Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/00751

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Т.Бадрах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2026/01291 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох

 

Дутуу олгосон цалин хөлс 1,192,000 төгрөг, алданги 153,765 төгрөг, ээлжийн амралтын олговор 2,173,185 төгрөг, нийт 3,518,950 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дипломын эх хувь гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие *******-д 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд “vocal coach” албан тушаалд томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Хариуцагч нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ямар ч баримтгүйгээр компанийн мөнгө хувьдаа завшсан гэх үндэслэлээр миний дансыг хууль бусаар шалгаж, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс болох 1,192,000 төгрөгийг олгоогүй. Түүнчлэн уг асуудлаар шаардлага гаргасан боловч хариу өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасны дагуу өнөөдрийг хүртэлх цалин 1,192,000 төгрөг, ажлын 53 хоногийн алданги 189,523 төгрөг, нийт 1,138,528 төгрөг болж байна.

1.2. Хөдөлмөрийн гэрээний 4.2.23-т заасны дагуу нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөж байгаа гэж бодсон боловч нэг ч төлөлт хийгдээгүй байсан.

1.3. Дээрх хугацаанд ажиллахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйл болон *******-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.4-д заасан ээлжийн амралтын олговрыг нэг ч удаа авч байгаагүй. Иймд нэг хоногийн дундаж цалинг 48,293 төгрөгийг 45 хоногоор тооцон 2,173,185 төгрөгийг надад олгох ёстой.

1.4. Хариуцагч нь анх намайг ажилд ороход сургуулийн дипломыг авсан боловч буцааж өгөөгүй.

Дээрх асуудлаар 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч талууд эвлэрэлд хүрч чадаагүй тул мөн сарын 31-ний өдөр 25/16 дугаартай шийдвэр гарсан.

Иймд *******-аас дутуу олгосон цалин хөлс 1,192,000 төгрөг, алданги 153,765 төгрөг, ээлжийн амралтын олговор 2,173,185 төгрөг, нийт 3,518,950 төгрөг, их сургуулийн дипломыг тус тус гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* анхан шатны шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч *******-аас нийт 3,518,953 төгрөг, дипломын эх хувийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгон, хариуцагч *******-д 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичихийг даалгасугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 211,653 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. ******* нь *******-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа байгууллагын эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжтэй үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ асуудлыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. ******* нь хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлээд ажлаа хүлээлцэхгүй алга болсон.

Түүний ажилласан хугацааны цалин болон амралтын мөнгийг олгоогүй асуудал нь байгууллагын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэнтэй холбоотой болох нь шүүхийн журмаар бүрдүүлсэн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хэрэг бүртгэлт нээх тухай 2511101337 дугаартай мөрдөгчийн тогтоолын хуулбараар нотлогдож байна. Мөн энэ талаар нэхэмжлэгч маргаагүй. Түүнчлэн уг хэрэг бүртгэлийн хэргийг хаасан талаар баримт байхгүй.

Гэтэл шүүх уг тогтоолоор нэхэмжлэгчид холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгохыг шүүхэд үүрэг болгосон.

Анхан шатны шүүх нь дээрх хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт уг хэргийн талаар эрүүгийн журмаар хянан шийдвэрлэгдэж байгаа бол гэж заасан. Гэтэл эрүүл мэндийн даатгал, хөдөлмөрийн гэрээний маргаан, нийгмийн даатгалтай холбоотой хэргийн талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаагүй.

Хариуцагчийн зүгээс 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй, хариу тайлбар гаргаагүй, нотлох баримт гаргаж өгөөгүй учраас анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан дутуу олгосон цалин хөлс 1,192,000 төгрөг, алданги 153,765 төгрөг, ээлжийн амралтын олговор 2,173,185 төгрөг, нийт 3,518,950 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дипломын эх хувь гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч тал нэхэмжлэлийг гардан аваад тайлбар шүүхэд ирүүлээгүй байна.

 

3. Анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэх хэсгийн “... шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж заасныг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

3.1. Учир нь, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлэх үүргийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, маргааны зүйлийг тогтоосноор Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хугацааг тоолох, мөн холбогдох нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ. Шүүх хөдөлмөрлөх эрхийн маргааныг шийдвэрлэхдээ холбогдох нотлох баримтыг ажил олгогч буюу хариуцагчаас гаргуулах ажиллагаа явуулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд харшлахгүй.

Гэтэл нэхэмжлэгч ямар хугацааны ээлжийн амралтын олговор гаргуулахаар шаардаж байгаа, мөн ээлжийн амралтын хоногийг хэрхэн тооцсон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөлт хийж, баталгаажуулахыг шаардаж байгаа үндэслэл зэрэг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, мөн цалин, хөлс авч байсан гэх ХААН банк дахь депозит дансны хуулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ. 

3.2. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ “... 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллахдаа ... ээлжийн амралт, олговор нэг ч удаа авч байгаагүй ... ээлжийн амралтын олговорт 2,173,185 төгрөг гаргуулна.” гэж бичсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11,138,333 төгрөг гаргуулах, ... 2022, 2023, 2024 оны ээлжийн амралтын олговор гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, нэмэгдүүлсэн байна.

Анхан шатны шүүх “... урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журам зөрчсөн ..., ... тус хугацааны ээлжийн амралтын цалинд хэдэн төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тусгаагүй ...” гэх үндэслэлээр уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан атлаа шүүхийн шийдвэрт “... хариуцагч 2024 оны ээлжийн амралтын цалин олгосон болохоо ...  2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн болохоо ... нотлоогүй ... “ гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

4. Харин “... ******* нь *******-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа байгууллагын эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжтэй үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ асуудлыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ... уг асуудлыг шийдвэрлээгүй байхад иргэний хэргийг шийдвэрлэсэн” гэх агуулга хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

4.1. Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол нотлох баримтад “... ******* нэртэй сургалтын төвийн багш нь байгууллагын орлогоос хувьдаа завшсан байна.” гэх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад ... хөрөнгө завших гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлтэй.” гэж дүгнээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. /хх114/

Дээрх эрүүгийн хэрэг бүртгэлийн ажиллагаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй холбоотой гэж үзэхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2026/01291 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,254 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ХУЛАН

 

                                                       ШҮҮГЧИД                                    Т.БАДРАХ

 

                                                Ч.ЦЭНД