Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 152

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч Т.Б,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Е,

Гэрч А.Ж, Б.Ж, Ш.А, Х.З, А.Ж, Ө.Х,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т, А.С,

Шүүгдэгч Х.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У овогт Х.Хт холбогдох эрүүгийн 1813003200135 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1961 оны 01 сарын 17-ны өдөр Баян- Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, одоо эрхэлсэн ажилгүй, өмнө нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргаар ажиллаж байсан, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суух хаягтай, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, У овогт Х.Х, регистрийн дугаар БЭ..............

 

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Х.Х нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар 15-ны өдрийн А/153 дугаар захирамжаар өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан Бугат суманд хуваарилсан 2 сая төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 03 дугаар 27-ны өдөр А/33 дугаар захирамж гарган өөрийн эхнэр Ж.Бын нэр дээр бүртгэлтэй “Ахжибек” ХХК-ийн данс руу шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон,

Захиргааны хэргийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2017 оны 09 дүгээр 15-ны өдөр байгуулж уг гэрээний дагуу өөрөө төлөх ёстой өмгөөллийн хөлсний 400.000 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 06 дугаар 12-ны өдрийн А/25 дугаар захирамж гаргаж Бугат сумын орон нутгийн хөгжлийн сангаас хадлангийн талбай бий болгох зориулалттай 9.860.000 төгрөгөөс гаргуулж өөртөө давуу байдал бий болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч Х.Хыг гэм буруутайд тооцох үндэслэл:

1. Шүүгдэгч Х.Х нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар 15-ны өдрийн А/153 дугаар захирамжаар өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан Бугат суманд хуваарилсан 2 сая төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 03 дугаар 27-ны өдөр А/33 дугаар захирамж гарган өөрийн эхнэр Ж.Бын нэр дээр бүртгэлтэй “Ахжибек” ХХК-ийн данс руу шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

- Гэрч Ө.Хн өгсөн: “...Засаг дарга Х.Х 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/33 дугаартай захирамжид заасан 2,000,000 төгрөгийг “Ахжибек” ХХК-ийн данс руу шилжүүл гэж надад амаар өгсөн үүргийн дагуу би уг компанийн данс руу 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. “Ахжибек” ХХК-ийн данс руу 2,000,000 төгрөг шилжүүлэх үед “Ахжибек” ХХК-ийн уг нэхэмжлэх байхгүй байсан. Би сүүлд уг нэхэмжлэхийг харсан. Нэхэмжлэхийг дараа нь гаргаж өгсөн. ...Мөн онд манай сумын иргэн алга болсонтой холбоотой аймгийн Онцгой байдлын газар болон сумын онцгой комисс хуралдаж эрэн хайх ажиллагаа явуулсан. Үүнтэй холбоотой бензиний зардал бүгд “НИК” ХХК-аас гарсан. “НИК” ХХК-иас авсан төлбөр тооцоо Тамгын газарт ирсэн бөгөөд манай засаг даргын тамгын газрын төсвөөс гарсан. ...Хэдэн төгрөгийн бензиний зардал гарсныг мэдэхгүй. Би тухайн үед “НИК” ХХК-тай гэрээ хийгээгүй. Бензин олгох тасалбарыг мөн өгөөгүй. Засаг дарга өөрөө гэрээ хийж бензин олгох тасалбарыг өөрөө бичиж өгдөг байсан.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Гэрч Б.Жын өгсөн: “... “Ахжибек” ХХК-ийн данс руу 2,000,000 төгрөг яагаад шилжүүлэх болсон талаар сайн мэдэхгүй. Х.Х засаг дарга захирамж гаргасны дараа иргэн Ү.Оыг хайх ажиллагаанд зарцуулсан баримт байгаа гэж хэлж байсан. Засаг дарга Ө.Хд “Ахжибек” ХХК-ийн данс руу шилжүүл гэж үүрэг өгсний дагуу надад шилжүүл гэхээр нь би шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

            Мөрдөн байцаалтад:

          - Гэрч Ө.Хн өгсөн: “... “Ахжибек” ХХК нь Х.Х даргын эхнэрийн компани юм. Өмнө нь Х.Х дарга уг компанийн захирал хийж байсан юм байна. 2 сая төгрөгийг аймгийн засаг даргын нөөц хөрөнгөөс манай сумын засаг даргын нөөц хөрөнгө рүү шилжүүлж өгсөн. Нөөц хөрөнгийг ямар зүйлд зарцуулах талаар хуульд зааж өгсөн байдаг. Засаг дарга Х.Х нь тухайн 2 сая төгрөгийн санхүүжилтийг данснаас гаргахыг зөвшөөрсөн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/33 дугаартай захирамж баталж өгсөн. Түүний дагуу мөнгийг нь шилжүүлсэн. Ямар зүйлд зарцуулсныг мэдэхгүй байна. Х.Х нь өөрөө болохоор НИК ХК-аас 2 сая төгрөгөөр бензин авсан гэсэн баримт гаргаж өгсөн боловч НИК ХК-аас тийм шатахуун аваагүй байсан. Тухайн 2 сая төгрөгийг хувьдаа зарцуулсан гэсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-33 дугаар хуудас, 3-р хх-ийн 3 дугаар хуудас/,

   - Гэрч Х.Ха, Б.Х, А.А нарын өгсөн: “...Х.Х нь засаг даргаар ажиллаж байх хугацааны 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/33 дугаартай захирамж байгаа юм. Энэхүү захирамж нь сумын өвөлжилтийн байдал, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, орон нутгаас тавьсан хүсэлт, асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус суманд хуваарилагдсан 2 сая төгрөгийг санхүүжилтийн данснаас гаргахыг тамгын газрын даргад үүрэг болгосон тухай юм. Энэ захирамжийн дагуу тамгын газрын дарга нь 2 сая төгрөгийг “Ахжибек” нэртэй ХХК-д шилжүүлсэн. ... “Ахжибек” ХХК нь Х.Хын өөрийнх нь нэр дээр байсан компани юм. Дараа нь эхнэрийнхээ нэр дээр шилжүүлсэн гэсэн. Яагаад эхнэрийнхээ компани руу мөнгө шилжүүлснийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1- хх-ийн 17-22, 29-30 дугаар хуудас/,

   - Гэрч Б.Жын өгсөн: “...Тухайн үед 2017 онд Х.Х Бугат сумын засаг даргаар ажиллаж байхдаа сураггүй болсон Ү.Оыг эрэн хайх, Дэлүүн сумаас өвс тэжээл татах, ангийн бүсэд өвс тэжээл тавих, Ү.Оы ар гэрт нь тусламж өгөх зэрэгт 2 сая төгрөгийн санхүүжилтийг “Ахжибек” ХХК-ны данс руу шилжүүлж авсан. Буцааж 2 сая төгрөгийг төлсөн баримт байхгүй. Харин зарцуулсан тухай баримт “Ахжибек” ХХК-ны данс руу шилжүүлсэн тухай баримт нь манай санхүүд эх хувиараа байгаа.” гэх мэдүүлэг /1-х хх-ийн 219-220 дугаар хуудас/,

   - Гэрч Х.Бын өгсөн: “...НИК Петровис шатахуун түгээх станцын №1-тэй Бугат сумын Засаг даргын тамгын газар гэрээгээр шатахуун авч байсан. Ямар шалтгааны улмаас шатахуун авдаг байсныг мэдэхгүй. Бидэнд тамгатай гарын үсэг зурсан цаас үзүүлээд бензин, шатах тослох материал авч байсан. Дандаа бэлэн бусаар авч байсан. Байгууллага гэрээ хийсэн тохиолдолд бэлнээр авч байсан удаа байхгүй. Х.Х Бугат сумын засаг даргаар ажиллаж байхдаа манай салбарт бензин, шатах тослох материалын зээл гэж 2,775,904 төгрөгийн зээл үлдсэн байсан. Энэ асуудлаар манай байгууллага шүүхэд гомдол гаргаж шүүх гомдлыг хүлээн авч Бугат сумын ЗДТГ, Х.Хыг засаг дарга байх үед зээлсэн шатахууны үнэ болох 2,775,904 төгрөгийг төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 221-222 дугаар хуудас/,

- Сум тус бүрт 2 сая төгрөг хуваарилсан тухай Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 03 сарын 15-ны өдрийн А/153 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” захирамжийн хуулбар /1-р хх-ийн 224 дугаар хуудас/,

  - Аймгийн төсвөөс олгосон 2 сая төгрөгийг зарцуулах тухай Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2018 оны 03 сарын 27-ны өдрийн А/33 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” захирамж болон төсөвт байгууллагын дансны хуулга зэргийн хуулбар /1-р хх-ийн 77, 153-154 дүгээр хуудас/,

- Уг 2 сая төгрөгийг сумын албаны хэрэгцээнд зарцуулсан мэт болгож хуурамчаар бичсэн Ахжибек ХХК-ийн нэхэмжлэлийн хуулбар /1-р хх-ийн 78 дугаар хуудас/,

- Уг 2 сая төгрөгийг Ахжибек ХХК-ийн 291400464558 тоот дансанд шилжүүлсэн тухай төлбөрийн хүсэлт №56 /1-р хх-ийн 155 дугаар хуудас/,

- “Ахжибек” ХХК-ны зээлийн 291400464735 тоот дансанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 176-177 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газраас шилжүүлсэн 2,000,000 төгрөг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Ахжибек” ХХК-ны зээлийн 291400464735 тоот дансанд орж мөн өдрөө 1,964,000 төгрөгөөр зээлд татагдсан талаарх Төрийн банкны дипозит болон зээлийн дансны хуулга /1-р хх-ийн 149, 179-180 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар,

 

2. Захиргааны хэргийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2017 оны 09 дүгээр 15-ны өдөр байгуулж уг гэрээний дагуу өөрөө төлөх ёстой өмгөөллийн хөлс 400,000 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 06 дугаар 12-ны өдрийн А/25 дугаар захирамж гаргаж Бугат сумын орон нутгийн хөгжлийн сангаас хадлангийн талбай бий болгох зориулалттай 9,860,000 төгрөгөөс гаргуулж өөртөө давуу байдал бий болгосон нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

- Иргэний нэхэмжлэгч Х.Еы өгсөн: “...Авлигатай тэмцэх газраас ирсэн мөрдөгч нараас тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгч томилох ёстой гэсний дагуу намайг уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр томилсон. Надад энэ хэрэгтэй холбоотой мэдэх зүйл байхгүй. Хэргийн материалтай танилцсаны дараа 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэдгийг мэдсэн. Уг 400,000 төгрөг буюу өмгөөлөгчийн хөлсийг орон нутгийн хөгжлийн сангаас зарцуулсан байсан. Хуульд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үйлчилгээний хөлсөнд зарцуулахыг хориглосон байдаг. Улсын мөнгийг хууль бусаар зарцуулсан. Гэм буруутай эсэхийг тогтоож, улсын төсвийг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Гэрч А.Жын өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Х.З өмгөөлөгчтэй засаг дарга Х.Х гэрээ байгуулсан байсан. Тухайн үед би өөрийнхөө мөнгөнөөс Х.Хын өмнөөс Х.З өмгөөлөгчид мөнгө өгсөн байсан. Тухайн үед Х.З өмгөөлөгчтэй гэрээ байгуулах үед Х.Х дарга өмгөөллийн хөлсийг төл, дараагаар нь ямар нэгэн байдлаар арга нь олдох байх гэсэн учраас мөнгийг гаргаж авсан. Тухайн үед Х.Х дарга чи төлчих дараагаар нь гаргаж өгье гэсэн болохоор өөрийнхөө мөнгөнөөс төлсөн. Х.Х даргатай би өмгөөллийн хөлсийг төлье гэдэг зүйл хэлээгүй. Уг мөнгө бол Х.Х дарга өөрөө төлөх ёстой мөнгө. Өмгөөллийн хөлсөнд төлсөн мөнгөө 1-2 удаа засаг дарга Х.Хаас “400,000 төгрөгийг яах вэ” гэж нэхэж байхад учир нь олдох байлгүй дээ гэж хэлж байсан. Орон нутгийн хөгжүүлэх сангийн 9,860,000 төгрөгөөс өмгөөллийн хөлсөнд төлсөнд 400,000 төгрөгөө аваарай гэдгийг засаг дарга Х.Х, тамгын газрын дарга Ө.Х нар хэлсэн. Тийм учраас өмнө өмгөөллийн хөлсөнд өөрөөсөө төлсөн 400,000 төгрөгийг гаргаж авсан. ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Гэрч Х.Зийн өгсөн: “...Х.Х нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар өмгөөлөгчөөрөө намайг сонгон авч улмаар өмгөөллийн гэрээ байгуулсан. Тухайн үед Х.Хтай өмгөөллийн гэрээг 400,000 төгрөгөөр харилцан тохиролцож байгуулсан. Уг 400,000 төгрөгөөс 200,000 төгрөгийг А.Ж гэдэг хүн Х.Хын өмгөөллийн хөлс гэж 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр авч ирж өгсөн. Үлдсэн 200,000 төгрөгийн оронд 2 хонь өгөхөөр болж тохиролцсон. 2017 оны 11 дүгээр сард буюу идэш гаргах үеэр А.Ж 1 хонийг манай гэрт авч ирж өгсөн. 1 хонийг авч ирж өгч чадаагүй. Хонь оторт гарсан байна. Дараагаар нь өгнө гэсэн боловч одоо хүртэл өгөөгүй.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Мөрдөн байцаалтад:

- Иргэний нэхэмжлэгч X.Еы өгсөн: “...Х.Х нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн гаргасан захирамжтай холбоотой захиргааны хэрэгт өмгөөлөгч Х.Зтай гэрээ байгуулан өөрийгөө өмгөөлүүлсэн байна. Уг өмгөөллийн хөлсийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус сумын засаг даргын А/25 тоот захирамж гаргаж хавсралтанд дурдсан орон нутгийн хөгжлийн сангаас 400,000 төгрөгийг өмгөөлөгчид төлсөн байна. Уг үйлдлийн улмаас манай Бугат сумын ЗДТГ-т 400,000 төгрөгийн хохирол учирсан байна. Өмгөөлөгчийн хөлсийг хувь хүн өөрөө төлөх ёстой. Түүнээс биш орон нутгийн хөгжлийн сангаас гаргах ёсгүй. Орон нутгийн хөгжлийн сангаас тухайн сумын засаг даргын захирамжаар мөнгө зарцуулах боломжтой. Засаг даргын захирамж гараагүй үед ямар ч мөнгө зарцуулах боломжгүй. Тийм учраас Бугат сумын засаг дарга Х.Хыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсөвт хохирол учруулсан байна гэж үзэж байна. Би уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 400,000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Бугат сумын ЗДТГ-ын төрийн сангийн дансанд буцаан төлүүлж улсын төсвийг хохиролгүй болгох хүсэлттэй байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 249-250, 3-р хх-ийн 1 дүгээр хуудас/,

- Гэрч Х.Зийн өгсөн: “...Х.Хтай холбоотой захиргааны хэргийн шүүх хурал 2017 оны 11 дүгээр сард болсон. Би өмгөөлөгчийн хөлсийг шүүх хурал болохоос өмнө авсан. Надад Ж 2017 оны 09 дүгээр сард гэрээг байгуулсны дараа 200,000 төгрөг бэлнээр авч ирж өгч байсныг санаж байна. 2017 оны 11 дүгээр сард 200,000 төгрөгт нь нэг хонь авч ирж өгсөн. Түүнийгээ 2018 оны 3 дугаар 14-ний өдөр төсвөөс гаргаж авсан байж болзошгүй. ...Өмгөөлөгчийн хөлсийг тухайн өмгөөлүүлж байгаа гэрээ байгуулсан хүн өөрөө өгөх ёстой. Би Жыг Х.Хын өмгөөллийн хөлсийг надад өгсөн гэж бодоод авчихсан юм. Ж надад хэлэхдээ “Х.Хын өмгөөллийн хөлс” гэж хэлээд өгсөн.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 4-5 дугаар хуудас/,

- Гэрч А.Жын өгсөн: “...Х.Х нь 2017 оны 9 дүгээр сард надад “Би захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаар оролцож байна. Чи өмгөөллийн хөлс 400,000 төгрөгийг Х.З өмгөөлөгчид өөрөө хувиасаа өгчих. Би дараа нь чамд ямар нэг аргаар гаргаж өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь сумын засаг дарга тэгж хэлж байгаа юм чинь өгөхөөс өөр аргагүй болж өөрөө хувиасаа Х.Хын өмгөөллийн хөлсийг төлөх болсон. Тэгээд би өмгөөлөгч Х.Зд 2017 оны 09 дүгээр сард 200,000 төгрөг бэлнээр өгч, үлдсэн 200,000 төгрөг нь бэлнээр олдохгүй болохоор хувиасаа нэг эр хонийг 2017 оны 11 дүгээр сард Х.Зд өгсөн. Тэгээд Х.Хаас өмгөөллийн хөлсөнд өгсөн 400,000 төгрөгөө нэхэхэд хариуд нь “Чи түр тэсээд байж бай. Би чамд ямар нэгэн аргаар гаргаж өгнө” гэж хэлсэн. Тэгээд л 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр миний дансанд орж ирсэн уг мөнгөнөөс Х.Х өмгөөлөгчийн хөлсөө ав гэж хэлэхээр нь би данснаас өмгөөлөгчийн хөлс гэх утгаар 400,000 төгрөгийг гаргаж авсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 2 дугаар хуудас/

- Гэрч Ө.Хн өгсөн: “...Х.Х нь өмгөөлөгч Х.Зтай 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэрээний дагуу 400,000 төгрөг өгөх ёстой. Үүнийг орон нутгийн хөгжлийн сангаас гаргаж өг гэж хэлээд гэрээг надад үзүүлсэн. Тэгээд би Х.Хын үзүүлсэн гэрээг хуулбарлаж санхүүгийн анхан шатны баримтандаа хийсэн юм. Тэгээд Х.Х нь өөрөө 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Бугат сумын засаг даргын А/25 тоот захирамж гаргасан. Уг захирамжийн хавсралтад байгаа хадлангийн талбай бий болгох 9,500,000 төгрөгөөс 400,000 төгрөгийг өмгөөлөгч Х.Зд өмгөөллийн хөлсөнд өг гэж Х.Х надад өөрөө үүрэг болгосон. Би гүйцэтгэх албан тушаалтны хувьд засаг даргын өгсөн үүргийг биелүүлсэн юм. ...Ямар ч байсан засаг дарга Х.Х өмгөөлөгчийн хөлс 400,000 төгрөг Х.Зт өгөх ёстой гэж хэлээд л орон нутгийн хөгжлийн сангаас уг 400,000 төгрөг гаргуулсан юм. Уг мөнгийг хэрхэн Х.Зд өгснийг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 3 дугаар хуудас/

- Захиргааны хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх 2017 оны 09 дүгээр 15-ны өдрийн 07 дугаар гэрээний хуулбар /2-р хх-ийн 148 дугаар хуудас/,

- Бугат сумын Засаг даргын 2018 оны  08 дугаар сарын 12-ны өдрийн А/25 дугаартай “Орон нутгийн хөгжлийн сангийн тухай” захирамж, уг захирамжийн хавсралт зэргийн хуулбар /1-р хх-ийн 75-76 дугаар хуудас/,

- Дээрх захирамжийн дагуу 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Асылбах” ХХК-ны данс руу 9,860,000 төгрөг шилжин орсон, мөн өдрөө А.Жын Төрийн банк дахь данс руу шилжин орж уг мөнгөнөөс өмгөөлөгчийн хөлс 400,000 төгрөг шилжүүлсэн талаарх Төрийн банк дахь дансны хуулгууд /1-р хх-ийн 148, 3-р хх-ийн 7 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлуулсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Х.Хын өмгөөлөгч А.С нь 1 дүгээр хавтаст хэргийн 120 дугаар хуудсанд авагдсан 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д заасан “энэ хуулийн 9.2-т заасны дагуу шинжээчээр томилогдсон этгээд нь шинжилгээ хийх эрх бүхий этгээдийн дуудсанаар ирж, тавьсан асуудлын дагуу дүгнэлт гаргана”,  мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д заасан “Шинжээч шинжилгээ хийхийн тулд өөрийн санаачилгаар баримт материал цуглуулахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байх тул нотлох баримтаар үнэлэхгүй байхыг хүсэж байна. Мөн шинжээчид эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй байна гэж мэтгэлцсэн нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шинжээч нь дээрх хуулийн заалтыг зөрчиж мөрдөгчийн тавьсан асуултаас өөр асуултад хариулсан, мөн дүгнэлт гаргахдаа өөрөө нотлох баримт бүрдүүлсэн, шинжээчид эрх, үүрэг тайлбарлаж хууль сануулаагүй болох нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 781 дугаартай шинжээч томилж, дахин шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 118-р хуудас/ болон 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 120-р хуудас/ зэргээр нотлогдож байна.  Иймд шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 120-р хуудас/-ийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримт гэж үнэлэх боломжгүй байх тул шүүгдэгчийн гэм бурууг тогтоох нотлох баримтын үндэслэл болгоогүй болно.

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Хд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ.

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаал хамаарна” гэж заасны дагуу мөн зүйлийн 11.1.9-д зааснаар “бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч” гэж байх тул сумын засаг дарга нь улс төрийн удирдах албан тушаалтанд хамаарч байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Х нь дээр дурдсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан юм.

Мөн Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д ““давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан.

Шүүгдэгч Х.Хын хувьд Баян-Өлгий аймгийн засаг даргын захирамжаар өвөлжилт хүндэрсэн сумуудад хуваарилсан 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Ж.Бын “Ахжибек” ХХК-ийн данс руу шилжүүлснээр, мөн өөрийн эрх мэдэл, албан тушаалын хүрээнд гаргасан захирамжийн талаарх Захиргааны хэргийн шүүх хуралдаанд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд зааснаар өөрийн төлөх өмгөөллийн хөлс 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг “Орон нутгийг хөгжүүлэх сан”-ийн хөрөнгөөс төлснөөр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон байна.

Шүүгдэгч Х.Хд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Х болон түүний өмгөөлөгч А.С, С.Т нар нь “Шүүгдэгч Х.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдээгүй тул гэм буруугүйд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

...Баян-Өлгий аймгийн Бугат сумын засаг даргын 2018 оны 03 дугаар 27-ны өдөр А/33 дугаар захирамжид уг 2,000,000 төгрөгийг “Ахжибек” ХХК-д шилжүүлсүгэй гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Засаг дарга нь уг төсвийг захиран зарцуулах үүргийг төсвийн шууд захирагч болох тус сумын засаг даргын тамгын газрын дарга Ө.Хд үүрэг болгосон байна. ...Би 2,000,000 төгрөгийг “Ахжибек” ХХК-нд зарцуулах талаар захирамж гаргаагүй. Манай компанийн нэхэмжлэхийн дагуу Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Х тухайн компанийн данс руу шилжүүлсэн байна. Иймд өөртөө давуу байдал бий болгоогүй гэж үзнэ” гэж мэтгэлцэв. 

 

  • Үгүйсгэх үндэслэл нь:

1. Гэрч Ө.Хн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн “...Надад засаг дарга Х.Х нь 2018 оны 03 дугаар 27-ны өдөр А/33 дугаар захирамжид заасан 2,000,000 төгрөгийг “Ахжибек” ХХК-ны данс руу шилжүүлэхийг амаар үүрэг болгосон. Миний бие гүйцэтгэх албан тушаалтны хувьд засаг даргын амаар өгсөн үүргийн дагуу уг мөнгийг түүний эхнэр Ж.Бын “Ахжибек” ХХК-ны данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлгээр дээрх байдал нь үгүйсгэгдэж байх бөгөөд шүүгдэгч Х.Х нь өөрийн эхнэр Ж.Бын “Ахжибек” ХХК-ийн данс руу дээрх 2,000,000 төгрөгийг шилжүүлэхийг өөрөө Ө.Хд үүрэг болгосон байна.

“Ахжибек” ХХК-ийн нэхэмжлэхэд дурдсан бензин болон өвс тэжээл зэргийн зардал нь бүгд Баян-Өлгий аймгийн Бугат сумын засаг даргын тамгын газрын төсвөөс гарсан зардал гэдэг нь гэрч Ө.Х, Б.Ж нарын мэдүүлгээр тогтоогдсон.

Мөн “НИК Петровис” ХХК нь Бугат сумын засаг даргын тамгын газарт зөвхөн засаг даргын цохолт бүхий тамгатай бичгээр бензин олгож байсан бөгөөд бэлэн мөнгөөр тооцоо хийж байгаагүй зөвхөн нэхэмжлэхээр нэхэмжилж тооцоо хийж байсан болох гэрч Х.Бын “...НИК Петровис шатахуун түгээх станцын №1-тэй Бугат сумын Засаг даргын тамгын газар гэрээгээр шатахуун авч байсан. Ямар шалтгааны улмаас шатахуун авдаг байсныг мэдэхгүй. Бидэнд тамгатай гарын үсэг зурсан цаас үзүүлээд бензин, шатах тослох материал авч байсан. Дандаа бэлэн бусаар авч байсан. Байгууллага гэрээ хийсэн тохиолдолд бэлнээр авч байсан удаа байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 221-222 дугаар хуудас/-ээр тогтоогдсон.

 

2. Шүүгдэгч Х.Х нь “...Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд А.Жыг гуравдагч этгээдээр оролцуулах ёстой байсан. Үүний дагуу уг өмгөөллийн хөлсийг А.Ж төлөх ёстой бөгөөд бид хоёр тэгж тохирсон байсан” гэх боловч уг хэрэгт А.Жыг гуравдагч этгээдээр татан оролцуулахаас татгалзах тухай Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 110/ШЗ2017/0452 дугаартай шүүгчийн захирамж гарсан байна. /шүүгдэгч Х.Хын шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн захирамжийн хуулбараар/.

Мөн уг өмгөөллийн хөлсийг А.Ж төлөхөөр тохирсон байсан гэх нөхцөл байдал нь гэрч А.Жын “...Х.Х нь 2017 оны 9 дүгээр сард надад “Би захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаар оролцож байна. Чи өмгөөллийн хөлс 400,000 төгрөгийг Х.З өмгөөлөгчид өөрөө хувиасаа өгчих. Би дараа нь чамд ямар нэг аргаар гаргаж өгнө” гэж хэлсэн. ...Тэгээд Х.Хаас өмгөөллийн хөлсөнд өгсөн 400,000 төгрөгөө нэхэхэд хариуд нь “Чи түр тэсээд байж бай. Би чамд ямар нэгэн аргаар гаргаж өгнө” гэж хэлсэн. Тэгээд л 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр миний дансанд орж ирсэн уг мөнгөнөөс Х.Х өмгөөлөгчийн хөлсөө ав гэж хэлэхээр нь би данснаас өмгөөлөгчийн хөлс гэх утгаар 400,000 төгрөгийг гаргаж авсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 2 дугаар хуудас/

 Гэрч Ө.Хн “...Х.Х нь өмгөөлөгч Х.Зтай 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэрээний дагуу 400,000 төгрөг өгөх ёстой. Үүнийг орон нутгийн хөгжлийн сангаас гаргаж өг гэж хэлээд гэрээг надад үзүүлсэн. Тэгээд би Х.Хын үзүүлсэн гэрээг хуулбарлаж санхүүгийн анхан шатны баримтандаа хийсэн юм. Тэгээд Х.Х нь өөрөө 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Бугат сумын засаг даргын А/25 тоот захирамж гаргасан. Уг захирамжийн хавсралтад байгаа хадлангийн талбай бий болгох 9,500,000 төгрөгөөс 400,000 төгрөгийг өмгөөлөгч Х.Зд өмгөөллийн хөлсөнд өг гэж Х.Х надад өөрөө үүрэг болгосон. ...Уг мөнгийг хэрхэн Х.Зд өгснийг мэдэхгүй.” гэх мэдүүлгүүдээр /3-р хх-ийн 3 дугаар хуудас/ үгүйсгэгдэж байна.

Иймд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх шүүгдэгч Х.Хын үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

  • Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас Баян-Өлгий аймгийн Бугат сумын засаг даргын тамгын газарт 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд уг хохирлыг шүүгдэгч Х.Х нөхөн төлөөгүй болох нь иргэний нэхэмжлэгч Б.Жын “...2 сая төгрөгийн санхүүжилтийг “Ахжибек” ХХК-ны данс руу шилжүүлж авсан. Буцааж 2 сая төгрөгийг төгсөн баримт байхгүй. Харин зарцуулсан тухай баримт “Ахжибек” ХХК-ны данс руу шилжүүлсэн тухай баримт нь манай санхүүд эх хувиараа байгаа.” гэх мэдүүлэг /1-х хх-ийн 217-220 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч  X.Еркежаны “...Уг үйлдлийн улмаас манай Бугат сумын ЗДТГ-т 400,000 төгрөгийн хохирол учирсан байна. Өмгөөлөгчийн хөлсийг хувь хүн өөрөө төлөх ёстой, түүнээс орон нутгийн хөгжлийн сангаас гаргах ёсгүй. ...Би уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 400,000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Бугат сумын ЗДТГ-ын төрийн сангийн дансанд буцаан төлүүлж улсын төсвийг хохиролгүй болгох хүсэлттэй байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 249-250, 3-р хх-ийн 1 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдож байна.

Иргэний нэхэмжлэгч Б.Ж нь шүүгдэгчээс 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг нэхэмжлэхгүй гэж байгаа нь Төрийн албаны тухай хуульд заасан хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг зөрчиж байна. Шүүх уг 2,000,000 /хоёр сая/ төгрөг нь хувь хүн Б.Жтай холбоотой бус Бугат сумын Засан даргын тамгын газар буюу тухайн сум орон нутгийн ард иргэд, нийтийн эрх ашигт хамааралтай, түүнд чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой байсан хөрөнгө байх тул хохирлыг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.  

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.

Иймд шүүгдэгч Х.Хаас гэмт хэргийн улмаас Баян-Өлгий аймгийн Бугат сумын засаг даргын тамгын газарт учруулсан 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирлыг төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр: Шүүгдэгч Х.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Х.Х урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан байна. Энэ нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /3-р хх-ийн 21 дүгээр хуудас/ болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Х нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “...Миний бие гэм буруутай гэдгээ ойлгож ухамсарлалаа. Шүүхээс намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэснийг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Иймд миний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан надад оногдуулах хорих ялыг тэнсэж өгнө үү” гэв.

 Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлах боломжтой гэж шүүх үзлээ.

Учир нь шүүгдэгч Х.Хын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна. Мөн шүүгдэгч Х.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна.

            Иймд шүүгдэгч Х.Хын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж буй байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.  

Шүүхээс шүүгдэгч Х.Хын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж үзлээ. 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан. Шүүгдэгч Х.Хын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасан тул түүний нийтийн албанд томилогдох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 2 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолно. 

            Шүүгдэгч Х.Х нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Х.Хыг тэнссэн 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

 

Шүүгдэгч Х.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Хэрэгт шүүгдэгч Х.Хын өмчлөлийн “Landcruiser-80” маркийн 23-55 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг прокурорын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 5/32 дугаартай тогтоолоор битүүмжилсэн байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор эд хөрөнгө битүүмжилдэг бөгөөд энэ гэмт хэргийн улмаас учирсан 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй байгаа тул шүүгдэгч Х.Хыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөгдөх хүртэл хугацаанд эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хэвээр үлдээж  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Хын гаргасан 24 хуудас баримтыг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:        

  1. Шүүгдэгч У овогт Х.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосонгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Хд мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Х.Хаас 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газрын төрийн санд олгосугай.
  6.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Х.Хыг тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Х.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Х.Хын өмчлөлийн “Landcruiser-80” маркийн 23-55 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 5/32 дугаартай прокурорын тогтоолыг гэмт хэргийн улмаас учирсан 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол нөхөн төлөгдөх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
  9. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Хын гаргасан 24 хуудас баримтыг хэрэгт хавсаргасугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      П.ДОРЖБАЛ