| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 192/2025/09332/И |
| Дугаар | 210/МА2026/00879 |
| Огноо | 2026-04-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2026/00879
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2026/01884 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, ******* нарт холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн 24,053,700 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. *******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох ******* нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* байр, ******* хаягт байрлах, 57.43 м.кв талбайтай 2 өрөө ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг “Юнайтед капитал инвест” банк бус санхүүгийн байгууллагад 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 30,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан атлаа 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр *******-тай Хамтран ажиллах гэрээ байгуулан 110,000,000 төгрөгөөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах хууль бус гэрээ байгуулсан.
1.2. ******* нь *******тэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээ байгуулж, түүнээс 33,000,000 төгрөг авч, *******т 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 33,000,000 төгрөг шилжүүлсэн. *******т нийт 55,000,000 төгрөгийг орон сууцны төлбөрт шилжүүлсэн.
1.3. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/390 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 2022/ДШМ/793 дугаартай магадлалаас үзэхэд ******* *******ын барьцаанд тавьсан хөрөнгөө борлуулсан үйлдлийн улмаас ******* мэдэх боломжгүй байсан, *******т борлуулсан үйлдлийн улмаас ******* 33,000,000 төгрөгөөр, ******* 22,000,000 төгрөгөөр тус тус хохирсон болох нь нотлогддог. Мөн дээрх магадлалд ******* ******* нь *******т 30,946,300 төгрөг төлсөн тул үлдэгдэл төлбөр болох 24,053,700 төгрөгийг *******т одоог хүртэл төлөөгүй.
1.4. *******, ******* нар нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо Сөүлийн гудамж чонон бөрт төв 208 тоот хаягтаа байхгүй, олдохгүй байсан учраас оршин суугаа хаягийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Тухайн шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШМ2023/04100 дугаартай шийдвэрийн дагуу хариуцагчийн хаягийг тогтоож, шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд хариуцагч ******* болон түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох *******аас орон сууцны үнэд шилжүүлсэн 24,053,700 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
2.1. ******* болон ******* нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр *******-аас Хан-Уул дүүрэг, 11-р хороо, *******-******* хаягт байрлах, 57,43 м.кв талбайтай орон сууцны үнэ болох 110,000,000 төгрөгийг гэрээний 1.3-д заасны дагуу графикийн дагуу 100 хувь төлж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг *******-д шилжүүлэхээр тохиролцсон. ******* нь гэрээг байгуулахдаа тухайн үл хөдлөх хөрөнгийг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа гэдгийг мэдэж байсан. Уг гэрээгээр орон сууцыг барьцаанд тавиагүй байх гэсэн шаардлага тавиагүй, хуваарийн дагуу ******* төлөлтөө бүрэн хийснээр тухайн хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэхээр тохиролцсон.
2.2. ******* нь төлбөр төлөх хуваарийн дагуу төлбөрөө төлөлгүй *******-д хүндрэл учруулсан. Манай зүгээс удаа дараа утсаар холбогдох, албан тоот явуулах болон и-мэйлээр харилцах зэргээр гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан. ******* нь *******-ийг гэрээгээр тохирсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул алданги тооцон хохирол шаардаж 2018 оны 07 дугаар сарын 25-ны Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. ******* нь бүртгэлтэй хаягтаа байгаагүй учраас 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШЗ2018/08898 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан “хариуцагчийн хаяг тодорхойгүй- гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд *******-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гарган 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/01734 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлуулсан.
2.3. ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн МГ/40/2018 тоот албан бичиг болон и-мэйлээр *******-д гэрээг цуцалж, алданги тооцож байгаа талаар мэдэгдсэн. Хамтран ажиллах гэрээний 5.3-д заасны дагуу 30 хоногийн хугацаанд хариу өгөөгүй тул *******-ийн санаачилгаар гэрээг цуцалж, 26,488,333 төгрөгийн алданги тооцсон.
2.4. ******* нь манай компанид мэдэгдэлгүйгээр *******т мөн сарын 03-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг урьдчилан байгуулж гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан. Энэхүү нөхцөл байдлын улмаас ******* тухайн орон сууцад 9 сарын хугацаанд амьдарч, ******* орон сууцаа гуравдагч этгээдэд үнэ төлбөргүй ашиглуулсан. Манай компани орон сууцыг буцаан авахын тулд *******-ийн өмнөөс 33,146,300 төгрөгийг *******т төлж, үлдэгдэл төлбөрийг алдангид тооцон, төлбөр тооцоо дууссан. Тухайн орон сууцыг 2018 оны ******* сарын 19-ний өдөр *******ээс буцаан авч, хүлээлцэх акт үйлдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас 24,053,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 278,220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдгийн хураамжид 278,220 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.
4.1. *******, ******* нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээний 5.3-т заасны дагуу ******* гэрээнд заасан төлбөрөө төлөөгүй, гэрээг ноцтой зөрчиж өөрийн эзэмшилд шилжээгүй үл хөдлөх хөрөнгийг бусдад давхар худалдсан байгааг олж мэдсэн. Иймээс ******* нь гэрээний зөрчилтэй нь холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн МГ-40/2018 дугаартай албан бичгийг хүргүүлсэн.
Хамтран ажиллах гэрээний дагуу ******* нь орон сууцны үнийг хуваарийн дагуу төлөх үүргээ 2018 оны 03 дугаар сараас хойш зөрчсөн тул уг зөрчилтэй нь холбогдуулан удаа дараа, шат дараатай арга хэмжээг авч, алданги тооцсон.
4.2. Мөн шүүхэд хандах талаар урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШЗ2018/08898 дугаартай шүүгчийн захирамжаар "Хариуцагчийн хаяг тодорхойгүй" гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/01734 дугаартай шүүхийн шийдвэрээр *******-ийг эрэн сурвалжилсан.
4.3. 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн МГ-40/2018 дугаартай Гэрээ цуцлах тухай албан бичигт “... хамтын ажиллагааны гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөр 55,000,000 төгрөг төлөгдөөгүй, мөн тус гэрээний 5.1.6-д заасны дагуу төлбөр хоцроосон алдангийг гэрээ цуцалсан өдрийг хүртэл тооцож үзэхэд 24,255,000 төгрөг болсон. Мөн уг гэрээг цуцалснаар талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцаах үүрэгтэй тул хүлээн авсан төлбөрөөс гэрээний алдангийг суутгаж, үлдэгдэл төлбөрийг буцаан өгөх, орон сууцыг чөлөөлүүлэн буцаан авахаар тохиролцож, орон сууц эзэмшигчтэй акт үйлдэж, хүлээн авсан. Иймээс хамтран ажиллах гэрээнээс татгалзаагүй, цуцалсан гэж үзэж байна.
Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг гуйвуулан гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
4.4. Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй.
*******, ******* нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсаныг ******* нь хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд *******-аас удаа дараа буцаан төлөхийг ямар нэгэн хэлбэрээр хуулийн хугацаанд шаардсан байх ёстой. Гэтэл 2018 онд байгуулагдаж, цуцлагдсан гэрээний асуудлыг одоо нэхэмжлэл гарган гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийн үлдэгдлийг буцаан шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна гэж зохицуулсан. Гэтэл ******* нь 2018 оны 09 дүгээр сард гэрээ цуцлагдаж шаардах эрх үүссэнээс хойш 7 жилийн хугацаанд ******* болон ******* нараас 24,053,700 төгрөгийг шаардаж байгаагүй.
*******-аас 2025 оны 09 дүгээр сард нэхэмжлэл гаргасан байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, шаардах эрхгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлд ******* болон ******* нар нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн хаягтаа байхгүй, олдохгүй байсан тул Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж, эрэн сурвалжлуулсан. Дээрх нөхцөл байдлаас харахад ******* нь *******-ийг шууд төлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд компанийг төлөөлөх эрхгүй. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.
5.1. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Анхан шатны шүүх нь хөөн хэлэлцэх хугацаа, гэрээ цуцалсантай холбоотой асуудлыг Иргэний хуульд заасны дагуу гэрээ цуцалсан тохиолдолд өгсөн, авсан зүйлийг буцаана гэж шийдвэрлэсэн.
Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан худалдах, худалдан авах татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн 24,053,700 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... ******* төлбөр төлөх үүргээ зөрчсөнөөс гэрээ цуцлагдсан. ... ******* нь манай компанид мэдэгдэлгүйгээр *******т мөн сарын 03-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг урьдчилан байгуулж гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан. ... орон сууцыг буцаан авахын тулд *******-ийн өмнөөс 33,146,300 төгрөгийг *******т төлж, үлдэх 24,053,700 төгрөгийг алдангид тооцсон учраас буцаан төлөх үүрэг хүлээхгүй.” гэж, хариуцагч ******* нь “... миний бие компанийн гүйцэтгэх захирлын хувьд гэрээ байгуулж, гэрээний дагуу мөнгөн хөрөнгө хүлээн авсан тул хариуцвал зохих этгээд биш” гэж тус тус тайлбарлан, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ” нэртэй гэрээг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон байна. /хх52-54/
3.1. Учир нь, *******-ийн гүйцэтгэх захирал ******* өөрийн компанийг төлөөлж *******-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх тул хуулийн этгээдүүдийн хооронд гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ. Иймээс хариуцагч *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй.
4. Хариуцагч ******* нь Хан-Уул дүүргийн ******* хороо, *******-******* хаягт байрлах, 57.43 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн, нэхэмжлэгч *******-аас гэрээний 2.1.3-т заасны дагуу орон сууцны үнээс 55,000,000 төгрөг хариуцагчид шилжүүлсэн үйл баримтад зохигч маргаангүй. Харин талуудын гэрээний үүргийн зөрчилд хэн алиныг буруутгаж, гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах үндэслэлийн талаар маргажээ.
4.1. Нэхэмжлэгч ******* нь гэрээний 2.1.3-т заасан хуваариас 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 11,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 11,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 33,000,000 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй болох нь “Хамтран ажиллах гэрээ” нэртэй гэрээ, *******-ийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн МГ-32/2018 дугаартай албан бичиг, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх 52, 96, .../
4.2. Мөн хариуцагч ******* нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний үүргээ зөрчсөн байна.
Хэргийн 49-50 дахь талд авагдсан *******-аас *******-д хаягласан 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 01/29 дугаартай албан бичигт “... манай хоёр компани 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүрэг, ******* хороо, Зайсан гудамж *******-р байр, ******* 57,43 м.кв орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийгдэж, гэрээний дагуу 1.1, 5.1.1 заалтаас хамаарч гэрээнээс татгалзах хүсэлтэй байна.” гэсэн, мөн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/30 дугаартай албан бичигт “... 01/29 албан тоот бичгээр гэрээнээс татгалзах санал хүргүүлсэн. Иймд гэрээнээс татгалзаж байгаа учраас урьдчилгаа төлбөр болон сарын төлөлт нийт 56,950,000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний дотор *******-ийн 5028796763 тоот дансанд буцаан олгоно уу.” гэсэн агуулга тус тус тусгагдсан байна.
Хариуцагч ******* дээрх нотлох баримтыг өөр баримтаар үгүйсгэж няцаагаагүйн гадна итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч орон сууцыг барьцаалсан талаар мэдэж байсан” гэх тайлбар шүүхэд гаргасан байх тул гэрээний 5.1.1.-д заасан эрхийн зөрчилгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ хариуцагч зөрчсөн гэж үзнэ. /хх83-84/
5. Иймээс гэрээний талуудын хэн аль нь гэрээний үүргээ зөрчсөн, гэрээнээс татгалзаж буйгаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу нөгөө талдаа мэдэгдсэн байх тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэг үүссэн байна.
6. Хариуцагч ******* нь иргэн *******т 30,946,300 төгрөг шилжүүлж, өөрийн өмчлөлийн орон сууцыг буцаан авсан болох нь тогтоогдсон.
6.1. Тодруулбал, *******-ийн захирал ******* нь иргэн *******тэй 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, ******* хороо, *******-р байр, ******* орон сууцыг худалдахаар төөрөгдөлд оруулж 33,500,000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогдон шалгуулсан, шүүгдэгч *******аас хохирогч *******т 30,946,300 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн үйл баримт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/390 дугаартай шийтгэх тогтоол хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. /хх6-22/
6.2. Хариуцагч ******* нь иргэн *******т 30,946,300 төгрөг шилжүүлж, өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ******* хороо, *******-р байр, ******* орон сууцыг хүлээн авсан болох нь 2018 оны ******* сарын 19-ний өдрийн “Төлбөр буцаан олгох хэлцэл”, мөн өдрийн “Орон сууц хүлээлцсэн акт” зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх89, 91/
Иймээс хариуцагч *******-аас 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ” нэртэй гэрээний дагуу шилжүүлэн авсан 55,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 24,053,700 төгрөгийг нэхэмжлэгч *******-д буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.
7. Хариуцагч ******* гэрээ цуцалсан тул гэрээ цуцлах хүртэлх хугацааны алдангид үлдэх төлбөрийг суутган тооцсон гэх татгалзал хуулийн үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
Учир нь, талуудын гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болж гэрээ цуцлагдсан тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алданги шаардах эрхгүй.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацаатай холбогдон гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
Талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” байна.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Нэхэмжлэгч тал 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгээр гэрээнээс татгалзах санал хариуцагчид хүргүүлсэн тул энэ хугацаанаас шаардах эрх үүссэн гэж үзнэ.
******* нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч ******* болон *******ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 04100 дугаартай шийдвэр гаргасан байна. /хх40-41/
******* нь *******-ийн гүйцэтгэх захирлаар 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр томилогдсон болох нь хэрэгт авагдсан *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул түүнийг компанийг төлөөлж хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан гэж үзнэ. /хх46/ Иймээс Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.
Тэрээр нэхэмжлэгч ******* нь 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагч ******* болон *******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдон түүний үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолно.
Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар залруулан дүгнэв.
9. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2026/01884 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Ч.ЦЭНД