| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2024/05829/И |
| Дугаар | 210/МА2026/00694 |
| Огноо | 2026-03-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2026/00694
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Т.Бадрах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/09097 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******анд холбогдох
Гэм хорын хохиролд 73,822,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******ын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 дугаартай тушаалаар ******* болон Богдхан уулсын дархан цаазат газрын Залаатын амны хамгаалалтын бүсэд 2.84 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгож 0171033 дугаартай Улсын тусгай хамгаалалтын нутаг дэвсгэрт газар эзэмших гэрчилгээг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр олгосон. Энэхүү тушаал, гэрчилгээг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр *******-тай Концепт дизайны газрын мастер болон ерөнхий төлөвлөгөөний зураг хийлгэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний дагуу төлбөр болох 23,822,400 төгрөгийг тус компанид шилжүүлж, зураг төслийг хийлгэсэн. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр *******-тай уг газарт баригдах аялал жуулчлалын цогцолборын өндөржилт, суурийн газар шорооны ажил гүйцэтгэх гэрээ хийж гэрээт ажлын урьдчилгаанд 50,000,000 төгрөгийг төлсөн.
Гэтэл 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0482 дугаартай шийдвэрээр Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын А/290 дугаартай шийдвэрийг хүчингүй болгосон тул уг газарт хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлаас үүдэн манай компанид бодит хохирол учраад байна. Уг хохирлыг барагдуулах талаар 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 014 дугаар бүхий хүсэлт Байгаль орчин аялал жуулчлалын яаманд гаргахад танай компаниас *******-тай холбоотой эдийн засгийн бодит хохирол төлүүлэхээр ирүүлсэн асуудлаа хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн.
Одоо манайд олгогдсон газар нь өмнөх газраас талбайн хэмжээнд эргэлтийн цэгт өөрчлөлт орсон. Иймд тус газарт хийгдсэн хөрөнгө оруулалтын ажил, гаргасан бодит зардал буюу төслийн ажилд төлсөн 23,822,400 төгрөг, газар шорооны урьдчилгаанд шилжүүлсэн 50,000,000 төгрөг, нийт 73,822,400 төгрөгийг *******наас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлийн агуулга:
2.1. Хууль зүйн хувьд газар ашиглах эрх хүчинтэй байх үед гаргасан зардал, төлбөрийг хариуцагч талаас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Тухайн зардлыг зайлшгүй гаргах шаардлагатай байсан эсэх, зардал гаргасан гэх баримт, байгуулсан гэрээ нь эргэлзээтэй байх бөгөөд хэрвээ зайлшгүй зардал гарсан гэж үзвэл тухайн зардлыг нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн дагуу гаргасан гэж үзнэ. Эрх зүйн хувьд зардал гаргах шийдвэр гаргасан этгээд шийдвэрийнхээ үр дагаврыг өөрөө хариуцах үндэстэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийн агуулга:
3.1. Нэхэмжлэгчийн хохирсон зардлыг өгөх нь зөв гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 479.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******наас 50,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23,822,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527,062 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******наас улсын тэмдэгтийн хураамжид 407,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.
5.1. ******* нь *******-аар газар шорооны ажил гүйцэтгүүлж, урьдчилгаанд 50,000,000 төгрөг төлсөн гэх боловч уг ажлыг гүйцэтгэхдээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн хот байгуулалтын газраас барилгын ажил эхлүүлэх, зөвшөөрөл, А даалгавар аваагүй, эскиз зураг батлагдсан эсэх нь тодорхойгүй байхад газар шорооны ажил зөвшөөрөлгүй эхлүүлсэн.
******* болон *******-тай дансаар бус бэлэн мөнгөөр кассын орлого үйлдсэн нь эргэлзээтэй, Ажил гүйцэтгэх гэрээг 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хийсэн гүйцэтгэх захирал ******* нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр томилогдсон байгаа нь ойлгомжгүй, гэрээ дүгнэсэн акт байхгүй, үүнийг урьдчилсан хэлэлцүүлэг дээр тодруулахыг хүсэж тайлбарласан ч анхан шатны шүүх тодруулж, нотлоогүй байна.
5.2. *******-ийн ашиглаж байсан, газар шорооны ажил хийгдсэн газар нь *******-ийн одоо ашиглаж байгаа газар. Тус компанийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөх тул гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэхгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
5.3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсгийг үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.
******* нь *******-ийн эд хөрөнгөд хохирол учруулаагүй бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 24 дугаартай, 2018 оны 0482 дугаартай шийдвэрээр анхнаасаа *******-ийн газар дээр давхцуулан *******-д газар олгосон байсныг шүүх шийдвэрлэж, яам зөрчлөө арилган газрын давхцалыг арилгаж 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр газар ашиглах эрхийг сунгаж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хангасан. Нөгөө талаар нэхэмжлэгч төрийн захиргааны холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авалгүй улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ухаж ноцтой зөрчил гаргасан, Газрын тухай хууль, гэрээнд заасны дагуу газрыг чөлөөлөн, нөхөн сэргээх арга хэмжээ авч хэвийн байдалд оруулан хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Мөн газар шорооны ажилд шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаж, газарт хэчнээн хэмжээний газар ухсан, ямар талбайг эзэлсэн, байгаль орчинд учирсан хохирол зэргийг тодруулах шаардлагатай гэсэн хариуцагчийн хүсэлтийг анхан шатны шүүх хянан шийдвэрлээгүй нь хууль зүйн үндэслэлгүй.
Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсгийг үндэслэл болгохдоо хэн гэдэг албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас хэдий хэмжээний гэм хор учирсан болохыг тогтоогоогүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
6.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шатны шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй. Захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагааг явуулах хуулийн шаардлагыг биелүүлээгүй. Тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй учир буруутай байна гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр авагдсан тус хэргийг дахин нотлох шаардлагагүй. Хариуцагч нь энэ хугацаанд байгаль орчинд хохирол учруулсан гэх агуулгаар нэхэмжлэл гаргах эрх нь байсан. Гэтэл хариуцагч нэхэмжлэл гаргаагүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******анд холбогдуулан гэм хорын хохиролд 73,822,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “.... *******ын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 дугаартай тушаалаар Богдхан уулсын дархан цаазат газрын Залаатын амны хамгаалалтын бүсэд 2.84 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ******* олгосон .... үүнийг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр *******-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний дагуу төлбөр болох 23,822,400 төгрөг шилжүүлж, зураг төслийг хийлгэсэн. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр *******-тай уг газарт баригдах аялал жуулчлалын цогцолборын өндөржилт, суурийн газар шорооны ажил гүйцэтгэх гэрээ хийж гэрээт ажлын урьдчилгаанд 50,000,000 төгрөг төлсөн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0482 дугаартай шийдвэрээр Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын А/290 дугаартай шийдвэрийг хүчингүй болгосон тул уг газарт хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлаас үүдэн манай компанид бодит хохирол учирсан” гэж тайлбарласан байна. /хх1-2/
3. Хариуцагч тал эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нотлохоор маргаан бүхий газар ямар хэмжээний газар ухсан, ямар талбайг эзэлсэн зэрэг нөхцөлийг тогтоолгохоор шинжээч томилуулах, үзлэг хийлгэх хүсэлт гаргажээ. Уг хүсэлт нь талуудын маргааны үйл баримтыг тогтооход буюу нэхэмжлэгчид ямар хэмжээний бодит хохирол учирсан болохыг тогтооход ач холбогдолтой байх боломжтой байжээ.
Гэтэл анхан шатны шүүх 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШТ2025/01030 дугаартай тогтоолоор “... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг хүсэлтийг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тодорхойгүй” гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн заасантай нийцээгүй байна.
4. Түүнчлэн, нэхэмжлэгч *******-ийн одоо эзэмшиж буй 2 га газар нь тухайн А/290 дугаартай тушаалаар олгогдсон газарт хамаарах эсэх, мөн 2.84 га газарт хийсэн ажил нь одоогийн 2 га газрыг хамарч байгаа эсэх үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх *******-д гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг тогтоон, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй.
5. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрхийг хуулиар олгоогүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/09097 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Ч.ЦЭНД