Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 304

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Э.Болормаа би, Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Даваадэлгэр, Б.Батцэцэг нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн төлбөр нийт 11.830.539,44 төгрөг, нотариатын зардал 29.300 төгрөг бүгд 11.859.839,44 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банк /УБД:9016001007, РД:2578597/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Дэлгэрсайхан овогтой  Даваадэлгэр, хамтран үүрэг гүйцэтгэгч Болдбаатар овогтой Батцэцэг нар нь тус банкнаас 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1390004447 тоот зээлийн гэрээгээр 30.000.000 төгрөгийн зээлийг сарын 2,1 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай ачааны машин чиргүүлийн хамт авах зориулатаар авсан. Барьцаат зээлийн 1390004447 дугаар гэрээний гол нөхцөл нь тус гэрээний 1 төлөх үүрэгтэй боловч 2015 оны 01 сараас хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн 2015 оны 04 сарын 16-ны өдрийн дугаар ЗTH/179 тоот зээлийн шийдвэрээр зээлийн нөхцөлийг өөрчлөн 1390008851 тоот зээлийн гэрээгээр 14.062.000 төгрөгийг сарын 2,1 хувийн хүүтэй, 25 сарын хугацаатай болгож өөрчилсөн. Гэвч зээлдэгч 2015 оны 10 сарын 20-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй юм. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч Дэлгэрсайхан овогтой Даваадэлгэр, хамтран үүрэг гүйцэтгэгч Болдбаатар овогтой Батцэцэг нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Дээрх үндэслэлүүдээр зээлийн гэрээг үргэлжүүлэх боломжгүй болж 1390004447, 1390008851 дугаар гэрээнүүдийн 5 дугаар зүйлд заасны дагуу гэрээг цуцалж байгаа болно. 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлдэгч Дэлгэрсайхан овогтой Даваадэлгэр, хамтран үүрэг гүйцэтгэгч Болдбаатар овогтой Батцэцэг нарын төлбөл зохих зээлийн төлбөр дараах байдалтай байна. 1390008851 дугаар гэрээтэй зээлийн үндсэн төлбөр 9.621.368,44 төгрөг хүү 2.157.645 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51.526 төгрөг, нийт 11.830.539,44 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гэрээ, бичиг баримт нотариатаар гэрчүүлсэн зардал 29.300 төгрөг. Иймд зээлийн нийт төлбөр болох 11.859.839,44 төгрөгийг Дэлгэрсайхан овогтой Даваадэлгэр, хамтран үүрэг гүйцэтгэгч Болдбаатар овогтой Батцэцэг нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү” гэжээ.                     

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн тайлбартаа: .....Зээлдэгч Дэлгэрсайхан овогтой Даваадэлгэр, хамтран үүрэг гүйцэтгэгч Болдбаатар овогтой Батцэцэг нар нь 2016 оны 11 сарын 02 өдөр зээлийн нэхэмжилсэн дүн 11.859.839,44 төгрөгийг 1390008851 тоот дансанд төлж, мөн улсын тэмдэгтийн хураамж болох 102.353 төгрөгийг барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Эрчимийн гудамж 1-4 тоотод оршин суух Эзэн овогт Дэлгэрсайханы Даваадэлгэр /РД:ЕЦ79080578/, Боржигон овогт Болдбаатарын Батцэцэг /РД:ЕЭ81092861/ нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хас банкны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг 11.830.539,44 төгрөг, нотариатын зардал 29.300 төгрөг нийт 11.859.839,44 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь 102.354 төгрөг бүгд 11.962.193,44 төгрөгийг Хас банкинд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бүрэн төлж барагдуулан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Д.Даваадэлгэр, Б.Батцэцэг нараас зээлийн гэрээний үүргийн төлбөр нийт 11.830.539,44 төгрөг, нотариатын зардал 29.300 төгрөг бүгд 11.859.839,44 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Д.Даваадэлгэр, Б.Батцэцэг нартай 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Барьцаат зээлийн 1390004447 тоот гэрээг, 1390004447-01 тоот баталгаат ипотекийн гэрээг, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг тус тус байгуулж, 30.000.000 төгрөгийн зээлийг сарын 2.1 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар ачааны авто машин чиргүүлийн хамтаар худалдаж авах зориулалтаар зээлсэн байна. Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр бүрэн биелүүлэх байсан боловч 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг зээлийн хуваарийн дагуу төлөөгүй болох нь зээлийн гэрээ, зээл төлөлтийн хуваарь, зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн төлбөр нийт 11.830.539,44 төгрөг, нотариатын зардал 29.300 төгрөг бүгд 11.859.839,44 төгрөгийг  бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн талаарх тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Даваадэлгэр, Б.Батцэцэг нар биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Даваадэлгэр, Б.Батцэцэг нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн төлбөр нийт 11.830.539,44 төгрөг, нотариатын зардал 29.300 төгрөг бүгд 11.859.839,44 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Д.Даваадэлгэр, Б.Батцэцэг нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 204.708 төгрөгийн 50 хувь болох 102.354 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 102.354 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргаж нэхэмжлэгчид, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 102.354 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг дурдсугай.

3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Э.БОЛОРМАА