| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2024/04555/И |
| Дугаар | 210/МА2026/01297 |
| Огноо | 2026-06-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2026/01297
********ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 21-ний өдрийн 192/ШШ202/01009 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ********ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн 8-р хороо, Хилчний гудамж, ****** хаягт байршилтай 5,000 м.кв талбайтай газрын баруун урд хэсэгт байрлах 171 м.кв талбай бүхий сэндвичин барилгын өмчлөгчөөр тогтоолгох, олох ёстой байсан орлого 66,600,000 төгрөгийг гаргуулах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ********, түүний өмгөөлөгч *******, *******, хариуцагч *******, хариуцагч нарын өмгөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ******** миний бие 2012 оны 03 сарын 15-ны өдөр ******* ХХК-ийн захирал*******гийн бичгээр олгосон зөвшөөрлийн дагуу тус компанийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Хилчний гудамж, ****** хаягт байршилтай 5,000 м.кв газрын баруун урд хэсэгт авто угаалга, авто засварын газар ажиллуулах зорилгоор 171 м.кв талбай бүхий сэндвичин байр барихаар болсон. Өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцаа Хас банкны зээлийн барьцаанд тавьж 2.4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай 20,000,000 төгрөгийн зээл авч барьсан. Уг сэндвичин барилгыг 2022 оны 5 сар хүртэл бусдад түрээслүүлж, түрээсийн орлогоороо Хас банкны зээлийг төлж, эхнэр хүүхэд бид нар амьдралаа залгуулж байсан. Гэтэл уг байрыг миний төрсөн дүү болох *******, түүний эхнэр ******* нар хууль бусаар эзэмшиж, бусдад түрээслүүлэн, түрээсийн орлогыг нь хувьдаа авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжин бүтэн 2 жилийн хугацаанд намайг хохироож байна. Иймд Баянзүрх дүүргийн 8-р хороо, ****** хаягт орших 5,000 м.кв газрын урд хэсгийн 9х19 хэмжээтэй газар дээрх 171 м.кв хэмжээтэй сэндвичин байрны өмчлөгч, эзэмшигч болохыг тогтоож, уг хөрөнгийг *******, ******* нар хууль бусаар эзэмшиж байгааг тогтоож, өөрийн дураар захиран зарцуулахад минь саад учруулахгүй байхыг хариуцагч *******, ******* нарт даалгаж, уг сэндвичин байрыг 2022 оны 05 сараас 2024 оны 12 сар хүртэлх нийт 31 сарын хугацаанд түрээслэн олох ёстой байсан 66,600,000 төгрөгийг хариуцагч *******оос гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ийн хариу тайлбарын агуулга: ******** нь ******* ХХК, ******* ХХК-д хувь эзэмшигч, хөрөнгө оруулсан этгээд биш юм. Түүний хүсэлтээр өөрийн эзэмшлийн ******* ХХК-ийн хашаанд, өөрийн эзэмшлийн ******* ХХК-ийн хөрөнгөөр энэхүү сэндвичин барилгыг бариулсан. Энэ нь түүнд уг сэндвичин барилгыг өмчлүүлэх, эзэмшүүлэх гэсэн санаа огт биш бөгөөд зөвхөн түүнийг ашиглаж орлого олох, амьдрал ахуйг нь тэтгэх гэсэн үйлдэл байсан. Өөрөөр хэлбэл ******* ХХК-ийн газрыг ашиглан орлого олж болох зөвшөөрлийг ********ад олгосон болохоос сэндвичин барилгыг бүхэлд нь түүнд өгсөн гэсэн үг биш юм. Уг сэндвичин барилгын жинхэнэ эзэмшигч нь ******* ХХК юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******ын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлд дурдсан 5,000 м.кв газар эзэмших эрх болон ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө анх ******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд нэхэмжлэгчийн төрсөн дүү, миний нөхөр ******* бид ******* ХХК-ийн захирал *******өөс 18,000,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед бид гадаадад байсан тул нэхэмжлэгчийн төрсөн ах******* гэрээг хийж, өөрийн нэрээр 2000 онд бүртгүүлсэн. Харин Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх ******* ХХК-ийн нэр дээр гарсан. Тухайн цаг үеэс хойш ах дүү нар хувьцаа болон үл хөдлөх эд хөрөнгөө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж байсан боловч ах*******, дүү *******ийн эд хөрөнгийг шилжүүлэн авснаа буцаан шилжүүлэн өгөхгүй байснаас үүдэн маргалдсаны эцэст 2022 онд Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх *******ид 5,000 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгөх, ******* ХХК-ийн хувьцааны эрхийн 60 хувийг эгүүлэн өгөх, 40 хувийн хувьцааны эрхийг ах*******гийн хамаарал бүхий *******д үлдээн шийдвэрлэсэн. Тухайн газар дээр байсан эд хөрөнгө, хуулийн этгээдийн хувьцааны асуудал*******, ******* хоёрын хооронд үүссэн. Харин нэхэмжлэгч ********ын нэр дээр хөрөнгө, хувьцаа шилжсэн зүйл байхгүй. 2012 онд нэхэмжлэгч ******** нэхэмжлэлд дурдсан сэндвичин барилгыг барихаар ******* ХХК-аас 38,090,382 төгрөг зээлдэн авч бариулсан. Тухайн мөнгөө уг компанид төлөлгүй өнөөг хүрсэн тул ******* нь 2022 онд Баянзүрх дүүргийн шүүхэд хандсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн боловч шүүх дүгнэхдээ ******** нь сэндвичин барилга барих мөнгийг ******* ХХК-аас авч байсан харилцааг тодорхойлсон байдаг. ******** нь сэндвичин барилгыг 2012-2022 он хүртэл түрээсээр ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Мөн уг сендвичин барилга ******* ХХК-ийн эзэмшилд байх 5,000 м.кв газар дээр байрладаг. ******* ХХК-ийн хувьцааны 60 хувийг *******, 40 хувийг ******* нар эзэмшдэг тул нэхэмжлэгч ********ад хууль ёсоор хамаарах хамаарал огт байхгүй. ******** нь ямар нэгэн байдлаар ******* ХХК-д хувьцаа эзэмшигч байгаагүй. Сэндвичин барилга нь ******* ХХК болон ******* ХХК-ийн хөрөнгө юм. Түүний хөрөнгө гэсэн нотлох баримт байхгүй түр барилга бөгөөд 2012 оноос хойш өөрийнх нь нэхэмжлэлд дурдсанаар 2012-2024 он дуустал сарын 2,150,000 төгрөгөөр тооцвол 12 жил үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээд юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ********ын хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 8-р хороо, Хилчний гудамж ****** хаягт орших 5,000 м.кв газрын баруун урд хэсгийн 9х19 хэмжээтэй газар дээрх 171 м.кв талбай бүхий сэндвичин байрны өмчлөгч, эзэмшигч болохыг тогтоолгох, хариуцагч *******, ******* нар нь хууль бусаар эзэмшиж байгааг тогтоолгож, 171 м.кв талбай бүхий сэндвичин байрыг өөрийн дураар захиран зарцуулахад саад учруулахгүй байхыг даалгах, 31 сарын хугацааны түрээсийн орлого болох 66,600,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 808,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
5.1. Шүүхийн шийдвэрийн 6.3-т ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2006 оны 03 сарын 24-ний өдрөөс 2015 оны 09 сарын 04-ний өдөр хүртэл ******* ажиллаж байсан нь тогтоогдсон гэж дүгнэсэн. Гэвч 2013 оны 03 сарын 15-ны өдрийн ******* ХХК-ийн №17 тушаалд тухайн үеийн захирал******* гарын үсэг зурсан нь компанийн удирдлагын эрх мэдэл өөр этгээдэд байсан бодит нөхцөл байдлыг нотлох баримт юм. ******* компанийн хүчинтэй, хэрэглэгдэж байгаа тамга дарагдсан байгааг шүүх анхааралдаа авч үзээгүй.
5.2. Мөн шийдвэрийн 6.4-т 2012 оны 05 сарын 31-ний өдөр Хас банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээн дээр авто угаалга, авто засварын газар ажиллуулах зориулалтын дагуу авсан 20,000,000 төгрөгийн зээлийн хуулбар баримтыг баримтаар тогтоогдох боломжгүй хэмээн үнэлсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Учир нь уг зээл бодитоор авсан, холбогдох гэрээ болон санхүүгийн баримтууд байгаа бөгөөд тухайн зээл нь маргааны нөхцөл байдалд шууд хамааралтай юм.
5.3. Мөн шийдвэрийн 6.5-д Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 30-ны өдрийн захирамжийн үндэслэлд 29,205,889 төгрөгийн нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шийдсэнээс 4 жилийн дараа гаргаж ирсэн хүчингүй баримтыг баримт нотолгоогоор тогтоогдож байна гэсэн нь өмнөх шүүхийн шийдвэрүүдтэй нийцэхгүй байна.
5.4. Маргаан бүхий байрыг ******* ХХК-ийн эзэмшлийн газарт оршдог гэж худал дүгнэлт хийсэн. Шүүх ******* ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/394 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 8-р хороонд байрлах нэгж талбарын 1331200598 дугаар бүхий 5,412 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлтийн *******дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон гэж дүгнэсэн. Гэтэл хэргийн 84-р хуудаст ******* ХХК-ийг төлөөлөн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2020 оны 04 сарын 06-ны өдрийн №01110-220/01471 тоот гэрээ авагдсан бөгөөд уг гэрээг тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан******* байгуулж, гарын үсэг зурж тамга тэмдэгээ дарсан байдаг. Мөн уг газрын кадастрын зурагт маргаан бүхий сэндвичин байрны зураг багтаагүй ба уг баримтыг шүүхэд тайлбарласан боловч хэргийн баримтаар маргаан бүхий барилга нь ******* ХХК-ийн эзэмшлийн газарт оршин байгаа гэж дүгнэсэн дүгнэлт үндэслэлгүй.
5.5. Хариуцагч нар хариу тайлбартаа маргаан бүхий байрыг ******* ХХК-аас 38,090,392 төгрөгийн зээл авч бариулсан бөгөөд тухайн мөнгөө уг компанид төлөлгүй өнөөдрийг хүртэл хүргэсэн гэж дурдсан боловч нэхэмжлэгчийг ******* ХХК-аас зээл авч маргаан бүхий байрыг барьсан гэх талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байхад ******* ХХК-ийн өмч хөрөнгөөр баригдсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүх уг дүгнэлтийг хийхдээ хариуцагч талын тайлбарыг шууд үнэн мэт хүлээн авч, нэхэмжлэгчийн 10 жилийн бодит эзэмшил, ашиглалтыг үл ойшоосон. 2012-2022 он хүртэл тасралтгүй нэхэмжлэгчийн эзэмшилд байсан, түрээсийн орлого нэхэмжлэгчийн дансаар орж байсан, барилга барих зөвшөөрөл бичгээр олгогдсон, нэхэмжлэгч өөрийн нэр дээрээ Хас банкны зээл авсан нотлох баримтыг үнэлж дүгнээгүй.
5.6. Шүүх газар нь ******* ХХК-ийх тул барилга мөн компанийнх гэсэн буруу логик дүгнэлт хийсэн. Газрын эрх ба барилгын өмчлөх эрх бол тусдаа эрх зүйн объект юм. Барилгын өртгийн шинжилгээ хийгээгүй атлаа хэрэгт авагдсан хариуцагч талаас гаргаж өгсөн маргаан бүхий байрнаас хэт дахин илүү өртөгтэй ******* ХХК-ийн өөр газар баригдсан барилгын баримтыг маргаан бүхий байрны өртөг хэмээн дүгнэсэн нь нэг талаас тусгай мэдлэг бүхий шинжээчийн хийх дүгнэлтийг шүүх хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
5.7. Нөгөө талаас шүүх хариуцагч нарыг энэхүү маргаан бүхий байрыг хэрхэн хэзээ барьсан талаар ямар ч баримт хэрэгт авагдаагүй байхад энэхүү байрыг барьсан гэх агуулгаар дүгнэлт хийж шийдвэрээ гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Харин нэхэмжлэгч эсрэгээрээ маргаан бүхий байрны санхүүжилтийг өөрөө өөрийнхөө нэр дээр зээл авч санхүүжүүлсэн, мөн өөрөө хүн хүч хөлсөлж бариулсан, маргаан бүхий байрыг барилцсан гэрчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж гэрчлүүлсэн, тухайн үеийн хар дэвтрийг хэрэгт хавсаргуулсан байхад эдгээр баримтыг шүүх үнэлж дүгнээгүй болно.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн хэлж байгаа тайлбар бүгд худал. Учир нь*******гийн эсрэг мэдүүлэг өгсөн тохиолдолд би чамайг яах ч үгүй, өгөхгүй бол би үүнийг авч явна гэж би огт хэлээгүй, мөн би хэзээ ч ийм зүйл бодож байгаагүй. Нэхэмжлэгч ямар ч нотлох баримтгүйгээр намайг гүтгэж ярьж байгаад туйлын харамсалтай байна. ******* ХХК болон ******* ХХК-ийн захирал ******* гэх хүн би байна. ******* ХХК-ийн захирлаар 2000 оноос хойш 2015 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд зөвхөн гүйцэтгэх захирлын шийдвэрээр байшин барилга баригдах эсэхийг шийдвэрлэдэг хууль дүрэмтэй байсан. Нэгэнт би шүүх дээр*******тай маргаж байгаа учир******* энэ хүмүүсийн талд мэдүүлэг өгөх нь ойлгомжтой асуудал. Ямар нэгэн байдлаар би*******д эрх олгож, ********аар ******* ХХК-ийн газар дээр барилга бариулаагүй. ******** ******* ХХК болон ******* ХХК-тай ямар ч хамааралгүй буюу тухайн компанийн хувьцаа эзэмшигч биш. Би энэ хүнийг хөдөө орон нутагт амьдарч байхад нь амьдралыг нь өөд нь татаж тусалсан хүн. Түүнчлэн би өөрийн компанийн эд хөрөнгөөр барилга байшин барьж ********ад зөвхөн эзэмшүүлсэн болохоос энэ хүний хөрөнгө болгож шилжүүлээгүй. ******* ХХК-ийн 38,000,000 гаруй төгрөгийн шаардах хуудас болон зарлагын падаанууд байдаг. Би өөрийн компанийн газар дээр барилга бариулж байхдаа падаан зуруулахгүй, зөвхөн шаардах хуудас гаргадаг буюу манай компанийн дүрэм ийм юм. Угаасаа нийтлэг зах зээлд шаардах хуудсаар барилгын бараа материалыг гаргадаг бөгөөд тухайн бараа материал гаргасан шаардах хуудсанд ********ын гарын үсэг зурагддаггүй, мөн зурагдах албагүй. Учир нь энэ нь компани доторх асуудал юм. Би тухайн компанийн захирал бөгөөд өөрийн компанийн газар дээр байшин бариулахад шаардах хуудсаар тухайн барилга руу бараа материал оруулдаг. ******** угаалгын газар гэх шаардах хуудсыг харвал хэнд, хаана, юу гэх дандаа асуултууд бичигдсэн байдаг. Хэрэв энэ байшинг ******* ХХК-ийн эд хөрөнгө болгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан тохиолдолд энэ нь кадастрын зурагт тусгагдана. Гэвч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч болохгүй хэврэг байшин учир кадастрын зураг дээр тухайн байшин тусгагддаггүй. Гэтэл нэхэмжлэгч талын зүгээс тухайн байшин ******* ХХК-ийн газар дээр байхгүй, тухайн газрын гадна талд байгаа гэж хэлээд байдаг. Огт тийм биш бөгөөд энэ байшин нь ******* ХХК-ийн газар дээр буюу кадастрын зураг дотор байгаа. Гэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй учир кадастрын зурагт тусгагддаггүй юм. Мөн манай компани зам дагуу байдаг бөгөөд хэрэв би тухайн байшинг кадастрын зургаас гаргаж, нэхэмжлэгч талд зөвшөөрөл өгч бариулсан гэж үзвэл Улаанбаатар хотын ямар нэгэн засаг захиргаа ирж шууд хөөж буулгана. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.
2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 8-р хороо, Хилчний гудамж, ****** хаягт байршилтай 5,000 м.кв талбайтай газрын баруун урд хэсэгт байрлах 171 м.кв талбай бүхий сэндвичин барилгын өмчлөгчөөр тогтоолгох, олох ёстой байсан орлого 66,600,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ...сендвичин барилгыг ******** нь ******* ХХК-аас зээл авч, ******* ХХК-ийн газар дээр барьсан, ******** нь эдгээр компанид хувьцаа эзэмшиж байгаагүй, ******* нь өөрийн ах ********ад туслах үүднээс сендвичин барилгыг 2012-2024 онд ашиглуулсан, өмчлөлд нь шилжүүлэн өгсөн зүйл байхгүй... гэсэн агуулгаар эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-2, 59, 75, 76/
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй байдаг тул ...сендвичин барилгыг хариуцагч нар хууль бусаар эзэмшиж байгааг тогтоож, өөрийн дураар захиран зарцуулахад минь саад учруулахгүй байхыг даалгах... гэсэн шаардлагыг бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тодорхойлсон уг шаардлага нь нэхэмжлэгч өмчлөх эрхээ хэрхэн хэрэгжүүлэхтэй холбоотой шаардлага байна.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
4. Хэрэгт авагдсан ******* ХХК-ийн 2012 оны 03 сарын 15-ны өдрийн 1****** албан бичиг, Хас банк ХХК болон ********, ****** нарын хооронд байгуулагдсан 2012 оны 05 сарын 31-ний өдрийн 1760000281 тоот Барьцаат зээлийн гэрээ, уг зээлийг авах үед бүрдүүлж байсан Бичил зээлийн өргөдөл, Бичил зээлийн судалгааны тэмдэглэл, ********аас бусад этгээдтэй байгуулсан 2017 оны 05 сарын 10-ны өдрийн Ажлын байр түрээслэх гэрээ, 2017 оны 07 сарын 01-ний өдрийн Ажлын байр түрээслэх гэрээ, ******, *******,*******гийн эзэмшлийн дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч*******, Ц.Балдандоржийн гэрчийн мэдүүлэг зэргийг харьцуулан үзвэл ...******* ХХК-ийн захирлын бичгээр олгосон зөвшөөрлийн дагуу тус компанийн эзэмшлийн газрын баруун урд хэсэгт авто угаалга, авто засварын газар ажиллуулах зорилгоор 171 м.кв талбай бүхий сэндвичин барилгыг Хас банк ХХК-аас 20,000,000 төгрөгийн зээл авч барьсан... гэсэн нэхэмжлэгч ********ын тайлбарыг илүү үндэслэлтэй гэж дүгнэхээр байна. /1хх 5, 6-15, 18, 19, 224, 226-227, 232, 233-250, 2хх 1-30, 31-62, 63-72, 73-83, 84, 144-арын нүүр-145, 145-146/
5. Тодруулбал:
5.1. ******* ХХК-ийн албан бичигт Тус компанийн Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Хилчиний гудамж-****** хаягт байрлах газрын баруун урд хэсэгт авто гараж, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 9х19 хэмжээтэй газар 171 м.кв талбай бүхий сендвич байр барихыг Банзрагч овогтой Баянбатад зөвшөөрөв гээд гүйцэтгэх захирал******* гэж гарын үсэг зурж, компанийн тамга дарагдсан байдаг.
******* ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээнд 2012 оны 03 сарын 15-ны өдрийн байдлаар ******* гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байх боловч дээрх албан бичигт ******* ХХК-ийн тамга дарагдсан, мөн******* нь 2015 оны 09 сарын 04-ний өдрөөс 2023 оны 01 сарын 27-ны өдөр хүртэл тус компанийн гүйцэтгэх захирлаар бүртгэгдэж байсан, мөн ******* ХХК-ийг төлөөлж Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-нд гарын үсэг зурж байсан, мөн ******** нь ******* ХХК-ийн эзэмшлийн газар дээр баригдсан сэндвичин барилгыг 2012-2024 онд эзэмшиж, ашиглаж байсан, үүнийг ******* ХХК хүлээн зөвшөөрч байсан үйл баримт тогтоогдсон тул ...нэхэмжлэгчид зөвшөөрөл олгосон гэх баримтыг төлөөлөх эрхтэй этгээдийн үйлдсэн, эргэлзээгүй баримт гэж үзэх үндэслэлгүй... гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар******* нь ******* ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг ********ад өгөх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
5.2. Хас банк ХХК болон ********, ******* нарын хооронд байгуулагдсан 2012 оны 05 сарын 31-ний өдрийн 1760000281 тоот Барьцаат зээлийн гэрээ-ний 1.1-д ...20,000,000 төгрөгийн зээлийг ... авто угаалга, авто засварын газар ажиллуулах зориулалтаар зээл олгох... гэж, Бичил зээлийн өргөдөл-д ...зээлийг авто угаалга, авто засварт зориулна... гэж, Бичил зээлийн судалгааны тэмдэглэл-д ...шаардлагатай материалын төсөв 20,000,000 төгрөг ... авто засвар, угаалгын газар нь зуны улиралд илүү их ашигтай... гэж тус тус бичиж тэмдэглэгдсэн байдаг.
******* ХХК-ийн албан бичгийн огноог дээрх Барьцаат зээлийн гэрээ-ний огноотой харьцуулан үзвэл ******** нь ******* ХХК-аас зөвшөөрөл авсны дараа Хас банк ХХК-аас зээл авсан үйл баримт тогтоогддог.
5.3. Өмнө дурдсан Ажлын байр түрээслэх гэрээ-нүүд, ******, *******,*******гийн эзэмшлийн дансны дэлгэрэнгүй хуулгаас үзвэл ******** нь маргаан бүхий сэндвичин барилгыг бусдад түрээслүүлэн, түрээсийн төлбөрийг өөрийн хамаарал бүхий этгээдийн дансаар хүлээн авч, захиран зарцуулж байсан үйл баримт тогтоогддог.
6. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл ...миний бие ******* ХХК-ийн захирлын бичгээр олгосон зөвшөөрлийн дагуу тус компанийн эзэмшлийн газар Хас банк ХХК-аас 20,000,000 төгрөгийн зээл авч 171 м.кв талбай бүхий сэндвичин барилга барьсан... гэсэн нэхэмжлэгч ********ын тайлбарыг илүү үндэслэлтэй гэж үзэхээр байх тул түүнийг маргаан бүхий сэндвичин барилгын өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй. Энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.
