Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2026/00567

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Т.Бадрах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/10670 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч*******, ******* нарт холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 72,924,709 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь хариуцагч компанитай 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр БАТГГ-03/23, мөн оны 12 дугаар сарын 15-ны өдөр БАТГГ-39/23 дугаартай барилгын ажлыг туслан гүйцэтгэх гэрээ байгуулж, “Бадрах” хотхон төслийн барилгын А2 блокийн хана, багана, дам нурууны тэгшилгээ, цонхны тавцан суулгах, тагтны гадна засал хийх, ханын зүлгүүр, обой наах, хана таазны будаг, эмульс хийх, хаалга суулгах, шал шахах зэрэг заслын ажлуудыг захиалагчийн материалаар зураг төсөл, ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэсэн. Хариуцагч нь уг гүйцэтгэсэн ажлын хөлсөнд нийт 316,549,530 төгрөг төлөхөөс 72,924,709 төгрөгийг төлөөгүй байгаа учраас уг төлбөрийг гаргуулна гэжээ.

 

2.Хариуцагч*******-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Талууд 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тооцоо нийлж, 72,924,709 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнээс нэхэмжлэгч нь 25,000,000 төгрөгийг *******ийн данс руу шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу 18,000,000 төгрөгийг *******ийн данс руу шилжүүлсэн, мөн ******* гэх хүний данс руу 8,000,000 төгрөг болон автомашиныг тус тус шилжүүлсэн. Иймд үлдэх төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

3. Хариуцагч *******гийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Миний бие нэхэмжлэгчтэй хариуцагч компанийн нэрийн өмнөөс гэрээ байгуулсан. Энэ гэрээтэй холбоотой төлбөрийн асуудлыг би хариуцахгүй. Тухайн гэрээнд миний одоо эзэмшиж буй орон сууцыг төлбөрт тооцон шилжүүлэх талаар тусгаагүй. Иймд намайг хариуцагчаар татсаныг ойлгохгүй байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас 61,924,709 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 11,000,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******д холбогдох 72,924,709 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 522,574 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******-аас 467,573 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

5.1. Хэрэгт авагдсан баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 7.4-д “... бусад этгээд руу шилжүүлсэн гэх гүйлгээний огноо, тооцоо нийлсэн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс өмнөх цаг хугацааных байгаа, шилжүүлсэн гэх мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй байна.” гэжээ. Гэтэл хариуцагч******* нь нэхэмжлэгч *******гийн хүсэлтийн дагуу тооцоо нийлсэн цаг хугацааны дараа буюу 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр *******ийн эхнэр болох *******д 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн, мөн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ******* гэх хүний данс руу төлбөрөө шилжүүлээч гэсэн тул түүний хүсэлтийн дагуу шилжүүлсэн.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ******* утсаар холбогдож гэрээний төлбөрөөс ******* гэх хүний данс руу шилжүүлээч гэх зөвшөөрлийн үндсэн дээр******* нь зөвшөөрөл олгож байгаа гэж ойлгон түүний хэлсэн данс руу шилжүүлсэн байхад зөвшөөрөлгүй этгээд руу шилжүүлсэн хэмээн дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 15,000,000 төгрөгийг хассан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.

6.1. Хариуцагч нь нэхэмжлэгч *******гийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу *******ийн ******* тоот данс руу 11,000,000 төгрөг шилжүүлсэн гэх баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Уг баримтын талаар нэхэмжлэгчээс тодруулж үзээд энэ асуудлаар давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд тухайн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна.

Харин 7,000,000 төгрөг болон 8,000,000 төгрөг буюу нийт 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч уг төлбөртэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй. Мөн нэхэмжлэгчээс тодруулж асуухад 7,000,000 төгрөг болон 8,000,000 төгрөг нь нэхэмжлэгчид огт шилжиж орж ирээгүй, бодитоор хүлээн аваагүй гэж тайлбарласан. Иймээс нэхэмжлэгчийн зүгээс дээрх төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Түүнчлэн хариуцагч 7,000,000 болон 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч ямар хүний данс руу, хэзээ шилжүүлсэн талаар тодорхой нотлох баримт гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гаргаагүй болно

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******, ******* нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 72,924,709 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч******* нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... талууд тооцоо нийлж, 72,924,709 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан. Үүнээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу ******* данс руу 18,000,000 төгрөг, *******ийн данс руу 8,000,000 төгрөг болон автомашиныг шилжүүлсэн.” гэж, хариуцагч ******* нь “... миний бие нэхэмжлэгчтэй хариуцагч компанийн нэрийн өмнөөс гэрээ байгуулсан. Уг гэрээтэй холбоотой төлбөрийн асуудлыг хариуцахгүй” гэх үндэслэлээр татгалзан, талууд маргажээ.

 

3. Анхан шатны шүүх, нэхэмжлэгч *******, хариуцагч******* нарын хооронд байгуулагдсан 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр БАТГГ-03/23 дугаартай “Барилгын ажлыг туслах гүйцэтгэх гэрээ, мөн оны 12 дугаар сарын 15-ны өдрийн БАТГГ-39/23 дугаартай “Барилгын ажлыг туслах гүйцэтгэх гэрээ”, зохигчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Гэрээний дагуу гүйцэтгэгч ******* нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бадрах” хотхон төслийн барилгын А2 блокын хана, багана, дам нурууны тэгшилгээ болон заслын ажлыг захиалагчийн материалаар зураг, төсөл, ажлын даалгаврын дагуу, холбогдох хууль тогтоомж, норм, дүрэм, стандарт, захиалагчийн тавьсан шаардлагад нийцүүлэн гүйцэтгэн ажлын үр дүнг захиалагч*******-д хүлээлгэн өгсөн үйл баримтад зохигч маргаангүй.

 

5. Талууд 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тооцоо нийлж, хариуцагч******* нь ажлын хөлсөнд 72,924,709 төгрөг нэхэмжлэгч *******д төлөх үлдэгдэлтэй болохыг баталгаажуулан, гарын үсэг зурж акт үйлдсэн талаар мөн маргаангүй байна. /хх20/ Харин уг үүргийг бүрэн гүйцэтгэсэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

 

6. Анхан шатны шүүх, хэргийн 95, 105-106 дахь талд авагдсан бичмэл нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд хариуцагч*******-аас иргэн ******* данс руу шилжүүлсэн 11,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцсон зөв. Харин хэргийн 104 дэх талд авагдсан нотлох баримтыг дээрх хуульд заасан журмын дагуу үнэлээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулан дүгнэв.

6.1. Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “А2 блок заслын ажлын хөлснөөс ******* ******* дугаартай ХААН банкны данс руу 25,000,000 төгрөгийг шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлт хариуцагч*******-д гаргасан байна. /хх95/

Уг хүсэлтийн дагуу хариуцагч*******-ийн гүйцэтгэх захирал ******* эзэмшлийн ******* дугаартай ХААН банк дахь данснаас ******* данс руу 11,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

6.2. Хэргийн 104 дэх талд авагдсан ХААН банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтаас үзвэл, хариуцагч*******-ийн гүйцэтгэх захирал ******* эзэмшлийн ******* дугаартай ХААН банк дахь данснаас 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэн ******* эзэмшлийн ******* дугаартай данс руу 7,000,000 төгрөгийг “А2 blokiin zasal ajliin guitsetgeld tsetsegma” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлжээ. /хх104/

Нэхэмжлэгч тал уг баримтыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байхаас гадна  Р.*******, ******* нар ах дүүс, иргэн *******, ******* нар гэр бүл, өөрөөр хэлбэл хамаарал бүхий этгээдүүд болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.  

Иймээс дээрх нотлох баримтыг үндэслэн хариуцагч*******-ийн гүйцэтгээгүй үүргээс 7,000,000 төгрөгийг хасч тооцох нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасантай нийцнэ. Энэ талаарх хариуцагч*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.

 

7. Хариуцагч тал гэрээний төлбөрт автомашин шилжүүлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Мөн нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээс 8,000,000 төгрөг иргэн *******д хүлээлгэн өгөх зөвшөөрөл хариуцагчид олгосон гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул “ ... нэхэмжлэгчийн хүсэлтээр *******д шилжүүлсэн ... нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд холбогдох хэсгийг хангахгүй.  

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/10670 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******-аас 54,924,709 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,000,000 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “467,573” гэснийг “432,574” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ХУЛАН

 

                                         ШҮҮГЧИД                                     Т.БАДРАХ

 

                                                                      Ч.ЦЭНД