Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 1661

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Лхамаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Наранцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2016/00269 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.Лхамаагийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Ш.Ганзоригт холбогдох

 

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 50 250 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:                                                                        

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Урантуяа,

Хариуцагчийн өмгөөлөгч: З.Ариунжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Шүүхийн шийдвэрт гэр бүлийн дундын өмчийг шийдвэрлэхдээ Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 12Б байрны 48 тоот байрны 9 давхарын агуулах болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ХААИС-ийн баруун талд байрлах 2 давхар 8 нэрийн хүнсний дэлгүүр үйлчилгээний төв буюу 144 м.кв талбай бүхий обьектыг улсын бүртгэлд бүртгэгдээгүй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгүй байна гээд шийдвэрлээгүй үлдээсэн. Шийдвэрт дахин нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дурдсан. Уг хөрөнгө Ш.Ганзориг, Ж.Лхамаа нарын хамтын амьдралын явцад бий болсон, 2003 оноос дэлгүүрийн суурийг ТҮЦ-ээр эхлүүлж, 8 нэрийн барааны дэлгүүр болгон өргөжүүлж, 2013 оныг хүртэл Ж.Лхамаа өөрөө ажиллуулж байсан. Дэлгүүрээ хэний ч оролцоогүйгээр өөрийн хөдөлмөр орлогоор босгон байгуулсан. Уг дэлгүүр болон хөрөнгийг шүүхээс томилсон шинжээч 385 000 000 төгрөгөөр үнэлсэн байдаг тул уг үнэлгээгээр тооцож, нэхэмжлэгчид ногдох хэсэг болох 50 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дундын хөрөнгийг заавал үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар хуваах тухай хуулийн зохицуулалт байхгүй, нэгэнт уг обьект байгаа нь үнэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урантуяа  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2016/х дугаар шийдвэрээр гэр бүлээ цуцлуулж, Ж.Лхамаа нь гэр бүлийн дундын өмчөөс өөрт ногдох хэсгийг гаргуулж авсан ба одоо бидний дунд гэр бүлийн ямар нэгэн хөрөнгийн маргаан байхгүй. Шийдвэрт ямар нэг гомдол гараагүй, хүчин төгөлдөр болсон. Дэлгүүрийн барилгыг манай 2 охин өмчилж үйл ажиллагаа явуулдаг. Шүүхийн шийдвэрээр Ж.Лхамаад дийлэнх буюу 5/2 хэсгээр тооцож олгосон. Өмнөх шийдвэрийн дагуу түүнд олгох 26 000 000 төгрөгөөс 22 800 000 төгрөгийг барагдуулаад байна. Би одоо группд байгаа ба 2 охин, хүргэн, 3 зээгийн хамт нийт 8 ам бүл дэлгүүрт амьдардаг. Нэгэнт шүүхийн шийдвэрээр өмнө нь хөрөнгийн асуудлыг шийдсэн, одоо эд хөрөнгийн маргаангүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар Ш.Ганзоригоос гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ноогдох хэсэгт 50 250 000 төгрөг гаргуулахыг хүссэн Ж.Лхамаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 1 250 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод нөхөн оруулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэрээр гэр бүлийн дундын өмчийг шийдвэрлэхдээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ын баруун талд байрлах 2 давхар үйлчилгээний зориулалттай обьектийн өмчлөлийн талаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй гэж  заасан. Уг объект нь охин Г.Урантуяагийн нэр дээр бүртгэлтэй. Гэтэл шүүх өмчлөх эрх баталгаажаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Уг хөрөнгийг компанийн үндсэн хөрөнгө гэж компанийн гэрчилгээ гарсан байгаа. Дээрх объектийг хөрөнгийн үнэлгээний компани үнэлсэн байгаа. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч Ж.Лхамаа нь хариуцагч Ш.Ганзоригт холбогдуулж гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох агуулах, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 12Б байр, 48 тоотод байрлах 9 давхрын агуулах болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн баруун талд байрлах 2 давхар барилга гэж тодорхойлсон боловч өөрт ногдох хэсгийг дэлгүүрийн зориулалттай 2 давхар барилгын 1 давхрыг өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоосон үнэлгээ болох 50 250 000 төгрөгөөр тооцож /хх-ийн 28-29/ гаргуулах гэж тодруулсан ба охин Г.Урантуяаг уг дэлгүүрийг өөрийн болгосон гэсэн үйл баримтыг дурдсан байна.

 

Хариуцагч Ш.Ганзориг маргааны зүйл болох 2 давхар дэлгүүрийн барилгыг охин Г.Урантуяа, Г.Цэрэнлхам нар өмчилдөг гэсэн тайлбарыг гаргажээ.

 

Хариуцагч Ш.Ганзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урантуяа нь шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа уг 2 давхар барилга нь компанийн өмч гэжээ. /хх-ийн 95 дугаар тал/

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбартаа эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ нь 385 000 000 төгрөг, үүнийг гэр бүлийн 4 гишүүнд хуваарилна гэх боловч нэхэмжлэлээр шаардсан 50 250 000 төгрөгийг ямар үндэслэлээр тооцож нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.

 

Түүнчлэн уг 2 давхар барилгыг Ж.Лхамаа, Ш.Ганзориг нарын хамтын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгө гэж анхан шатны шүүх дүгнэсэн боловч Ш.Ганзоригийн өмчлөлд бүртгэгдээгүй гэх үндэслэлийг зааж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай  болжээ.

 

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй маргааны үйл баримтыг зөв тогтоогоогүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Дээрхи нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2016/00269 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409 200 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА                                       

                                                          ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ                                                                                                     

                                                                         Г.ДАВААДОРЖ