Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2025/ХШТ/47

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, Д.Батбаатар, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор  Н.Гэрэлмаа, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Батдулам, хохирогч Б.Бо-, иргэний нэхэмжлэгч Н.Д-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Золжаргал, нарийн бичгийн дарга О.Амарсанаа нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1077 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар магадлалтай, Б.Б-д холбогдох 2403006550793 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Батбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт *** оршин суух бүртгэлтэй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Б-ы Б-, (РД:***).

Шүүгдэгч Б.Б- нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Олимпын гудамж, Төв номын сангийн баруун талын замд 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 23 цагийн үед “Toyota pruisзагварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1.“Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, “10.4.Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч Б.Бо-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-г “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүхээс оногдуулсан байнга оршин суух Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,

шүүгдэгч Б.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Улсын Дээд Шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б-гаас эмчилгээний зардалд 1,408,745 төгрөг, сэтгэл санааны хохиролд 11,880,000 төгрөг тус тус гаргуулж хохирогч Б.Бо-д, 1,104,750 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Н.Д-д, 67,640 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах эмчилгээний зардал, олох ёстой байсан орлого, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Б-гаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б- нь хохирогч Б.Бо-д хохирлоос 3,000,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б- гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний хувьд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээр маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байгаа боловч анхан болон давах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэтэрхий нэг талыг баримталж, хохирол төлбөрийн болон ял шийтгэлийн асуудлыг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний хувьд анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бөгөөд анхан болон давах шатны шүүхээс миний хувийн байдал (бага насны буюу 2-4 насны хоёр хүүхэдтэй, ээж маань бөөрний дутагдалтай)-ыг болон гэмт хэрэг гарахад аль аль талынх нь хууль, дүрэм зөрчсөн шалтгаан нөхцөл тогтоогдсон байхад үүнийг харгалзан үзээгүй. Миний хувьд тодорхой хэмжээний хохирол, төлбөрийг төлсөн бөгөөд цаашид ажил хөдөлмөр эрхэлж, хуулийн дагуу төлбөл зохих бодит хохирол төлбөрийг төлж барагдуулах болно.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн нэг жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэсэн нь миний ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг хязгаарласан шийдвэр болсон бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд прокуророос надад торгох ял оногдуулах санал гаргасныг шүүх анхаарч үзээгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзээгүй, гэм бурууд тохироогүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаагүй, хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Иймээс энэхүү хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг нэг мөр хэрэглэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Иймд миний хувьд ажил хөдөлмөр эрхэлж байгаа тул орлого олох боломж, миний хувийн байдал, хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ял болгож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батдулам хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байгаа. Шүүх бүрэлдэхүүнээс сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гаргуулж өгнө үү гэх хүсэлтэй байна. Миний үйлчлүүлэгч Б.Б- хоёр хүүхэд, өвчтэй ээжийгээ асардаг. Өөрийн ээжийг Сонгинохайрхан дүүргээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гемодиализмийн аппаратад оруулдаг. Мөрдөн байцаалтын ажиллагаанд хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын зэргийг 3 дугаар зэрэг гэж дүгнээд үүнийг нөхөн төлөөгүйн улмаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй болсон. Ингээд шүүх хуралдаанд үед тооцоолоогүй эмчилгээ, оношилгоотой байсан учраас өмгөөлөгчгүй оролцсон. Мэдээж эрүүгийн хариуцлага цээрлүүлэх зорилготой ч төрийн байгууллага шийдвэр гаргахдаа хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд харж үзэх ёстой. Хоёр бага насны хүүхэдтэй, өвчтэй эхийгээ асардаг, өөр харж хандах, хамгаалах хүнгүй байхад нь түүнийг гэрт суулгах нь ар гэрийнхийг давхар яллаж байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэн зорчих эрх хязгаарлах ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү. Өвчтэй эхийгээ асардаг учраас тогтвортой ажил эрхэлж чаддаггүй ч дансны хуулгыг харахаар байнгын орлоготой нь нотлогддог. Мөн Шүүх шинжилгээний тухай хуульд тусгай мэдлэг бүхий шинжээч сэтгэцийн дүгнэлт гаргана гэж заасан. Гэтэл хүснэгтээр шууд 3 дугаар зэрэг гэж тогтоосон нь хэргийн нөхцөл байдалтай нийцэхгүй. Хохирол төлбөрийн хувьд 3,000,000 төгрөгийг хамгийн сүүлд тушаасан байгаа. Шүүх шинжилгээний тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-3-т заасныг харгалзаж үзнэ үү” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Золжаргал хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Шүүгдэгчийн гомдлын агуулгад хоёр үндэслэл байна.

Нэгт.Эрүүгийн хариуцлагын тухайд надад тохирсон ял шийтгэл оногдуулаагүй гэж байна. Анх прокурор торгох ялаар шийтгэх санал гаргаж, яллах дүгнэлт үйлдсэн ч шүүгдэгч Б.Б- нь шүүх хуралдаанд надад төлөх мөнгө байхгүй гэж мэдүүлсэн. Түүнээс гадна хохирогчид учирсан хохирлоос төлөөгүй учраас шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн.

Хоёрт.Ажил хөдөлмөр эрхлэх боломжийг хязгаарлаж байна гэж үзэж байгаа боловч хэрвээ энэ ял, шийтгэлийг хяналтын шатны шүүхээс оногдуулах нь зүйтэй гэж үзвэл шүүгдэгч оршин суух газар, ажлын байраа өөрчлөхдөө шийдвэр гүйцэтгэгчээ мэдэгдээд хязгаарлалтаа өөрчлөх боломжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан байгаа. Тэгэхээр шүүгдэгчийн гаргаад байгаа гомдолд үндэслэлгүй, ажил эрхлэх боломжийг бусад хуулиар зохицуулсан харилцаагаар зохицуулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Шүүхийн шинжилгээний тухай хуулиар дүгнэлт гаргуулаагүй, хохирогчид сэтгэцийн хохирол гаргуулсан нь үндэслэлгүй гэх тайлбарыг хэллээ. Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тухайлсан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг хүснэгтээр тогтоолгож болно. Үүнийг шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзнэ гэж заасан. Мөн Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор авто тээврийн хөдөлгөөний аюулгүй журмыг зөрчсөнөөс үүссэн гэмт хэргийн хохирогчид үүссэн сэтгэцэд учирсан хохирлыг хүснэгтээр тогтоолгож, шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзнэ гэж тус тус заасан хүчин төгөлдөр хэм хэмжээнүүд үйлчилж байгаа. Нөгөө талаар тухайн хүснэгтээр тогтоосон зэрэглэлийг хохирогч зөвшөөрөөгүй тохиолдолд шинжээч томилж болно гэж заасан. Хохирогчийн хувьд 3 дугаар зэрэглэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй ямар нэгэн байдлаар маргаагүй. Мөн шүүгдэгч Б.Б-н хувьд хохирогчид учирсан сэтгэцийн хор уршигт маргаж байгаагүй. Эсрэгээрээ хохирол, нөхөн төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч тодорхой хэмжээний хохирлыг төлсөн байгаа. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хуульд нийцсэн, хүчин төгөлдөр хэм хэмжээг баримталж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор Н.Гэрэлмаа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б- нь 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутай нь тогтоогдсон байна. Хоёр шатны шүүх шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Иймд шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Харин хэрэгт анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгчээс хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11,800,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт зааснаар, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын дагуу батлагдсан журмын 2.1 дүгээр зүйлийн 1-5 дахь хэсэгт нэрлэн заасан гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хохирлын хэмжээг шинжилгээний байгууллага гаргуулахаар заасан.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг ямар ямар зэрэгт хамаарахыг тогтоохгүйгээр хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг хууль, журамд заасны тогтоогоод иргэний журмаар жич нэхэмжлэх боломжтой учраас шийтгэх тогтоол, магадлалын энэ хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч Б.Бо- гаргасан тайлбартаа “Миний бие 36 настай, 18 настайгаас аав, ээжийнхээ бизнест тусалж ирсэн. Тасралтгүй 18 жил нэг ажлаа хийсэн. 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хамгийн сүүлийн ажлаа хийгээд 4 сараас хойш ямар ч ажил хийгээгүй Х тайлан гаргаад явж байна. Ингээд 18 жил зүтгэсэн компани маань дампуурлын ирмэгт ирсэн. Гэр бүлийн байдал эхнэр, бага насны хүүхэдтэй, бизнес эхлэхдээ тэтгэврийн насны ээж, тэтгэвэртээ гараагүй аав, 18 настай төрсөн дүү нартаа сар болгон хүнсний 2,000,000 төгрөг өгдөг байсан. Одоо энэ мөнгөө өгч чадалгүй тасалдсан. Бизнес маань дампуурч байна. Осолд орсноос хойш 8 сар болж байна. 2024 оны 08 дугаар сарын 17-нд мөргөлдөөд 21-ний өдөр хагалгаанд орсон. Энэ 8 сарын хугацаанд одоог хүртэл миний бие доголон байна. Доголж алхсанаас болоод нуруу маань далийж эхэлсэн. Дээрээс би мото спортын тэмцээнд бэлдэж байсан ч оролцож чадаагүй. Мото спорт миний хобби байсан. Одоо хобби байхгүй болж байна. Оролцох байсан олон тэмцээндээ оролцож чадахгүй болж байна. Олон жил мотоцикл унасны үр шимийг гаргаж чадахгүй, тахир дутуу хүний зэрэгт очсондоо харамсаж байна. Шүүгдэгч Б.Б- энэ хугацаанд нэг ч удаа над руу залгаж “уучлаарай ахаа, таны бие чинь яаж байна” гэж залгаж асуугаагүй. Эмнэлгээс гарахад өөрөө ч ирээгүй, өөрийн хоёр хүүхэд болон эхнэрээрээ тосуулсан. Би хүний эхнэрийг хийгээгүй хэргийнх нь төлөө загнаж чадаагүй. Эхнэр нь манайд орж ирээд үүдэнд хоёр хүүхэдтэйгээ бүлтэлзээд зогсож байсан. Хэрэв хүн чанар гэдэг зүйл чамд байдаг бол өөрөө ирээд уучлалт гуйж болдоггүй юм уу. Өөрийнхөө хийсэн үйлдэлдээ өөрөө уучлалт гуйж болдоггүй юм уу. Хүнийг ингэж хүнд бэртээгээд, зорилгогүй болгоод, хоббигүй болгоод, ажил хөдөлмөр эрхлэх бизнесгүй болголоо. Дээрээс нь эхнэр, хүүхэд, аав, ээж, дүү, 3-4 ажилтнаа цалинжуулаад улсад татвараа төлөөд явж байсан. Миний ард 9-10 хүний амьдрал шийдэгдээд байж байхад яриад байгаа зүйлд нь ч юм уу, надаас уучлалт гуйгаагүйд нь гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Н.Д- гаргасан тайлбартаа “Хоёр шатны шүүхийн шийдвэртэй санал нэг байна. Сэтгэцэд учирсан хохиролд гомдол гаргаж байна гэж ойлголоо. Хоёр шатны шүүхийн шийдвэрүүд хууль болон журамд заасны дагуу гаргуулж шийдвэрлэсэн. Гомдлыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөхрийнхөө хэлсэн тайлбарт нэмж хэлэхэд манай нөхөр доголон болсноос хойш хүүхэд нь гадуур хамт явах, цугтаа тоглохоо больсон. Ажил хийх боломжгүй болсон. Цаана нь гэр бүлийн санхүүгийн асуудал яригдаж байгаа. Өмнө нь хэзээ ч дэлгүүр орохдоо ундааны мөнгөнд санаа зовдоггүй байсан боловч одоо авч ч чадахгүй байдал манай гэр бүлд тохиолдож байна. Мөн цаана нь байгаа аав, ээжийн амьдрал хэцүү болж байна. Хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Шүүгдэгч Б.Б-н гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2. Б.Б- нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Олимпын гудамж, Төв номын сангийн баруун талын замд 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 23 цагийн үед “Toyota pruis” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас Б.Бо-н жолоодон явсан мотоциклтой мөргөлдөж, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

3.Шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

4.Анхан шатны шүүх Б.Б-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг үндэслэлтэй харьцуулан дүгнэж, тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг зөв тогтоосон, шүүхүүд тогтоогдсон хэргийн үйл баримтын хүрээнд шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан зүйлчилжээ.

5.Мөн шүүх шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан төрөл хэмжээний дотор буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, зорчих эрх хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож ял шийтгэсэн нь хуульд нийцжээ.

6.Шүүгдэгч Б.Б- нь давж заалдах болон хяналтын гомдлоо “оногдуулсан ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү” гэсэн ижил агуулгаар гаргадаг бөгөөд анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй, цаашид бодитойгоор биелэгдэх нөхцөл байдал зэргийг харгалзан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг өөрчлөх, няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

7.Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан хохирол төлөгдөх нөхцөл боломжийг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэсэн байна.

8.Харин анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарах талаар шинжилгээний байгууллагаас дүгнэлт гаргаагүй байхад сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 11,880,000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-гаас гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэж, уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

9.Энэ талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 4 дүгээр тогтоолын тодорхойлох хэсгийн 7-8, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар тогтоолын тодорхойлох хэсгийн 3-4, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 19 дүгээр тогтоолын тодорхойлох хэсгийн 10-11, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаар тогтоолын тодорхойлох хэсгүүдэд сэтгэцэд учирсан хор уршгийг тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан тогтоолуудад хуулийн зохицуулалтын хууль зүйн агуулгыг хэргийн үйл баримтад холбогдуулан тайлбарлан хэрэглэсэн байх тул сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхтэй холбоотой дүгнэлтийг дахин хийх шаардлагагүй гэж үзлээ.

10.Дээрхээс дүгнэхэд анхан болон давж заалдах шатны шүүх холбогдох хууль, журамд зааснаар шинжилгээ хийхгүйгээр хохирогч Б.Бо-н сэтгэцэд учирсан хохирол 11,880,000 төгрөгийн нөхөн төлбөрийг шууд гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

11.Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, хохирогч Б.Бо- нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1077 дугаар шийтгэх тогтоолын 7 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Улсын Дээд Шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б-гаас эмчилгээний зардалд 1,408,745 төгрөг, сэтгэл санааны хохиролд 11,880,000 төгрөг тус тус гаргуулж хохирогч Б.Бо-д, 1,104,750 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Н.Д-д, 67,640 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгосугай” гэсний “...сэтгэл санааны хохиролд 11,880,000 төгрөг...” гэсэн хэсгийг хасаж,

шийтгэх тогтоолын 8 дахь заалтад “…хохирогч, иргэний нэхэмжлэгч нар цаашид гарах эмчилгээний зардал, олох ёстой байсан орлого…” гэсний дараа “сэтгэцэд учирсан хор уршиг…” гэж нэмсэн өөрчлөлт тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Б-н хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.  

 

                                          ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                          ШҮҮГЧ                                                         Д.БАТБААТАР

                                                                                                                 М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                                 Б.ЦОГТ