| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 197/2025/18050/И |
| Дугаар | 210/МА2026/00644 |
| Огноо | 2026-03-23 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2026/00644
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Хулан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 197/ШШ2026/03593 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “... 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр *******т дуудлага худалдаа болно гэж мэдэгдсэний дагуу тус өдрийн 11 цагийн хуралд суухад нийт 11 үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаа явагдсан. Тухайн 11 үл хөдлөх эд хөрөнгөд миний эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл байгаагүй. Энэ хугацаанаас хойш миний бие үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдаан болсон. Уг шүүхийн шийдвэр гарахаас өмнө буюу 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг надад мэдэгдэлгүйгээр явуулж, миний насаараа хөдөлмөрлөж олсон хөрөнгийг үнэгүйдүүлж, бага үнээр худалдсан. Иймд хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэж тайлбарласан байна. /хх139/
4. Хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... анхны албадан дуудлага худалдаагаар тус эд хөрөнгө худалдагдаагүй учир хоёр дахь дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр *******т утсаар залгаж мэдэгдэхэд “би хөдөө ажилтай байгаа тул итгэмжлэгдсэн төлөөлөгч *******од мэдэгдлийг өгч болно.” гэж хэлж, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ирж танилцсан.” гэж тайлбарлан, зохигч маргажээ. /хх146-148/
5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн зөв тогтоож, хуулийг зөв хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
5.1. ******* нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2023/00905 дугаартай шийдвэр, шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШЗ2023/12601 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, мөн өдрийн 181/ГХ2023/00805 дугаартай Гүйцэтгэх хуудас зэрэг бичиг баримтуудыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж, барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, *******, хужирбулан *******, *******, ******* хаягт байршилтай, ******* улсын бүртгэлийн дугаартай, 640 м.кв талбайтай газар,******* улсын бүртгэлийн дугаартай 152.86 м.кв талбайтай хувийн сууц зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу битүүмжлэх, хураах ажиллагааг явуулжээ. /хх22, 21, 23-28, 29-32, 35-37/
5.2. Мөн дуудлага худалдаагаар худалдан борлуулах үл хөдлөх хөрөнгийг үнэлэх ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасан журмын дагуу явуулсан байна. /хх53, 115/
5.3. Улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 25/1-3 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор төлбөр төлөгч *******ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 144,056,000 төгрөгийн 70 хувь 100,839,200 төгрөгөөр дуудах үнийг тогтоон, 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар товлож, төлбөр төлөгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн, дуудлага худалдаан төлбөр төлөгч оролцжээ. Тус дуудлага худалдаагаар үнийн санал ирээгүйн улмаас үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулагдаагүй үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. /хх98, 97/
6. Банкны төлбөр барагдуулах газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 25/6-2-1 дугаартай тогтоолоор анхны дуудлага худалдааг хүчингүй тооцож, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 00 минутад явуулахаар товложээ.
7. Тус хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай нэхэмжлэгч *******т мэдэгдсэн эсэх нь талуудын маргааны зүйл болсон байна.
7.1. Хэргийн 113 дахь талд авагдсан 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл нотлох баримтаас үзвэл, ******* нь 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр *******ын ******* дугаартай гар утсаар холбогдон Хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдэхэд “би хөдөө ажилтай байгаа тул итгэмжлэгдсэн төлөөлөгч *******од мэдэгдлийг өгч болох зөвшөөрөл олгосон байна. Энэ үйл баримтыг давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч зөвшөөрсөн тайлбар гаргасан.
7.2. Мөн Банкны төлбөр барагдуулах газрын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 3-3/3176 дугаартай мэдэгдлийг ******* нь мөн сарын 18-ны өдөр гардан авч, гарын үсэг зуржээ. /хх110/
Иймд хариуцагч ******* нь хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай нэхэмжлэгч *******т мэдэгдээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.
8.Түүнчлэн, анхны дуудлага худалдаанд үнийн санал ирээгүйн улмаас хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дахь хэсэгт “анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдаа явуулна” гэж заасны дагуу хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулсан байна.
9. Шийдвэр гүйцэтгэгч нь 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 25/6-2-1 дугаартай “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол гаргаж, мөн оны 05 дугаар сарын 23-ны өдрийн анхны дуудлага худалдааг хүчингүйд тооцож, 06 дугаар сарын 20-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахаар тогтсон нь Иргэний хуулийн 177.3 дахь хэсэгт заасан “Хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ.” гэсэн журмыг зөрчөөгүй болох нь хэргийн 115, 122 дахь талд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
10. Мөн үнэлгээчний тогтоосон үнэ 144,056,000 төгрөгийн 50 хувь болох 72,028,000 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоосон нь дээрх хуулийн 177.4 дэх хэсгийн “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно.” гэж заасантай нийцсэн тул “зах зээлийн үнээс хоёр дахин хямд үнээр худалдан борлуулсан” гэх нэхэмжлэгчийн гомдол хангагдахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 197/ШШ2026/03593 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Д.ХУЛАН
Ч.ЦЭНД