| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2019/0167/Э |
| Дугаар | 163 |
| Огноо | 2019-11-11 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Т.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 163
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Д даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
орчуулагч, хэлмэрч А.Е,
улсын яллагч Т.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,
шүүгдэгч Ж.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Тд холбогдох 1913003080211 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс Казах, тус аймгийн Булган сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, М.м овогт Ж.Т, регистрийн дугаар БД...............
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Т нь Х.Хн өвсийг шатааж устгасан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Т нь 2019 оны 8 дугаар сарын 25-ны шөнө 02 цагийн орчимд согтуурсан үедээ Баян-Өлгий аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг Ёлт гэдэг газарт байх өвөлжөөний хашаандаа буулгаж хадгалсан ах Х.Хн өвсийг шатааж устгасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Х.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намаржаандаа ирж гэрээ барьж байхад Ж.Тий гэрийн бүслүүр олс нь хүрэхгүй байсан тул Ж.Т нь би багийн төв рүү яваад олс аваад ирнэ гэж яваад бид нар амрах хүртэл ирээгүй байсан. Тэгтэл 00 цаг өнгөрч байх үед Ж.Т согтуу ирээд “Та нар надад олс олж өгөөгүй, би өөрөө олоод ирлээ, би та нартай хамт нэг газарт суухгүй, би өвсөө шатаана, та нар харж л байгаарай” гэх мэтээр агсам тавиад яваад өгсөн. Ж.Т агсам тавих үед би гэрээсээ гаралгүй орондоо хэвтэж байсан. Тэгээд шөнө 04 цагийн үед А, Б гэх хоёр хүн манайд ирээд “Танай өвс шатчихсан байна, бид нар ус зөөж унтраасан боллоо, одоо ч шатаж байна” гэж хэлсэн. Миний хүү болох Ж нь А нартай хамт мотоциклээр яваад өгсөн. Араас нь би ч гэсэн босоод явах гэж байхад Х гарч ирээд шөнө Ж.Т агсам тавьж эхнэр хүүхдүүдээ хүч өгөлгүй сундлуулаад яваад өгсөн байна, явахдаа өвсийг шатаана гэж явсан. Ж.Т өвсийг шатаасан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би өвөлжөөндөө очиход өвс маань тэр чигтээ шатаад дуусаж байсан. Би Ж.Тий өвөлжөөний байшин руу дөхөж очиход Ж.Т гадаа үүдэнд нь зогсож байсан. Би түүнээс чи өвс яагаад шатааж байгаа юм бэ гэж асуухад би өвс шатаагаагүй, өөрийнхөө өвсийг юу гэж шатаах юм бэ гэж хэлсэн. ...Уг өвсийг дүү болох Ж.Т өөрөө шатаасан байх гэж бодож байна. Тийм учраас ямар нэгэн гомдол санал байхгүй, харин цагдаагийн байгууллагад Ж.Т нь цаашид архи ууж агсам тавьж иймэрхүү асуудал гаргахгүй байх талаар зөвлөгөө өгч анхааруулахыг хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-21-р хуудас/,
- Гэрч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...шөнө 00 цагийн үед Ж.Т согтуу ирээд орилж хашхираад “Та нар надад олс өгч туслаагүй, би гэрээ шатаана” гэх мэтээр хашхираад эхнэр хүүхдүүдээ босгоод явцгаая, би энд намаржихгүй гэж хэлж байсан. Тэгээд би босч очоод чи яах гээд байгаа юм бэ, чи энэ хүүхдүүдийг шөнө дунд хаашаа авч явах гээд байгаа юм бэ гэж загнасан боловч та нар надад олс олж өгч тусалсангүй, би та нарын өвсийг очоод шатаана гэж хашхираад болохгүй байхаар нь би ах нь болох Хд очоод Ж.Т согтуу ирчихээд агсам тавьж байна, энийг яах юм вэ гэхэд тэгж байгаад болих байлгүй дээ гэсэн. Би ч гэсэн гэр лүүгээ орсон ба Ж.Т нь эхнэр хүүхдүүдээ мотоциклдээ сундлуулаад яваад өгсөн юм. Тэгээд шөнө 04 цагийн үед байх Байдолда, А гэх хоёр залуу мотоциклтэй ирээд танай айлын өвс шатаж байна, бид нар ус цацаж унтраасан боллоо, очоод хараарай гэхээр нь Х болон түүний хүү Ж нар тийшээгээ явцгаасан ба би тийшээ яваагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,
- Гэрч Х.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Бид нар орондоо ороод унтах гэж байхад Ж.Т ирсэн ба ирэхдээ шал согтуу ирсэн. Ж.Т орилж хашхираад “та нар надад олс олж өгч тусалсангүй, би гэрээ шатаана, бензин аваад ирцгээ” гэх мэтээр хашхирч гэрийн бүрээс тооно зэргийг татаж хуулж аваад хашхирч байхад хүргэн ах болох Х гарч ирээд чи яаж байгаа юм бэ, одоо боль унтаж амар гэсэн боловч хүч өгөлгүй хашхирч би энэ гэрийг шатаана гэх мэтээр намайг болон хүүхдүүдийг сэрээж “та нар босоцгоо, би Х, Х нартай хамт намаржихгүй, та нар бос өвөлжөө рүү авч явна” гээд агсам тавьж намайг хоёр хүүхдийн хамт мотоциклд сундлуулж аваад Ёлт гэх багийн төв рүү явсан. Замдаа 3-4 удаа мотоциклээс унасан. Тэгээд өвөлжөөнд дөхөж очиход дахиад мотоциклээс унаад мотоциклийг босгож чадахгүй байсан тул мотоциклийг тэнд хаяж явган алхаад өвөлжөөнд очоод унтаж амарсан. Ж.Т өвөлжөөний байшинд байгаа төмөр оронд ганцаараа унтаж амарсан. Би хоёр хүүхдийн хамт газарт ор засаад унтсан. Тухайн үед би их ядраад очсон тул хүчтэй унтчихсан байсан. Нэг мэдэхэд манай хаалга цонхыг хүмүүс нүдээд байхаар нь би гарахад манай өвөлжөөнд буулгасан өвс хүчтэй гал гарч шатаж байсан ба хүмүүс шуугилдаж ус зөөж унтраах гэж оролдож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/,
- Гэрч О.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ХХК-нь тус сумын Ёлт бага сургуулийн барилгын ажлыг хийж байгаа юм. 2019 оны 8 дугаар сарын 24-нээс 25-ныг шилжих шөнө 01 цаг 30 минутын орчимд би өөрөө бие засах гээд гадаа гартал манай барьж байсан сургуулийн хойд талаас 250 орчим метр газарт их хэмжээний дүрэлзсэн гал гарч байсан. Би гүйгээд ажилчдаа сэрээсэн ба тэд нар ч гэсэн ойр хавийн айлын хүмүүсийг цуглуулж бид нар худгийнхаа шаланкыг гал руу чирч дөхүүлж ус цацаж уг галыг унтраах гэж оролдсон юм. Би өөрөө 02:30 цагийн үед буцаад унтаад өгсөн ба удалгүй манай бусад ажилчид ч гэсэн унтаад амрах шиг болсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,
- Гэрч Х.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Орой 20 цаг өнгөрөх үед ажлаасаа буугаад намаржаанд гэртээ очиж хоол цай уугаад 00 цагийн үед унтаж амарсан. Бид нар хэвтэж унтах гэж байтал Ж.Т ах согтуу ирээд та нар надад олс олж өгсөнгүй гээд миний аавд болох хүргэн ах Х нарт агсам тавьж та нарын өвсийг чинь шатаана гэх мэтээр орилж хашхирч байгаад явсан. Тэгээд дараа нь шөнө дунд А, Б гэх хоёр хүн ирээд танай хашаанд буулгасан өвс тань шатаж байна гэхээр нь сандарч босоод мотоциклээ унаад Ёлт багийн төвд байдаг өвөлжөөндөө иртэл манай өвс тэр чигтээ шатчихсан байсан. Сургуулийн барилгад ажиллаж байсан бүх хүмүүс түүнийг унтрааж байсан. Би ч гэсэн гүйж ус зөөгөөд унтраагаад өглөө 06 цагийн орчимд унтрааж дуусаад амарцгаасан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 09-11-р хуудас/,
- Үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 32-33-р хуудас/,
-Шүүгдэгч Ж.Тий мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Х.Х, Х болон манай айлууд зуслангаас намаржаандаа нүүж ирсэн юм. Тэгээд бид нар намаржаандаа буугаад гэрээ барихад манай гэрийн гадна талын цагаан бүс нь хүрэхгүй байсан тул би Х, Х нараас илүү олс байвал түр өгч байгаач гэж асуухад тэд нар надад хариу хэлэхгүй болохоор нь цаашаа эргээд яваад би тэд нарт хандаж багийн төв рүү яваад олс авч ирнэ гээд явах гэж байхад Х нь надад нэг хайрцаг тамхи авч ирээрэй гээд мөнгийг нь өгсөн. Мөн Ш гэх хөрш маань надад нэг “Нури” нэртэй цай аваарай гэж захисан юм. Би багийн төв рүү ганцаараа өөрийн мотоциклээр явж байх замдаа зогсоод тамхи татах гэтэл чүдэнз маань дуусан байсан тул тэр зогссон газраасаа хөдлөөд багийн төвд байдаг өвөлжөөний байшиндаа очиж байшингаас чүдэнз авч байгаад урьд нь тус байшинд хадгалсан байсан “Эзэн чингис” нэртэй 0.5 литрийн архины талыг нь ганцаараа уучихаад Ёлт багийн төв очоод барааны барилгын материал зардаг Жын гэх хүний дэлгүүрт нь очиж олс худалдаж авсан. Буцаад өвөлжөөний байшиндаа очиж нөгөө архиныхаа үлдсэнийг нь бас ганцаараа уусан юм. Тэгээд Р гэх хүний дэлгүүрт нь дахин очиж хүмүүсийн захисан цай болон тамхийг нь авч зогсож байгаад өөртөө 0.33 литрийн “Хараа” нэртэй нэг шил архи нэмж аваад гэр лүүгээ явахаар болоод замдаа явж байхад Х гэх хүн тааралдсан. Би Хт та ганц юм уух уу гэж асуухад байвал ууя гэж хэлсэн. Бид хоёр миний авсан архийг хаана очиж уух уу гэж ярилцаж байгаад А ажлаас буусан байх, тэднийд очоод үзье гэж хэлээд тэдний очиход А нь гэртээ ганцаараа сууж байсан. Бид гурав миний авч очсон 0.33 литрийн “Хараа” нэртэй архийг хувааж ууж дууссаны дараа Х би явлаа гээд яваад өгсөн. Би Ад одоо ганц шил юм ууя чамд мөнгө байхгүй юу гэж асуухад ганц юм байгаа гээд гэрээсээ бас нэг 0.33 литрийн архийг гаргаад ирсэн. А бид хоёр уг архийг ууж дуусаад би одоо явахгүй бол болохгүй гээд тэндээс гараад шууд гэртээ очсон. Би гэртээ хэдэн цагийн үед очсон гэдгээ сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан шөнө дунд болох шиг болсон. Би гэртээ очиход архи миний толгойд гарч нэлээн согтчихсон байсан тул ах нар болох Х, Х нарт та нар өдөр надад илүү олсноосоо өгсөнгүй, мөн зуслангаас миний үхрийг тууж ирж өгөөгүй, та нар ер нь надад дандаа тусалдаггүй би өвсөө шатаана, гэрээ шатаана гэх мэтээр гомдлоо хэлж явж байгаад эхнэр хүүхдүүдээ сэрээгээд тэд нарыг мотоциклдээ сундалж багийн төвд байдаг өвөлжөөний байшин руу явж байх замдаа би мотоциклээ жолоодож чадахгүй хэд хэдэн удаа унасан. Дахиад мотоциклээ босгож явж чадахгүй байсан тул мотоциклээ багийн төвийн доод талд орхиж явган алхаад өвөлжөөний байшиндаа очиж амарсан. Би унтах гээд хэвтэж байхад миний бөөлжис хүрээд гадаа гарч тамхи татаж зогсож байгаад Х.Х бид хоёрын хадам авч ирж хашаанд буулгасан өвсийг шатаах гэсэн санаа төрж өвсний хажууд очоод тамхи татаад эргэлдээд явж байгаад татаж байсан тамхиныхаа ишийг нь өвс рүү хаячихаад байшиндаа ирээд унтаад өгсөн. Өвс нь шатвал шатах л байх гээд гэртээ ороод амарсан юм. Өглөө 07 цагийн үед босоход өвс маань бүгд шатчихсан байсныг мэдээд буруу зүйл хийсэн гэдгээ ойлгосон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил, бусадтай харилцах харилцааны соёл дутмаг, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Ж.Т нь бусдын өмчлөх эрхэд халдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Шүүгдэгч бусдын эд хөрөнгөнд хохирол учруулахыг хүсэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, архидан согтуурсан үедээ, танхайн сэдэлтээр, бусдыг үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэв.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.Хд учирсан 350.000-400.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч нь энэхүү гэмт хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.Тий үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн эд хөрөнгийн байдал, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөр төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 3 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзэж шүүгдэгчид торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Тий үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ял оногдуулж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримт ирүүлээгүй байна.
Шүүгдэгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч М.м овогт Ж.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Тийг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК