| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2019/0164/Э |
| Дугаар | 166 |
| Огноо | 2019-11-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.7.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 166
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Д даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Орчуулагч, хэлмэрч А.Е,
Улсын яллагч, хяналтын прокурор М.Ф
Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Е,
Шүүгдэгч О.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт О.Ид холбогдох 1913003040207 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Алтай сумд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс казак, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Алтай сумын 5 дугаар багт оршин суудаг, Ам бүл-5, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, С овогт О.И, регистрийн дугаар БА.................. А /хоч нэр/.
Шүүгдэгч О.Иын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.И нь хамтран амьдрагч Б.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, мөн 2017 оноос эхлэн хамтран амьдрагч Б.Бийг байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.И мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Эрүүгийн 1913003040207 дугаартай хэргээс:
Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
2. Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 53-56 дугаар хуудас/,
“...2019 оны 08 дугаар сарын 13-ны шөнийн 23 цагийн үед би хүргэн болох Э.Бгийн гэрт сууж байхад О.И согтуу ирэнгүүтээ чи зун худлаа өвдөөд эмнэлэг рүү явсан, чи очоод биеэ үнэлээд явж байсан гэх мэтээр намайг хэл амаар доромжлохоор нь би чи гурван нялх хүүхэдтэй айлд битгий хар шөнөөр хэл ам хийгээд байгаарай, хоёулаа гаръя гэж хэлээд гэрт очсон. Намайг дагаж ээж, хоёр охин маань болон эгч Б нар цуг явсан. Гэрт оронгуутаа Б.Н-Эийг барьж аваад би чамайг энэ монгол хүмүүсийн хажууд байлгахгүй гээд боомилоход нь хажууд нь байсан эгч Б.Но-Э дүүгээ О.Иын гарнаас татаж авахад би гүйж очтол би та нар хутгалж ална гээд хутга хайгаад ололгүй өмсөж явсан бор ногоон өнгийн пүүзээр миний дух руу цохиход би унасан ба Б.Но-Э чи ээжийг аллаа шүү дээ гээд түлхэхэд орон дээр унасан. Тэгээд босож ирээд хутга хайгаад ололгүй хоёр аяг хоорондоо цохиж хагалаад өөрийнхөө хүзүүг зүснэ гэж байхад нь манай охин Б.Но-Э дарж авахад бид нар гарт нь байсан аяганы хэлтэрхийг гарнаас булааж авсан. О.И дахин агсам тавьж намайг гэрээс чирч гаргаад аль гэхэд нь би зуралдсаар байгаад гэрийн босгоор цаашаа даваагүй, надтай зуралдаж байх хооронд миний цээжин биеэр өмсөж байсан бүх хувцсыг тайлсан. Тэгээд О.Итой зуралдсаар байгаад шөнийн 03 цаг болсон ба миний толго өвдөөд байхаар нь Б.Но-Э ээжээ та унтаж байгаарай, би үүнийг хараа, байж байя гэж хэлэхээр нь би унтчихсан ба нэг мэдсэн чинь миний гэдэс рүү маш хүчтэй цохихоор нь сэрээд гэрт хонож байсан Б эгч, Б.Но-Э бид гурав О.Иыг дарж автал гэрт чинь шээнэ гэж сүрдүүлж дарамтлан доромжилсон. Бид түүнийг дарж байтал миний гарнаас базаж, гэдэс рүү цохиж байсан. Түүнээс болоод миний гар, цээж хөхөрч, дух хавдсан. 2018 оны өвөл гэрт байхад минь зодож, би Ховд аймгийн Ачит заяа эмнэлэгт очиж эмчлүүлээд ирсэн. О.И зодоод би цагдаад хандаад зөндөө олон удаа шалгуулж байсан, гэхдээ дүгнэлт гаргуулж байгаагүй, 2018 оны зун намайг эзгүй хээр газарт зодож миний нүд таглараад гэдэс нилээнхүйдээ хөхөрсөн байсан. 2017 оны 08 дугаар сард шөнө согтуу ирээд хаалгыг түгжчихсэн байсан модон банзаар миний толгойны орой хэсэг рүү цохиж гэмтээсэн, би тухайн үед эмчид үзүүлээгүй, 2016 оны 02 дугаар сард шөнө согтуу ирээд дундуур шилтэй архиар миний толгой руу цохисон, 2018 оны 05 дугаар сарын хэдэнд билээ намайг зодоод миний уруул, чих, нүд, ам хөхөрч Р.У эмчид үзүүлэхэд шүүх эмчид үзүүлээрэй гэж хэлсэн. Тэгтэл О.И надаас уучлал гуйгаад би цагдаад хандаагүй” гэх мэдүүлэг,
3. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /хх-ийн 13-15 дугаар хуудас/,
4. 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн эмчийн тодорхойлолт: /хх-ийн 31 дүгээр хуудас/,
5. О.Иын гаргасан зөрчлүүдийн талаар Цагдаагийн газрын цахим бүртгэлийн лавлагаа. /хх-ийн 36-38 дугаар хуудас/,
6. Хохирогч Б.Бийн эмнэлэгт хандаж байсныг нотолсон эмнэлгийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /хх-ийн 39-45 дүгээр хуудас/,
7. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 47-51 дүгээр хуудас/,
8. Гэрч Р.Уы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 57-58 дугаар хуудас/,
“...тодорхойлолтыг харахад зөөлөн эдийн гэмтэл бэртэлтэй байсан байна, надад ирж үзүүлэхдээ О.И зодлоо гэж хэлдэг байсан, би ирж үзүүлэх болгондоо хэрхэн яаж гэмтэл авсан талаар асуухад О.И архи уухаараа зодоод байна гэж хэлдэг байсан. 2018 оноос өмнө Б.Б толгойндоо гэмтэл авч надад ирж үзүүлж, уг асуудлаар Ховд аймаг руу очиж эмчлүүлж байсан санагдаж байна, гэхдээ би сайн санахгүй байна, толгойндоо гэмтэлтэй явдаг байсан, О.И зодлоо гэж хэлж байсан. Жилд 1-2 удаа О.Ид зодууллаа гэж ирдэг байсан. 2019 оны 08 дугаар сард О.Ид зодууллаа гэж орж ирж байсан” гэх мэдүүлэг,
9. Насанд хүрээгүй гэрч Б.Н-Эийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 59-60 дугаар хуудас/,
“...А /Иын хоч нэр нь/ ээжийн дух руу гутлаар цохиод гар руу нь цохиход би айгаад уйлсан. Тэгтэл аяга хагалаад хагархайг барьж аваад чамайг ална гээд миний хүзүүнд аяганы хэлтэрхийг тулгахад эгч минь аяганы хэлтэрхийг булааж аваад намайг оронд хэвтүүлсэн. А зөндөө олон удаа ээжийг минь зоддог” гэх мэдүүлэг,
10. Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 61-62 дугаар хуудас/,
“...шөнө 22 цагийн үеэр А согтуу орж ирсэн, агсам тавьж байхаар нь Бу эгч, Б.Б бид жоохон хүүхэдтэй айлд битгий хэрүүл хий гэхэд Бу эгчийн гэр рүү явсан. Бид араас нь очиход хэний хийсэн пивог голоод уухгүй байна гэж Б.Бт агсам тавьж өмсөж явсан пүүзээрээ Б.Бийн дух руу цохитол хойшоо ухаан алдаж унахад үснээс нь зулгааж зодож байсан. Хэсэг хугацааны дараа Б.Б унтаж байхад А очиж гэдэс рүү нь цохиж дахин агсам тавьсан, мөн хоёр аягыг хоорондоо цохиж хагалаад Б.Н-Ээ болон өөрийнхөө хоолойг зүснэ гэж айлган сүрдүүлсэн. ...Б.Б,О.И нар маргалдаад Б.Бийг зодож, хээр газарт хаясан гэж нүүр нь хөхөрчихсөн хэлж байсан.” гэх мэдүүлэг,
11. Гэрч Г.Буын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 63- 65 дугаар хуудас/,
“...2016 билүү 2017 оны намар 09 дүгээр сард манай гэр сумын төвийн байшиндаа байтал Б.Б 2 өдөр гэртээ ирэлгүй байхаар нь би Оы гэрт очиход О.И үснээс нь зулгааж зодоод хавирга, цээжний хэсэг нь нилэнхүйдээ хөхөрсөн хэвтэж байхаар нь хэсгийн төлөөлөгч Ниязыг дуудсан. 2017 оны 07 дугаар сард гэрт унтаж байхад шөнө И орж ирээд хаалга түгжсэн байсан урт модон банзаар Б.Бийн толгой руу цохиод толгой нь хагараад босч чадахгүй хэвтэж байхад эмч Р.У үзэж шүүхэд хандах талаар зөвлөхөд бид цагдаагийн байгууллагад хандаагүй. 2018 оны 07 дугаар сарын 28, 29-ний өдөр хүргэн Бгийн машинаар зуслан руу ирж байхад Б.Бийг И зодоод хээр ухаангүй хэсэг хэвтээд өглөөний 05 цагт өөрөө гэртээ ирсэн.Тухайн үед биеийн баруун талын нүд нь хөхөрч таглараад гуя, хэвлий нь хөхөрсөн байсан. 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүргэн Бгийн гэрт сууж байтал А согтуу ирээд пиво хийхэд бид уугаагүй тул пүүзээрээ Б.Бийн толгой руу цохиж унгаасан” гэх мэдүүлэг,
12. Гэрч С.Мөнхтулга, Б.Баянсүрэн, Э.Б, Э.Гантулга, насанд хүрээгүй гэрч Б.Но-Э нарын мэдүүлэг /хх-ийн 67-86 дугаар хуудас/,
13. Баян-Өлгий аймгийн Шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 365 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: /хх-ийн 88 дугаар хуудас/,
Бодит үзлэг: Биеийн ерөнхий байдал дунд зэрэг, ухаан санаа саруул, асуусан суултад зөв хариулна, байрлал идэвхтэй, хүүхэн хараа 2 талд ижил, дугараг, гэрлийн урвалд жигд оролцоно, нүдний алимны чичирхийлэлт үгүй, булчингийн хөшилд үгүй, хамар уруулын нугалаас 2 талд ижил, хэл шугамаар, мөчдөд саа саажилтгүй, хамар хурууны сорилд алдагдахгүй, өнгөц ба гүний мэдрэхүй хэвийн, шөрмөсний рефлекс хэвийн, тархины 12 хос мэдрэл голомтот өөрчлөлтгүй, Ромбергийн сорилд тэнцвэртэй.
Хэсэг газрын үзлэг: Духны баруун талын хэсэгт 4х3 см, баруун талын бугалганы хэсэгт 2х1 см-ийн 4 ширхэг, зүүн талын шууны хэсэгт 2х2 см, 2х1,5 ст, баруун талын сарвууны гадна хэсэгт 4х3 см, зүүн талын хөхний хэсэгт 1x1 см, 2х1 см, 2х2см, баруун хөлийн шилбэний урд хэсэгт 5х4см, 2х2см-ийн захаараа шаргал туяа орж шимэгдэж буй хөх ягаан өнгийн цус хуралттай.
Дүгнэлт хэсэгт: 1. Иргэн Б.Бийн Дух, баруун галын бугалга, зүүн талын шуу, баруун сарвуу, зүүн талын хөх, баруун хөлийн шилбэний хэсгүүдэд захаараа шаргал туяа орж шимэгдэж буй хөх ягаан өгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. 3. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”, шинжээч эмч Е.Б гэх дүгнэлт:
14. Шүүгдэгч О.Иын мэдүүлэг /хх-ийн 83-84 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/.
15. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- Шүүгдэгчийн эцэг З.О нь байнгын асаргаа шаардлагатай иргэн болохыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 32/,
- Баян-Өлгий аймгийн Алтай сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Мөнхтулгын тодорхойлолт:
“...Баян-Өлгий аймгийн Алтай сумын 3 дугаар багийн иргэн З овогтой О нь 74 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2009 онд тархинд цус харваж байнгын асаргаанд орсон. Халамжийн сангаас асаргааны тэтгэмж авч байгаа нь үнэн болохыг тодорхойлов” гэх,
- Захиргааны зөрчлийн хэргийн шийдвэрлэлт /хх-ийн 3637/,
- Шүүгдэгч О.Ид холбогдох ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 38/,
- Шүүгдэгч урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон хуудас /хх-ийн 100/,
- Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт: /хх-ийн 101/,
“Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багийн иргэн О овогтой И нь ам бүл 3, тус багт оршин суудаг болохыг тодорхойлов” гэх,
- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/877 дугаартай албан бичиг: /хх-ийн 103/,
“О.И /БА................./-ын нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх,
- 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БА................., овог:С, эцэг/эх/-ийн нэр:О, нэр:И, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Алтай, төрсөн огноо:1983/02/27, хаяг:Баян-Өлгий, Алтай, 4-р баг, Чихэртэй, хүчинтэй хугацаа:2028-02-27, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 104/,
- Шийтгэх тогтоолын хуулбар /106-111/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Шүүгдэгч О.И нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны шөнө тус багийн нутаг дэвсгэрт орших “Дэвсэг” гэх газарт хамтран амьдрагч Б.Бийг пиво уусангүй гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсоны улмаас, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, мөн 2017 оноос эхлэн хамтран амьдрагч Б.Бийг байнга зодсон болох нь хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 53-56/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15/, 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 31/, О.Иын гаргасан зөрчлүүдийн талаар Цагдаагийн газрын цахим бүртгэлийн лавлагаа /хх-ийн 36-38/, хохирогч Б.Бийн эмнэлэгт хандаж байсныг нотолсон эмнэлгийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39-45/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 47-51/, гэрч Р.Уы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 57-58/, насанд хүрээгүй гэрч Б.Н-Эийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 59-60/, гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 61-62/, гэрч Г.Буын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 63- 65/, гэрч С.Мөнхтулга, Б.Баянсүрэн, Э.Б, Э.Гантулга, насанд хүрээгүй гэрч Б.Но-Э нарын мэдүүлэг /хх-ийн 67-86/, Баян-Өлгий аймгийн Шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 365 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 88/, шүүгдэгч О.Иын мэдүүлэг /хх-ийн 83-84 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн эхнэр, хүүхэдтэйгээ харьцах харилцааны соёлгүй, ёс суртахууны хүмүүжил дутмаг, архи согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг, эхнэрээ бусадтай харддаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, бусдыг хэл амаар доромжлон, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн, түүний хууль бус үйлдэл нь удаа дараа давтагдаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, архидан согтуурсан үедээ, хувийн сэдэлтээр, ахуйн маргааны улмаас, бусдыг үл хүндэтгэн, өөрийн эрхшээлд байлгах зорилгоор дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч, хохирогч нар нь хамтран амьдрагч болох нь Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 4751/, хохирогч Б.Бийн мэдүүлэг /хх-ийн 53-54/, гэрч С.Мөнхтулгын мэдүүлэг /хх-ийн 67-68/, насанд хүрээгүй гэрч Б.Но-Эийн мэдүүлэг /хх-ийн 6971/, гэрч Э.Бгийн мэдүүлэг /хх-ийн 78-79/, гэрч Д.Оралганы мэдүүлэг /хх-ийн 8283/, шүүгдэгч О.Иын мэдүүлэг тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн 3 дахь хэсгийн 3.2-д “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэснээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх субъектэд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.Иын үйлдэл нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр эхнэрээ удаа дараа зоддог болох нь тогтоогдож байгаа бөгөөд ийнхүү зодсоноороо гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодсон гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
- Шүүгдэгч О.Иын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Бийн биед хөнгөн хохирол учирсан болох нь Баян-Өлгий аймгийн Шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 365 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 88/ дүгнэлтээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч О.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогчийн биед гэмтэл хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөнгө төгрөг нэхэмжлээгүй тул энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Иыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч О.Иын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.
Иймд шүүгдэгч О.Ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, түүний өмгөөлөгчийн санал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч О.И нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч О.Иын тэнссэн 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд...оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно”, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх дараах хязгаарлалтыг тогтооно”, 3.1 дэх заалтанд “тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах” гэж тус тус заасныг удирдлага болгон шүүгдэгч О.Ид тодорхой газар очих буюу иргэн Г.Бу, хохирогч Б.Б нарын гэрт очихгүй байх, түүнтэй 7 сарын хугацаанд харилцахыг хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт О.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч О.Ид ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар тогтоосугай.
3. Шүүгдэгч О.И нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч О.И нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир урьд нь баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч О.Ид тодорхой газар очих буюу иргэн Г.Бу, хохирогч Б.Б нарын гэрт очихгүй байх, түүнтэй 7 сарын хугацаанд харилцахыг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч О.Иын хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК