| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 101/2024/10431/И |
| Дугаар | 210/МА2026/00753 |
| Огноо | 2026-04-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/00753
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШШ2026/00426 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 687,020,139 төгрөг, алданги 299,948,593 төгрөг, нийт 986,968,731 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. ******* нь *******-тай 2023 оны 06 дугаар сарынх 13-ны өдөр 23/096 дугаартай “Дөрөвдүгээр эмнэлгийн барилгын 5-р давхрын хагалгааны тасгийн агаар сэлгэлтийн системийг нийлүүлэх, угсрах” гэрээ байгуулсан. Уг гэрээгээр манай компанид агаар өгөх, угсрах системийн тоног төхөөрөмж, агаар сэлгэлтийн хоолойг угсарч, суурилуулан ашиглалтанд хүлээлгэн өгөх, ******* нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Мөн гэрээний 3.1, 5.1-д тус тус заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүрэг хүлээсэн.
1.2. Хариуцагч нь талуудын хоооронд байгуулагдсан гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу 690,144,137 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй. Уг гэрээний 6.2-т “Агаар дамжуулах хоолойн ажлыг төхөөрөмж ирэхээс өмнө урьдчилгаа төлбөр төлөгдсөнөөс ажлын 60 хоногт багтаан угсралт суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэнэ” гэж заасан боловч *******-ийн зүгээс “яаралтай хийж өгөөч” гэсэн хүсэлт гаргасан тул урьдчилгаа төлбөрийг авалгүйгээр уг барилгын 5-р давхрын коридорын болон хагалгааны өрөөний хоолойн агаар сэлгэлтийн систем угсралтын ажлыг хийж эхэлсэн.
1.3. Мөн Чех улсын ******* компаниас уг барилгын 5-р давхрын хагалгааны өрөөнүүдэд тусгайлан зориулж 4 ширхэг иж бүрэн агааржуулалтын төхөөрөмж захиалсан. Тухайн тоног төхөөрөмжийн төлбөр төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөрийг төлөлгүй хугацаа алдсаар байсан. Уг нөхцөл байдлын улмаас захиалж хийлгэсэн төхөөрөмжүүд нь Монгол Улс руу ачигдахгүй, гуравдагч логистикийн компанийн агуулахад 2 сарын турш хадгалагдаж, хадгалалтын төлбөр нэмэгдсээр байна. Манай компани өөрсдийн зардлаар Чех Улсын ******* компаниар хийлгэсэн агаар сэлгэлтийн төхөөрөмжийг Монголд Улсад оруулж ирсэн. Харин хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас манай компани хохирсон.
1.4. ******* нь манай компанийн ажилчдыг эмнэлгийн багц үзлэгт хамруулах санал гаргасныг хүлээн авсан тул ажлын хөлснөөс 3,124,000 төгрөгийг хасаж, 687,020,139 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Манай компанийн зүгээс удаа дараа шаардлага хүргүүлж байсан.
1.5. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1-д зааснаар сар болгоны 31-ний өдрөөс өмнө төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тул гэрээний 8.1-д заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд хугацаа хэтрүүлсэн 285 хоногийн алдангид 299,948,593 төгрөг төлөх үүрэгтэй.
Иймд хариуцагчаас 986,968,731 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.1. Талуудын хооронд 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулагдсан. Тус гэрээний 6.1-д “Гүйцэтгэгч нь 5.1-д заасны дагуу гэрээний урьдчилгаа төлбөр гүйцэтгэгчид төлөгдсөн өдрөөс хойш агаар сэлгэлт, хөргөлтийн системийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн ажлыг ажлын 90-120 хоногт багтааж захиалагчид падаанаар хүлээлгэн өгнө” гэж заасан.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ *******-ийн зүгээс “яаралтай хийж өгөөч” гэж хүсэлт удаа дараа гаргасан тул урьдчилгаа төлбөр авахгүйгээр Чех улсын ******* компаниас уг барилгын 5 давхрын хагалгааны өрөөнүүдэд тусгайлан зориулж 4 ширхэг иж бүрэн агааржуулалтын төхөөрөмж захиалсан” гэжээ. Манай компанийн зүгээс урьдчилгаа төлбөргүйгээр тоног төхөөрөмжийн захиалга хийлгүүлж, ажил гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргаагүй, ажил гүйцэтгэгч дур мэдэн захиалга хийсэн.
2.2. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ нийлсэн холимог гэрээ байгуулагдсан. Мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.8-д “гүйцэтгэгч нь өөрийн материалаар ажил гүйцэтгэх бол зохих чанарын материалаар гүйцэтгэх үүрэгтэй. Талуудын гэрээний 1.1-д заасны дагуу гүйцэтгэгч нь *******-ийн ХАС-ын инженер *******ийн сонгосон тоног төхөөрөмжийг нийлүүлж, угсарч, суурилуулан хүлээлгэн өгнө гэж заасан. Гэвч захиалга хийж буй тоног төхөөрөмжийн төрөл, загвар тус инженерийн сонгосон тоног төхөөрөмж мөн эсэх буюу захиалгаар хийлгүүлж хийж буй тоног төхөөрөмж нь захиалагчийн шаардлагад нийцэж буй эсэхийг урьдчилан хянуулаагүй, захиалагчаар батлуулаагүй захиалга хийсэн.
2.3. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэх, ажлын хөлс төлбөрийг мөн үе шаттай төлөхөөр харилцан тохиролцож, захиалагчийн зүгээс 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 20/044 дугаартай албан бичгээр мөн оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс төлбөрийг хуваарийн дагуу төлөх хүсэлт гаргасныг гүйцэтгэгч 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 24/026 дугаартай албан бичгээр төлбөрийн хугацааг мөн оны 03 сараас эхлэн 15,000,000 төгрөгийн төлөлт хийхийг хүлээн зөвшөөрсөн.
Талууд 2024 оны 03 дугаар сард төлбөрийн хугацааг тохиролцсон байхад хэт өндөр алданги нэхэмжилж байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******-аас 70,726,731 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 916,242,590 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 5,092,794 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 511,580 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Шүүх хооронд байгуулсан гэрээг цааш хэрэгжих боломжгүй болсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 70,726,731 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “хариуцагч нь эмнэлгийн байрыг бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас шилжүүлж, чөлөөлсөн гэх үндэслэлээр тайлбарлаж нэхэмжлэгч энэ талаар эсэргүүцээгүй” гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч нь энэ талаар маргасан бөгөөд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй нь энэ хэрэгт хамааралгүй, үүргээ гүйцэтгэхэд энэ нөхцөл саад болохгүй гэж маргасан байхад нэхэмжлэгч эсэргүүцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Мөн хариуцагч нь тухайн эмнэлгийн барилгыг Хөгжлийн банкны зээлийн өр төлбөрт хураагдаж байгаа талаар мэдэгдээгүй бөгөөд бидэнд ирүүлсэн албан тоот, хүсэлтдээ “төлбөр төлөх тул та бүхэн ажлаа хийж бай, төхөөрөмжөө захиалчих гэх мэтээр хандаж байсан” тул гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. Гэтэл хариуцагч нь дээрх нөхцөл байдлыг бидэнд мэдэгдэлгүйгээр ажлаа хийлгэж захиалсан тоног төхөөрөмжийн үнийг төлүүлж, Монгол Улсын хилээр оруулж ирүүлсэн атлаа үүргээ гүйцэтгэхгүй хохироож байна. Тус агаар сэлгэлтийн төхөөрөмжийг зөвхөн Дөрөвдүгээр эмнэлгийн 5 дугаар давхрын хагалгааны өрөөнд зориулан захиалгаар хийлгүүлсэн тул өөр этгээдэд худалдан борлуулах болон өөр газар байршуулах боломжгүйг анхаарч үзээгүйд гомдолтой байна.
4.2. Анхан шатны шүүх хариуцагчийг энэ хэрэг маргаанд огт хамааралгүй гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн үр дагаврыг энэ хэрэг маргаанд хамааралтай мэтээр дүгнэж, нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээсээ чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлээс 916,242,590 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Талуудын байгуулсан гэрээний 9-д “давагдашгүй хүчин зүйл” гэдэгт юуг хамаарах талаар тодорхой заасан ба хэрэв талуудын хэн нэгнээс үл шалтгаалан гэрээ хэрэгжих боломжгүй болох нөхцөл үүсвэл тус зүйлд заасан нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгохоор тохирч гэрээ байгуулсан. Харин хариуцагч нь гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас барилга хураагдсан асуудал нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9.3-т заасан үндэслэлд хамаарахгүй болно.
4.3. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт нотлох баримтуудыг дүгнэж бичсэн байх ба тус дүгнэлтүүдээс харвал талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг нэхэмжлэгч нь шударгаар биелүүлж байсан болох нь нотлогдож байгаа бөгөөд хариуцагч нь Чех улсын ******* компаниас агаар сэлгэлтийн төхөөрөмжөө захиалж оруулах хүсэлт гаргаж байсан нь шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл болон хариуцагчийн нэхэмжлэгч рүү илгээж байсан албан тоотуудаар нотлогддог.
Гэтэл анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 00262 дугаартай шийдвэр нь талуудын гэрээг хэрэгжих боломжгүй болсон хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна.
4.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт алдангийн заалтыг баримтлан шийдвэрлэсэн боловч алдангийг хэрхэн хэрэгсэхгүй болгож байгаа нь тодорхойгүй, хариуцагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд алданги төлөх үүрэгтэй байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг ноцтой зөрчсөн.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн ихэнх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа бол хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрээ цуцлагдаж байгаа эсэх, гэрээ хэрэгжих боломжгүй болсон гэж дүгнэж байгаа бол хууль болон гэрээнд заасан үндэслэл бий болсон эсэх зэрэг дүгнэлт хийх ёстой. Гэтэл энэ талаар тодорхой дүгнэлт хийлгүйгээр гуравдагч этгээдийн бусдад өр төлбөртэй байсан гэх үндэслэлээр гэрээ хэрэгжих боломжгүй болсон гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна.
Мөн талуудын хооронд үүссэн маргааны хувьд нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, харин хариуцагч зөрчсөн болох нь нотлогдож, өөрсдөө хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байхад тодорхой хуулийн үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас 916,242,590 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1 Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ болон худалдах, худалдан авах гэрээний холимог гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр тоног төхөөрөмжийг нийлүүлж угсрах харилцааг зохицуулсан.
Шүүх зөвхөн хийгдсэн ажлын хүрээнд уг асуудлыг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу ******* болон *******-ийн өмчлөлийн обьектыг чөлөөлж, өөр обьектод орсон гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч талаас няцаагаагүй байна гэж үзсэн болохоос гэрээ хэрэгжих боломжгүй болсон, цуцлагдсан гэж дурдагдаагүй байхад нэхэмжлэгч тал зөрүүтэй тайлбар гаргаж байгааг анхаарч үзнэ үү.
*******-ийн нэхэмжлэлтэй хэрэгт ******* нь хэргийн оролцогчоор оролцоогүй боловч ******* болон *******-ийн өмчлөлийн барьцаанд байгаа тухайн орон сууцыг урт хугацааны түрээсийн гэрээгээр эзэмшиж, ашиглаж байсан. Уг нөхцөл байдлын улмаас түрээсийн гэрээ цаашаа хэрэгжих боломжгүй болж, тухайн барилгыг шүүхийн шийдвэрийн дагуу суллаж өгөх шаардлагатай болсон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9.3-д давагдашгүй хүчин зүйл байгаа тохиолдолд алдангиас чөлөөлнө гэж заасны дагуу алдангиас чөлөөлсөн гэж үзэж байна.
Иймээс төрийн эрх бүхий байгууллага буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан эмнэлгийн обьект барьцааны хөрөнгөд хураагдаж Халдварын эмнэлэг рүү шилжүүлэхээр *******, Эрүүл мэндийн яам зэрэг холбогдох төрийн байгууллагын шийдвэр гарсан. Уг нөхцөл байдлын улмаас манай байгууллага тухайн обьектыг авч үлдээд, тоног төхөөрөмжийг суурилуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн.
5.2. Нэхэмжлэгчийн зүгээс тоног төхөөрөмжийг хүлээж авахыг даалгахтай холбоотой шаардлага гаргаагүй, өөрсдийнхөө өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тухайн тоног төхөөрөмжийг аваагүй атлаа үнийг төлөх, суурилуулалттай холбоотой ажлын хөлсийг төлөх үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээний үүрэгт 687,020,139 төгрөг, алданги 299,948,593 төгрөг, нийт 986,968,731 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, талууд маргажээ.
3. Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 23/09 дугаартай “Дөрөвдүгээр эмнэлгийн барилгын 5-р давхрын хагалгааны тасгийн агаар сэлгэлтийн системийг нийлүүлж, угсрах гэрээгээр гүйцэтгэгч ******* нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах *******-ийн барилгад *******-ийн халаалт агаар сэлгэлт /ХАС/-ийн инженер *******ийн сонгосон, хавсралт 2-т заагдсан агаар өгөх, сорох системийн тоног төхөөрөм, хавсралт 3-т заагдсан агаар сэлгэлтийн хоолой угсрах гэрээнд заасан хугацаанд нийлүүлж, угсарч, суурилуулж ашиглалтад хүлээлгэн өгөх, захиалагч ******* нь гэрээний Хавсралт 1-д заагдсан үнэ төлөх үүрэг тус тус хүлээсэн байна. /1хх165-74/
Талууд гэрээний хавсралтаар агаар сэлгэлтийн тоног төхөөрөмжийн үнийг 443,395,565 төгрөг, агаар сэлгэлтийн гөлмөн төмөр хоолойн үнэ 168,169,337 төгрөг, ХАБЭА, тээвэр, түр байр, өргөгч механизм болон бусад зардал 15,838,860 төгрөг, нийт 627,403,761 төгрөг, НӨАТ 62,740,376 төгрөг, гэрээний үнэ 690,1440134 төгрөгөөр, үүнээс худалдах, худалдан авах гэрээний үнэ 399,455,464 төгрөг, угсралтын зардал 43,910,101 төгрөг тус тус байхаар харилцан тохиролцон, баталжээ. /1хх172-73/
4. Дээрх гэрээ нь ажил гүйцэтгэх болон худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байх тул талуудын хооронд холимог гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал маргаангүй тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
5. Гэрээний дагуу гүйцэтгэгч ******* нь ”Клиникийн 4 дүгээр эмнэлгийн барилгын агаар сэлгэлтийн систем угсралтын ажил гүйцэтгэж, үр дүнг захиалагч *******-д хүлээлгэн өгсөн, тэрээр уг ажлын хөлсийг 70,726,141 төгрөгөөр тооцож, баримт үйлдсэн болох нь хэргийн 33 дахь талд авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.
6. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг үндэслэн ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд хариуцагчаас 70,276,141 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн байна. Шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт зохигч давж заалдах гомдол гаргаагүй тул хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.
7. Харин худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдох маргааны үйл баримтыг тогтоохдоо хэргийн нотлох баримтыг буруу үнэлсэн байгааг давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.
7.1. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ “... талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.2-т зааснаар агаар дамжуулах хоолойн ажлыг төхөөрөмж ирэхээс өмнө урьдчилгаа төлбөр төлөгдсөнөөс ажлын 60 хоногт багтаан угсралт суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэвч *******-ийн зүгээс “яаралтай хийж өгөөч” гэсэн хүсэлт гаргасан тул урьдчилгаа төлбөрийг авалгүйгээр уг барилгын 5-р давхрын коридорын болон хагалгааны өрөөний хоолойн агаар сэлгэлтийн систем угсралтын ажлыг эхлүүлсэн. Мөн Чех улсын “*******” компаниас уг барилгын 5-р давхрын хагалгааны өрөөнүүдэд тусгайлан зориулж 4 ширхэг иж бүрэн агааржуулалтын төхөөрөмж захиалсан...” гэж,
Хариуцагч татгалзлын үндэслэлээ “... захиалга хийж буй тоног төхөөрөмжийн төрөл, загвар тус инженерийн сонгосон тоног төхөөрөмж мөн эсэх буюу захиалгаар хийлгүүлж буй тоног төхөөрөмж нь захиалагчийн шаардлагад нийцэж буй эсэхийг урьдчилан хянуулаагүй, захиалагчаар батлуулаагүй захиалга хийсэн ... манай байгууллагаас зөвшөөрөл авалгүй, Чех улсын “*******” компанитай гэрээ байгуулж, тоног төхөөрөмжийг худалдаж авч гэрээгээр зөрчсөн” гэж тус тус тайлбарлажээ. /1хх1-2, 62-64/
7.2. Анхан шатны шүүх, нэхэмжлэгч *******-ийн ******* хариуцагч *******-ийн ******* хаягаар тус тус харилцсан цахим шууданд үзлэг хийж тэмдэглэлээр бэхжүүлсэн байна. Уг үзлэгийн тэмдэглэлээр хариуцагч *******-аас 2023 оны 07 дугаар сарын 17, 2023 оны 09 дүгээр сарын 20, 21-ний тус тус өдрүүдэд эмнэлгийн хөрөнгө оруулалтын асуудал хойшлогдсон, уг нөхцөл байдлыг ойлгон, эмнэлэг дээр явагдаж байгаа ажлуудыг үргэлжлүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж болон материалуудын захиалгыг цаг алдалгүй хийж туслалцаа үзүүлэхийг, агааржуулалтын тоног төхөөрөмжийн хадгалалтын тухай нэмэлт зардлын тухай харилцан мэдээлэл солилцож байсан болох нь тогтоогдож байна. /хх212-215/ Иймээс “захиалагчид мэдэгдээгүй” гэх үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээний үнэ төлөх үүргээс хариуцагч чөлөөлөгдөхгүй.
8. Нэхэмжлэгч нь гэрээний хавсралтад заасан үнийн дүнгээр буюу 443, 395,565 төгрөгийн хэмжээнд худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлгүй байна.
8.1. Учир нь, талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжих боломжгүйн улмаас цуцлагдсан үйл баримт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд зэргээр тогтоогдсон тул нэхэмжлэгч нь нийлүүлсэн тоног төхөөрөмжийн үнийг шаардах нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд Чех улсын “*******” компаниас агааржуулалтын систем, NS 130R мэдрэгч тоног төхөөрөмж худалдан авч, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төлбөрт 40,723 евро шилжүүлсэн, улмаар Монгол Улсад оруулж иржээ. /1хх194, 195, 36/ Уг төлбөрийн дүнг мөн өдрийн Монгол банкны төгрөгийн ханшид хөрвүүлбэл, 148,251,674 /40,723х3,640.49/ төгрөг болж байна.
8.2. Хэргийн 1 дэх хавтасны 36 дахь талд авагдсан Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг нотлох баримтад төлөх татварын дүнг “0” гэж тэмдэглэсэн, 37 дахь талд авагдсан татвар төлсөн баримт нь бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул эдгээр нотлох баримтуудыг үндэслэн гаалийн татвар, тээврийн зардалд төлсөн төлбөрийг дүнг тогтоох боломжгүй байна. Иймээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 148,251,674 төгрөг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзнэ.
8.3. Харин талуудын гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсонтой холбогдуулан тоног төхөөрөмжийн угсралтын зардлыг нэхэмжлэгч шаардах эрхгүй.
9. Талууд гэрээний 5.1-д “Захиалагч нь нийт гэрээт ажлын төсөв болох 690,144,137 төгрөгийг хүснэгт 1-д заасны дагуу буюу 6 хувааж, эхний 40 хувь 276,057,655 төгрөгийг 2023 оны 6 дугаар сард багтааж төлөх, үлдэх төлбөрийг сар бүрийн 31-ний өдрөөс өмнө тус тус 10 хувийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /1хх69/
9.1. Хариуцагч талын хүсэлтийг үндэслэн уг төлбөрийн хуваарийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өөрчлөн, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь *******-ийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 23/182 дугаартай албан бичиг, мөн оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 23/284 дугаартай “Гэрээний төлбөр барагдуулах тухай” албан бичиг, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 24/044 дугаартай “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичиг, *******-ийн 2023 оны 09 сарын 21-ний өдрийн 23/096 тоот шаардлага, 2023 оны 11 сарын 23-ны өдрийн 23/112 тоот мэдэгдэл, 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 23/117 тоот гэрээний төлбөрийн тухай албан бичиг 2023 оны 12 сарын 14-ний өдрийн 23/122 тоот төлбөр барагдуулах тухай албан бичиг болон төлбөр төлөлтийн график, 2024 оны 02 сарын 29-ний өдрийн 24/021 тоот шаардлага, 2024 оны 03 сарын 15-ны өдрийн 24/026 тоот албан бичиг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ./1хх18-27, 77/
Хариуцагч ******* нь тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй болох нь нотлогдсон тул нэхэмжлэгч нь гэрээний 8.1-д заасны дагуу алданги тооцон шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэж байна.
9.2. Давж заалдах шатны шүүх, хэргийн нотлох баримтыг үндэслэн алданги шаардсан нэхэмжлэлийг 37,062,918 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэв.
Тодруулбал, хариуцагч *******-ийн үйл ажиллагаа явуулж байсан эмнэлгийн барилга нь зээлийн гэрээний барьцааны зүйл байсан, тэрээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу 2025 оны 07 дугаар сард барилгыг чөлөөлсөнөөр зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжих боломжгүй болж, цуцлагдсан үйл баримт 1 дэх хавтасны 119-151 дэх талд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймээс талуудын баталсан 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн төлбөрийн хуваарийг үндэслэн алданги тооцох боломжгүй. Харин худалдан авсан тоног төхөөрөмжийн үнэ төлөх үүргээ хариуцагч ******* зөрчсөн үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч *******-аас Чех Улсын ******* компанид тоног төхөөрөмжийн үнэ шилжүүлсэн өдрөөс хойш хугацаанд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргээс алданги тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 148,251,674 төгрөгөөс алданги тооцвол 74,125,837 төгрөг болж байна. Гэхдээ талуудын гэрээ хэрэгжих боломжгүйгээс цуцлагдсан нөхцөлд байдлыг харгалзан мөн хуулийн 232.8 дахь хэсгийг хэрэглэн, алдангийн хэмжээг 50 хувиар бууруулж 37,062,918 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.
10. Талууд гэрээний үүргээс 3,124,000 төгрөгийг хасч тооцохоор харилцан тохиролцсон болох нь хэргийн 1 дэх хавтасны 28-32 дахь талд авагдсан 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Эрүүл мэндийн хугацаат үзлэг, шинжилгээ хийх, үйлчилгээ үзүүлэх гэрээ, түүний хавсралт, зохигчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул 148,251,674 төгрөгийн үүргээс уг дүнг хасна. /2хх43-49/
11. Дээрхийг нэгтгэн дүгнээд, хариуцагч *******-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 70,276,141 төгрөг, худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 145,127,674 төгрөг, алданги 37,062,918 төгрөг, нийт 252,917,323 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШШ2026/00426 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд 252,917,323 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 734,051,408 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “511,580” гэснийг “1,422,537” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,739,163 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Д.ХУЛАН
Ч.ЦЭНД