Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/00752

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Хулан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/10765 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй

Зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 54,000,000 төгрөг, СӨХ-ны төлбөр 3,920,000 төгрөг тус тус гаргуулж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1.Миний бие 2008 онд *******тай танилцсан, 2014 онд хамтран ажиллах санал тавьсныг хүлээж аваагүй. Дараа нь 2023 онд *******, түүний охин компани болох *******, *******-уудад худалдан авалтын захиалагч олж өгөх, сайн ажиллавал орон сууцны асуудлыг шийдэж өгөх санал тавьсан. Тухайн үед миний хувьд байрны асуудалтай байсан учраас зөвшөөрсөн.

1.2.*******-тай холбогдож Оюутолгой төслийн ханган нийлүүлэгч болгож, Бүгд Найрамдах Турк улсын *******-тай холбож 1,3 тэрбум төгрөгийн цахилгаан кабелийн угсралтын материал худалдан авах гэрээ байгуулсан. Австрали Улсын хөрөнгө оруулалтай *******-тай холбогдож ханган нийлүүлэгчээр ажиллаж эхэлсэн. *******-ийн нэр дээр бүртгэлтэй 3 жил ашиглагдаагүй 630 м.кв талбай бүхий агуулахыг *******-д түрээслүүлсэн зэрэг бусад байгууллагуудтай гэрээ байгуулахад нь зуучилж байсан боловч ямар ч урамшуулал аваагүй.

1.3. 2023 оны 12 дугаар сард өөрийнх нь амьдардаг байранд “хямд байр зарна гэнэ, чи хүүхдүүдтэйгээ ороод байж бай” гэсний дагуу тухайн байрыг худалдсан хүнтэй нь тохирч үнийг нь бууруулаад, засвар хийж, нүүж орсон. Миний ажлын хөлсөнд уг орон сууцыг өгч байна гэж итгэсэн.

1.4. Хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн шийдвэр байхгүй атлаа дээр дурдсан өндөр үнийн дүн бүхий гэрээнүүдийг өөрийн харилцаа холбоог ашиглаж хариуцагчид ашигтай байдлаар гуравдагч байгууллагуудтай байгуулж байсныг зуучлалын гэрээний үндсэн дээр гүйцэтгэсэн гэж үзэж байна.

Иймд зуучлалын хөлсөнд өгсөн орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

  1. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2009-2010 онд *******-д ажиллаж байх үед ажил хэргийн харилцаатай байсан. 2023 онд нэхэмжлэгч нь надтай холбогдож байр түрээслэх 10,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргасны дагуу мөнгө зээлдүүлсэн. Улмаар манай компанид ажилд орох санал тавихад зөвшөөрч, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл *******-д менежерээр ажилласан. Миний хувьд нэхэмжлэгчид ашиг хүртээх, урамшуулал өгөх талаар ярилцаж байгаагүй бөгөөд зуучлалын гэрээ байгуулаагүй. Гэтэл албан үүргийн дагуу хийж гүйцэтгэсэн болон хамт олны ажлыг өөрөө хийсэн мэт дурдсан нь үндэслэлгүй.

2.2. Нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “түрээсийн байрнаасаа хөөгдөөд туслаач” гэхэд нь өөрийн өмчлөлийн орон сууцандаа “2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарыг дуустал амьдарч болно” гэж оруулсан, урамшуулал байдлаар өгөөгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

3.1. Нэхэмжлэгч нь 2023 онд 10,000,000 төгрөг зээлсэн боловч эргэн төлөөгүй.

3.2. Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2024 оны 01 дүгээр сараас 02 дугаар сарыг дуусах хүртэлх хугацаанд өөрийн орон сууцандаа түр хугацаагаар амьдруулсан. Гэтэл нэхэмжлэгч нь орон сууцыг чөлөөлж өгөхгүй улмаар “урамшуулалд авсан” гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд уг орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү.

3.3. Өөрийн орон сууцыг 2024 оны 03 дугаар сараас 09 дүгээр сар хүртэлх хугацаанд бусдад түрээслүүлсэн бол 54,000,000 төгрөгийн орлого олох байсан.

3.4. Мөн нэхэмжлэгч нь СӨХ-ны төлбөр төлөөгүй тул 2024 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сар, 07, 08, 11 дүгээр сар, 2025 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэлх хугацааны төлбөрийг гаргуулахаар шаардаж байгаа гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Хариуцагчаас 10,000,000 төгрөг зээлж байгаагүй. Уг мөнгийг гуравдагч этгээдтэй гэрээ байгуулахад зарцуулсан, холбогдох гүйлгээний баримтууд байдаг.

4.2. Тухайн орон сууцыг урамшуулалд өгсөн гэж үзэж байгаа тул хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 106 дугаар зүйлийн 106.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17020/, ******* гудамж*******байр ******* хаягт байршилтай 168.28 м.кв талбайтай, таван өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоож, нэхэмжлэгч *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* гудамж,*******дугаар байр, *******, 168 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг чөлөөлж өгөөгүйн улмаас олох байсан орлогыг 2024 оны 03 дугаар сараас 2025 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаагаар тооцож  54,000,000 төгрөг гаргуулах, Сууц өмчлөгчдийн холбоонд төлөгдөөгүй 2024 оны 01 дүгээр сараас 2025 оны 09 дүгээр сар хүртэлх нийт 16 сарын төлбөр болох 3,920,000 төгрөгийг тус тус гаргуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* гудамж,*******дугаар байр, *******, 168 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******гийн урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч *******ын урьдчилан төлсөн 567,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 170,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д 70,200 төгрөг, орчуулагч Г.Пүрэвсүрэнд 100,000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг дутуу үнэлсэн тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

6.1. 2023 оны 09 дүгээр сарын зурвасуудын хувьд нэхэмжлэгч нь хариуцагчийн компанид туршилтын хугацаагаар ажилд орсон үеийн зурвас болно. Тухайлбал, 2023 оны 09 дүгээр сарын 23, мөн сарын 29-ний өдрийн зурвасуудын хувьд нэхэмжлэгч нь “миний найз түрээс хэд билээ” гэж асууж чатаас өөрийн байргүй түрээсийн байранд сууж байсан нь тодорхой харагдана.

Үүнээс өмнөх буюу 2023 оны 04 дүгээр сард надаас 10,000,000 төгрөг зээлж өөрийн өмнөх түрээсийн байрны төлбөрийг төлүүлж байсан. Нэгэнт мөнгө зээлсэн атлаа ямар ч төлбөр төлөх сонирхолгүй, төлбөрийн боломж үгүй байсан тодорхой болсон тул албан ёсоор хамтын ажиллагаа эхлүүлэх шаардлага үүссэн.

Улмаар ажил хэргийн харилцаа албан ёсоор 2023 оны 07 дугаар сарын сүүлээр буюу аялалд явсны дараагаас төлбөрийн асуудлууд хүндэрч эхэлсэн. Учир нь, нэхэмжлэлд бичсэний дагуу аяллын зардлуудаа хуваагаагүй болно. Иймээс туршилтын хугацаагаар албан ёсоор 2023.09 дүгээр сараас эхлэн ажилд авч, 10 дугаар сараас нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж эхэлсэн. Энэ талаар гэрч Э.Өгөөдэй мэдүүлдэг.

Мөн нийгмийн даатгалаа төлүүлж, цалин хөлс авч байснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд бөгөөд түүний шимтгэл төлсөн баримтаар нотлогддог. Нэхэмжлэгч нь 5 сарын хугацаанд цалин хөлс авч байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн атлаа орон сууц авахын тулд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаагүй гэж худал тайлбар гаргадаг. ******* нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарыг дуустал *******-д менежерийн ажилд орсон тул гэрээнүүдийг хэрэгжүүлэх болж, багаар ажиллаж үр дүнд хүрсэн.

2023 оны 12 дугаар сард бичигдсэн орон сууцтай холбоотой чатуудаас шөнийн 02, 04, 05 цагийн үед бичигдсэнийг түүвэрлэж үзлэг хийлгэсэн байна. Тухайн байрыг түрээсэлж, төлбөрөө дийлэхгүй байсан хүнд түр хугацаанд суулгахаар тохиролцсон бөгөөд тухайн орон сууцыг авч өгөхөөр тохиролцоогүй. Харин нэхэмжлэгч нь ажлаас гараад 8 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, 3 сарын дараа баримт бүрдүүлэх зорилгоор 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 18 минут, мөн 11 цаг 14 минутад вайбер аккаунтаар харилцсан зурвасаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрөө 20 сая төгрөгөөр түрээслүүлье, би 10,000,000 авья гэж хэлсэн боловч хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрсөн ямар нэгэн зурвас байхгүй. Нэхэмжлэгч нь дээрх объектыг 5,000,000 төгрөгөөр түрээсэлж байсан гэж худал тайлбар гаргадаг. Хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлийн эхний доголд 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 19 цаг 23 минутад бичсэн зурвасаар 12,000,000 төгрөг бол хэдэн жилийн өмнөх үнэ шүү дээ гэж бичсэн нь тодорхой харагдана. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа орон сууцанд түр амьдруулж байсан үйл баримтыг хамааралгүй зуучлалын төлбөрт байр авахаар тохиролцсон гэж үзсэн нь худал болно.

6.2. Анхан шатны шүүхээс амлалт гэдгийг бий болгож, үүрэг үүсгээгүй зүйлийг шаардах эрх болгож Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрхэд халдаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болно. Учир нь талуудын хооронд аливаа зуучлалын гэрээний болон гэрээний бус үүргийн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгө эзэмшихийг шаардах эрх үүсээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

6.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.3-т дурдсан дүгнэлт логик холбоо муутай байхаас гадна зуучлалын гэрээний агуулгад нийцээгүй, хөлс төлөх нөхцөл нь шууд хүний өмчлөх буюу туйлын эрхэд ямар үндэслэлээр халдаж байгаа нь тодорхойгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй болно. Зуучлалын гэрээ байгуулсан гэх урьдчилсан нөхцөлийг хангаагүй гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэрч Өгөөдэйн мэдүүлгээр “1 дэх өдрөөс 5 өдөр тогтмол ирдэг байсан, гадуур ажилтай явдаг л байсан байх" гэх мэдүүлэг, 2023 оны 10 дугаар сараас цалин хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байсан гэх баримтуудаар зуучлалын гэрээний харилцаа үүсээгүй гэдгийг баталж байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй байхад шүүх зуучлалын гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

6.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.4.-т “нэхэмжлэгч нь ******* орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг буюу өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрх үүссэн” гэж дүгнэсэн. Гэвч 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 18 минут, мөн өдрийн 11 цаг 14 минутад вайбер аккаунтаар харилцсан зурвасаас үзэхэд “нэхэмжлэгч нь өөрөө 10,000,000 төгрөг авъя” гэх зурвас байгаа болохоос хариуцагчаас хүлээн зөвшөөрсөн зурвас байхгүй.

Анхан шатны шүүхээс *******ын зүгээс зөвшөөрсөн хариу байхгүй байхад үндэслэлгүйгээр нэхэмжлэгчид 450,000,000 төгрөгийн орон сууцыг шилжүүлэхээр шийдвэр гаргасан нь хууль бус байна.

******* нь *******-тай 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр маргаан бүхий түрээсийн гэрээг байгуулсан. Уг гэрээний түрээсийн зүйл нь Баянгол дүүргийн 829 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн 375 м.кв талбай бүхий агуулах, 3,636 м.кв талбай бүхий газартай цогцолбор байдаг. Мөн түрээсийн төлбөрийг зах зээлийн үнээс багаар буюу 30,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон бөгөөд 3 жилийн түрээсийн төлбөр 1,080,000,000 төгрөг болж байна. Гэтэл уг үнийн дүнгээс 450,000,000 төгрөгийг хасвал үлдэгдэл 630,000,000 төгрөг болно. Хөдөлмөрийн гэрээгээр ажилласан ажилтанд 450,000,000 төгрөгийн орон сууц авч өгөх боломжгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

6.5. Нэхэмжлэгч нь зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүхээс дүгнээгүй нь хууль зүйн үндэслэлгүй.

Анхан шатны шүүх нь хариуцагчийн өмчлөлийн орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарласан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар ******* нь шаардах эрхтэй байхад анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

7.1. Хэрэгт *******-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн баримт авагдсан. Мөн хэрэгт талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэдгийг нотлох ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, дотоод дүрэм журам танилцуулсан баримт бичиг, ажлаас чөлөөлсөн тушаал зэрэг анхан шатны баримтууд авагдаагүй.

Нэхэмжлэгч нь “зуучлал хийх хугацаанд нийгмийн даатгал тасраад хэрэггүй байх, нийгмийн даатгалаа төлж байя” гэж тайлбарладаг. ******* нь *******, ******* зэрэг өөр, өөр хуулийн этгээдтэй гэрээ байгуулахад нь холбож өгснөөр талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн. Мөн *******, *******-уудын хооронд өндөр үнийн дүнтэй түрээсийн гэрээ байгуулагдсан. Талуудын хооронд бичигдсэн вайбер болон фейсбүүк чат, талуудын хооронд байгуулагдсан гэрээнд үнийн дүн тодорхой дурдагдсан. Түүнчлэн дансны хуулгаас ямар хэмжээний борлуулалтын орлого орж ирсэн болох нь харагддаг. Хэрэгт авагдсан вайбер болон фейсбүүк чат, дансны хуулга хоорондоо таарч байгаа учраас нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, үндэслэл бодитой байгааг нотолж байна.

Хэрэгт авагдсан баримтаар 6 жилийн хугацаанд нийтдээ 33,000,000 төгрөг, НӨАТ-ийн баримттай түрээслэх ажилд зуучилж 2,112,000,000 төгрөгийн ашиг олсон. Талууд харилцан тохиролцооны дагуу 720,000,000 төгрөгийн зуучлалын урамшуулал авахаар тохиролцсон. Тухайн *******-тай байгуулсан гэрээнээс 20,000,000 төгрөг, *******-тай цахилгаан кабель, угсралтын материал худалдах, худалдан авахаар байгуулсан 1,300,000,000 төгрөгийн гэрээнээс 24,000,000 төгрөгийн зуучлалын хөлсөнд тооцогдохоор нэхэмжлэлийн шаардлагаа тооцож гаргасан. Хариуцагчийн зүгээс нийт 764,000,000 төгрөгийн урамшуулал өгөхөөс 440,000,000 төгрөгийг орон сууцаар хангуулахаар тохиролцсон нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. ******* нь “энэ орон сууцыг чи голоод байх юм 1 м.кв нь 3,500,000 төгрөгөөр чи ийм байр олохгүй. Одоо энэ байрыг авах юм бол дараа зарахад 1 м.кв нь 4,500,000 төгрөгөөр бодоод ашиг олно” гэж тайлбарласан. Мөн зуучлалын гэрээг хуульд зааснаар ямар ч хэлбэрээр байгуулах боломжтой бөгөөд үнэлгээний дагуу тохирсон, тохиролцсон хөлсийг шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч нь бага насны 4 хүүхэдтэй бөгөөд гэртээ сууснаас хойш өөрийн гэсэн орон сууцгүй болсон.

7.2. Тухайн орон сууцыг зөвшөөрлөөр нь эзэмшиж, ашиглаж байгаа учраас хууль бусаар буюу албадан чөлөөлүүлнэ гэх шаардлага нь үндэслэлгүй. Мөн энэ орон сууцанд “засвар хийгээд ороорой” гэх зөвшөөрлийг хариуцагч өөрөө өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч “нэхэмжлэгчид ... туслах зорилгоор өөрийн өмчлөлийн орон сууцандаа оруулсан ..., ... хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан, ... урамшуулал байдлаар өгөөгүй ...” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, орон сууцыг албадан чөлөөлүүлж, хохиролд 54,000,000 төгрөг, СӨХ-ны төлбөр 3,920,000 төгрөг, зээлийн үүрэгт 10,000,000 төгрөг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, үзлэг хийж тэмдэглэлээр бэхжүүлсэн талуудын харилцсан зурвас, ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Түрээсийн гэрээ, Авлага өглөгийн тайлан, Худалдан авах захиалга, гэрч William Andrew Herod-ийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон. /хх128-129, 138-149, 176-1907, 214-228/

 

4. Харин маргааны зүйл болох орон сууцыг зуучлалын гэрээний хөлсөнд шилжүүлсэн гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

4.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ын хамаарал бүхий хуулийн этгээд болох *******, *******, *******-уудыг *******, Австрали Улсын хөрөнгө оруулалтай *******, Бүгд Найрамдах Турк улсын *******-тай тус тус холбож гэрээ байгуулахад зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон.

4.2. Хариуцагч *******аас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч *******гийн данс руу /******* *******” гэх гүйлгээний утгаар нийт 25,000,000 төгрөг шилжүүлсэн байна. /хх116/

4.3. Маргааны зүйл болох орон сууцыг хариуцагч ******* нь иргэн *******тэй 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу 450,000,000 төгрөг төлж, өмчлөлдөө шилжүүлж авсан. /хх31, 32/ Мөн орон сууцны үнийг ******* нь *******-тай 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ2205233071 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 450,000,000 төгрөгийг жилийн 16.2 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тус орон сууцыг барьцаалсан зэрэг үйл баримтуудад талууд маргаангүй. /хх36-41, 42-43, 46-49/

4.4. Мөн хариуцагч ******* өөрийн өмчлөлийн орон сууцыг 2024 оны 01 дүгээр сард нэхэмжлэгч *******гийн эзэмшилд шилжүүлсэн болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон.

4.5. Харин хариуцагч буюу зуучлуулагч *******аас зуучлалын хөлс, шагналд өөрийн өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* гудамж,*******дугаар байр, ******* хаягт байршилтай 168.28 м.кв талбайтай орон сууцыг шилжүүлсэн гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгчээс нотолгооны эх сурвалж болгон гаргаж өгсөн талуудын харилцсан зурвасуудад үзлэг хийж бэхжүүлэх ажиллагааг шүүх явуулжээ. Уг нотлох баримтад хариуцагч *******аас зуучлалын хөлсөнд тооцон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* гудамж,*******дугаар байр, ******* хаягт байршилтай, 168.28 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг нэхэмжлэгч *******гийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэх агуулга тусгагдаагүй байна.

Иймээс нэхэмжлэгч нь дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан нь үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулав.

 

5. Хариуцагч ******* нь хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлж, хохиролд 54,000,000 төгрөг, СӨХ-ны төлбөрт 3,920,000 төгрөг, зээлийн үүрэгт 10,000,000 төгрөг тус тус гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

6. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулан дүгнэж, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

6.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Хариуцагч ******* нь өөрийн өмчлөлийн орон сууцыг нэхэмжлэгч *******гийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Гэхдээ өмчлөгч буюу хариуцагчаас орон сууцыг чөлөөлөхийг шаардсан үеэс нэхэмжлэгчийн эзэмшлийг хууль бус гэж үзнэ. Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* гудамж,*******дугаар байр, ******* хаягт байршилтай 168.28 м.кв талбайтай орон сууцыг чөлөөлж, хариуцагч *******ын эзэмшилд шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгах нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

6.2. Харин нэхэмжлэгчийн буруугаас олох ёстой орлогоороо хариуцагч хохирсон, мөн нэхэмжлэгчийн өмнөөс СӨХ-ны төлбөрт 3,920,000 төгрөг төлсөн гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

6.3. Мөн *******аас 2024 оны 04 сарын 14-ний өдөр 2 удаагийн үйлдлээр 4,999,999 төгрөг, нийт 9,999,999 төгрөгийг “*******-д” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн Голомт банкны дансны хуулга нотлох баримтыг үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй. Иймээс зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хуулийн үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/10765 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыгИргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 106 дугаар зүйлийн 106.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ******* гудамж,*******дугаар байр, ******* хаягт байршилтай, 168.28 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг чөлөөлж, хариуцагч *******д шилжүүлж өгөхийг нэхэмжлэгч *******д даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “56.1 дэх хэсэгт гэснийг “56.1, 56.2 дахь хэсэгт” гэж,  “хариуцагч *******аас 170,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д 70,200 төгрөг” гэснийг “нэхэмжлэгч *******гөөс 70,200 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******д олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,975,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.БАДРАХ

 

                                                     ШҮҮГЧИД                                      Д.ХУЛАН

 

                                                                                                           Ч.ЦЭНД