Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/00792

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Хулан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2026/01605 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,767,015 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2012 онд үйлдвэрлэгдсэн, 2022 онд Монгол Улсад орж ирсэн ******* улсын дугаартай Toyota camry XV50 маркийн автомашиныг барьцаалан 15,000,000 төгрөгийг, сарын 2.8 хувийн хүүтэйгээр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Тухайн барьцаа хөрөнгийг зах зээлийн үнийн дүн, зээл хаагдах үнийн дүндээ хүрэхгүй, үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэж үзэж фидуцийн гэрээнээс татгалзаж байна.

1.2. Нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ******* дансанд 15,000,000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Талууд зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 942,739 төгрөг, үндсэн хүү 1,094,080 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 223,181 төгрөгийг тус тус төлсөн.

1.3. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж сануулан уулзаж, гар өргөдөл авсан мэдэгдэх хуудас өгсөн боловч зээлээ хугацаанд нь төлөлгүй 408 хоног өнгөрч, зээлийн гэрээний үүргээ зөрчсөн.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 20,767,015 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлийн агуулга:

2.1. Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар хохирогчоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Миний бие банк бус санхүүгийн байгууллагад худалдаж авсан автомашинаа алдаж, луйвардуулсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 20,767,015 төгрөгийг төлөх боломжгүй.

2.2. Талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэх зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Тухайн үед найз маань хувь чатаар автомашиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд, тус шилжүүлсэн автомашиныг банк бус санхүүгийн байгууллагад тавих санал тавьсан. Миний бие найзыгаа гэж бодож саналыг зөвшөөрч, гарын үсэг зурсан нь үнэн боловч дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Хариуцагч нь хохирогчийн байр суурьтай байгаад үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар автомашины зээл олгох байдлыг эрүүгийн журмаар шийдвэрлүүлж байна.

Иймээс уг маргааныг хоёр шүүхээр шийдвэрлэх боломжгүй байгаа учраас шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******эс 19,711,079 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,055,937 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,785 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс 256,505 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Шүүх уг хэрэгт хамааралтай эрүүгийн шинжтэй нөхцөл байдлыг бүрэн тогтоож, эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад уг үйл баримтад тулгуурласан иргэний маргааныг хянан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдлаар шийдвэрлэхэд саад учруулж, нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн гаргасан зээлийн тооцоолол, төлбөрийн мэдээлэл зэргийг харгалзан үзсэн атлаа миний гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, эрүүгийн хэрэгтэй холбоотой нөхцөл байдал зэргийг анхаарч үзээгүй.

4.2. Мөн шүүх зээлийн мөнгө бодитоор шилжсэн эсэх, тухайн мөнгийг хэн хүлээн авсан, гуравдагч этгээдийн оролцоо, нотлох баримт дутуу эсэх зэргийг бүрэн тогтоогоогүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан баримтаар 15,000,000 төгрөгийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн бөгөөд тухайн мөнгийг би захиран зарцуулаагүй. Мөн түүнчлэн тухайн автомашин бодитоор миний эзэмшилд шилжиж ирээгүй. Гэвч анхан шатны шүүхээс тухайн зээлийг бүрэн авсан мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ нь эд хөрөнгө шилжсэнээр хүчин төгөлдөр болох бөгөөд бодит шилжилт, ашиглалт тогтоогдоогүй нөхцөлд үүрэг үүссэн гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг орхигдуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

4.3. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд миний нэр дээрх дансны хуулга нь бодит байдлыг илэрхийлэхгүй, хуурамчаар үйлдэгдсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Тухайлбал дансны хуулга нь банкны албан ёсны эх сурвалжаас гаргасан эсэх нь тодорхойгүй. Мөн гүйлгээний мэдээлэл нь бодит мөнгөн шилжилттэй нийцээгүй бөгөөд гуравдагч этгээд *******ийн оролцоотойгоор хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзэж байна. Иймд уг нотлох баримтын үнэн зөв байдлыг эрх бүхий байгууллагаар шинжлүүлэх, банкнаас албан ёсны лавлагаа гаргуулж нягтлах шаардлагатай гэж үзэж байна.

4.4. Маргаан бүхий автомашины үнэлгээг эрх бүхий үнэлгээний байгууллагаар хийлгээгүй, мэргэжлийн үнэлгээний аргачлал хэрэглээгүй бөгөөд дурын зураг, баталгаагүй мэдээлэлд тулгуурласан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчиж, шүүх буруу дүгнэлт гаргах үндэслэл болсон гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг бүрэн шалгасны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анх зээл авахдаа дансны хуулгаа хуурамчаар бүрдүүлж өгсөн эсэхийг тодруулмаар байна. Зээлийн гэрээний дагуу зээл олгож буй мөнгөн төлбөрийг нь худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан борлуулж байгаа хүний данс руу ордог учраас хариуцагчийн дансанд орох боломжгүй.

2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа боловч 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар *******-ийг гуравдагч этгээдээр нэг ч удаа дуудаж тайлбар, мэдүүлэг аваагүй.

Манай байгууллагаас ******* дансны хуулгыг гаргах боломжгүй бөгөөд зөвхөн зээл хүсэж байгаа талаас гаргаж өгдөг. Иймээс дансны хуулга хуурамчаар үйлдсэн гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна. *******-д барьцаа хөрөнгө шилжсэнээр зээлийн гэрээний мөнгөн дүнг олгох боломжтой. Мөн зээлийн гэрээг хуурамчаар үйлдсэн гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,767,015 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар хохирогчоор хэрэг нээлгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Банк бусаар авсан автомашинаа алдаж луйвардуулсан тул нэхэмжилсэн 20,767,015 төгрөгийг төлөх боломжгүй...” гэж тайлбарлан, талууд маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

4. *******, ******* нар 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 15,000,000 төгрөгийг жилийн 33.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүг буцаан төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх6-9/

 

5. Зохигч энэ гэрээний хүчин төгөлдөр байдалд маргасан байна.

 

6. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн байна.

6.1. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн зээлийн гэрээ, зээлийн тооцоолол зэрэг нотлох баримтуудаас үзвэл, талууд зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ./хх6-10/ Мөн ******* зээлийн тооцоолол баримтад зээлдэгчийн дансны дугаар *******, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээл олгосон, хариуцагчаас зээлийн үүрэгт 2,260,001 төгрөг төлсөн гэж тусгагджээ. /хх19/

6.2. Мөн хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болох Хан-Уул дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн баримтуудын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд ******* нь “... Банк бус санхүүгийн байгууллага дээрээс мөнгө нь ******* гэх хүний данс руу шилжүүлэн өгсөн ... тэгээд 2 сарын хугацаанд банк бусын мөнгө өгөөд явж байсан боловч *******ид машин байгаа нь үгүй нь мэдэгдэхгүй байсан учраас би банк бусын мөнгийг төлөхгүй яваад байгаа ...” гэж, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Хохирогчоос дахи мэдүүлэг авсан тэмдэглэл баримтад ******* нь “... Би Банк бус санхүүгийн байгууллагаас автомашинаа барьцаалж 15,000,000 төгрөгийн зээл авсан, одоо тухайн ... байгууллагын зээл нь алдангитайгаа нийлээд 20 гаруй сая төгрөгийн зээлтэй болсон байсан ...” гэж тус тус мэдүүлжээ. /хх41, 45-46/

6.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны үеэр “... хариуцагч нь ******* гэх иргэнд итгээд өөрийнхөө нэрийг зээлдүүлж *******тэй машин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үүний дараагаар нэхэмжлэгч байгууллагатай зээлийн гэрээ байгуулсан ...” гэсэн тайлбар гаргаснаас гадна даргалагчаас Зээл олгосон уу гэж асуухад “олгосон” гэж хариулсан байна./хх89-90/

Мөн бичмэл нотлох баримт болох 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд гэрч ******* “... тухайн банк бус санхүүгийн байгууллагаас би мөнгийг авсан, ... мөнгийг би төлж барагдуулахаар байгаа ... авсан мөнгөний 3 сарын хүүгийн мөнгийг төлж байгаад  ... лоунж шатчихаад ... төлж чадахгүй явж байгаа” гэж мэдүүлжээ. /хх53/

Хариуцагч тал нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байна.

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч нь 15,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн гэж дүгнэн талуудыг зээлийн гэрээ байгуулсанд тооцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийн заасантай нийцжээ. Иймээс “зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэх хариуцагчийн татгалзал хуулийн үндэслэлгүй.

 

7. Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн гэж дүгнэн нэхэмжлэлийг 19,711,079 /үндсэн зээл 14,057,261 төгрөг, зээлийн хүүд 5,653,817 төгрөг/ төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийн нотлох баримт үнэлэх журамд нийцсэн. Иймээс “зээлийн гэрээний гүйцэтгэл бодитоор хийгдээгүй байхад үүрэг ногдуулсан, нотлох баримтыг нэг талыг барьж үнэлсэн, нотлох баримтын үнэн зөв эсэх эргэлзээтэй” гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

8. Талууд 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ******* дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2012 онд үйлдвэрлэгдсэн, 2022 онд Монгол Улсад орж ирсэн Toyota camry-XV50 маркийн, ******* арлын дугаартай, ******* улсын дугаартай автомашиныг барьцаалахаар харилцан тохиролцсон байна. /хх11-13/

8.1. Гэрээний дагуу нэхэмжлэгч фидуцийн зүйлийг өмчлөлдөө шилжүүлсэн талаар баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч тал фидуцийн гэрээнээс татгалзан, зээлийн гэрээний үүрэг шаардсаныг буруутгах үндэслэлгүй.

 

9. Хариуцагч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргаснаар хэрэг бүртгэлтийн 241003763 дугаар хэрэг нээж, хохирогчоор тогтоогдсон болох нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2/4576 дугаартай албан бичгээр ирүүлсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” тогтоолоор нотлогдож байна. /хх36-38/

 

Дээрх нотлох баримтуудыг нэхэмжлэлтэй холбоотой гэж үзэх үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг хэрэглээгүй гэж шүүхийг буруутгах боломжгүй, энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2026/01605 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261,786 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.БАДРАХ

 

                                         ШҮҮГЧИД                                     Д.ХУЛАН

 

                                                                                             Ч.ЦЭНД