| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2016/0291/И |
| Дугаар | 306 |
| Огноо | 2016-11-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 306
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлэснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Э.Болормаа би, Мобиком корпораци ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Улаанбаатар төмөр замын Замын-Үүд Шилжүүлэн ачих ангид холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр 431.849 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК /РД:2072572, УБД:9019005111/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 30311895 тоот гэрээ байгуулан 99037239 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy J1 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 431.849 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түмэндэлгэр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: УБТЗ-ын Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн хариу тайлбартай танилцлаа. Тус анги нь 2016 оны 11 сарын 01-нд 380.000 төгрөг, 2016 оны 11 сарын 15-ны өдөр үлдэгдэл 51.849 төгрөгийг төлсөн байна. Иймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Улаанбаатар төмөр замын Замын-Үүд Шилжүүлэн ачих анги шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус ангид машин механизмын механикч ажилтай Сандагдоржийн Эрдэнэсайхан нь дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 431.849 төгрөг төлөхөөс 380.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн ба үлдэгдэл 51.849 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны төлж барагдуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК нь хариуцагч Улаанбаатар төмөр замын Замын-Үүд Шилжүүлэн ачих ангид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр 431.849 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Улаанбаатар төмөр замын Замын-Үүд шилжүүлэн ачих ангитай 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 30311895 тоот гэрээг байгуулж 99037239 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн зээлээр гар утас худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулсан ба хариуцагч нь уг гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг барагдуулаагүй болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 431.849 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн талаарх тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Мобиком корпораци ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Улаанбаатар төмөр замын Замын-Үүд Шилжүүлэн ачих ангид холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр 431.849 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13.605 төгрөгийн 50 хувь болох 6802,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 6802,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Улаанбаатар төмөр замын Замын-Үүд Шилжүүлэн ачих ангиас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 6802,5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.БОЛОРМАА