Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2026/00645

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах, даргалж, шүүгч Д.Хулан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/01151 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

 

Гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолоор *******ыг бусадтай бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хятад хэлээр ярьж байгаа мэтээр 39 секундийн бичлэгийг Талын дуу хоолой радио үзэх нэртэй фэйсбүүк хуудаст нийтэлж бусдын нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээлэл тараасан гэх хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллагдагчаар татсан. Уг хэрэг шалгагдаж эхлэх үед миний бие өмгөөлөгч *******, ******* нартай 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөг, *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа 5,000,000 төгрөгийг тус тус бэлнээр төлсөн.

1.2. Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор эрүүгийн 2302000000428 дугаартай хэрэгт яллагдагчаар татсан *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Энэ хугацаанд ******* нь ажил, хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэх үүргээ бүрэн биелүүлж чадаагүй эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол амссан. Хууль зүйн туслалцаа авахдаа өмгөөллийн хөлсөнд нийт 10,000,000 төгрөг төлсөн. Тухайн цаг хугацаанд мөнгө гарсан эсэх баримт байхгүй тул хуурамч баримт бүрдүүлэх боломжгүй. ******* гэх өмгөөлөгч нь бэлэн мөнгөний баримтад өөрөө гарын үсэг зурсан, сүүлд эхнэрийнхээ данс руу шилжүүлсэн.

Өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 10,000,000 төгрөгийг *******т учирсан хохиролд тооцон, улсын төсвөөс нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нь 10,000,000 төгрөг төлсөн гэх баримтаа шүүхэд нотлох баримтаар бүрдүүлж өгснийг үндэслэж хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд төлсөн төлбөрийг гаргуулж болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөг гарсан эсэх баримтыг гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь *******ын дансны хуулга биш, эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байсан өөр этгээдийн дансны хуулгыг гаргаж өгч байна.

Тус дансны хуулганаас харахад 2023 оны 11 дүгээр сард бэлнээр мөнгө авч, 10 сарын дараа 2024 оны 09 дүгээр сард 8,000,000 төгрөгийн орлого *******ээс өөрийн эхнэрийн данс руу орсон мөнгийг *******аас авсан өмгөөллийн хөлс гэж үзэх үндэслэлгүй байна. *******ын зүгээс өөрөө 10,000,000 төгрөгийн өмгөөллийн хөлсөнд төлсөн баримт гэж нотлох баримт бүрдүүлэх боломжтой гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, үнэлэх боломжгүй баримт байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийн агуулга:

3.1. Нэхэмжлэгчийг хохироосон нь тодорхой байх тул өмгөөлөгчийн төлбөрийг олгох нь зөв. Гэвч нэхэмжлэгчээс өмгөөлөгчид мөнгө өгсөн гэдгээ амаар тайлбарлаж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хууль зүйн туслалцаа авсан хөлс 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан Монголын өмгөөлөгчдийн холбооноос баталсан бэлэн мөнгөний тасалбарын баримт, өмгөөлөгч ******* өмгөөлөгчийн өөрийн албан бланкан дээр гаргаж өгсөн тодорхойлолт, мөн ******* өмгөөлөгчийн гэр бүлийн гишүүний дансны хуулга зэрэг баримтуудыг нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтооход бодитой хохирол учирсан болохыг тогтоохгүй, мөн түүний эд хөрөнгө нь хорогдсон гэдгийг тогтоосон баримт болохгүй гэж үзсэнд гомдолтой байна.

Учир нь өмгөөллийн үйл ажиллагаа явуулж аливаа этгээд болон үйлчлүүлэгч нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр баримт үйлдэж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсны үндсэн дээр төлбөрөө бэлнээр авч болох бөгөөд хориглосон зүйл байхгүй. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний бие 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд “Эрүүгийн 2302000000428 тоот хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлснийхээ хөлсөнд 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөгийг тус тус бэлнээр төлж, баримт үйлдэж, харилцан гарын үсгээ зурж баталгаажуулсан" тухай удаа дараа мэдүүлсэн боловч харгалзаж үзээгүй.

Хэрэгт *******, ******* нартай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан төлбөрийг төлж дууссаны баталгаа, хууль зүйн туслалцаа үйлчилгээ авсныхаа хөлсөө бэлнээр өгсөн гэдгийг хийсэн болохыг батлах баталгаа болгож хоёр хувь үйлдэж, талууд гарын үсэг зурж баталгаажуулан үйлдсэн дамжмал бус шууд баримтууд авагдсан. Мөн хууль зүйн туслалцаа авахдаа төлөх төлбөрийг бэлнээр авч болохгүй заавал аль нэг банкны дансаар авах ёстой гэсэн зохицуулалт байхгүй. Талууд өмгөөллийн хөлсөнд төлсөн 10,000,000 төгрөгийг өгсөн, авсан талаар маргадаггүй.

Нэхэмжлэгч ******* болон өмгөөлөгч нар нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс бусдад хууль зүйн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгч өөрийн үйлчлүүлэгчийн зөрчигдсөн эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор гэрээ байгуулж, *******ын хүсэлтийн дагуу хөлсөө бэлнээр авч, баримт үйлдэж баталгаажуулсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах журмаар гаргасан гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1 Иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. 2019 онд батлагдсан Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлчлүүлэгч, эсхүл түүний сонгосон этгээдтэй хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулна гэж заасан.

Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээнд тусгах зүйлсийг тодорхойлсон бөгөөд 22.2.3-т төлбөрийн хэмжээ, төлөх нөхцөл, дансны дугаарыг гэрээнд заавал тусгахаар хуульчилсан.

Хэрэгт авагдсан баримтаас харахад өмгөөлөгч ******* болон ******* нарын хооронд байгуулсан гэрээнд төлбөрийн хэмжээг 10,000,000 төгрөг гэж тохирсон боловч төлөх нөхцөлийг хэрэг шийдвэрлэгдсэний дараа болон өмнө төлнө гэж заасан. Гэвч дансны дугаар гэрээнд тусгагдаагүй тул Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.3-т заасан шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр урьдчилгаа 5,000,000 төгрөгийг, дараагийн төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн гэж тайлбарласан.

Гэвч бэлнээр өгсөн гэх баримтыг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр данс руу шилжүүлсэн мэтээр бүрдүүлсэн. Уг нөхцөл байдал нь хууль зүйн зохицуулалтаар өмгөөлөгч нь үйлчлүүлэгчдэд заасан төлбөрийг зөвхөн дансаар авах ёстой, бэлнээр авах нь хориглосон зохицуулалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх төлбөрийн хэмжээг дансаар авах ёстой гэх хууль зүйн шаардлагыг зөрчин гэрээ байгуулсан. Мөн авсан мөнгийг зохих журмаар бүртгэх, дансаар авах зохицуулалтыг зөрчсөн нь гэм хорын тогтолцоонд нийцэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолоор *******ыг яллагдагчаар татсан. Хэрэг шалгагдаж байх явцад 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр *******, ******* нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөг, тус хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа 5,000,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр төлсөн. Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Иймд өмгөөлөлийн хөлсөнд төлсөн 10,000,000 төгрөгийг гаргуулна ...” гэж тайлбарлажээ. /хх1-2/

 

3. Энэ иргэний хэрэгт төрийг төлөөлж Нийслэлийн прокурорын газар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн байр сууринаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... *******ын өмгөөллийн хөлсөнд 10,000,000 төгрөгийг төлсөн гэдгээ нотолж чадаагүй...” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан байна. /хх120/

 

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн зөв тогтоожээ.

4.1. Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах тухай тогтоолоор *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, мөн прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор тус эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. /хх6-14/

4.2. ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч *******, ******* нартай 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулсан, уг гэрээгээр өмгөөллийн хөлс 10,000,000 төгрөг, урьдчилгаа 5,000,000 төгрөг, *******ыг цагаатгасан тохиолдолд үлдэгдэл 5,000,000 төгрөг төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон. /хх15-16/

 

5. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийн талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 45.3 дугаар зүйлийн 1.6, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

5.1. Тодруулбал, өмгөөлөгч ******* нь гэрээний дагуу *******т хууль зүйн туслалцаа үзүүлсэн болох нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ОЗ/295 дугаартай захирамж, өмгөөлөгчөөс Нийслэлийн прокурорын газар болон Ерөнхий прокурорт гаргасан гомдол, хүсэлтүүд, Нийслэлийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1226 дугаартай захирамж зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх18-20, 35-49, 49-50/

 

6. Нэхэмжлэгч ******* нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлсөнд төлсөн 10,000,000 төгрөгийг төрөөс гаргуулахаар нэхэмжилсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 45.3 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт тус тус нийцжээ. Харин уг төлбөрийг бодитой төлсөн эсэх буюу энэ хэмжээний бодит хохирол учирсан гэдэг нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.  

6.1. Учир нь, Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдийн нэр, хаяг, өмгөөллийн үйл ажиллагааны агуулга, төлбөрийн хэмжээ, төлөх нөхцөл, дансны дугаар, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх явцад өмгөөлөгчөөс гарах зардлыг нөхөн төлөх нөхцөл, өмгөөлөгч, үйлчлүүлэгчийн хүлээх хариуцлага, гэрээг цуцлах нөхцөл зэргийг тусгахаар заасан.

Талууд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд төлбөр төлөх дансны дугаар тусгаагүй байна.

6.2. Нэхэмжлэгч ******* нь өмгөөллийн хөлс бэлнээр төлсөн гэх боловч эх сурвалжаа баримтаар нотлоогүй, мөн хэргийн 51 дэх талд авагдсан 2023 оны 11 дүгээр сарын 22, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөр тус тус огноолсон Монголын өмгөөлөгчдийн холбооны тасалбар нотлох баримт нь нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үнэд 10,000,000 төгрөг төлсөн үйл баримтыг эргэлзээгүй нотлохгүй байна.

6.3. Хэрэгт өмгөөлөгч *******ийн тайлбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, *******ийн эхнэр ******* эзэмшлийн ******* дугаартай ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичмэл нотлох баримтууд авагджээ. /хх51, 98-115/

Эдгээр нотлох баримтын хувьд өмгөөлөгч *******ийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан гэрчийн мэдүүлэг гэж үзэхгүй. Мөн *******ээс эхнэр ******* эзэмшлийн ******* дугаар ХААН банкны данс руу 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн баримтыг үндэслэн нэхэмжлэгч *******т 10,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж дүгнэх боломжгүй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт авагдсан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 191/ШШ2026/01151 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.БАДРАХ

 

                                         ШҮҮГЧИД                                     Д.ХУЛАН

 

                                                                      Ч.ЦЭНД