| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 192/2025/11663/И |
| Дугаар | 210/МА2026/00566 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2026/00566
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Т.Бадрах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/10545 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Миний бие 2025 оны 08 дугаар сарын эхээр зарын дагуу *******тай ярихад Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, ******* гудамж, ******* байрны ******* тоот хаягт байршилтай орон сууцыг үзүүлж, урьдчилгаа 20,000,000 төгрөг өгөөд орон сууцанд орчих, үлдэгдэл мөнгөө хоорондоо тохиролцоод чамд худалдана гэсэн. 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг *******ы ХААН банк дахь данс руу шилжүүлж, үлдэгдэл төлбөрөө сар бүр 5,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон.
Нотариат орж гэрээ байгуулах гэтэл орон сууц нь банкны барьцаанд байсан тул гараараа бичиж гэрээ байгуулсан. Дундын данс нээж 5,000,000 төгрөг байршуулах болоход хариуцагч татгалзаж байрны түлхүүрээ буцаан авсан. Мөн орон сууцыг чөлөөлж өгсөн. Хариуцагчаас мөнгөө авах гэхээр өгөхгүй байгаа тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
*******тэй 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бөгөөд тухайн маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах талаар тохиролцож, уг гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага болох 20,000,000 төгрөгийг хариуцагч болох миний данс руу шилжүүлсэн тул үүрэг үүсээгүй, үүрэг дуусгавар болсон, хүчин төгөлдөр бус болсон гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч нь байрны урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг шилжүүлэн, орон сууцны түлхүүр хүлээн авсан. Нэхэмжлэгч сар болгоны 30-ны өдөр 5,000,000 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй. Над руу 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр түлхүүрээ явуулсан байсан бөгөөд мөн сарын 10-ны өдөр орон сууцыг чөлөөлж өгсөн. Нэхэмжлэгч нь түлхүүр хүлээн авснаас хойш 1 сар 15 хоногийн хугацаанд орон сууцанд амьдарсан тул орон сууцны түрээс болон цахилгаан, ус, СӨХ-ны зардлыг нэхэмжлэлээс хасуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөнгийг буцааж өгнө, хугацаа хэрэгтэй байгаа гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 257,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль хэрэглээний алдаатай гэж үзэн гомдол гаргаж байна.
4.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ үндэслэлгүй хөрөнгөжсөн 20,000,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон. Хариуцагчийн хувьд талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр талаар маргасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.2-т Гэрээний гол нөхцөл, зохигчдын тайлбараас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна” гэж тусгасан боловч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль хэрэглээний алдаатай байна.
4.2. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т “нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр орон сууц худалдан авахаар тохирсон 20,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн, гэрээнээс татгалзсан тул төлбөрөө буцаан гаргуулах гэж шаардах эрхээ тодорхойлсон” гэжээ.
Энэ үндэслэлийг нэхэмжлэгч нь гаргаагүй бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт гэрээнээс татгалзсан тул төлбөрөө буцаан гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дурдаагүй бөгөөд зөвхөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн үндэслэлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцсон байтал шүүх нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн зүгээс үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гарган шүүх хуралдаанд оролцсон боловч шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилсөн нь хариуцагч хариу тайлбар гаргах, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг няцаах хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж үзнэ. Нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдсөнөөр хариуцагч эрхээ эдэлж чадаагүй зөрчигдсөн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон. /хх21, 36-37/ Мөн талууд дээрх гэрээнээс татгалзсан гэж дүгнэн түүнээс үүсэх үр дагаврыг шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3.1. Учир нь, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тодорхойлсон боловч, үндэслэлээ “... ******* ... орон сууцыг үзүүлсэн ... урьдчилгаанд 20,000,000 төгрөг шилжүүлээд орон сууцанд орсон, ... үлдэх төлбөрийг сар болгон 5,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон ... орон сууцыг барьцаанаас чөлөөлж худалдах, худалдан авах гэрээ хийхээр ярилцсан, ... төлөлт хийх өдрөө банканд 5,000,000 төгрөгийн хадгаламж нээгээд баримтаа явуулах гэхэд хариуцагч боломжгүй гэсэн хариу өгсөн ... ингээд түлхүүрийг нь өгөөд, орон сууцыг буцаан өгсөн тул урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 төгрөгөө гаргуулна” гэж тайлбарлажээ. /хх36/
3.2. Хариуцагч “ ... үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй. *******тэй 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бөгөөд тухайн маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах талаар тохиролцож, уг гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага болох 20,000,000 төгрөгийг хариуцагч болох миний данс руу шилжүүлсэн тул үүрэг үүсээгүй, үүрэг дуусгавар болсон, хүчин төгөлдөр бус болсон гэж үзэхгүй. ... нэхэмжлэгч орон сууцыг чөлөөлж өгсөн, ... амьдарч байсан хугацааны ашиглалтын зардал, СӨХ-ны төлбөр зэргийг хасуулах хүсэлтэй ... хугацаа хэрэгтэй байна” гэсэн үндэслэлээр татгалзсан байна. /хх19/
3.3. Гэрээний дагуу худалдан авагч ******* нь 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр орон сууцны урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг худалдагч ******* руу шилжүүлж, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, ******* гудамж, *******ны ******* тоот хаягт байршилтай орон сууцыг эзэмшилдээ авсан болох нь ХААН банк дахь депозит дансны хуулга, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх4, 36-37/
3.4. Нэхэмжлэгч ******* гэрээнээс татгалзаж 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр орон сууцны түлхүүрийг, мөн сарын 10-ны өдөр орон сууцыг тус тус хариуцагч *******д хүлээлгэн өгсөн үйл баримтад талууд маргаангүй.
3.5. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь гэрээгээр шилжүүлэн авсан орон сууцыг хариуцагчид буцаан хүлээлгэн өгсөн, харин хариуцагчийн хувьд гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлэн авсан 20,000,000 төгрөгөө буцааж өгөх үүргээ гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч *******аас 20,000,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч ******* олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.
4. Анхан шатны шүүх, зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээд эрх зүйн ямар харилцаанаас үүдэлтэй маргаан болохыг тодорхойлж, холбогдох хуулийг тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэх журмыг зөрчөөгүй байх тул “шүүх үндэслэлгүй хөрөнгөжсөн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаатай байна” гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Хариуцагч тал нэхэмжлэгчийн амьдарсан хугацааны СӨХ-ны төлбөр болон ашиглалтын зардлыг хасаж тооцуулна гэж тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүйн гадна сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх мөнгөн хөрөнгөөс суутган тооцох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцэхгүй.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхийн зохицуулалтад хамааралгүй Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй боловч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/10545 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Ч.ЦЭНД