| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2019/0159/Э |
| Дугаар | 158 |
| Огноо | 2019-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 158
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
Орчуулагч, хэлмэрч А.Е,
Улсын яллагч А.Т,
Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913002570209 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 22 настай эрэгтэй, яс үндэс казах, тус аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, эгч, 2 дүүгийн хамт амьдардаг, одоо Улаанбаатар хотод “Жигүүр” ХХК-д савлагч ажилтай, урьд нь 1 удаа ял шийтгүүлж байсан, Ш.ж овогт А.Б, регистрийн дугаар ББ...................
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах А.Кы өвлийн байшинд хардалтын улмаас найз охин Н.Аийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг: А.Б нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах А.Кы өвлийн байшинд хардалтын улмаас найз охин Н.Аийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
- Шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 300 дугаартай “...Иргэн Н.Аийн биед тархины доргилт, баруун нүдэнд хавдар, дээд ба доод зовхинд цус хуралт, баруун хацарт дугуй хэлбэрийн шүдний ором үүссэн цус хуралт, хавдар, зүүн хацарт дугуй хэлбэрийн шүдний ором үүссэн цус хуралт, хавдар зэрэг зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Иргэн Н.Аийн биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүссэн болно. Учирсан гэмтлүүд шинэ гэмтэл ба 1-10 хоногт үүссэн байна. Иргэн Н.Аийн биед үүссэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй болно. Иргэн Н.Аийн үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 68-р хуудас/ хохирогч Н.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна.
Хохирогч Н.Аийн эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч А.Б учруулсан болох нь:
- Хохирогч Н.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр бага зэрэг архи уучхаад хадам ах Күнтуганы гэрт өдрийн 15 цагийн үед очоод унтаж байтал 16 цаг 30 минутын үед найз залуу болох А.Б гаднаас согтуу орж ирээд “Чи энэ айлд юу хийж унтаж байгаа юм бэ” гэж хэлээд баруун болон зүүн талын хацарнаас минь хазаад үснээс зулгаагаад баруун талын нүдний тус газарт минь гараараа нэг удаа цохисон юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/,
- Гэрч А.Ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...20-иод хоногийн өмнө Н.Аийн нүүр нь хавдаж алхаж гишгэж чадахгүй байхаар нь би юу болсон талаар асуухад бүдэрч уначихлаа гэж Н.А хэлэхээр нь битгий худлаа хэлээд байгаарай гэхэд А.Б зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би А.Бын аав, ээж рүү нь залгаад “Та нар битгий гомдоорой. Энэ удаа Н.Аийн биед учирсан гэмтлийг тогтоолгоод цагдаад өгөх болно” гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/,
- Гэрч А.Кы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.Б гэр лүү орсны дараа тэр хоёр ноцолдож, хэрэлдэх чимээ гарахаар нь би ортол А.Б болон Н.А нар хэрэлдэж Н.Аийн хацарнаас нь А.Б хазаж Н.Аийн баруун талын нүд нь хөхөрсөн байсан юм. Н.Аийг А.Б хэрхэн яаж зодсоныг хараагүй бөгөөд Н.Аийн хацарнаас нь цус гарч байхаар нь би “Хацарнаас чинь яагаад цус гарч байгаа юм бэ” гэж асуухад А.Б хазчихлаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 65-р хуудас/,
- Шүүгдэгч А.Бын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Н.Аийг гэртээ харихгүй юм уу гэхэд Н.А над руу дайрахаар нь би түүнийг нэг удаа цохисон, яг хаана нь цохисон болохоо сайн санахгүй байна. ...Миний бие хуульд заасан эрхээ эдэлж өөрийн сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөхийн тулд хэлмэрчтэй шүүх хуралдаанд оролцож байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү.” /хх-ийн 83-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Бын дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Бын бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иймд шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Н.А нь “Боос нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч А.Быг хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч А.Б урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 89 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 91-97 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Бын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Б нь мөрдөн байцаалтын шатанд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ЦХШЗ/59 дугаартай шүүгчийн захирамжаар 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 20 цаг 39 минутаас эхлэн 48 цагийн хугацаагаар буюу 2 хоног сэжигтнээр баривчлагдсан байна. /хх-ийн 78-79-р хуудас/
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ...тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч А.Бын сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 30,000 /гучин мянга/ төгрөгөөр тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас хасаж торгох ялын хэмжээг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 470,000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 470,000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Б нь 2 хоног сэжигтнээр баривчлагдсан, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд шилжин ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Шүүгдэгч А.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