнхий байдал дунд зэрэг, ухаан санаа саруул, асуусан асуултад зөв хариулна, байрлал идэвхтэй, хүүхэн хараа 2 талд ижил, дугараг, гэрлийн урвалд жигд оролцоно, нүдний алимын чичирхийлэлт үгүй, дагзны булчингийн хөшилд үгүй, хамар уруулын нугалаас 2 талд ижил, хэл голын шугамаар, мөчдөд саа саажилтгүй, хамар хурууны сорилд алдагдахгүй, өнгөц ба гүний мэдрэхүй хэвийн, шөрмөсний рефлекс хэвийн, тархины 12 хос мэдрэл голомтот өөрчлөлтгүй, Ромбергийн сорилд тэнцвэртэй.

Хэсэг газрын үзлэгт: Зүүн талын нүдний дээд доод зовхины хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн талын хөмсөгний хэсэгт 2х0,5см-ийн мэс заслын оёдол тавьсан зах ирмэг нь тэгш бус язарсан шархтай.

Дүгнэлт хэсэг: 1.Иргэн Ө.Шын зүүн талын хөмсөгний хэсэгт зах ирмэг нь тэгш бус язарсан шарх, зүүн талын нүдний дээд доод зовхины хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Иргэн Ө.Шын биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх үед үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. /шинжээч эмч Е.Б/...гэх дүгнэлт,

 

5. Шүүгдэгч Х.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

“....Тэгээд Т.Т дэлгүүр лүү орж 2 ширхэг 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй шар айраг авсан. Улмаар театрын урд талаас харсан нэрийг нь мэдэхгүй буудалд очиж Т.Т төлбөрийг нь төлж орсон. Тэнд ороод бид хоёр шар айргийг хувааж ууж сууж байхад Т.Т миний найз М МСҮТ-ийн дотуур байранд байдаг, очиж уулзаад ирэх үү гэж хэлсэн. Бид хоёр 17 цаг өнгөрч байхад МСҮТ-ийн дотуур байранд очсон. Тэгэхэд М гадуур байдаг, дотуур байранд байдаггүй гэсэн. Тэгээд дотуур байрны урд зогсож байхад тухайн үед таньдаггүй байсан бөгөөд Ө.Ш гэгч залуу Т.Т бид хоёрын хажуугаар явсан. Тэр залууг ямар учраас дуудсанаа мэдэхгүй байна. Хөөе гэж дуудахад харалгүй явахаар нь араас гүйж очиж заамдаж авч зүүн талын нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэр үед Ө.Ш шууд сургууль руу гүйгээд явсан ба хөмсөгнөөс нь цус гарчихсан байсан. Сургууль руу гүйж байхад араас нь Т.Т дуудсан чинь харахгүй яваад сургууль руу орчихсон. Буцаж гарч ирээд хэдэн хүн дагуулж ирээд цагдаа дуудаж намайг бариулсан юм. Тэр өдөр би согтуу байсан тул эрүүлжүүлсэн. Маргааш нь би Ө.Шын гэрт нь очиж уучлалт гуйсан. Би Ө.Шыг огт таньдаггүй байсан бөгөөд надаас эмчилгээний зардалд 150.000 төгрөг нэхэмжлэхээр нь тухайн мөнгийг нь төлж өгсөн. Би согтуудаа Ө.Шыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү. Би харамсаж байна.”  гэх мэдүүлэг.

 

6. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:

  • Хохирогч Ө.Шын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн:

“...Х.Сын аав нь нас барсан, ээж, дүү нартайгаа амьдардаг гэж хэлсэн ба надаас уучлалт гуйж учирсан хохирлыг минь барагдуулж өгсөн тул уучилсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

- 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр олгосон “РД:ББ............, овог:Е, эцэг /эх/-ийн нэр:Х, нэр:С, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1999/04/30, төрсөн газар:Баян-Өлгий, Алтанцөгц, хаяг:Баян-Өлгий, Алтанцөгц, 4-р баг, Цагаан, түнгэ бүртгэлийн дугаар:830736292451, хүчинтэй хугацаа:2024/04/30, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37/,

- Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/181 дугаартай “Алтанцөгц сумын 4-р багийн иргэн Х овогтой С нь ам бүл 4, ээж, дүү нарын хамт амьдардаг, тус багийн нэн ядуу өрх юм. Ямар нэгэн орлогогүй, мал хөрөнгөгүй. Ээж, дүү нарыг асран хамгаалж байгаа ба дүү Х.Оралбек нь байнгын хүний асаргаанд байдаг хэвтрийн дэглэмтэй юм. Урьд өмнө ямар нэгэн хэрэгт холбогдоогүй, төлөв даруу зантай, хүмүүжилтэй хүүхэд мөн” гэх тодорхойлолт /хх-ийн 38/,

- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Иргэн С нь ББ............-ийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэх эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 40/,

 - Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

 

  1. Шүүгдэгч Х.Сын гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Шүүгдэгч Х.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутны дотуур байрны гадаа иргэн Б.Шалхарыг ямар нэгэн шалтгаангүйгээр зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ө.Шын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 07, 23-24 дүгээр хуудас/, гэрч Т.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны үзлэг хийсэн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 464 дугаартай дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/, шүүгдэгч Х.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: /хх-ийн 35-36 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгчийн бусдыг хүндэтгэх, бусадтай харилцах харилцааны соёл, өөрийн сэтгэл хөдлөл, уур омгоо удирдан жолоодох чадвар дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн ба  2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 14 цагаас 17 цаг 30 минутын хооронд сургуулиас гараад сургуулийн баруун талын дотуур байрны урдуур явж байсан Ө.Шыг наашаа хүрээд ир гэхэд юу ч дуугаралгүй яваад өгсөнд нь дургүйцэж шүүгдэгч Х.С гүйж очоод шууд түүний зүүн талын нүд орчимд гараараа нэг удаа цохиж, хохирогч Ө.Шын биед хөнгөн хохирол учруулсан байна.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, нэг нэгнийгээ үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ө.Шын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 464 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Сын дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Шын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Ө.Шын “...эмчилгээний зардалд 150.000 төгрөг төлж өгсөн. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Сыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Сын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Х.Сын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.  Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй байна. 

Шүүгдэгч Х.Сд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Е овогт Х.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сыг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, баривчлагдаж цагдан хоригдоогүй, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    А.ДАУРЕНБЕК