Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 165

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Д даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  М.Ф,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бад холбогдох 1913000000208 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч С.Бын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Өлгий сумын 1 дүгээр багт оршин суудаг, ам бүл-2, ээжийн хамт амьдардаг, Ш.Б овогт С.Б, регистрийн дугаар БЭ...............

2003 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-ээр 6 сарын хорих ял,

2004 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 тоот магадлалаар Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял,

2005 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 119 тоот шийтгэх тогтоолоор 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч С овогтой Б нь иргэн К.Жын гар утсыг илээр, гараас нь хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “Би тухайн өдөр зах дээр очиж архи уусан. Архи ууж дууссаны дараа гэрт харих зорилгоор захын таксины зогслоос мотоцикл такси авсан. Гэрийн оролцоо байдаг дэлгүүрээс тамхи авах гэж зогсоод, таксины жолоочоос хэдэн төгрөг гарсан бэ гэж асуухад тухайн таксины жолооч 2000 төгрөг гарсан гэж хэлсэн. Би тэгээд энэ хүртэл 2000 төгрөг гарахгүй гэж хэлэх үед хохирогч халааснаасаа гар утсаа гаргаж ирсэн. Би тэр үед цагдаа дуудах гэж байгаа байх гэж бодоод утсыг нь аваад зугтаасан. Түүнээс өмнө цагдаагийн газарт баривчлагдаж гарсан байсан. Тэгээд маргааш нь сэрээд хувцсаа өмсөх гэж байхад миний халааснаас гар утас гарсан”  гэв.

 

Эрүүгийн 1913000000208 дугаартай хэргээс:

Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

 

2. Хохирогч К.Жын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

“...2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн орой Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр буюу гүүрийн хажууд мотоциклтойгоо таксинд зогсож байтал халамцуу үл таних залуу хүрч ирээд намайг таксинд авсан. Тус залуу анх надад “цэргийн ангийн тийшээ очно” гэж хэлсэн боловч миний хойно суусны дараа надад зүүн хойшоогоо эргээд явчих гэхээр нь би гүүрний дээд тал Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт айлуудын гудмаар орж 600 гаруй метр газар л яваад нэг хашааны гадна зогсоосон. Тэгээд тус залууд би 500 төгрөг гарсан гэж хэлэхэд надад “чамд юу гэж мөнгө өгөх юм бэ” гэж хэлсэн. Тэгж байх хооронд миний утас дугараад би утсаа аваад ярих гэж байтал уг залуу миний гар утсыг булааж аваад зугтаад яваад өгсөн. Би араас нь хөөж бариагүй ба уг залуу нэг хашаа руу ороод нөгөө талаар нь гараад алга болсон” гэх мэдүүлэг,

 

3. Гэрч К.Оы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 20 дугаар хуудас/,

“...Он, сар өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан өдөр 12 цагийн үед манай гэрийн ойролцоо байдаг “Ерасыл” нэртэй хүнсний дэлгүүрээс хүнс авахаар очих үед дэлгүүрийн гадна талд үл таних гурван залуу зогсож байсан. Тэгээд С.Б гэх шар залуу нь надад “та утас сонирхох уу” гэхээр нь утсыг харахад мэдрэгч дэлгэцтэй, андройд үйлдлийн цагаан өнгийн, хар өнгийн резинэн гэртэй утас байсан. Би хэдэд өгөх талаар асуухад надад 15,000 төгрөгт өгнө гэхээр нь би тэр газарт нь 15,000 /арван таван мянган/ төгрөг өгөөд тус гар утсыг худалдаж авсан юм. Тухайн үед тус гар утасны нүүрний хамгаалалтын шил нь цуурчихсан байсан юм. Тус гар утсанд би сим карт хийж ашиглаагүй бөгөөд одоо миний өөрт байгаа, гаргаж өгч болно” гэх мэдүүлэг,

4. Гэрч Ж.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

“...2019 оны 10 сарын 14-ний өдөр байх, тэр өдрийн орой нь К.Ж бид хоёр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр буюу гүүрийн урд талын зогсоолд таксинд явахаар зогсож байтал С.Б гэх залуу нэлээн согтуу байдалтай хүрээд ирсэн. Тус залууг би тэр өдрийн 15 цагийн үед “Хос терек” худалдааны төвийн хажууд хүмүүстэй хамт архи ууж сууж байхыг нь харсан байсан юм. Тэгээд С.Б нь шууд над руу хүрээд ирэхээр нь би энэ хүний явах ээлж нь гэж хэлээд К.Ж руу явуулсан. Тэр үед К.Ж миний хажууд 2 метрийн зайтай зогсож байсан ба С.Б түүнд “би Цэргийн ангийн хойно очно” гэж хэлээд К.Жын хойно нь сундлаад хөдлөөд яваад өгсөн. Тэр хоёр зүүн тийш хөдлөөд хойшоогоо гудмаар ороод яваад өгсөн. Тэгээд 15 гаруй минутын дараа К.Ж нь мотоциклтойгоо хүрээд ирсэн ба хүрч ирээд надад “би утсаа булаалгачихлаа, саяны таксинд авсан нөхөр миний утсыг булааж аваад зугтаад яваад өглөө, хоёулаа яваад ирэх үү” гэж хэлэхэд би очиж чадахгүй, хаанаас тэр залууг олох юм бэ гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

 

5. Гар утсанд үзлэг хийсэн ба хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт:  /хх-ийн 14-15 дугаар хуудас/

 

6. Шүүгдэгч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 34-36 дугаар хуудас/

 “...Тэгээд гүүрний хажууд байдаг таксины зогсоолд очоод тэндээс нэг мотоциклтой жолоочийг хөлсөлж аваад Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт байдаг гэрийнхээ хажууд ирж зогсоод, тэнд тамхи зардаг айлаас хэдэн ширхэг тамхи авъя гэж бодоод таксины жолоочоос хэдэн төгрөг гарсан талаар асуухад надад хоёр мянган төгрөг гарсан гэсэн. Тухайн үед надад хоёр мянган төгрөг байгаагүй, бөгөөд нөгөө жолооч карманаасаа утсаа гаргаж ирэхээр гарнаас нь утсыг булааж аваад зугтаад яваад өгсөн. ...Тэгээд тус залууд утсаа үзүүлсэн чинь надад: “...энэ утас кодтой байна, би энэ утсыг авахгүй, болохгүй бол 15,000 төгрөгөөр өгчихгүй үү” гэхээр нь би тус гар утсыг 15,000 төгрөгөөр зараад, дараа нь тус мөнгөөр зах дээр очоод архи авч уусан” гэх мэдүүлэг.  

 

7. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:

- 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр олгосон “РД:БЭ.............., овог:Ш.б, эцэг/эх/-ийн нэр:С, нэр:Б, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Өлгий, төрсөн огноо:1984/05/05, хаяг:Баян-Өлгий, Өлгий, 1-р баг, Хуст арал, 16 гудамж, 18 тоот, хүчинтэй хугацаа:2029-05-05, хэд дэх:1, ГП дугаар:1797155, огноо:2016-12-05” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37,42 дугаар хуудас/,

- Шүүгдэгч урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “тус 1-р багийн иргэн С овогтой Б нь БЭ.............. тоот регистрийн дугаартай, ам бүл 2, 843 тоотод оршин суугч бүртгэлтэй. Зан төлөвийн хувьд тэнэмэл амьдралтай, архи согтууруулах ундаа хэрэглэдэг, урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байсан” гэх тодорхойлолт /хх-ийн 40 дүгээр хуудас/,

- Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 43-50 дугаар хуудас/,

- Цагдаагийн ерөнхий газрын ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/,

- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 53-69 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

 

  1. Шүүгдэгч С.Бын гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 10 дугаар сарын 14- ний өдөр 19 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг Ховд голын гүүрний хажуу зогсоолд мотоциклоор такси хийхээр зогсож байсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн иргэн К.Жыг хөлсөлж аваад улмаар Өлгий сумын 1 дүгээр багг байдаг гэр хорооллын гудамжинд очоод буусныхаа дараа жолооч К.Жын гар утсыг илээр, гараас нь хууль бусаар авч дээрэмдсэн болох нь хохирогч К.Жын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр хуудас/, гэрч К.Оналханы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч Ж.Арысбекийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, гар утсанд үзлэг хийсэн ба хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 14-15 дугаар хуудас/, шүүгдэгч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч С.Бын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд эд хөрөнгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Б нь хохирогч К.Жт хүч хэрэглэхгүйгээр илээр, хууль бусаар эд зүйлийг дээрэмдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:  Уг гэмт хэргийн улмаас хохирогч К.Жт эд хөрөнгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь дээрэмдсэн “Redmi 5” маркийн гар утсыг хохирогчид биет байдлаар хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.  

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Бад үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн байдал, учруулсан хохирлоо төлсөн, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон хуульд заасан хорих ялыг оногдуулж шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж зааснаар шүүгдэгч С.Бад оногдуулсан уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийт 24 хоног баривчлагдаж, цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч С.Бын  баривчлагдаж, цагдан хоригдсон 24 хоногийг хорих ялын 24 хоногоор тооцож, түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Шүүгдэгч С.Бад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш.Б овогт С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бад оногдуулсан 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бын баривчлагдаж, цагдан хоригдсон 24 /хорин дөрөв/ хоногийг хорих ялын 24 /хорин дөрөв/ хоногоор тооцож, түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч С.Бад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     А.ДАУРЕНБЕК