Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 153

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, улсын яллагч А.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,

Шүүгдэгч С.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.Мд холбогдох эрүүгийн 1913003060185 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын харьяат, 1989 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, Бүркит 14-3 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд 2010 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнцэж хянан харгалзсан, 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын 1 жил 6 сар 29 хоногоор тогтоон шийдвэрлэсэн. Уг ялыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нээлттэй хорих ангид эдэлж байгаад 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэрээр хорих ялаас нь 8 сар, 20 хоногийн өмнө сулласан, Б овогт С.М, РД: БЮ..................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.М нь 2019 оны 07 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11-р багийн иргэн Х.Аын эзэмшлийн тус багт байрлах “Ахедил" хүнсний дэлгүүрт цонхыг нь хагалан хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж авч явсан гэмт хэргийг,

2019 оны 08 дугаар сарын 21-22 өдөр шилжих шөнийн 01 цагийн үед "Керуен Сарай" зоогийн газрын хойд талын цонхыг төмрөөр хагалж нууцаар нэвтрэн орж зоогийн газрын мөнгө хийдэг шүүгээ буюу кассыг хулгайлж авч явсан гэмт хэргийг,

2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах Нэгдсэн эмнэлгийн 3 дугаар давхрын захиргаа удирдлагын тасгийн санхүүгийн албаны өрөөнүүдийн хаалгыг хагалан эвдэж ороод ерөнхий нягтлан бодогч Б.Уын өрөөнд байсан албаны зориулалттай зөөврийн компьютерыг /нөтбүүк/ цонхоор нь шидэж хагалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:

Шүүгдэгчийг доорх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:   

Нэг: Шүүгдэгч нь 2019 оны 07 дугаар сарын 13-аас 14-ний өдөр шилжих шөнө Өлгий сумын 11 дүгээр багт байрлах “Ахедил” хунсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь:

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 122-126/,

- Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 127-131/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээр /1-р хх-ийн 35/,

- Хохирогч Х.Аын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2019 оны 07 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед өөрийн эзэмшлийн “Ахедил” нэртэй хүнсний дэлгүүрээс цэвэрлэгч Бтай хамт дэлгүүрийг хаагаад гэр лүүгээ явсан байсан. Тэгээд маргааш буюу 2019 оны 07 дугаар сарын 14-ний өглөө 09 цагт ирж дэлгүүрийг онгойлгоход дэлгүүрийн зүүн талын булангийн хажууд байрлах цонхны салхивч онгорхой хулгай орсон байдалтай байсныг хараад доторх хулгайд алдагдсан эд зүйлүүдийг тоолж харахад бага зэрэг зүйлүүд байхгүй байсан. Дэлгүүрийн гаднах талын цонхны хамгаалалтыг эвдэж цонхоор хулгай орсныг мэдсэн. Дэлгүүрийн доторх талд байрлах хөлдөөгчийн дээд талд 5 ширхэг гаатай ессе тамхи болон 100-тын мөнгөн дэвсгэрээс 5-6 ширхэг цонхны урд талд цацагдсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133-135/,

- Гэрч Х.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр өглөө гэрт байхад Х.А ирж намайг дагуулаад дэлгүүрт очиж манай дэлгүүрт хулгай орсон байна, чамд мэдэх зүйл байна уу гэж асуухаар би тухайн үед дэлгүүрт хулгай хулгай орсон талаар мэдсэн /1-р хх-ийн 136-137/,

- Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 50 дугаартай дүгнэлтэнд “Хэрэг учралын газраас бэхжүүлж авсан гэх 1 ширхэг гутлын улны мөр шинжилгээнд тэнцэнэ. Хэрэг учралын газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан гэх 1 ширхэг гутлын улны мөр нь С.Маас хураан авсан гутлын улны мөртэй ерөнхий шинж тэмдгээр тохирч байна” гэснээр /1-р хх-ийн 152-154/,

- Эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр /1-р хх-ийн 158-160/,

- Шүүгдэгч С.Мы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр голын эрэг дээр ганцаараа архи уугаад унтаж байгаад шөнийн 01 цагийн үед гэр лүүгээ явж байгаад гэрийн ойролцоо байдаг “Ахадил” нэртэй дэлгүүрийн хажуугаар өнгөрч яваад тухайн үед архи гарч толгой өвдөөд байсан болохоор архи олж уумаар санагдаад дэлгүүрийн цонхнуудыг түлхэж үзэхэд цоожтой байхаар нь гэр лүү ороод хашаанд дотроос ойролцоогоор 50 см хэмжээтэй төмөр лоом багажаар урагшаа харсан нэг цонхыг нь хөшиж онгойлгоод дэлгүүр лүү нэвтэрч ороод нэг хайрцаг тамхи, нэг шил болор нэртэй архи, гар утас нэг ширхэг, бэлэн мөнгө аваад уг цонхоороо буцаж гараад хөшиж онгойлгон лоомыг хажуу хашаа руу шидээд нөгөө авсан Болор архийг талын уугаад гэрт орж амарсан юм. Тэгээд маргааш нь би үлдсэн архиа уугаад дуусгаад хулгайлж авсан гар утсыг Тирлик захын үүдэн хэсэгт үл таних хүнд 35.000 төгрөгөөр зараад мөнгөөр архи уусан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 164-165/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хоёр: Шүүгдэгч нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Керуен Сарай” зоогийн газарт 2019 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь:

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 8-13 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 17-18 дугаар хуудас/,

-Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19-21 дугаар хуудас/,

- Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 15-16 дугаар хуудас/,

- Мөрдөгчийн магадалгаагаар /1-р хх-ийн 22 дугаар хуудас/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээр /1-р хх-ийн дугаар хуудас/,

- Хохирогч Н.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 21-нээс 22 шилжих шөнийн 02 цаг 30 минутын үед миний 99429900 дугаар луу залгаж “Цагдаагийн ажилтан байна танай Керуен сарай зоогийн газрын хойд талын цонх хагарсан байна та хүрээд ир” гэх хэлсэн тэгээд би зоогийн газрын гадна талд очиход 3 цагдаагийн ажилтан ирсэн байсан ба надад хаалгаа онгойлгоод өг гэж хэлсэн тэгээд би хаалга онгойлгож тухайн цагдаагийн ажилтнуудын хамт орж алга болсон эд зүйл байгаа эсэхийг харахад бэлэн мөнгө хадгалдаг касс байхгүй байсан ба өөр ямар нэгэн зүйл алга болоогүй байна гэж цагдаагийн ажилтнуудад хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-32, 33-34 дүгээр хуудас/,

- Гэрч С.Еын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 21-нээс 22 шилжих шөнийн 01 цагийн үед манай орон сууцны 1 давхрын хөрш айлын цонх хагалсан чимээг би 2 давхарт байрлах өөрийн гэрийн цонх онгорхой унтаж байх үеэр сонссон. Тэгээд цонхоор тонгойж хараад зогсож байх үеэр уг цонхоор гарсан мэт байдалтай нэг хүн явж байхаар нь утасныхаа гэрлийг асааж хартал гартаа компьютерын процессор мэт зүйл барьсан улаан өнгийн малгайтай цамц өмссөн эрэгтэй хүн явж байсан ба би уг хүнд “ хөөе хаанаас гараад хаашаа явж байна бэ гэж хэлэхэд тэр би бишээ, тэнд өөр нэг 3 залуу ороод зугтаад явчихлаа гэх зүйл хэлээд хурдан алхсаар булан эргээд зугтсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36 дугаар хуудас/,

- Эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр /1-р хх-ийн 43 дугаар хуудас/,

 

- Шүүгдэгч С.Мы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 21-ний өглөө Бугат сум руу явах замд “Ерасил” гэх нэртэй дэлгүүрийн хажууд бас нэг жижиг дэлгүүр байдаг тухайн дэлгүүрээс Нутаг гэх оноосон нэртэй 2 “хоёр” шил архи аваад 1 “нэг” литрийн ундааны саванд хийж аваад буцаад голын эрэг дээр очоод авсан архиа ганцаараа уугаад суугаад байсан тэгээд орой болсон юм тухайн газраа өдөржингөө сууж байгаад орой 22 цагийн үед Нэгдсэн эмнэлгийн урд очсон ба тухайн газраа жоохон зогсож байгаад “Керуен сарай” зоогийн газрын хажууд очиход тухайн хоолны газар нь ажилласан байдалтай хүмүүс дотор нь үйлчлүүлж байсан. Улмаар цааш нь гүүрийн цаана Өлгий сумын 6 дугаар багт байдаг хадам аав Еын гэрийн гадна очоод цонхны гадна талаас хүүгээ харж байгаад буцаж яваад “Керуен сарай” зоогийн газрын гадна ирэхэд тухайн хоолны газар хаасан хүнгүй байсан тул тухайн газраа хүмүүсийн хөл хөдөлгөөн харж байгаад “Керуен сарай” зоогийн газрын хойд тал буюу орон сууцны орох хаалга талд очиход машины гарааж амбаарууд байсан ба тухайн гараашнуудын хажуугаас нэг төмөр олж аваад “Керуен сарай” зоогийн газрын хойд талын 1 цонхыг уг төмрөөрөө хагалж дотор талд нь нууцаар нэвтэрч ороод хоолны газрын “Тек”-ний дэргэд очиход мөнгөний шүүгээ буюу касс машин байсан ба тухайн машиныг залгаастай байсан утаснуудаас нь салгаж аваад буцаж анх хагалж орсон цонхоороо гарч явсан юм. Тэгээд тухайн мөнгөний касс буюу шүүгээг авч яваад Ховд гол Их булангийн харалдаа очоод онгойлгох гэж үзсэн боловч онгойлгож чадаагүй тул дараа нь баригдчих юм болов уу хэмээн бодож тухайн мөнгөний касс шүүгээг гол руу шидсэн юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-60 дугаар хуудас/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гурав: Шүүгдэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах Нэгдсэн эмнэлгийн 3 дугаар давхрын захиргаа удирдлагын тасгийн санхүүгийн албаны өрөөнүүдийн хаалгыг 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр эвдэж ороод ерөнхий нягтлан бодогч Б.Уын өрөөнд байсан албаны зориулалтай зөөврийн компьютерыг цонхоор нь шидэж хагалсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь:

 

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 184-193 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримт хураан авсан, үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 194-197, 201-202 дугаар хуудас/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх- ийн 198-200 дугаар хуудас/,

- Мөрдөгчийн магадалгаагаар /1-р хх-ийн 204 дүгээр хуудас/,

- Хохирогч Б.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн үед Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгонд Д.Еын гэрт байж байхад нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн ажилтан К гэх хүн 99427211 дугаарын утаснаас надруу залгаж “Танай санхүүгийн өрөөний хаалганууд эвдэрсэн байна хурдан хүрээд ир гэсэн” Тэгээд миний бие шууд Цагааннуур тосгоноос өөрийн 1122 бөа улсын дугаартай тээврийн хэрэгслээр Баян- Өлгий аймаг руу явсан. Тэгээд 14 цаг 15 минутын үед Нэгдсэн эмнэлэг дээр ирэхэд цагдаагийн алба хаагч нар ирсэн байсан ба манай санхүүгийн өрөөнүүдийн хаалга эвдэрсэн байсан ба миний суудаг 309 тоот өрөөний хаалга онгорхой байсан тэгээд миний бие цагдаагийн алба хаагч нарын хамт өөрийн өрөө рүү орж үзэж алдагдсан эд зүйл байгаа эсэхийг шалгахад тус өрөөний цонх онгорхой байсан ба ширээн дээр байрлах миний зөөврийн компьютер байхгүй байсан тэгээд алга болсон байх гэж бодсон байсан ба тус онгорхой цонхоор доош харахад гадна талд доор газарт хэвтэж харагдаж байсан ба бусад хаалгануудыг эвдэлсэн өрөөнүүдийг онгойлгож үзэхэд хаалганы доод хэсгээр өшиглөж цөмлөсөн байдалтай байсан тухайн өрөөнүүдээс алга болсон эд зүйл байхгүй байсан мөн эвдэрсэн эд зүйл байхгүй байсан ба тус өрөөнүүдийн ширээ, шүүгээний шургуулгануудыг татаж онгойлгосон байдалтай байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 210-211, 212-213 дугаар хуудас/,

- Гэрч А.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 04-ний өглөөний 09 цаг 00 минутад миний бие Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирж урд өдрийн харуул болох М гэх хүнтэй солигдож харуулын үүрэг гүйцэтгэсэн ба 12 цаг ийн үед цайндаа гарах гэж байх үед тус эмнэлгийн ажилтан болох К гэх хүн ирээд намайг “өнөөдрийн харуул чи юм уу Захиргааны байр луу орох гэсэн юм хаалгыг онгойлгоод өг” гэж хэлсэн тэгээд би тухайн хүнтэй цуг 3 дугаар давхарт гараад захиргааны байр луу орох хаалгыг онгойлгоод ороход санхүүгийн ажилчдын хаалга эвдэрсэн байсан тэгээд байж байтал И гэх хүн ирсэн ба бид 3 цагдаа руу утасдаж дуудлага өсгөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 216-217/,

- Гэрч Ш.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 04-ний өглөөний 13 цаг 30 минутад манай ажлын газрын хүний нөөцийн ажилтан И гэх хүн 94154847 гэх дугаарын утаснаас над руу залгаж “Танай өрөөний хаалга эвдэрсэн байна, хүн орсон юм шиг байна та хүрээд ир гэж хэлсэн” тэгээд миний бие Өлгий сумын 5 дугаар багт байрлах гэрээсээ гараад Нэгдсэн эмнэлгийн 3 давхарт байрлах санхүүгийн албаны өрөөндөө очиход хаалганы доод хэсгээрээ цөмөрсөн байсан ба цагдаа нар ирсэн байсан тэгээд цагдаагийн алба хаагч нарт өрөөгөө онгойлгож өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 218-219 дүгээр хуудас/,

- Гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн үед манай ажлын газрын ерөнхий нягтлан бодогч Б.У гэх хүн 99421111 гэх дугаарын утаснаас над руу залгаж “Танай өрөөний хаалга эвдэрсэн байна, хүн орсон юм шиг байна та хүрээд ир гэж хэлсэн” тэгээд миний бие Өлгий сумын 10 дугаар багт байрлах гэрээсээ гараад Нэгдсэн эмнэлгийн 3 давхарт байрлах санхүүгийн албаны өрөөндөө очиход манай 308 тоот хаалганы доод хэсгээрээ цөмөрсөн байсан ба бусад ажилчдын 307, 309 тоот өрөөний хаалга мөн адил эвдэрсэн ба цагдаа нар ирсэн байсан.” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 220-221 дүгээр хуудас/,

- Эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр /1-р хх-ийн 234-235 дугаар хуудас/,

- Шүүгдэгч С.Мы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр би өөрийн барьж байсан “YОКIА” маркийн гар утсаа Тирлик захын урд байрлах “Дөл” дэлгүүрийн хажууд байрлах нэг дэлгүүрт 2 шил “Нутаг” гэх оноосон нэртэй архиар сольсон ба тухайн 2 шил архиа аваад Ховд голын эрэг дээр очиж тухайн 2 шил архийг ганцаараа уугаад дуусгасан. Дараа нь Би Өлгий сумын 4 дүгээр багт байрлах Нэгдсэн эмнэлгийн хажуугаар өнгөрч яваад тухайн эмнэлэг рүү ороод 3 дугаар давхарт гараад 2,3 өрөөний хаалгыг өшиглөж онгойлгоод нэг өрөөнд байсан зөөврийн компьютерыг цонхоор нь шидээд гараад явсан өөр зүйл санахгүй байна. Учир нь би согтуу байсан болохоор бусад үйлдлүүдээ санахгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 239-240 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь уг хэргүүдэд хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад хохирогчийн эд хөрөнгөө тогтмол хараа хяналтгүй орхисон байдал, шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал, дохиолол, камержуулалт байхгүй зэрэг хохирогчийн эд хөрөнгөө хамгаалах хамгаалалт сул байдал болон шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч С.М нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдад мэдэгдэлгүй бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар орсон, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн дээрх баримтуудаар нотлогдож байна.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог.

 Шүүгдэгч нь хууль бусаар олсон эд зүйлсийг өөрийн дураар захиран зарцуулахаар ломбардад тавихаар оролдож байсан, айлд хадгалуулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус  үйлдэл нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, санаатай үйлдсэнээр хохирогч Х.А, Н.С, Б.У нарт хохирол учирсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь иргэн Х.Аын эзэмшлийн “Ахедил" хүнсний дэлгүүрт цонхыг нь хагалан хууль бусаар нэвтрэн орсон, "Керуен Сарай" зоогийн газрын хойд талын цонхыг төмрөөр хагалж нууцаар нэвтрэн орж “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг байшин нь эд хөрөнгөө бусдаас хамгаалах зорилготой агуулахад хамаарна.

Шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн тайлбараас үзвэл орон байранд орж, машин механизм ашиглаж үйлдсэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирлын хэмжээ хэд байхаас үл хамаарч хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгай хийсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч С.Мы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Агуулахад нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул  дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах Нэгдсэн эмнэлгийн 3 дугаар давхрын захиргаа удирдлагын тасгийн санхүүгийн албаны өрөөнүүдийн хаалгыг хагалан эвдэж ороод ерөнхий нягтлан бодогч Б.Уын өрөөнд байсан албаны зориулалттай зөөврийн компьютерийг /нөтбүүк/ цонхоор нь шидэж хагалж, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн зүй бус үйлдэл нь бусдын өмчлөх эрхэд халдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.Ад 295.000 төгрөгийн хохирлыг, хохирогч Н.Сд 210.000 төгрөгийн хохирлыг, хохирогч Б.Ут 980.000 төгрөгийн хохирлыг төлөөгүй байх тул шүүгдэгч С.Маас дээрх хохирлыг гаргуулан хохирогч нарт олгох нь зүйтэй байна. Мөн шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь урьд нь ял шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.  

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулахаа илэрхийлсэн байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалтай, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналууд зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон хуульд заасан ялыг гэмт хэрэг тус бүрд нь ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Мы  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Мөн бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 240 цагийн ажлыг 1 сарын хугацаагаар тооцож хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сараар тогтоохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч С.М нь урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1 жил 6 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаартай захирамжаар хорих ялаас нь 8 сар 20 хоногийн өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж тус тус заасныг үндэслэн энэхүү тогтоолоор оногдуулсан хорих ял дээр 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил 20 хоногийн хоногийн хугацаагаар тогтоохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч С.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.М нь 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 56 хоног баривчлагдаж, цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч С.Мы баривчлагдаж, цагдан хоригдсон 56 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эд мөрийн баримтаар хураагдсан нимгэн хуурцаг CD бүхий бичлэг 5 ширхгийг хэргийн хамт хадгалж, 33 см-ийн урттай төмөр 1 ширхэг, “Dell core i5” маркийн зөөврийн компьютер 1 ширхэг зэргийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж байна. Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс хэрхэн устгасан талаар тэмдэглэл үйлдэн, фото зургаар баримтжуулан хэрэгт хавсаргуулах нь нь зүйтэй. 

Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэлээ.  Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Б овогт С.Мыг  “Бусдын эд хөрөнгийг орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах”, “Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 1 /нэг/ сарын хугацаагаар тооцож хорих ялаар сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 4 /сар/ хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Мд энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хорих ял дээр  Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Мд мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар 29 /хорин ес/ хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 /найм/ сар 20 /хорь/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил 20 /хорь/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд оногдуулсан 3 /гурав/ жил 20 /хорь/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мы цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч С.Маас 980.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ут, 295.000 төгрөг гаргуулан хохирогч Х.Ад, 210.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Сд тус тус олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нимгэн хуурцаг CD бүхий бичлэг 5 ширхгийг хэргийн хамт хадгалж, 33 см-ийн урттай төмөр 1 ширхэг, эвдэрч устсан “Dell core i5” маркийн зөөврийн компьютер 1 ширхэг зэргийг устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

10. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг хэргийн хамт хадгалсугай.

11. Шүүгдэгч С.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-д шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     А.ДАУРЕНБЕК