| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 182/2024/06175/И |
| Дугаар | 210/МА2026/00695 |
| Огноо | 2026-03-30 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2026/00695
*******, БНХАУ-ын иргэн *******
нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШШ2026/00012 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******, БНХАУ-ын иргэн ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох,
Даатгалын нөхөн төлбөрт 300,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Манай компани 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр *******-тай гэнэтийн осол, эмчилгээний зардлын даатгалын багц гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний даатгалын төрөл нь гэнэтийн осол, гэнэтийн ослоос үүдэлтэй эмчилгээний даатгал байхаар талууд тохиролцсон. Даатгалын үндсэн нөхцөл болох даатгалын үнэлгээг 1 ажилтан /нас барсан/ 300,000,000 төгрөг, эмчилгээний зардал 40,000,000 төгрөг хүртэл байхаар тохиролцож, гэрээний хавсралтаар 37 ажилтныг гэнэтийн ослын даатгалд даатгасан. Даатгуулсан 37 ажилтнаас 21 ажилтны даатгалын хураамжид тус бүр 2,400,000 төгрөг, 16 ажилтны даатгалын хураамжид тус бүр 1,920,000 төгрөг төлсөн.
Дээрх гэнэтийн ослын даатгалд даатгуулсан манай компанийн ажилтан ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэнэтийн ослоор нас барсан. Уг ослыг Төв аймгийн цагдаагийн газар шалгаад гэмт хэргийн шинжгүй гэж тогтоож, прокурорын газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 43 дугаартай тогтоолоор хэргийг хаасан.
Нас барсан ажилтны ар гэр нутаг руугаа буцах шаардлагатай болсон тул компанийн дүрэм, журамд заасны дагуу манай компаниас даатгалын нөхөн төлбөрийг урьдчилж төлсөн.
*******-тай байгуулсан гэрээний 3.1-д заасны дагуу манай компани даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй. Гэтэл хариуцагч нь даатгалын тохиолдол бий болж ажилтан нас барсан байхад үндэслэлгүйгээр татгалзаж биднийг хохироосон. Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “хууль болон гэрээнд заасны дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхтэй тул нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаанд олгох нь зүйтэй. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтыг үндэслэн даатгалын гэрээнд заасан эрсдлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг хариу мэдэгдэнэ үү” гэсэн албан бичгийг талуудад ирүүлсэн боловч ******* шийдвэрлэхгүй байна.
Иймд хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 300,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.1. Миний нөхөр БНХАУ-ын иргэн ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэнэтийн осолд орсны улмаас нас барсан. Түүний амь насны даатгалын гэрээний зүйл болсон бөгөөд нас барснаар даатгалын тохиолдол үүссэн байна. Хариуцагч нь даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг компанид өгөөгүй байсан тул компанийн дүрэм, журамд заасны дагуу ар гэрт даатгалын нөхөн төлбөрийг урьдчилан олгож, миний бие 1,400,000 юань авсан.
Иймд нэхэмжлэгч *******-ийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байгаа тул хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
3.1. Талуудын хооронд даатгалын гэрээ байгуулагдсан талаар маргаангүй.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4-т заасны дагуу “Эрүүл ахуйн менежментийн хүрээлэн” Төрийн бус байгууллагатай хамтран осол болсон уурхай дээр ажиллаж, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тэргүүлэх аудитор *******, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн аудитор ******* нараар 06/02/24 тоот дүгнэлт гаргуулсан. Тус байгууллага нь “осолд өртөгчдийг өглөө ажилдаа гарахад нь согтууруулах болон мансууруулах зүйл, тайвшруулах эм тариа хэрэглэсэн эсэх болон цусны даралтыг хэмжсэн баримтгүй, уг босоо амны агаарын найрлага, хүчилтөрөгчийн даралтыг хэмжсэн баримтжуулаагүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1-д заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн бодлого, менежментийн төлөвлөгөө боловсруулж, баталж, мөрдөөгүй. ... Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрмийн 289 дүгээр зүйлд заасны дагуу далд уурхайн тоноглолуудын бүрэн бүтэн байдалд үзлэг үйлчилгээг хариуцагчийг томилсон шийдвэр байхгүй. Мөн компанийн дүрмийн 33, 36 дугаар зүйлийн дагуу шатыг, гарцыг сард 1 удаа, уурхайн дарга болон ерөнхий мэргэжилтэн сард тохиолдлын суурь шалтгаан нь *******-ийн төлөвлөлтийн болон гүйцэтгэлийн алдаа бөгөөд цаашид энэ компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн менежментийг сайжруулах үйл явцыг эхлүүлэхгүй бол давтан үйлдвэрлэлийн осол гарах магадлалыг 90 хувьтай гэж үзэж байна.” гэж дүгнэсэн.
Түүнчлэн даатгалын гэрээний 13.15, 13.16-д заасан үндэслэлээр даатгуулагч нөхөн төлбөр олгохгүй байхаар талууд харилцан тохиролцсон болно. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.3.1-27.3.4, 28 дугаар зүйлийн 28.1.4, 28.3, 28.1.8, 35 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй, зөрчсөн эс үйлдэхүйгээс үүдэн талийгаач осолд орж амь нас нь хохирсон байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан хариуцагч *******-аас 300,000,000 /гурван зуун сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгч БНХУА-ын иргэн ******* /*******/-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч нэхэмжлэгч *******-ийн 1,657,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,657,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөний улмаас анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.
5.1. Талийгаачийн эхнэрт нэхэмжлэгч компаниас Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 125.1.2-т “ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг 36 дахин олгоно” гэж зааснаар олгосон эсэх нь тодорхойгүй. Мөн нэхэмжлэгч компанитай ямар хамааралтай хүмүүс нь баримтаар тогтоогдоогүй тодорхойгүй этгээд болох БНХАУ-ын иргэн *******, ******* гэх хоёр иргэний данснаас талийгаачийн эхнэрийн данс руу цалин гэх утгатай мөнгө шилжүүлснийг шүүх баримтаар үнэлсэн нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай *******-ийг Монгол Улсын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахгүй байгааг хөхүүлэн дэмжсэн үйлдэл болно.
5.2. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн хүсэлтээр осол болсон далд уурхайн орчны бичлэг болон зураг байгаа сидинд үзлэг хийсэн тэмдэглэл ..., хариуцагч талын хүсэлтээр гэрч *******, *******, *******, ******* нарыг асуусан гэж тус тус тэмдэглэсэн болно. Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсэгт энэхүү нотлох баримтуудыг дурдаагүй буюу нотлох баримтаар үнэлсэн эсэх нь тодорхойгүй. Энэ нь хариуцагчийн эрх ашгийг дордуулсан шийдвэр гаргахад хүргэсэн болно.
5.3. Дээрх шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагч баримт гарган, шүүхээр үзлэг хийлгэсэн байхад нэхэмжлэгч гаргасан гэж шүүхийн шийдвэрт тусгаж буй нь өрөөсгөл болно.
Хариуцагчийн зүгээс шүүхэд бичлэг болон гэрэл зургуудыг хүргүүлж, үзлэг хийлгэсэн. Үзлэгийн тэмдэглэлд тухайн далд уурхайд ажилтнууд нь усны гуталтай ажилладаг болох нь, осолдсон шат нь ямар нэгэн бэхэлгээгүй, бохир заваан шавар ихтэй, гулсах магадлал маш өндөр, осолдсон шатны ойр орчим нь бүхэл шороо, чулуу ихтэй тогтмол цэвэрлэдэггүй болох нь тогтоогдож байна. Энэ талаар шүүх нарийвчлан дурдаагүй, мөн энэхүү гэрэл зураг, бичлэгийг баримтжуулсан гэрч *******ийг шүүх танхимд гэрчээр дуудаж, мэдүүлэг авхуулсан. Дээрх бүх үйл баримтыг тодорхойлж мэдүүлэг өгсөн нь хэрэгт авагдсан.
5.4. Даатгалын гэрээний 10-д даатгалын үнэлгээ хүснэгтийн нэг ажилтны үнэлгээ 300,000,000 төгрөг хүртэл гэж тусгасныг зөв дурдсан атлаа 300,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь даатгагчийн эрх ашгийг хүндэтгээгүй, нэхэмжлэгчийн эрх ашгийг илтэд давуу байдал бий болгосон. Энэхүү гэрээ нь стандарт нөхцөл бүхий гэрээ биш бөгөөд зуучлалын байгууллагаар дамжуулан нэхэмжлэгчийн санал болгосон гэрээний нөхцөлөөр байгуулагдсан болно.
Мөн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дугаар нүүрэнд нэхэмжлэгчийн төлөөлөгч “өмнөх хуралдаан дээр 250,000,000 төгрөгөөр эвлэрэх санал гаргасан боловч хариуцагч тал нэг дор өгөх боломжгүй, хугацаа авч, олон хуваана гэсэн тул бид зөвшөөрөхгүй.” гэж тусгагдсан. Хариуцагчаас гаргаж өгсөн Уул уурхайн сайд, хөдөлмөрийн сайдын хамтарсан 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тушаал, хавсралт болох Хүдрийн далд уурхай аюулгүй байдлын дүрэм, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоол, хавсралт болох үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм зэргийг шүүхийн шийдвэрт дурдаагүйд гомдолтой байна.
Учир нь, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоол, хавсралт болох үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн холбогдох заалтын дагуу үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актыг *******-ийн ажилтнуудаас бүрдсэн комисс тогтоосон бөгөөд Төв аймгийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* ослын газар очоогүй, зөвхөн баталгаажуулсан болохоо шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ дурдсан. Дээрх тогтоолын хавсралт болох дүрмийн 3.11-д заасан үүргээ биелүүлээгүй болохоо өөрөө хүлээн зөвшөөрсөн, мөн Төв аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас тусгайлан дүгнэлт гаргаагүй болохыг албан бичгээр илэрхийлсэн нь хэрэгт авагдсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
6.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн магадлалаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын нэрлэсэн гэрчүүдийг асуусан. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зөрчил байгаа эсэхийг Төв аймгийн Цагдаагийн газар, прокурорын байгууллага мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тогтоосон. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр *******-аас гаргасан дүгнэлт, уг байгууллагын захирал н.Батбаатарыг гэрчээр оролцуулан асуусан. Гэвч уг дүгнэлт нь осол гарснаас хойш хэдэн сарын дараа гарсан тул ослын бодит нөхцөл байдлыг тухайн цаг үед нь үнэлж гаргасан дүгнэлт биш байна.
6.2. Wechat-д үзлэг хийгдсэн, 3 удаагийн гүйлгээгээр нийт дүн нь ойролцоогоор 700,000,000 төгрөгийг нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* хүлээн авсан болохоо зөвшөөрсөн. Уг мөнгө нь байгууллагын дотоод журмын 6.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасан төлбөр болон бусад холбогдох зардлуудыг багтаасан. Иймээс энэ талаар гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй.
Мөн даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэх эрхтэй этгээдийн талаар маргаан үүсгэж буйтай холбогдуулан даатгалын гэрээний үндсэн нөхцөлийн 1.2-т даатгагч нь *******, даатгуулагч нь ******* гэж тодорхой заасан бөгөөд уг харилцаа нь эдгээр хоёр этгээдийн хооронд үүссэн. Харин талийгаач даатгалын гэрээний зүйл учраас даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэх эрхтэй этгээдийг тодорхойлох нь зүйтэй. Нэхэмжлэгч нь 250,000,000 төгрөгөөр эвлэрэх боломжтой гэдгээ илэрхийлж байсан боловч шүүх 300,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Энэ хүрээнд нэхэмжлэгч эвлэрлийн журмаар шийдвэрлэх тохиолдолд нэхэмжлэлийн хэмжээг 250,000,000 төгрөг болгон бууруулж, уг төлбөрийг нэг удаад бүрэн олгосон нөхцөлд эвлэрэх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Харин талууд эвлэрэхгүйгээр хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх тохиолдолд 300,000,000 төгрөгийн шаардлагаа хэвээр хадгалах байр суурьтай байгаагаа мэдэгдсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч *******, БНХАУ-ын иргэн ******* нар нь хариуцагч *******-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 300,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... даатгалын гэрээний 13 дугаар зүйлийн 13.15, 13.16-д заасан үндэслэлээр даатгуулагч нөхөн төлбөр олгохгүй байхаар талууд харилцан тохиролцсон болно. ******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.3.1-27.3.4, 28 дугаар зүйлийн 28.1.4, 28.3, 28.1.8, 35 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй, зөрчсөн эс үйлдэхүйгээс үүдэн талийгаач осолд орж амь нас нь хохирсон тул даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлгүй...” гэж тайлбарлан, талууд маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1. Талууд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр HIA01C22140212 дугаартай Гэнэтийн осол, эмчилгээний зардлын даатгалын багц гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр даатгуулагч ******* нь бүх төрлийн гэнэтийн ослоос үүдсэн хөдөлмөрийн чадвар алдалт, амь нас эрсдэх тохиолдол, эмнэлэг, эмчилгээний зардлыг даатгуулж хураамж төлөх, даатгагч ******* даатгалын тохиолдол бий болсон үед тохиролцсон хувь хэмжээгээр тооцон нөхөн төлбөр олгох, ******* нь даатгалын үнэлгээ болох нийт 21 ажилтны 6,300,000,000 /нэг ажилтны үнэлгээ 300,000,000 төгрөг хүртэл, эмчилгээний зардал 40,000,000 төгрөг хүртэл/ төгрөгийн 0.8 хувиар тооцон 50,400,000 төгрөг даатгалын хураамжид төлөх нөхцөлийг харилцан тохиролцож, гэрээний хавсралтаар гэнэтийн ослын даатгалд даатгагдсан ажилчдын нэрсийг баталгаажуулсан. /1хх8-15/
3.2. Гэрээний дагуу 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр даатгуулагч нь даатгалын хураамжид өөрийн эзэмшлийн ХААН банк дахь ******* дугаартай данснаас 15,360,000 төгрөгийг даатгагчийн эзэмшлийн Богд банкны ******* дугаартай данс руу шилжүүлсэн. /1хх39/
4. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3 дахь хэсэгт заасан даатгалын гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
5. *******-ийн ажилтан БНХАУ-ын иргэн ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах *******К-ийн далд уурхайн компанийнхаа туслан гүйцэтгэгчийн ажлыг хийж гүйцэтгэх явцдаа өндрөөс унаж, нас барсан байна. /1хх40, 151-153/
6. Уг үйл явдалтай холбогдон даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэл бий болсон эсэх талаар зохигч маргажээ.
7. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.
7.1. 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Гэнэтийн осол, эмчилгээний зардлын даатгалын багц гэрээний 13.15-д “Хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр тус тус даатгагч даатгалын нөхөн төлбөр олгох үүргээс бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөгдөнө”, 13.16-д “Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл” бий болсон тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохгүй байхаар талууд харилцан тохиролцжээ.
7.2. Хэрэгт 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдээлэл хуудас, *******-ийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай Үйлдвэрлэлийн осол, мөн өдрийн 02 дугаартай *******-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл байгуулах тухай тушаал, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлах тухай анхан шатны бүртгэлийн маягт, 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого судлах бүртгэх комиссын хурлын протокол зэрэг нотлох баримтууд авагдсан байна. /1хх179-188/
Эдгээр нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Хун шин вэй иэ” ГХОХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын үед авах арга хэмжээг авсан байна.
7.3. Гэрч буюу улсын байцаагч ******* нь осол болсон газарт биеэр очоогүй байх боловч нэхэмжлэгч *******-аас ирүүлсэн ослын акт, дүгнэлтийг хянаад Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актыг баталгаажуулсан нь мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4, 29.4.1-д заасан журамд нийцжээ.
7.4. Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актад ажилтан *******-ийг ажил үүргээ гүйцэтгэж байгаад осолдсон, үйлдвэрлэлийн осол гэж дүгнэсэн байна. /1хх151-152/
7.5. Нэхэмжлэгч *******, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөн болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байх тул холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг дагаж мөрдөөгүй гэж үзэх боломжгүй.
7.6. Хариуцагчийн хүсэлтээр “Монголын хөдөлмөрийн аюулгүй, ажиллагаа эрүүл ахуйн менежментийн хүрээлэн” ТББ-аас 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 06/02/24 дугаартай дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтэд “... ******* нь ХАБЭА-н сургалт зохион байгуулж, шалгалт авдаггүй, эрсдэлийн үнэлгээ хийж, аюулыг илрүүлж хяналтад авдаггүй зэргээс шалтгаалан өрөмдөгч ажилтай ******* унаж нас барсан байх тул ослын тохиолдлын суурь шалтгаан нь уг компанийн ХАБЭА-н төлөвлөлтийн болон гүйцэтгэлийн алдаа гэж дүгнэж байна. Цаашид энэ компанийн ХАБЭА-н менежментийг сайжруулах үйл явцыг эхлүүлэхгүй бол давтан үйлдвэрлэлийн осол гарах магадлалыг 90 хувьтай гэж үзэж байна. ...” гэжээ. /1хх97-98/
Энэ нь нэг талын нотлох баримт, мөн гэнэтийн осол болсон цаг хугацаанаас хойш хийгдсэн дүгнэлт тул уг баримтыг үндэслэн нэхэмжлэгч *******-ийн хууль зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас ажилтны амь нас хохирсон гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй.
7.7. Гэрч *******, , ******* нарын мэдүүлэг нь нэхэмжлэгч компанийн хууль зөрчсөн үйл баримтыг эргэлзээгүй нотлохгүй байна. /1хх107-108, 120, 112-113/
7.8. Хариуцагч ******* нь даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг тул нэхэмжлэгч *******-тай байгуулсан гэрээг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзнэ.
Иймээс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Гэнэтийн осол, эмчилгээний зардлын даатгалын багц гэрээний 13.15, 13.16-д заасан нөхөн төлбөр олгохгүй нөхцөл бий болсон гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй. Харин анхан шатны шүүх шийдвэртээ хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар дүгнэлт хийгээгүй алдааг давж заалдах шатны шүүх дээрх байдлаар залруулан дүгнэв.
8.Талууд гэрээгээр 1 ажилтны амь насны даатгалын үнэлгээг 300,000,000 төгрөгөөр даатгаж, хураамжийн хэмжээг 0.8 хувиар тооцон 1,920,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх15/
9. Гэрээний дагуу даатгуулагч *******-аас даатгалын хураамж төлсөн болох нь тогтоогдсон. /1хх39/
10. Мөн гэрээний 8.1-д даатгуулагчийн ажилтны амь нас /нас барах/ хохирсон тохиолдолд олгох нөхөн төлбөрийн хэмжээг 100 хувиар тооцон олгохоор талууд харилцан тохиролцжээ. /1хх11/
11. Зохигчдын байгуулсан гэрээний хавсралтын гэнэтийн ослын даатгалд даатгагдсан ажилчдын нэрсийн жагсаалтын 12-т ажилтан ******* бүртгэгдсэн байна. /1хх15/
12. Нэхэмжлэгч нь гэрээний 4.7-д заасны дагуу даатгалын тохиолдол бий болсон үед холбогдох баримт бичгийг бүрдүүлж, даатгалын тохиолдол бий болсноос хойш 60 хоногийн дотор хүлээлгэн өгөх үүрэгтэй холбоотой асуудлаар зохигч маргаангүй.
13. Санхүүгийн зохицуулах хороо нь даатгуулагч *******-ийн гомдлыг хянан шалгаад тус компанийг даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагч *******-аас шаардах эрхтэй гэж дүгнээд уг асуудлыг шийдвэрлэж, эргэж мэдэгдэх тухай албан бичиг даатгагч компанид хүргүүлсэн байна. /1хх67-68/
Иймээс нэхэмжлэгч нь гэрээгээр тогтоосон хувь хэмжээгээр даатгалын нөхөн төлбөр төлөхийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 430 дугаар зүйлийн 430.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
14. Нэхэмжлэгч *******-аас HIA01C22140212 дугаартай даатгалын гэрээний дагуу ажилтан *******-гийн гэнэтийн ослоор нас барсантай холбогдуулан даатгалын нөхөн төлбөрийг шийдвэрлүүлэх зорилгоор БНХАУ-ын иргэн *******-ийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байна. /1хх57/
14.1. Тэрээр БНХАУ-ын иргэн ******* нь талийгаачийн хууль ёсны өв залгамжлагч БНХАУ-ын иргэн *******-д нийт 1,472,047 юань шилжүүлсэн болох нь гадаад хэлнээс монгол хэл рүү орчуулуулсан гүйлгээний баримтууд болон нэхэмжлэгч *******-ийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. /1хх43-47/
14.2. Нэхэмжлэгч ******* нь дээрх үндэслэлээр нөхөн төлбөрийг *******-д гаргуулах нэхэмжлэлийг дэмжсэн тайлбар гаргасан байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч *******-аас даатгалын нөхөн төлбөрт 300,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгч *******-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.
15. Анхан шатны шүүх, хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг нэхэмжлэгч талын хүсэлтээр гэж техникийн алдаатай бичсэн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх хуулийн үндэслэл болохгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШШ2026/00012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Д.ХУЛАН
Ч.ЦЭНД