Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 156

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Улсын яллагч М.Ф,

Хохирогчийн өмгөөлөгч С.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,

Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ф Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913000000202 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 2 дугаар багт оршин суудаг, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 57/59 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож байсан, И овогт М.М, регистрийн дугаар Б3................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.М нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 18 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 2 дугаар багт байрлах өөрийнхөө гэрийн гадаа төрсөн дүү М.Хг ахуйн маргааны улмаас зодож, улмаар хутгаар түүний хүзүүн тус газарт нэг удаа хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:       

Нэг: Шүүгдэгч М.М нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 18 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 2 дугаар багт байрлах өөрийнхөө гэрийн гадаа төрсөн дүү М.Хг ахуйн маргааны улмаас зодож улмаар хутгаар түүний хүзүүн тус газарт нэг удаа хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

- Шинжээч эмч Е.Бы 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 401 дугаартай “...Иргэн М.Хгийн биед хүзүүний баруун хажуугийн хэсэг байрлалтай зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх  /хх-ийн 28-р хуудас/ шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Хгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна.

           

            Хохирогч М.Хгийн эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч М.М учруулсан болох нь:

- Хохирогч М.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Хар арал” гэх газарт ах М.Мы гэрийн гадаа гутлаа янзлаад сууж байхад ах М.М, бэр эгч Т нар гүү саахаар явсан. Ахынх манай аавын эзэмшлийн 5 гүүг барьж, сүүг нь авдаг юм. Гүүгээ саагаад ирж байхад “...нэг унага өвдөөд байна, мөн нэг унага хөл доголсон байна” гэж хэлэхэд “...чамд ямар хамаатай юм” гээд уурлаад гартаа хутга барьж ирээд миний хүзүүний баруун талаас урагш татахад миний хүзүү зүсэгдэж цус гарч би газар унасан. Бирлесхан гэх хүн салгасан, тэгээд би шууд тэндээс яваад мотоциклтой аймаг руу гэртээ харьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

- Гэрч Х.Булбулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 17-ны орой 18 цагийн орчим гэрийн гадаа орилолдох чимээ гарахаар нь гарахад М.М, М.Х нар хоорондоо зодолдож байсан. М.М нь М.Хгийн цээжийг дараад суучихсан байсан. Гарт нь саарал иштэй хутга харагдсан ба М.Хгийн хүзүүний урд хэсгээс цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

- Гэрч Ш.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 18 цагийн үед манай хөрш айлын гадаа чангаар орилох шуугилдах чимээ гарахаар гэрээс гарахад М.Мы эхнэр Т гүйгээд ирж байсан “...М.Х, М.М нар зодолдож байна, салгаад өг” гэсэн. Намайг яваад очиход М.М, М.Х нар зодолдож байсан. М.М М.Хгийн цээжэн хэсэгт дараад суучихсан байдалтай “...битгий ойрт, ойртвол хэрэг гарна шүү” гэсэн. Гарт нь саарал өнгийн модон иштэй хутга байсныг харсан.  “...та нар больцгоо” гэж салгах гэтэл М.М М.Хгийн цээжнээс босоод гэр лүүгээ орсон.  М.Х ч гэр лүүгээ явсан. М.Хгийн хүзүүний урд хэсгээс бага зэрэг цус гарч байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

- Гэрч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 18 цагийн үед гэрийн гадаа шуугилдах чимээ гарахаар нь яваад очсон чинь манай нөхрийн дүү Б нь М.Х, М.М нарыг салгаж байсан. М.Хгийн хүзүүний орчмоос бага зэрэг цус гарсан харагдсан. М.М намайг хутгалчихлаа гэж байсан. М.Мы гарт хутга байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-06-р хуудас/,

- Хутганд хийсэн үзлэгийн гэрэл зураг болон эд мөрийн баримтаар тооцох тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9-р хуудас/,

- Шүүгдэгч М.Мы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 18 цагийн орчимд манайх Ногооннуур сумын 2 дугаар багийн нутаг “Хар арал” гэх газарт намаржаанд байхад өөрийн төрсөн дүү М.Хтай /хоч нэрийг Х гэх/ маргалдсан юм. Маргах болсон шалтгаан нь манай аавын 5 гүүг миний бие эзэмшиж барьж сааж байгаа юм. Надад нэг ч гүү байдаггүй. Гэтэл дүү М.Х “...Та нар манай 5 гүүг суллаад бэлчээрт явуулсангүй. Зарим унагануудын хөл нь доголоод зарим нь өвдсөн байна” гэх маягаар надтай хэрүүл өдөөд эхэлсэн. М.Х гутлаа янзлаад сууж байсан. Улмаар миний өөдөөс эсэргүүцээд янз янзын зүйл яриад байсан. Гэнэт миний уур хүрээд ямаа нядлах гэж байсан саарал өнгийн иштэй хутгаар дүү М.Хгийн хоолойн тус газарт хутгалаад авсан нь үнэн. Уурандаа юу болсныг мэдээгүй. Ийм л асуудал болсон. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна.  Гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Мы дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Мы бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Хгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

            Иймд шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Хгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч М.Х “хохирлоо авсан, цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй. Ямар нэгэн гомдол санал, маргаан байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч М.Мыг хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

      Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч М.М урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 65 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48-52 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч М.Мы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, зэргийг харгалзан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

            Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд шилжин ирээгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй, ажлын хэсэг нь 3 сантимерт өргөн, 14 сантиметр урттай, ишний хэсэг нь 2,5-3 сантиметр өргөн, 12 сантиметр урттай, ажлын хэсэгт “TM feng feng” гэсэн бичигтэй нийт 26 сантиметр урт хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж байна.

Шүүгдэгч М.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, мөн хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч И овогт М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгч М.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд шилжин ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй, ажлын хэсэг нь 3 сантимерт өргөн, 14 сантиметр урттай, ишний хэсэг нь 2,5-3 сантиметр өргөн, 12 сантиметр урттай, ажлын хэсэгт “TM feng feng” гэсэн бичигтэй нийт 26 сантиметр урт хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
  7. Шүүгдэгч М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ДОРЖБАЛ