Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2026/01382

 

 

 

 Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 05 сарын 20-ны өдрийн 192/ШШ2026/05722 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс,

 

Гуравдагч этгээд: *******,

 

Нэхэмжлэлийн шаардлага: архины албадан эмчилгээнд хамруулах тухай,

 

иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Тус цагдаагийн хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт бүлэг бөөгнөрөл үүсгэн архидан согтуурч, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах эрхийг зөрчиж байгаа тул *******ийг архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.

 

2.   Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Ерөнхийдөө архи уудаг маань үнэн. Гэхдээ би өдөр болгон архи уудаггүй. Дэлгүүрээс архи хулгайлсан үйлдэлдээ гэмшиж байгаа. Уг нь би ажил төрөл хийхээрээ архи уудаггүй гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг баримтлан ******* овогт *******ийн ******* /рд:*******/-ийг шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах саналтай байна. ******* нь дахин архи согтууруулах ундаа хэрэглэж, цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл ирсээр байна гэжээ.

ХЯНАВАЛ нь:

 

1.  Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангав.

2.  Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс нь гуравдагч этгээд *******ийг архины албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ...******* нь тус цагдаагийн хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт бүлэг бөөгнөрөл үүсгэн архидан согтуурч иргэдийн аюулгүй амар тайван амьдрах эрхийг зөрчиж байгаа... гэж тайлбарлажээ.

 

3.  Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас ...******* нь байнга архидан согтуурах, согтуурсан үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон этгээд гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй... гэж дүгнэн, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

4.  Хан-Уул дүүргийн 22-р хорооны хэсгийн ахлагч *******гаас цагдаагийн байгууллагад гаргасан ...иргэн ******* нь архи согтууруулах ундааны зүйл тогтмол хэрэглэдэг ба тус байрны оршин суугчдаас гомдол ихээр ирдэг... гэсэн тайлбар, гуравдагч этгээд *******иас цагдаагийн байгууллагад гаргасан ...2009 оноос хойш ууж эхэлсэн..., ...Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 5-6 удаа зөрчилд холбогдсон. Өчигдөр дэлгүүрээс архи хулгайлж байгаад баригдаад эрүүлжүүлэхэд орсон..., ...Мөнгө олдоггүй ажил хийдэггүй болохоор тэр хавийн хүмүүстэй нийлж байгаад архи уудаг. Заримдаа дэлгүүрээс зээлдэг, олдохгүй бол хулгай хийдэг... гэсэн тайлбар, шүүхэд гаргасан ...Ерөнхийдөө архи уудаг маань үнэн. Гэхдээ би өдөр болгон архи уудаггүй. Дэлгүүрээс архи хулгайлсан үйлдэлдээ гэмшиж байгаа... гэсэн тайлбар, эмнэлгийн байгууллагаас гаргасан ...******* нь согтуурах, мансуурах донтой... гэсэн дүгнэлт зэргээр гуравдагч этгээд ******* нь согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй, согтуурах, мансуурах донтой болох нь тогтоогдсон гэж дүгнэхээр байна.

 

5.  Түүнчлэн эмнэлгийн байгууллагаас гаргасан Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт-ээр гуравдагч этгээд *******ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулахад харшлах өвчингүй талаар дүгнэсэн байна.

 

6.  Иймд гуравдагч этгээд *******ийг архины албадан эмчилгээнд хамруулах нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасантай тус тус нийцнэ гэж үзлээ.

 

7.  Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 05 сарын 20-ны өдрийн 192/ШШ2026/05722 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.1-д тус тус зааснаар ******* овогт *******ийн ******* /рд:*******/-ийг архины албадан эмчилгээнд хамруулсугай.

2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар ******* овогт ******ийн ****** /рд:*******/-ийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар ******* овогт *******ийн ******* /рд:*******/-ийг архины албадан эмчилгээнд хамруулах тухай шүүхийн шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг цагдаагийн дэслэгч Б.Шинэзоригт даалгасугай. гэж өөрчилж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 4 гэж, 3 дахь заалтыг 5 гэж дугаарлалтыг өөрчилж,

 

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР

 

 

ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР