Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 159

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Улсын яллагч М.Ф,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,

Шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ф Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913003450212 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, Бүркит 8-05 тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, 2017 оны 06 дугаар сарын 21- ний өдрийн 5/93 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор хоорондоо эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, ял шийтгэлгүй, С овогт С.Т, регистрийн дугаар БЮ.............

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Т нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байрлах өөрийн гэрт эхнэр болох Б.Ныг ахуйн маргааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

                 Нэг. С.Т нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байрлах өөрийн гэрт эхнэр болох Б.Ныг ахуйн маргааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

            - Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Бы 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 433 дугаартай “...Иргэн Б.Нын биед доод эрүүний зүүн талын ирмэгт зулгарсан зулгаралт, хүзүү, зүүн талын өвдөгний хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Иргэн Б.Нын биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх үед үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно..” гэх /хх-ийн 30 дугаар хуудас/ шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна.

            Хохирогч Б.Нын эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч С.Т учруулсан болох нь:

- Хохирогч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нөхөр бид хоёр байшингийн дотор талын замаскийг татаж нэлээн ядарсан бөгөөд орой нь С.Т тийм ч багаж яасан вэ8 ийм ч багаж хаана байгаа вэ гэхээр нь чи юм хийх гэж байгаа бол өөрөө олоод хий гэж уурлаад 2 хүүхдээ аваад унтчихсан. Маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өглөө замаск хийснээс болж гар өвдөөд байхаар нь хэвтэж байсан ба өдөр том охин сургууль руу явсан. Тэрээр би нөхөртөө гомдож орноосоо босоогүй. Тэгээд орой 17 цагийн үед том охин сургуулиасаа ирсэн бөгөөд нөхөр С.Т цай чанаад надаа одоо бос, цай уу, босоод гэр цэвэрлээд өг гэхээр нь би босоод хамт ширээнд суугаад цай ууж байхад надад чи надад гомдоод хэвтээд байлгүй эртхэн босоод асгарсан замаскийг цэвэрлэчихгүй яасан бэ гэж хэлсэн. Тэрээр би өөрөө цэвэрлэ гэж хэлсэн. Тэр үед чи надад ууртай байхад хөөрхөн шүү дээ гэж намайг уурлуулаад гараараа чичиж, чимхээд байхаар нь би уурлаад би тэгвэл энэ гэрээс чинь яваад өгье гэж гадаа гарсан чинь миний араас хүрч ирээд өргөж буцаад гэрт оруулаад 2 хүүхдэд та нар гараад байж байгаарай гэж гаргаад улмаар намайг заамдаж авахаар нь би газар байсан гэрлийн хуванцар суурийн хэлтэрхийг авч нэг удаа гар руу нь цохих үед тухайн хэлтэрхийг аваад намайг цохих үед зүүн талын эрүү орчмоор зүсэгдсэн. Тэгээд намайг шил хүзүүдэж байгаад түлхэх үед би цементэн шал руу өвдөглөж суухдаа зүүн талын хөлийн өвдөг өвдөж улмаар хөхөрсөн юм. Тэр үед би хашхирсан чинь хөрш болох Б эхнэр А гэх хүн орж ирсэн бөгөөд тэр хүнийг дагаад би гараад явсан. Тэгээд цагдаад ирээд гомдол гаргасан. Нөхөр С.Т надаас ирж уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч Т.Үийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би хичээлээс ирээд цай уугаад сууж байхад аав, ээж хоёр маргалдаж улмаар ээж гараад явахад араас нь аав гараад ээжийг өргөөд гэрт оруулсан. Тэгээд ээжийг аав барьж зогсож байхад ээж надад Алтынгүл эгчийг дуудаад ир гэхээр нь би очиж дуудаж ирсэн. Би А эгчийг дуудаж ирэх үед ээж уйлсан, эрүүнээс нь цус гарсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

- Гэрч А.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр би гэртээ ганцаараа сууж байсан ба 17 цагийн орчимд хөрш С.Тийн том охин болох Үмит гэж охин нь гүйж манай гэрт орж ирээд манай аав, ээж хоёр маргалдаж байна, таныг дуудаад өгөөч гэхээр нь би гэр лүү нь очсон. Гэрт нь очсон чинь шинээр барьж байсан байшин дотор унтлагын өрөөний үүдэнд уйлсан байдалтай сууж байсан ба нөхөр нь гал тогооны өрөөнд сууж байсан. Юу болсон вэ гэхэд тэр хоёр ямар ч үг дуугараагүй. Тэгээд би та нар маргалдаад байгаа юм уу, больцгоо гэж хэлээд гарсан. Миний араас Б.Н цуг гараад ирсэн. Тухайн үед Б.Нын зүүн талын байх эрүүний хэсгээр зурагдсан мэт цус гарч байсан харагдсан. Өөр ямар нэгэн гэмтэл байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/

- Шүүгдэгч С.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би үлдсэн нэг өрөөний замаскийг хийсэн ба эхнэр орноосоо босолгүй, чамд гомдсон гэж хэвтээд байсан. Тэгж байхад орой 17 цагийн орчим болсон ба том охин хичээлээсээ ирсэн. Тэгээд дахин цай чанаад эхнэрээ одоо бос гэж аргадаж босгоод цай уугаад сууж байхад би тоглоод чи ууртай байхад хөөрхөн харагддаг шүү, чи эртхэн босоод өчигдөр замаск татсан өрөөг цэвэрлэчихгүй гэсэн чинь уурлаад би энэ гэрээс чинь яваад өгье гэж гараад явахаар нь би араас нь очиж өргөөд буцаж гэрт оруулсан. Тэгсэн гэрт ирэнгүүтээ над руу дайраад уурлаад байхаар нь 2 хүүхдээ зуны байшинд очиж сууж байгаараа гэж Б.Ныг барьж зогсож байхад газраас нэмэх гэрлийн хуванцар суурийн хэлтэрхийг аваад намайг цохихоор нь би тухайн хэлтэрхийг гараас нь булааж аваад өөрийг нь нэг удаа цохисон чинь зүүн талын эрүүний доод тал нь зүсэгдсэн. Тэрээр хашхирахаар нь би битгий хашхираад бай гэж шилэн хүзүүдэж байгаад түлхсэн чинь цементэн шал руу өвдөглөөд суучихсан. Тэр үед гаднаас Гүлмайра гэх хүн орж ирсэн ба юу болсон вэ? та нарт залуу гэр бүл байж хоорондоо зодолдоод байгаа юм уу? гэж хэлсэн. Би уурандаа эхнэрээ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Прокурорын сонсгож буй торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж өгнө үү." гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Тийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл С.Т нь бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. 

            Иймд шүүгдэгч С.Тийг хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд “С.Т надаас ирж уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн. Хохирлын талаар ямар нэгэн маргаангүй, ямар нэгэн гомдол саналгүй” гэх хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.Тийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

      Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.Т урьд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 5/93 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор хоорондоо эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон прокурорын тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож шүүхээс гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн.

            Иймд шүүгдэгч С.Тийг үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

           

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй ба энэ хэрэгт холбогдуулан битүүмжилсэн зүйлгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Шүүгдэгч С.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, мөн хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч С овогт С.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгч С.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүгдэгч С.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  П.ДОРЖБАЛ