7. Хариуцагч нь ...нэхэмжлэгч нь сэндвичин барилгыг ******* ХХК-аас 38,090,392 төгрөгийн зээл авч барьсан... гэж тайлбарлах боловч уг тайлбар нь хэргийн баримтаар нотлогдохгүй байхаас гадна хэрэгт авагдсан шаардах хуудас гэх баримтууд нь уг тайлбарыг нотлох баримт болж чадахгүй. /1хх 91-124/
Аливаа шаардах хуудас нь тухайн байгууллагаас шаардлагатай бараа, материалыг шаардан гаргуулж байгаа үйл баримтыг л нотлох бөгөөд хэрэгт авагдсан шаардах хуудас-нуудад дурдагдсан бараа, материал маргаан бүхий сэндвичин барилгад зарцуулагдсан гэх нөхцөл байдал эргэлзээгүйгээр нотлогдохгүй байна.
8. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо ...сэндвичин барилга нь ******* ХХК-ийн эзэмшлийн газар дээр баригдаагүй... гэж тайлбарлах боловч уг тайлбар нь түүний гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор шүүхэд гаргаж өгсөн ******* ХХК-ийн албан бичгээр үгүйсгэгдэж байна.
Тухайлбал нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд ...тус компанийн эзэмшлийн газар дээр авто угаалга, авто засварын газар ажиллуулах зорилгоор 171 м.кв талбай бүхий сэндвичин барилгыг барьсан... гэсэн агуулга, мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн ******* ХХК-ийн албан бичигт ...тус компанийн эзэмшлийн баруун урд хэсэгт авто гараж, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 171 м.кв талбай бүхий сэндвичин барилга барихыг ********ад зөвшөөрсөн... гэсэн агуулга тус тус дурдагдсан байдаг.
9. Нэхэмжлэгч ********ын өмч болох сэндвичин барилга нь ******* ХХК-ийн эзэмшлийн газар дээр байрлаж байх тул ******* ХХК, захирал *******ийг тухайн сэндвичин барилгыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзэхгүй. Хэдийгээр сэндвичин барилга нь ********ын өмч болох нь хэргийн материалаар тогтоогдож байгаа боловч уг барилга нь ******* ХХК-ийн эзэмшлийн газар дээр байрлаж байгаа тул нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ хязгааргүйгээр хэрэгжүүлэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь ...сендвичин барилгыг хариуцагч нар хууль бусаар эзэмшиж байгааг тогтоож, өөрийн дураар захиран зарцуулахад минь саад учруулахгүй байхыг даалгах... шаардлагаа ...сэндвичин барилгыг бусдад түрээслүүлж, орлого олоход саад учруулахгүй байхыг даалгах... гэж тодотгосон бөгөөд энэ нь газар эзэмшигч ******* ХХК-аас өгөх зөвшөөрлөөс шалтгаалахаар байна.
Учир нь, нэхэмжлэгч ********ын өмчлөлийн сэндвичин барилгыг түрээслэх этгээд нь ******* ХХК-ийн эзэмшлийн газрыг эзэмшиж, ашиглахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжгүй юм.
Тус сэндвичин барилга тог, ус зэрэг үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардагдах эх үүсвэрийг эрх бүхий байгууллагаас ******* ХХК-тай байгуулсан ханган нийлүүлэх гэрээний үндсэн дээр авдаг үйл баримттай талууд маргаагүй болно.
10. Иймд олох ёстой байсан орлого 66,600,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч ********ын шаардлага хангагдах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч ******** нь ******* ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр, ирээдүйд 66,600,000 төгрөгийн түрээсийн орлого олох байсан гэж эргэлзээгүйгээр дүгнэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
11. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 21-ний өдрийн 192/ШШ202/01009 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т тус тус зааснаар Баянзүрх дүүргийн 8-р хороо, Хилчний гудамж, ****** хаягт байршилтай 5,000 м.кв талбайтай газрын баруун урд хэсэгт байрлах 171 м.кв талбай бүхий сэндвичин барилгын өмчлөгчөөр нэхэмжлэгч ********ыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх
олох ёстой байсан орлого 66,600,000 төгрөгийг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 808,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 247,250 төгрөг, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус буцаан олгосугай гэж өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 02 сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 808,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР