Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2026/01293

 

 

*********ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/02881 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *********ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******** ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 234,980,000 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: 2023 оны 10 сарын 25-ны өдөр ******** ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ болон Авто зогсоол захиалгын гэрээ байгуулан Сүхбаатар дүүргийн 4-р хороо /хуучнаар/, Худаг усны 36-р байр, 1-р орц, 10 давхарт 147.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, зоорийн давхарт №25 тоот авто зогсоолыг тус тус захиалсан. Орон сууц нь нийт 1,075,000,000 төгрөгийн үнэтэй бөгөөд 400,000,000 төгрөгийн төлбөрт 2 автомашин, 460,000,000 төгрөгийн төлбөрт 1 орон сууц тус тус ******** ХХК-ийн нэр заасан этгээдүүдийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж, тухайн хөрөнгүүдийг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгсөн. Үлдэх 214,000,000 төгрөгийг 2023 оны 10 сарын 25-ны өдөр Хаан банк дахь ******** ХХК-ийн 5111555554 тоот дансанд шилжүүлсэн. Авто зогсоол нь 99,900,000 төгрөгийн үнэтэй бөгөөд төлбөрийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэгч талын дансанд төлж, захиалагч тал гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Хариуцагч нь гэрээний 3.1-д зааснаар орон сууц болон авто зогсоолыг 2024 оны 1-р улиралд багтаан ашиглалтад оруулах үүргийг хүлээсэн боловч 2025 оны 08 сарын 26-ны өдөр орон сууцны, 2025 оны 10 сарын 17-ны өдөр авто зогсоолын өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардах баримт, материалуудыг хүлээлгэн өгч, гэрээнд заасан хугацааг даруй 513 ба түүнээс дээш өдрөөр хэтрүүлсэн. Алдангийг 2024 оны 05 сарын 30-ны өдрөөс эхлэн тооцсон бөгөөд гэрээний дагуу захиалагчийн төлсөн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид олгоно гэснийг үндэслэн тооцвол гүйцэтгэгч тал хоногт (1,075,000,000*0.3% буюу) 3,225,000 төгрөгийн алдангийг захиалагчид төлөх үүрэгтэй. Нийт хэтрүүлсэн 513 өдрөөс Орон сууц захиалгын гэрээ-ний 4.16-д заасан 60 хоногийг хасаж тооцвол нийт 453 өдрөөр тооцон алданги төлөх үүрэгтэй. Гэвч талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-ний 6.4-т алдангийн дээд хэмжээг 20 хувиас хэтрэхгүй байхаар заасныг үндэслэвэл 1,075,000,000*20%=215,000,000 төгрөг, Авто зогсоол захиалгын гэрээ-ний 4.8 болон 6.2, 6.4-т заасныг үндэслэн тооцвол 99,900,000*20%=19,980,000 төгрөгийн алдангийг тус тус гүйцэтгэгч талаас захиалагч талд төлөх үүрэгтэй. Иймд хариуцагч ******** ХХК-аас 2023 оны 10 сарын 25-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ-ний хугацаа хэтрүүлсний алдангид 215,000,000 төгрөг, Авто зогсоол захиалгын гэрээ-ний хугацаа хэтрүүлсний алдангид 19,980,000 төгрөгийг буюу нийт 234,980,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Тус компани нь 2021 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Худаг усны 36 болон Дулааны 18 дугаар байруудыг буулгаж шинээр дахин төлөвлөх төслийн хэрэгжүүлэгчээр шалгарсан. Нэхэмжлэгч *********а нь 147.93 м.кв талбайтай орон сууцыг авахаар 2023 оны 10 сарын 25-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулан шинээр баригдсан 36 дугаар байрны ******** тоот орон сууцны өмчлөгч болсон. 2025 оны 04 сарын 14-ний өдөр комиссын дүгнэлт гарч, барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулсан. Үүнээс улбаалан дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага болох 234,980,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Гэрээний үүрэгт заасан хугацаа хэтэрсэн гэх үндэслэлийн тухайд. Орон сууцны тухай хуулийн 151.7-д зааснаар орон сууцны барилга барьсан Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, 5-р хороололд байрлах 1460300227 дугаар бүхий 1,014 м.кв газрыг Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газарт 15 жилийн хугацаатай эзэмшүүлж Э-2203023031 дугаартай гэрчилгээ олгосон байдаг. Барилгын тухай хуулийн 48.1-д зааснаар манай компанийн зүгээс шалтгаалахгүй гадна инженерийн шугам Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас хийгддэг ажил бөгөөд уг ажил удааширсны улмаас орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй. Мөн гэрээний 3.1-д Гүйцэтгэгч нь орон сууцыг батлагдсан зураг, төслийн дагуу Монгол Улсын Барилгын тухай хууль болон бусад хууль тогтоомж, Барилгын норм ба дүрэм, чанар, стандартад нийцүүлэн 2024 оны 1-р улиралд багтаан барьж дуусган Улсын комисс ажиллуулан ашиглалтад оруулах үүрэг хүлээнэ гэж, 4.16-д Захиалагч нь цаг агаарын нөхцөл байдал, барилгын магадалшгүй ажил, Улсын комисс бүрдээгүй болон болзошгүй бусад аль нэгэн шалтгааны улмаас орон сууцны барилгыг ашиглалтад оруулах гэрээний 3.1-д заасан хугацаанаас 45-60 хоногоор хойшлогдож болохыг, мөн түүнчлэн энэ хугацаанд гүйцэтгэгчид алданги тооцохгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн болно гэж тус тус заасны дагуу манай компанийн зүгээс буюу гүйцэтгэгчээс шалтгаалаагүй. Талуудын байгуулсан гэрээний 6.3-т Гүйцэтгэгч нь орон сууцыг ашиглалтад оруулахаар гэрээнд заасан хугацаанаас 45-60 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалагчийн төлсөн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө. Уг алдангийг захиалагчийн орон сууц хүлээлцэх үеийн төлбөрөөс суутган тооцох ба хэрэв захиалагч төлбөрөө бүрэн төлсөн бол алдангийг захиалагчид олгоно, Авто зогсоол захиалгын гэрээний 6.2-т Гүйцэтгэгч нь зогсоолыг ашиглалтад оруулахаар гэрээнд заасан хугацаанаас 45 хоногоос дээш хугацаагаар хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө гэж тус тус заасан. Гэвч ******** ХХК нь дур мэдэн барилга ашиглалтад оруулах дүгнэлтийг гаргадаггүй ба Нийслэлийн засаг даргын захирамж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр барилга ашиглалтад ордог. Иргэний хуулийн 232.6-т зааснаар алдангийг хугацаа хэтрүүлсэн тал төлөх үүрэгтэй боловч мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар гэрээний хугацаа хэтэрсэнд хариуцагч буруугүй. Дахин төлөвлөлтийн айлуудад өгсөн орон сууцнаас үлдсэн орон сууцны нэгийг нь *********а 2023 оны 10 сарын 25-нд захиалгын гэрээ хийж худалдан авсан. Нэхэмжлэгч нь 2025 оны 10 сарын 24-ний өдөр ******** ХХК-д хугацаа хэтрүүлсний алданги төлөхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн бөгөөд барилгын ажил удааширч хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал ******** ХХК-ийн гэм буруугаас болоогүй учир тухайн хүсэлтийг биелүүлэх боломжгүй гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч ******** ХХК-д холбогдуулан гаргасан 2023 оны 10 сарын 25-ны өдрийн №1002А тоот Орон сууц захиалгын гэрээ-ний алданги 215,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *********ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ******** ХХК-д холбогдуулан гаргасан 2023 оны 10 сарын 25-ны өдрийн Авто зогсоол захиалгын гэрээний алданги 19,980,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *********ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,332,850 төгрөгөөс 1,232,950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс Нэхэмжлэгч захиалгын гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ хугацаанд биелүүлээгүй зөрчсөн учир хариуцагчаас гэрээний хариуцлага буюу алданги шаардах үндэслэлгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д заасан зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь 2023 оны 10 сарын 25-ны өдөр талуудын хооронд байгуулсан Авто зогсоол захиалгын гэрээ-ний оролцогч талууд хэн аль нь хариуцлага хүлээхээр тодорхой заасан бөгөөд үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол аль ч тал нь алданги төлөхөөр тодорхой заасан тул харилцан алданги шаардах эрхтэй гэж үзэж байна. Талууд харилцан гэрээний хугацааг хэтрүүлсэн тул Авто зогсоол захиалгын гэрээ-нд алдангийн дээд хэмжээг 20%-иас хэтрэхгүй байхаар заасныг үндэслэвэл захиалагч нь хугацаа хоцроосны алдангид 43,900,000*20%=8,780,000 төгрөгийн алдангийг гүйцэтгэгч талд, гэрээний 4.8 болон 6.2, 6.4-т заасныг үндэслэн тооцвол 99,900,000*20%=19,980,000 төгрөгийн алдангийг гүйцэтгэгч талаас захиалагч талд төлөх үүрэгтэй байна. Талууд харилцан хариуцлага хүлээх нь шударга бөгөөд бөгөөд гэрээний хариуцлагын алдангийн төлбөрийн зөрүү дүн болох 11,200,000 төгрөгийг гүйцэтгэгч талаас захиалагч талд төлөх ёстой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж өгнө үү. гэжээ.

 

5.   Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Дахин төлөвлөлтийн хүрээнд барилга барихдаа төсөл хэрэгжүүлэгч нь барилгын ажлын санхүүжилтийг зах зээлийн эх үүсвэр болон өөрийн хөрөнгөөр бүрдүүлдэг. Үүний үндсэн дээр тухайн газрын болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нарт үнэ төлбөргүйгээр орон сууц олгож, үлдсэн талбай, орон сууцыг худалдах, борлуулах эрхтэйгээр төслийн үйл ажиллагаагаа явуулдаг. Уг дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд гадна инженерийн шугам сүлжээний ажлыг нийслэлийн зүгээс хариуцан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд энэ ажил нь манай төслийн барилгын ажлаас тусдаа явагдсан. Гадна инженерийн шугам сүлжээний угсралтын ажил 2026 оны 04 сарын 27-ны өдөр бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авсан. Компанийн зүгээс барилгын ажлыг хугацаанаас нь өмнө бүрэн дуусгасан. Гэвч гадна инженерийн шугам сүлжээний ажил бүрэн дуусаагүй байсан тул улсын комисс барилгыг хүлээн авах боломжгүй мөн холбогдох хяналт шалгалтын байгууллагаас гадна инженерийн шугам сүлжээ ашиглалтад ороогүй нөхцөлд барилгыг ашиглалтад хүлээн авах боломжгүй талаар мэдэгдсэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай холбогдох асуудлаар хэлэлцсэний үр дүнд үндсэн өмчлөгч нарыг орон сууцаар хангах хүртэл хугацаанд түрээсийн журмаар байрлуулах асуудал яригдсан. Үүнтэй холбоотойгоор барилгыг улсын комисс 2025 оны нэгдүгээр улиралд ашиглалтад хүлээн авсан. Нэхэмжлэгч талаас тухайн барилгын үйл ажиллагааг тухай бүрд нь ирээд үзээд шалгаад явж байсан. Гадна шугам буюу барилгад орох дэд бүтэц болох ус, дулаан, цахилгаан, холбоо, дохиолол гэсэн 4 дэд бүтэц барилга дотроо орж ирэхгүй болохоор орон сууц гэж үзээд хүн амьдруулах нөхцөл байдал үүсэхгүй байна. Дэд бүтцийг нь хийлгэх ёстой. Нийслэлийн хөрөнгөөр хийх ажил нь хийгдэхгүй удаашраад, үүнтэй холбоотойгоор барилгын үйл ажиллагааг хүлээлгэж өгөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байсан. Тухайн нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал мэдэж байсан. Ийм учраас хариу тайлбартаа хэлсэн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Ийм учраас бид хохирлыг хариуцахгүй мөн анз төлөхөөс татгалзаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангав.

 

2.   Нэхэмжлэгч *********а нь хариуцагч ******** ХХК-д холбогдуулан Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу алданги 215,000,000 төгрөг, Авто зогсоол захиалгын гэрээ-ний дагуу алданги 19,980,000 төгрөг, нийт 234,980,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...гэрээнд заасан хугацаа хэтэрсэн явдал нь хариуцагчийн гэм буруугаас болоогүй, гадна инженерийн шугам сүлжээ буюу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас хийгдэх ажил удааширсны улмаас хугацаа хэтэрсэн тул алданги төлөхгүй... гэсэн агуулгаар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.  Талууд 2023 оны 10 сарын 25-ны өдөр 1002А тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр ******** ХХК нь Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, Худаг усны 36-р байр 1-р орц, 1002А тоот 147.4 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2024 оны 1-р улиралд багтаан ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, *********а нь орон сууцны үнэд 1,075,000,000 төгрөг төлөх нөхцөлийг тохирсон;

3.2.  Талууд мөн өдөр Авто зогсоол захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр ******** ХХК нь Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, Худаг усны 36-р байр, зоорийн давхар, 25 тоот авто зогсоолыг 2024 оны 1-р улиралд багтаан ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, *********а нь авто зогсоолын үнэд 99,900,000 төгрөг төлөх нөхцөлийг тохирсон;

3.3.  *********а нь орон сууцны үнэ болох 1,075,000,000 төгрөгийг 2023 оны 10 сарын 25-ны өдөр Тоёота Ланд Круйзер-200 маркийн ******** УБВ улсын дугаартай автомашиныг 161,000,000 төгрөгт тооцож, Би Уйа Ди Танг маркийн ******* УБС улсын дугаартай автомашиныг 239,000,000 төгрөгт тооцож, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /13313/ гудамж, ******* байр, ******* тоот 109.02 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 460,000,000 төгрөгт тооцож тус тус ******* ХХК-ийн нэрлэн заасан этгээдийн өмчлөлд шилжүүлэн өгч, 2023 оны 10 сарын 26-ны өдөр үлдэх 214,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгч, төлж барагдуулсан;

3.4.  *********а нь авто зогсоолын үнэ болох 99,900,000 төгрөгийг 2023 оны 10 сарын 25-ны өдөр 56,000,000 төгрөг, 2024 оны 05 сарын 30-ны өдөр 43,900,000 төгрөг тус тус дансаар шилжүүлэн өгч, төлж барагдуулсан;

3.5.  ******** ХХК орон сууц болон авто зогсоолыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг 2025 оны 08 сарын 26-ны өдөр болон 2025 оны 10 сарын 17-ны өдөр бүрдүүлэн өгч, улмаар *********ын нэр дээр орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ 2025 оны 09 сарын 05-ны өдөр, авто зогсоол өмчлөх эрхийн гэрчилгээ 2025 оны 10 сарын 24-ний өдөр тус тус гарсан;

3.6.  Улсын бүртгэлд орон сууцны тоот 1001А болж, авто зогсоолын тоот 12 тоот болж өөрчлөгдсөн.

 

4.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ. Талууд ирээдүйд бий болох хөрөнгийг худалдах, худалдан авахаар тохиролцсон байна.

 

5.   Анхан шатны шүүх Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу алданги 215,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *********ын шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдоогүй тул энэ талаар давж заалдах шатны шүүх тусгайлан эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

6.   Харин анхан шатны шүүх Авто зогсоол захиалгын гэрээ-ний дагуу алданги 19,980,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *********ын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний зарим хэсгийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

6.1.  2023 оны 10 сарын 25-ны өдрийн Авто зогсоол захиалгын гэрээ-ний 6.1-д Захиалагч нь энэхүү гэрээний 2 дахь хэсэгт заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж, 6.2-т Гүйцэтгэгч нь зогсоолыг ашиглалтад оруулахаар гэрээнд заасан хугацаанаас хойш 45 хоногоос дээш хугацаагаар хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэж, 6.4-т Талуудын гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нөгөө талдаа төлөх алдангийн дээд хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж тус тус гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйтэй холбоотой хариуцлагын асуудлыг зохицуулжээ.

6.2.  Авто зогсоол захиалгын гэрээ-ний 3.1-д зааснаар ******** ХХК нь авто зогсоолыг 2024 оны 1-р улиралд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн, 6.2-т зааснаар уг хугацаа 45 хоногоор хэтэрч болохыг талууд зөвшөөрсөн тул нэхэмжлэгч нь 2024 оны 04 сарын 16-ны өдрөөс 2025 оны 10 сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд алданги тооцох эрхтэй.

6.3.  Авто зогсоол захиалгын гэрээ-ний 1.2-т зааснаар *********а нь авто зогсоолын төлбөрт 2023 оны 10 сарын 25-ны өдөр 56,000,000 төгрөг, 2024 оны 01 сарын 05-ны өдөр 43,900,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн тул хариуцагч нь 2024 оны 05 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд алданги тооцох эрхтэй.

 

7.   Ийнхүү тооцоход нэхэмжлэгч, хариуцагч хэн альны төлөх алданги Авто зогсоол захиалгын гэрээ-ний 6.4-т заасан хэмжээнээс хэтэрч байх тул (99,900,000 х 20%) (43,900,000 х 20%) = 19,980,000 8,780,000 = 11,200,000 төгрөгийн алданги шаардсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

8.   ...Гэрээнд заасан хугацаа хэтэрсэн явдал нь хариуцагчийн гэм буруугаас болоогүй, гадна инженерийн шугам сүлжээ буюу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас хийгдэх ажил удааширсны улмаас хугацаа хэтэрсэн тул алданги төлөхгүй... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч ******** ХХК-ийн татгалзал үндэслэлгүй. Учир нь:

8.1.  Гуравдагч этгээдээс шалтгаалан үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцохгүй гэсэн тохиролцоо Авто зогсоол захиалгын гэрээ-нд тусгагдаагүй буюу талууд энэ талаар тухайлан тохиролцоогүй байна.

8.2.  Харин Авто зогсоол захиалгын гэрээ-ний 4.8-д Захиалагч нь цаг агаарын нөхцөл байдал, барилгын магадлашгүй ажил, улсын комисс бүрдээгүй болон бусад шалтгааны улмаас зогсоолыг ашиглалтад оруулахаар гэрээний 3.1-д заасан хугацаанаас 45 хоногоор хойшлогдож болохыг, мөн энэ хугацаанд гүйцэтгэгчид алданги тооцохгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн болно гэж заасан. Үүнээс үзвэл талууд гуравдагч этгээдээс шалтгаалан хугацаа хэтэрсэнтэй холбоотой алданги тооцохгүй байх хугацааг 45 хоногоор хязгаарласан, уг хугацаа өнгөрснөөс хойш алданги тооцож болох нөхцөлийг тохирсон байна.

 

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/02881 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар 2023 оны 10 сарын 25-ны өдрийн Авто зогсоол захиалгын гэрээ-ний үүрэгт хариуцагч ******** ХХК-аас 11,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *********ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 8,780,000 төрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,332,850 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 1,075,000 төгрөг, хариуцагч ******** ХХК-аас 194,150 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *********ад буцаан олгосугай гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 05 сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 194,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР